Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 34

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч     Б.Батзориг

Шүүгчид                    Я.Туул

Д.Буянжаргал

Оролцогчид:

Ялтны өмгөөлөгч    Р.Атарцэцэг, А.Мөнхбат

Ялтан                         Д.Булганбаатар, М.Мөнхбаатар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн ялтан, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Доржийн Булганбаатар,  Мөнхөөгийн Мөнхбаатар нарт холбогдох эрүүгийн 201601000096 дугаартай, 148/2016/0106/Э индекстэй, 2 хавтас хэргийг 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1975 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, ээж, 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг, Түшиг сум, Жаргалмандах 1 дүгээр багт оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, Улсаас авсан гавъяа шагналгүй, Урьд:

- 1998 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 123 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жил хорих ялаар шийтгэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

- 1999 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 83 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 1, 79-р зүйлийн 1-т зааснаар 2 жил 4 сарын хорих ялаар,

- 2001 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 289 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1-т зааснаар 3 жил хорих ялаар,

- 2010 оны оны 03 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Боржигон овогт Доржийн Булганбаатар /РД:МН-75122873/,

Монгол улсын иргэн, 1982 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд төрсөн, эрэгтэй, 34 настай, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг, Цагааннуур сум, 3 дугаар баг, 44 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Боржигон овогт Мөнхөөгийн Мөнхбаатар /РД:МХ-82041455/.

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Шүүгдэгч Д.Булганбаатар, М.Мөнхбаатар нар ОХУ-аас адуу мал авч ирэх зорилгоор урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Монгол улсын хилийн Сэлэнгэ аймгийн Түшиг суманд байрших 597 дугаар тэмдэгийн 1 дүгээр туслах тэмдгээр ОХУ-ын нутаг дэвсгэр рүү тус тус морин уналгаар гарч, 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хилийн 597 дугаар тэмдгийн чиглэлээр Монгол Улсын нутаг дэвсгэр рүү орж ирэн хууль бусаар Монгол Улсын хилийг нэвтэрсэн гэмт хэрэгт  холбогджээ.

Анхан шатны шүүх 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Д.Булганбаатар, М.Мөнхбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд, 106 дугаартай шийтгэх тогтоолоор:

-Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4-р зүйлийн 4.1-д заасныг журамлан Боржигон овогт Доржийн Булганбаатар, Боржигон овогт Мөнхөөгийн Мөнхбаатар нарыг мөн хуулийн тусгай ангийн 89-р зүйлийн 89.2 д  заасан “...урдчилан үгсэн тохиролцсон бүлэг хууль бусаар улсын хил нэвтрэх ...” гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож,

-Эрүүгийн Хуулийн тусгай ангийн 89-р зүйлийн 89.2-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт Доржийн Булганбаатар, Боржигон овогт Мөнхөөгийн Мөнхбаатар нарт тус тус 01 /нэг/ жилийн хорих ял шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52-р зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч М.Мөнхбаатарт оногдуулсан 01 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52-р зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч Д.Булганбаатарт оногдуулсан 01 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид тус тус  эдлүүлж,

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88-р зүйлийн 88.1.7-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдсан СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хавсаргаж үлдээж,

-Энэ хэргийн улмаас шүүгдэгч Д.Булганбаатар, М.Мөнхбаатар нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус  дурьдаж,

-Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-д зааснаар шүүгдэгч Д.Булганбаатарын унаж явсан дөл саран тамгатай хүрэн зүсмийн 12 настай адуу битүүмжлэлээс чөлөөлж иргэний нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Түшиг сумын 1 дүгээр баг 2 дугаар хэсэг 80 тоотод оршин суух Б.Алтанцэцэгт буцаан олгож, Д.Булганбаатараас 200.000 төгрөгийг гаргуулж, М.Мөнхбаатарын унаж явсан гурвалжин тамгатай хүрэн зүсмийн нас бие гүйцсэн 850.000 төгрөгний үнэ бүхий адууг хурааж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Ялтны өмгөөлөгч Р.Атарцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...Эрүүгийн хэргийн материалтай танилцаж үзэхэд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад цуглуулан авсан бичгийн нотлох баримт болох сэжигтэн, яллагдагч нарын мэдүүлгүүдээр Д.Булганбаатар нь хавар цаг бугын эвэр унасан байдаг тул эвэр түүхээр явсан бөгөөд улсын хил зөрчиж байгаа гэдгээ тухайн үед мэдээгүй, ойн цоорхойгоор гарч ирэхэд моридууд харагдсан, цаана нь хүн харагдахаар буцсан байдаг. Тэгээд буцаж явахдаа улсын зөрчсөн гэдгээ баттай мэдсэн байдал нь дээрхи шүүгдэгч нарын өгсөн удаа дараагийн тайлбар, мэдүүлгээр тогтоогдож байна. Энэ нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тайлбарт “...төөрсний улмаас улсын хил нэвтэрсэн бол уг үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй гэсэн тайлбараар гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа эсэхийг анхаарах ёстой. Анханаасаа улсын хил зөрчиж гэмт хэрэг үйлдэхээр яваагүй гэдэг нь шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Хэдийгээр мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүтэй байгаа боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар яллагдагч, шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэх хуулийн заалтыг хэрэглэх боломжтой юм.

Хэргийн 35-р талд М.Мөнхбаатар мэдүүлэхдээ /2015.05.16/ “...бид 2 буцаж явахдаа хил зөрчсөн гэдгээ мэдсэн, эвэр түүхээр явсан. Хил гэдгийг мэдээгүй, хэзээ Монголд ирсэн гэдгээ мэдэхгүй...” гэх мэдүүлэг, хэргийн 19-р талд 2016.05.11-ны өдөр М.Мөнхбаатар тайлбар өгөхдөө “...эвэрт явъя гэхээр нь зөвшөөрсөн...” гэх тайлбар, 2015 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Д.Булганбаатар мэдүүлэхдээ “...хэдэн бугын эвэр түүх санаатай гарсан. Бид 2 Монголын хилээс гарч байгаагаа мэдээгүй. Бид 2 эвэр хайж яваад Оросын хил орчихсон байна лээ...” гэх мэдүүлэг, дээрхи мэдүүлгүүдээр гэмт хэрэг үйлдэх гэсэн санаа зорилго анхнаасаа агуулаагүй, гэмт хэргийн субъектив тал байхгүй байна.

...Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...Д.Булганбаатар нь урьд өмнө хорих ял биечлэн эдэлж байсан байдлыг харгалзан үзэж, түүнд оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй ангид эдлүүлэхээр заав...” гэсэн байгаа. Энэ тодорхойлолт нь Эрүүгийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тухайн гэмт хэрэгт нь зөвхөн нэг удаа эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчим зөрчигдөж байна гэж үзэж байна. Д.Булганбаатар урьд өмнө нь гэмт хэрэг үйлдэж, ял шийтгэгдэж байсан ч эрүүгийн хуулийн ялгүйд тооцох заалт, мөн Өршөөлийн хуульд хамрагдаж, ял шийтгэлгүй гэж үзэх хуулийн зохицуулалтанд хамрагдаж байгаа учир түүнийг ял биечлэн эдэлж байсан гэдэг үндэслэлээр чанга дэглэм эдлүүлэхээр шийдвэрлэж байгаа нь шудрага ёс, шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэй байх үндсэн зарчимтай харшилж байгааг шүүх анхаарч үзэх ёстой.

...Д.Булганбаатар нь өсвөр насандаа айлын өргөмөл ганц хүү гэдгээрээ дэндүү дураараа өсч, болох болохгүй асуудалд оролцож явсан байдаг. Хорих ял эдлээд явсны дараа түүний эхнэр 3 хүүхдээ орхиод өндөр настай ээж, аав хоёр хүүхдүүдийг нь асарч байсныг сум орон нутгийн байгууллагууд бүгд мэддэг юм байна. Олон жил хорих ял эдлээд ирсний дараа ачлал буянтай ээжийгээ асарч, тэтгэж яваа ганц үр нь Д.Булганбаатар юм. Хань нь өнгөрсөнөөс хойш ээж нь сэтгэл санаагаар унаж, улмаар ходоодны хрот хавдартай болж хэвтэрт ганц хүүгийнхээ асаргаанд байдаг юм байна. Түүний хорих ял эдэлж гарч ирээд олон жил төлөв томоотой байж, одоо л амьдрал сайхан болох нь , өнчин хоцорсон 3 хүүхдэд маань ээж хэрэгтэй гэж бодож нэгэн эмэгтэйтэй танилцаж үр хүүхэдтэй болсон ч хэрэг төвөгт оролцсон гэдэг байдлаар хөндийрч явсан, түүний 2 настай хүүхэд, түүний ээжийг 21 настай охин харж хандаж байгааг сум орон нутгийн хүмүүс ирж уулзан энэ айлын амьдрал маш хэцүү боллоо гэдэг асуудлыг тавьж байна. Хэрэв Д.Булганбаатар нь өрх толгойлсон, бага насны хүүхэдтэй болох нь тогтоогдож байгаа нөхцөлд Эрүүгийн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулах нь зүйтэй юм гэж өмгөөлөгчийн хувьд үзэж энэ гомдлыг бичиж байна...” гэжээ.

        Ялтан М.Мөнхбаатар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

         “...Би улсын хилээр нэвтэрсэн буруугаа ойлгон гэмшиж байна. Ямар хэрэг хийснээ ч ойлгохгүй ар гэр, 3 сартай хүүхэд, нялх биетэй эхнэрээ үлдээж, ял эдлэх болсондоо харамсаж байна. Миний ялыг биечлэн эдлэхийг сольж өгнө үү гэжээ.

         Ялтан М.Мөнхбаатар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

         Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулна уу гэв.

         Ялтан Б.Булганбаатар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Эхнэр маань сая надаас салсан. 2 настай охин болон хүүхдүүдийг маань харах хүнгүй үлдлээ. Ээж маань эмнэлэгт хэвтсэн. Бөөрний дутагдал өвчний учир хэвтэрт байдаг. Энэ байдлыг харгалзан үзэж хөнгөн ял оноож өгнө үү гэв.

Ялтны М.Мөнхбаатарын өмгөөлөгч А.Мөнхбат давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

М.Мөнхбаатарт оногдуулсан ял хариуцлага дээр маргаж мэтгэлзэх зүйл байхгүй. Анхан шатны шүүх ял шийтгэл оногдуулахдаа гэрч н.Чинбатын мэдүүлгийг үндэслэл болгосон. Тухайн өдөр буюу 05 дугаар сарын 14-ний өдөр Хилийн цэргийнхэн түргэн авч н.Сумъяа гэдэг айлд очиход 2 шүүгдэгч нар маань байсан. Өөрсдөө хаагуур яаж явсан тухайгаа мэдүүлсэн. Шүүгдэгч нар хилээр давж, хурдан удмын адуу хулгайлах гэж байгаад орос хүмүүстэй таарч, хулгай хийж чадалгүй хилээр буцааж зугтааж орж ирсэн байдаг.

М.Мөнхбаатарт оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгөөч гэж хүсч байна. М.Мөнхбаатар анх удаагаа ял шийтгүүлсэн, үйлдсэн хэргийн талаар шудрагаар мэдүүлсэн, чин сэтгэлээсээ гэмшиж байгаа байдал болон эхнэр нь саяхан төрсөн, 2 сар, 5 нас, 7 настай 3 хүүхдийн хамт амьдардаг. Шүүгдэгч нар өөрсдөө хэргийг илрүүлэхэд идэвхтэй дэмжлэг үзүүлсэн зэрэг байдлуудыг харгалзан үзэж ял шийтгэлийг нь хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд зааснаар шийдвэрлэж өгнө үү гэв.

Ялтны Д.Булганбаатарын өмгөөлөгч Р.Атарцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Юуны өмнө анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүндэтгэн үзэж байгаагаа хэлэх нь зүйтэй. Ялтан нар үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн, зүйлчлэл дээр маргах зүйл байхгүй. Харин Д.Булганбаатарын хувийн байдлыг сайтар тогтоогоогүйгээс түүнд холбогдох хэргийг шийдвэрлэхдээ хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хэрэглээгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Учир нь түүний хувийн байдлын талаар хавтаст хэрэгт ганцхан тодорхойлолт авагдсан байдаг.

Д.Булганбаатар хэдийгээр урьд алдан өсвөр насандаа гэмт хэрэг үйлдэж байсан ч Өршөөлийн хуульд хамрагдаж байсан. Ийм учраас ялгүй болсон. Д.Булганбаатар 3 сартай байхдаа айлд өргөгдсөн, айлын өргөмөл хүүхэд юм. Ээж нь алдартай Монгол Улсын гавьяат багш Алтанцэцэг гээд 78 настай хөгшин бий. Одоо ходоодны хорт хавдартай, байнгын хяналтанд байдаг. Мөн ээжтэй нь хамт бага насны 3 хүүхэд бий. Сая ээж нь бие нь өвдөж эмнэлэгт хэвтсэн. Энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэх хүн байхгүй тул өмгөөлөгчийн зүгээс өөрийн боломжоор баримт бүрдүүлж өгсөн.

Д.Булганбаатар 2 ч удаа амьдрал зохиосон боловч 2 удаа салсан. Булганбаатараар овоглосон 3 хүүхэд бий. Тэдгээрийг асран хамгаалах хүнгүй болоод байна. Д.Булганбаатар гэрлэлтийн баталгаагүй гэдэг нь тодорхой болсон. Эдгээр баримтууд анхан шатны шүүх дээр цугларсан байсан бол хорих ялыг тэнсэж, хянан харгалзах боломжтой байсан. Энэ бүгдийг харгалзан үзэж хөнгөрүүлж өгнө үү гэв.

Тодорхойлох нь:

            Д.Булганбаатар, М.Мөнхбаатар нар нь ОХУ-аас адуу мал авч ирэх зорилгоор урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Монгол улсын хилийн Сэлэнгэ аймгийн Түшиг суманд байрших 597 дугаар тэмдгийн 1 дүгээр туслах тэмдгээр ОХУ-ын нутаг дэвсгэр рүү тус тус морин уналгаар гарч, 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хилийн 597 дугаар тэмдгийн чиглэлээр Монгол Улсын нутаг дэвсгэр рүү орж ирэн хууль бусаар Монгол Улсын хилийг нэвтэрсэн гэмт хэрэгт  Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

            Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, 106 дугаартай шийтгэх тогтоолоор:

-Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4-р зүйлийн 4.1-д заасныг журамлан Боржигон овогт Доржийн Булганбаатар, Боржигон овогт Мөнхөөгийн Мөнхбаатар нарыг мөн хуулийн тусгай ангийн 89-р зүйлийн 89.2 д  заасан “...урьдчилан үгсэн тохиролцсон бүлэг хууль бусаар улсын хил нэвтрэх ...” гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож,

-Эрүүгийн Хуулийн тусгай ангийн 89-р зүйлийн 89.2-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт Доржийн Булганбаатар, Боржигон овогт Мөнхөөгийн Мөнхбаатар нарт тус тус 01 /нэг/ жилийн хорих ял шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52-р зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч М.Мөнхбаатарт оногдуулсан 01 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52-р зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч Д.Булганбаатарт оногдуулсан 01 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид тус тус  эдлүүлж,

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88-р зүйлийн 88.1.7-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдсан CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хавсаргаж үлдээж,

-Энэ хэргийн улмаас шүүгдэгч Д.Булганбаатар, М.Мөнхбаатар нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус  дурьдаж,

-Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-д зааснаар шүүгдэгч Д.Булганбаатарын унаж явсан дөл саран тамгатай хүрэн зүсмийн 12 настай адуу битүүмжлэлээс чөлөөлж иргэний нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Түшиг сумын 1 дүгээр баг 2 дугаар хэсэг 80 тоотод оршин суух Б.Алтанцэцэгт буцаан олгож, Д.Булганбаатараас 200.000 төгрөгийг гаргуулж, М.Мөнхбаатарын унаж явсан гурвалжин тамгатай хүрэн зүсмийн нас бие гүйцсэн 850.000 төгрөгний үнэ бүхий адууг хурааж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус улсын орлогод оруулж шийдвэрлэсэн  нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “…шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байна...” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

Д.Булганбаатар, М.Мөнхбаатар нар нь ОХУ-аас адуу мал авч ирэх зорилгоор урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Монгол улсын хилийн Сэлэнгэ аймгийн Түшиг суманд байрших 597 дугаар тэмдгийн 1 дүгээр туслах тэмдгээр ОХУ-ын нутаг дэвсгэр рүү тус тус морин уналгаар гарч, 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хилийн 597 дугаар тэмдгийн чиглэлээр Монгол Улсын нутаг дэвсгэр рүү орж ирэн хууль бусаар Монгол Улсын хилийг нэвтэрсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь ялтан М.Мөнхбаатар /1-р хх-ийн 140-145, 2-р хх-ийн 04-10-р ху/, Д.Булганбаатар /1-р хх-ийн146-153-р ху, 2-р хх-ийн 04-10-р ху/ нарын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, гэрч Э.Чинзориг /1-р хх-ийн 109-110-р ху/, Б.Баттүвшин /1-р хх-ийн 111-р ху/, гэрч Б.Чинбат /1-р хх-ийн 122-123-р ху/, Н.Сэлэнгэ /1-р хх-ийн 124-р ху/, Ж.Ганбаатар /1-р хх-ийн 132-р ху/, Т.Сумьяа /1-р хх-ийн 115-р ху/, Ц.Отгонтүй /1-р хх-ийн 125-126-р ху/, Д.Хишигчулуун /1-р хх-ийн 128-р ху/, Д.Энх-Амгалан /1-р хх-ийн 129-р ху/, Ц.Пүрэвхүү /1-р хх-ийн 130-р ху/ нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, Хилийн дэглэмийн зөрчлийн материал /1-р хх-ийн 04-12-р ху/, Хилийн 2 дугаар заставын хариуцсан чиглэлээр гарсан хилийн зөрчлийг шалгах үед авсан зураг /1-р хх-ийн 24-32-р ху/, Эд зүйл хурааж авсан тэмдэглэл /1-р хх-ийн 40-р ху/, Улсын хил зөрчигч /амьтдын/-дийн ул мөрийг илрүүлсэн баримтжуулсан акт, Монгол улсын Сэлэнгэ хэсгийн хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн туслах, ОХУ-ын бүрэн эрхт төлөөлөгч нарын туслахын хэмжээний туслахын уулзалтын тэмдэглэл /1-р хх-ийн 40-49-р ху/, Эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 51-54-р ху/, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1-р хх-ийн 97-103-р ху/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүх тэдний гэм буруугийн асуудалд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуульд заасан ял шийтгэлийг оногдуулсан байна.

Ялтан Д.Булганбаатар, М.Мөнхбаатар болон тэдгээрийн өмгөөлөгч Р.Атарцэцэг, А.Мөнхбат нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу хавтаст хэргийг бүрэн хэмжээнд шинжлэн судлахад ялтнууд болон тэдгээрийн өмгөөлөгчдийн зүгээс гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар ямар нэгэн маргаан, гомдол гаргаагүй бөгөөд анхан шатны шүүхээс тэдэнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэлгүйгээр тэнсэж, хянан харгалзахаар тогтоох хүсэлт гаргажээ.

Хэдийгээр Д.Булганбаатар  өмнө нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж, хорих ял эдэлж байсан боловч Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар түүний ялтай байдал өршөөгдсөн талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр зааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар Д.Булганбаатарын ялтай байдал өршөөгдөж, анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл бүрдэж байгаа тул  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх боломжтой байжээ.

Түүнчлэн Д.Булганбаатар, М.Мөнхбаатар нар нь урьдчилан үгсэн тохиролцож,  Монгол улсын үндэсний аюулгүй байдлын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн боловч анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас ямар нэгэн бодит хохирол учраагүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд зааснаар тэдэнд оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзахаар тогтоох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 3 дахь заалтад өөрчлөлт оруулж, 3.1  гэсэн заалтыг нэмж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн  315.1.4, 324 дүгээр зүйлийн 324.1, 325 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ  нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 3 дахь заалтыг:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52-р зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мөнхбаатарт оногдуулсан 01 жилийн хорих ял, шүүгдэгч Д.Булганбаатарт оногдуулсан 01 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус  эдлүүлсүгэй гэж өөрчлөн найруулсугай.

2. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсэгт 3.1 гэсэн заалтыг нэмсүгэй.

  3.1  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар М.Мөнхбаатарт оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ял, Д.Булганбаатарт оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, тус тусыг 01 жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтнуудад хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт даалгасугай гэсэн заалтыг нэмсүгэй.

3. Шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

4. М.Мөнхбаатар, Д.Булганбаатар нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1-д зааснаар давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                        Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД                             Я.ТУУЛ

                                                Д.БУЯНЖАРГАЛ