Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 35

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч     Б.Батзориг

Шүүгчид                    Я.Туул

Д.Буянжаргал

Оролцогчид:

Ялтны өмгөөлөгч    Ш.Цэдэн

Ялтан                         Ч.Хишигсүрэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн ялтан Ч.Хишигсүрэнгийн давж заалдах гомдлоор Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тогтоолын Дулмаабаатар, мөн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.2-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чулуунбатын Хишигсүрэн нарт холбогдох эрүүгийн 201618020092 дугаартай, 149/2016/0065/Э индекстэй, 2 хавтас хэргийг 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1991 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сум, 3 дугаар баг, Гандангийн 100 тоотод оршин суух хаягтай, Улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Цагаан туг овогт Тогтоолын Дулмаабаатар /РД:МВ-91010332/,

Монгол улсын иргэн, 1974 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Итгэлт Ой” ХХК-ийн орлогч захирал ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сум, 3 дугаар баг, Гандангийн 109 тоотод оршин суух хаягтай, Улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Лувсантан овогт Чулуунбатын Хишигсүрэн /РД:МЗ-74122902/.

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Т.Дулмаабаатар нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Ар гахайт” гэх газраас 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 32 ширхэг буюу 7,5м3 хэмжээний нойтон царс модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж, ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгсэлд тээвэрлэж, ойн санд 4.860.000 төгрөгний хохирол учруулсан,

Ч.Хишигсүрэн нь Т.Дулмаабаатарыг хөлсөлж ойгоос зохих зөвшөөрөлгүй мод бэлтгүүлж, тээвэрлүүлсний улмаас ойн санд 4.860.000 төгрөгний хохирол учруулсан мөн мөрдөн байцаалтын шатанд 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр, 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн  гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Анхан шатны шүүх 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд 70 дугаартай шийтгэх тогтоолоор:

- Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар Лувсантан овогт Чулуунбатын Хишигсүрэнд холбогдох  Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож,

-Цагаан туг овогт Тогтоолын Дулмаабаатар, Лувсантан овогт Чулуунбатын Хишигсүрэн нарыг зохих зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт заасныг баримтлан Т.Дулмаабаатарыг 01 жил 03 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.2-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ч.Хишигсүрэнг 01 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт заасныг баримтлан Т.Дулмаабаатарт оногдуулсан 01 жил 03 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, Ч.Хишигсүрэнд оногдуулсан 01 жил 03 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлэхээр,

-Т.Дулмаабаатар, Ч.Хишигсүрэн нар нь цагдан хоригдсон хоногггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дах хэсэгт заасныг баримтлан энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ОХУлсад үйлдвэрлэсэн улбар шар өнгийн, бензин хөдөлгүүртэй “Урал” маркийн 1 ширхэг хөрөө, 15 метр урттай ачааны татлаганы  төмөр тросс, 32 ширхэг буюу 7.5м3 нойтон нарс мод, ОХУ-д үйлдвэрлэсэн “Зил-131” маркийн 26-57 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгсэл зэргийг тус тус хурааж улсын орлого болгохоор Сэлэнгэ аймгийн Мандал сумын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт  заасныг баримтлан Т.Дулмаабаатар, Ч.Хишигсүрэн нарт оногдуулсан 01 жил 03 сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэлгүйгээр тэнсэж, тус бүр 01 жилийн хугацаагаар хянан харгалзаж,

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дах хэсэгт заасныг баримтлан БНХАУлсад үйлдвэрлэсэн, цагаан алаг өнгийн, бензин хөдөлгүүртэй хөрөө эд мөрийн баримтаар тооцож хураан авсан мөрдөн байцаагчийн тогтоолоыг хүчингүй болгож, уг хөрөөг эзэмшигч Тогтоол овогтой Дулмаабаатарт буцаан олгохоор  шийдвэрлэжээ.

Ялтан Ч.Хишигсүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Миний бие нь Т.Дулмаабаатарыг хөлсөлж ойгоос зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэж тээвэрлүүлсний улмаас ойн санд 4.860.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдон шалгагдсан. Шүүх хэргийг шийдвэрлэхлээ Т.Дулмаабаатарын мөнгө өгч байсан гэх мэдүүлгийг үндэслэн ял оногдуулсан ба би ямар нэгэн  нотлох баримтаар батлагдвал өмнөх нотлох баримтаар тооцогдох хуулийн заалтыг шүүх хэрэгжүүлсэнгүй.

Мөрдөн байцаалтын ажиллагааг нэг талыг барьж явуулсны улмаас би  гэмт хэрэгтэн мэт шийтгэл  хүлээж байгааг олйгохгүй байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, нэмэлт ажиллагаа хийлгэж өгнө үү.

Хэрэгт ач холбогдол бүхий намайг гэм буруугүйг нотлох гэрч Ж.Хүсэлбатыг асуулгаж хэргийг  үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Ялтан Ч.Хишигсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би анхнаасаа нэг л мэдүүлэг өгч байсан. Би Т.Дулмаабаатарыг уул руу явж мод бэлдэж ир гэж хэлээгүй, миний машиныг худалдаж авна гээд авсан. Мөнгө түүнд өгсөн нь машиндаа аккумлятор зэргийг авна гэхээр нь зарж байгаа болохоороо өгсөн. Мөн Т.Дулмаабаатар өөрөө байрны түрээс нь төлөгдөх гээд байна гээд надаас мөнгө зээлсэн гэв.

Ялтан Т.Дулмаабаатарын өмгөөлөгч Ш.Цэдэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Т.Дулмаабаатарын үйлдсэн үйлдлийг зүйлчилсэн гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн тал дээр хүлээн зөвшөөрч байгаа, маргах зүйл байхгүй. Харин шийтгэх тогтоолын Т.Дулмаабаатарт холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Тодорхойлох нь:

Т.Дулмаабаатар нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Ар гахайт” гэх газраас 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 32 ширхэг буюу 7,5м3 хэмжээний нойтон царс модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж, ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгсэлд тээвэрлэж, ойн санд 4.860.000 төгрөгний хохирол учруулсан,

Ч.Хишигсүрэн нь Т.Дулмаабаатарыг хөлсөлж ойгоос зохих зөвшөөрөлгүй мод бэлтгүүлж, тээвэрлүүлсний улмаас ойн санд 4.860.000 төгрөгний хохирол учруулсан мөн мөрдөн байцаалтын шатанд 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр, 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн  гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүх 2016 оны 09 дүгээр сарын       13-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар Лувсантан овогт Чулуунбатын Хишигсүрэнд холбогдох  Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Цагаан туг овогт Тогтоолын Дулмаабаатар, Лувсантан овогт Чулуунбатын Хишигсүрэн нарыг зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Тогтоолын Дулмаабаатар, Чулуунбатын Хишигсүрэн нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жил 03 сарын хугацаагаар хорих ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, тус бүр 01 жилийн хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “…шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байна...” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

Ялтны гаргасан давж заалдах гомдлын үндэслэлийн дагуу хэргийн материалыг бүхэлд нь шинжлэн судлахад ялтан Т.Дулмаабаатар, Ч.Хишигсүрэн нар нь  зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Ю.Гүрбадамын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-27-28 ху/, гэрч Г.Баттулга, П.Мөнх-Эрдэнэ, Б.Бямбадорж, Т.Одонгариг, Б.Лхагвасүрэн нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд /хх-133-137 ху/, шалгалт хийсэн тухай тэмдэглэл /хх-7 ху/, 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн ¹2016/03 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-38 ху/, Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 18/64-328-02 дугаартай “Нөхөн төлбөр тооцох тухай” акт /хх-39 ху/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүх тэдгээрийн гэм буруугийн асуудалд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуульд заасан ял шийтгэлийг оногдуулсан тул ялтны гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Харин анхан шатны шүүхээс ялтан Ч.Хишигсүрэнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч энэ талаар хийсэн дүгнэлт учир дутагдалтай болжээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт “Хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа, тухайн хэрэгт холбогдолгүй хүнийг гэрч гэнэ.” гэж тодорхойлсон бөгөөд Ч.Хишигсүрэн нь 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр сэжигтнээр, 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр яллагдагчаар татагдснаар гэрчийн үүрэг хүлээх шаардлагагүй болсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъектийн шинж нь үгүйсгэгдэж байна.

 Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т  “…өөрийн…эсрэг мэдүүлэг өгөхгүй байх… эрхтэй...”, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн 36.4 дэх хэсэгт “...Яллагдагч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, түүнчлэн өөрийн гэм буруугүйг болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй...” гэж заасны дагуу ялтан Ч.Хишигсүрэн нь дээрх эрхүүдээ эдэлсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул анхан шатны шүүх түүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан үйлдлийг хэрэгсэхгүй болгосон  нь үндэслэлтэй байжээ.

Иймд Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Ч.Хишигсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Ч.Хишигсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1-д зааснаар давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                        Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД                             Я.ТУУЛ

                                                Д.БУЯНЖАРГАЛ