Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 749

 

 

 

Б.Болдбаатарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Очмандах, Д.Гансүх нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

            прокурор Г.Золзаяа,

ялтан Б.Болдбаатарын өмгөөлөгч Н.Намжилцогт,

хохирогч С.Баярбат,

нарийн бичгийн дарга Б.Хулангоо нарыг оролцуулж,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 177 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Болдбаатарын өмгөөлөгч Н.Намжилцогтын гаргасан давж заалдах гомдлоор Б.Болдбаатарт холбогдох 2016 2601 1397 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Гансүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Сод овгийн Бариулын Болдбаатар, 1972 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Дархан хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан, сийлбэрчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, хүүхдийн хамт Төв аймгийн Борнуур сумын 4 дүгээр багийн, Нарт гэх газарт оршин суух албан ёсны хаягийн бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоон Чулуутын 10 дугаар гудамжны 15 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:НЙ72010816/;

Б.Болдбаатар согтуугаар 2016 оны 5 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт С.Баярбаттай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар зүүн хөлөн тус газарт нь хөлөөрөө өшиглөж, түүний биед “зүүн хөлийн шаант, тахилзуур ясны далд зөрөөтэй, ясны сэлтэрхий бүхий хугарал, шилбэнд зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Болдбаатарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сод овгийн Бариулын Болдбаатарыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 2 жил хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр, Б.Болдбаатар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч С.Баярбат цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Б.Болдбаатарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, түүнийг цагдан хорьж, эдлэх ялын хугацааг 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Ялтан Б.Болдбаатарын өмгөөлөгч Н.Намжилцогт тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хуралдаанд Б.Болдбаатар нь хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулж чадаагүй байсан тул анхан шатны шүүх гэм хор арилаагүй гэх үндэслэлээр миний үйлчлүүлэгчид 2 жилийн хорих ял оногдуулсан. Анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа Б.Болдбаатарын ар гэр хохирогчид учирсан бодит хохирол 1.000.000 төгрөг, хөлний төмөр авахад зориулах 300.000 төгрөгийг, нийт 1.300.000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан. Б.Болдбаатар нь анх удаа тохиолдлын байдлаар хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа. Хэрвээ шүүх хуралдаанд цахим сүлжээгээ оролцсон бол “үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа” гэдгээ илэрхийлэх байсан. Эдгээр байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар миний үйлчлүүлэгчид оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацаа тогтоож өгнө үү гэв.

Хохирогч С.Баярбат тус шүүхэд гаргасан тайлбартаа: Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Хохиролд нийт 1.300.000 төгрөг авсан гэв.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Золзаяа гаргасан дүгнэлтдээ: Ялтан Б.Болдбаатар нь хохирогчтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар хөл рүү нь өшиглөж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Анхан шатны шүүх Б.Болдбаатарын гэм буруу, хувийн байдалд нь тохирсон ял оногдуулсан. Өөрөөр хэлбэл Б.Болдбаатар нь өөрийн үйлдлийн гэм бурууг хүлээн зөвшөөрөөгүй, хохирлыг төлж барагдуулаагүй тул анхан шатны шүүх 2 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Хэдийгээр анхан шатны шүүх хуралдааны дараа хохирол төлж барагдуулсан гэж байгаа боловч өнөөдрийн байдлаар хохирогчийн хөл доголсон хэвээр байгаа тул гэм хор арилсан гэж үзэх үндэслэлгүй. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Хохирогч “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Хохирол төлж барагдуулсан” гэж хэлж байгаа боловч хохирол төлсөн баримт үйлдээгүй байх тул хохирлыг төлж барагдуулсан эсэхэд эргэлзээ төрж байна. Б.Болдбаатарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацаа тогтоох эсэхийг шүүх эрх хэмжээнийхээ хүрээн шийдвэрлэх байх гэв. 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн шаардлагыг хангасан байна.

Б.Болдбаатар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 5 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт С.Баярбаттай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар зүүн хөлөн тус газар нь өшиглөж, түүний биед “зүүн хөлийн шаант, тахилзуур ясны далд зөрөөтэй, ясны сэлтэрхий бүхий хугарал, шилбэнд зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч С.Баярбатын: “...Болдбаатар нь өмнө нь бид 2-ын хамт хийж байсан ажлын талаар яриад би бүгдийг нь хийсэн. Чи юу ч хийгээгүй байж надтай адилхан цалин авсан гээд уурлаад байхаар нь би ч гэсэн адилхан хийгээ биз дээ гээд маргалдаж байгаад Болдбаатарынд орж архи уухгүй маргааш ажилтай гэр лүүгээ орлоо гээд эргээд харахад миний зүүн хөл рүү цохих шиг болсон. Тэгээд миний хөл янгинаад явчихсан. ... миний бодлоор хөл рүү өшиглөсөн гэж бодож байна. Болсон үйл явдлыг Нүржээ хочтой Бямбасүрэн хараад байж байсан...” /хх 14/,

“...Болдбаатарын авсан архинаас би бараг уугаагүй агсраад байхаар нь би гэр лүүгээ явлаа гэж хэлээд хашаа руугаа орох гээд эргэтэл зүүн хөл түг гэж дугараад хөл эвгүй болоод унасан. Намайг унасан байхад Болдбаатар “битгий янгуучлаад байгаарай” гэж хэлээд нуруу руу өшиглөсөн. Тэр үед эхнэр гэрээсээ гарч ирсэн. Тэгээд түргэн дуудаж эмнэлэгт хүргэгдээд хөлөө хадуулсан. “Хөл өвдвөл хадаасаа ирж авахуулаарай” гэж хэлсэн. Одоо гомдол саналгүй бөгөөд нэхэмжлэх зүйлгүй. Гэхдээ цаашид гарах эмчилгээний зардлаа тухайн үед нь нэхэмжлэх болно...” /хх 110/,

мөрдөн байцаалтад өгсөн гэрч Н.Бямбасүрэнгийн: “…би тэд нарыг яг юунаас яагаад муудалцсаныг мэдээгүй, тэгээд л Баяраа гэртээ орлоо гээд явах гэтэл Болдоо Баяраагийн араас нь хөл рүү нь хавсарч өшиглөсөн юм. Тухайн үед Баяраа Болдод өшиглүүлж газар унаад зүүн хөлөө бариад хөл гээд орилоод байсан ба түүний зүүн хөл эргэчихсэн харагдаж байсан…” /хх 18/,

гэрч Б.Туяацэцэгийн: “…гадаа гарахад манай хашааны ертөнцийн зүгээр зүүн урд буланд манай нөхөр ёолоод байхаар нь би гадаа харанхуй байсан ч дөхөж очиход Баярбат газар дээшээ хараад хэвсэн байдалтай зүүн хөлөө өвдгөөрөө бариад ёолж орилоод байсан. Тухайн үед Баярбатын хажууд зүс мэдэх Нүржээ гэх залуу болон … Болдоо манай нөхөрийг энэ муу баашилж байгаа юм, босооч пизда минь гээд байсан. ... би түүний хөлийг тэмтрээд үзэхэд зүүн хөл нь шилбээрээ санжигнаад нэг эвгүй болчихсон, хугарсан юм шиг байхаар нь түргэн дуудсан. Гэмтлийн эмнэлэгт очсон хойно юу болсон талаар асуухад Болд маргаж байгаад араас хөл рүү нь цохисон гэж хэлж байсан”  /хх 16/, гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 7295 дугаартай дүгнэлт /хх 23/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, энэ талаар анхан шатны шүүх хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн дүгнэлт хийсэн, хэргийн зүйлчлэл зөв байна.

  Хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтад үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, ялтан Б.Болдбаатарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, түүний гэм буруу болон хувийн байдал, учруулсан хохирлын хэр хэмжээнд тохирсон хуульд заасан төрөл, хэмжээний ял шийтгэл оногдуулсан, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Гэвч Б.Болдбаатар нь хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдах явцад ялтны ар гэрээс хохирогч С.Баярбатын эмчилгээний зардалд 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр бэлнээр 1.300.000 төгрөгийг сайн дураараа нөхөн төлсөн, хохирогч С.Баярбат нь гомдол саналгүй талаар бичгээр хүсэлт гаргасан, мөн хохирогч давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож хорих ялыг тэнсэж хянан харгалзах талаар өгсөн санал, тайлбар, шүүгдэгч гэм буруугаа хүлээж үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа нөхцөл байдал, түүний ар гэрийн болон хувийн байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс ялтан Б.Болдбаатарт оногдуулсан хорих ялыг заавал биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзах боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд ялтан Б.Болдбаатарын өмгөөлөгч Н.Намжилцогтын “…Б.Болдбаатарт оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзуулахыг хүсэж…” гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, энэ үндэслэлээр шийтгэх тогтоолд нэмэлт заалт оруулах нь зүйтэй гэж үзлээ.