Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 750

 

 

 

 

 

Б.Ууганбаяр, Б.Балдансамбуу нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Очмандах, Д.Гансүх нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Н.Алтантүлхүүр,

ялтан Б.Балдансамбуугийн өмгөөлөгч Ц.Тунгалаг,

нарийн бичгийн дарга Б.Хулангоо нарыг оролцуулж,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаярын 2016 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 142 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Балдансамбуугийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Ууганбаяр, Б.Балдансамбуу нарт холбогдох 2016 2503 1386 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Гансүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Боржигон овогт Баясгалангийн Ууганбаяр, 1984 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 4-р хороо, Арцатын 7 дугаар гудамжны 325 тоотод оршин суух албан ёсны хаягийн бүртгэлтэй боловч, Чингэлтэй дүүргийн 10 хороо 6-166 тоотод оршин суух, /РД:ШБ84032410/,

2. Боржигон овогт Буяндэлгэрийн Балдансамбуу, 1973 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Төв аймгийн Дэлгэрхаан суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн нарангийн 9 дүгээр гудамжны 220 тоотод оршин суух, ял шийтгэлгүй /РД:НЭ73092714/;

Б.Ууганбаяр, Б.Балдансамбуу нар нь бүлэглэн, шунахай сэдэлтээр 2016 оны 6 сарын 20-ны өдөр 14-15 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 8 дугаар гудамжны 260 тоотод оршин суух хохирогч Д.Нанжидийн эзэмшлийн өвлийн орон сууцны үүдний амбаарын банзыг эвдэн орж 32 инчийн зурагт, кабелын хүлээн авагч зэрэг эд зүйлс хулгайлж, нийт 300.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол,

Мөн Б.Ууганбаяр нь бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2016 оны 7 сарын 26-наас 2016 оны 8 сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Б.Балдансамбууд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар, Б.Ууганбаярт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүх: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар Б.Балдансамбуу, Б.Ууганбаяр нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгө хулгайлсан хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.Ууганбаярт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, Б.Балдансамбууг бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтэрч хулгайлан бага бус хэмжээний хохирол учруулсан, Б.Ууганбаярыг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж борлуулсан, мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Б.Балдансамбууг эд хөрөнгө хураахгүйгээр, 4 сарын хугацаагаар баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар Б.Ууганбаярыг 2 сарын хугацаагаар баривчлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Б.Ууганбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялд, мөн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 сарын хугацаагаар баривчлах ялыг багтаан биечлэн эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Б.Ууганбаярын цагдан хоригдсон 40 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, шүүгдэгч Б.Балдансамбуу нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар Б.Балдансамбууд оногдуулсан 4 сарын хугацаагаар баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ууганбаярт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих тус тус эдлүүлэхээр, Б.Ууганбаяр, Б.Балдансамбуу нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Б.Ууганбаярт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзан, түүнд хяналт тавихыг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

Ялтан Б.Балдансамбуу тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхээс оногдуулсан 4 сарын баривчлах ялыг хөнгөрүүлж өгнө үү. Миний бие 2 хүүхдийн хамтаар амьдардаг бөгөөд том охин Нандин-Эрдэнэ 40 дүгээр дунд сургуулийн 6 дугаар ангид сурдаг, бага охин Сайханзаяа нь 4 настай 97 дугаар цэцэрлэгт явдаг. 2 хүүхдээ цэцэрлэг сургуульд хүргэж өгч, цаг зав гарахаар “Хүчит Шонхор” захад мах үүрч, сонин зарж 2 хүүхдээ тэжээж байсан. Миний бие хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байх тул энэ байдлыг харгалзан үзэж хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

Ялтан Б.Балдансамбуугийн өмгөөлөгч Ц.Тунгалаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өөрийн үйлчлүүлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Б.Балдансамбуу нь эхнэрээсээ салсан. Хүүхдүүд нь эцэг, эх дээрээ ирж очин амьдардаг. Тиймээс Б.Балдансамбууд оногдуулсан 4 сарын баривчлах ялын хугацааг багасгаж өгнө үү гэв. 

Прокурор Н.Алтантүлхүүр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:  Миний бие ээлжийн амралттай байсан тул анхан шатны шүүх хуралдаанд прокурор Н.Энхтуяа томилолтоор оролцсон. Ээлжийн амралтаа дуусгаад ажилдаа ороход эсэргүүцэл бичих хугацаа дууссан байсан тул эсэргүүцэл бичиж чадаагүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй гэж үзэж байна. Учир нь шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар Б.Балдансамбуу, Б.Ууганбаяр нарын бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай” гээд Б.Балдансамбууд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулсан. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцаах саналтай байна гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлийн 308.2-д зааснаар шүүгдэгчийн давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “...Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна...” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй ба  шүүх шийтгэх тогтоолын дүгнэлт  хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна.

Учир нь, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад: “...Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Балдансамбуу, Б.Ууганбаяр нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгө хулгайлсан хэргийг хэрэгсэхгүй болгосон атлаа, шүүгдэгч Б.Ууганбаярт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэг болгон...” хөнгөрүүлэн зүйлчилж ял шийтгэл оногдуулсан. Мөн “...шүүгдэгч Боржигин овогт Буяндэлгэрийн Балдансамбууг бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтэрч хулгайлан бага бус хэмжээний хохирол учруулсан...” гэм буруутайд тооцож, “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 4 сарын хугацаагаар баривчлах...” ял оногдуулж шийдвэрлэсэн нь хоорондоо зөрчилдсөн, нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн байх ба энэ нь шүүхийн тогтоол хууль ёсны үндэслэлтэй байна гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 142 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, тухайн шүүхэд хэргийг буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Ялтан Б.Балдансамбуугийн гаргасан давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхгүй орхисныг дурдах нь зүйтэй.