Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 06

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Баяндалайд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч Д.Көбеш, шүүгч Н.Мөнхжаргал, нарын бүрэлдэхүүнтэй,  ялтны өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, нарийн бичгийн дарга Т.Дашдорж нарыг оролцуулан

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Баяндалайд холбогдох эрүүгийн 201620000059 дугаартай хэргийг ялтан Б.Баяндалайгийн давж заалдах гомдлыг үндэслэн, 2016 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1982 оны 08 дугаар сарын 08-нд төрсөн, 34 настай, эрэгтэй, Увс аймгийн Улаангом сумын 03 дугаар багт оршин суудаг,  ял шийтгэлгүй, Тайж овгийн Буяндэлгэрийн Баяндалай нь согтуугаар 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багт байрлах Төгөл хүнсний дэлгүүрийн орчимд 54-13 УВХ улсын дугаартай автомашин жолоодож Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан заалтыг зөрчин замын дагуух гэрэлтүүлгийн шонг мөргөж, мөн дүрмийн 2.5.а, 2.5.в-д заасан үүргээ биелүүлэхгүйгээр осол  гарсан газрыг санаатайгаар орхин зугтааж, Улаангом  сумын Хотын хөгжил цэцэрлэгжүүлэлтийн газарт 1635000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Тайж овогт Буяндэлгэрийн Баяндалайг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баяндалайд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 /тавин нэг/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9.792.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-д зааснаар шүүгдэгч Б.Баяндалай нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар солихыг дурдаж шийдвэрлэжээ.

Ялтан Б.Баяндалай давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Б.Баяндалай миний бие Увс  аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 42 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т заасан гэм буруутайд тооцогдож 9.792.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн. Миний бие эрхэлсэн ажилгүй, өөрийн гэсэн  орлогогүй тул энэхүү мөнгийг  төлөх боломжгүй байгаа тул намайг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү гэжээ.

Ялтны өмгөөлөгч Д.Дамдинсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч тухайн үед Монгол ардын намаас аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшиж байсан ба ял шийтгэлтэй болсон тул ажилд орж чадахгүй байгаа. Иймд торгуулийн арга хэмжээг төлж дийлэхгүй байгаа учраас түүнийг тэнсэн хянан харгалзах ялаар сольж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

Б.Баяндалай нь 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн нутагт байрлах “Төгөл” хүнсний дэлгүүрийн орчимд 54-13 УВХ улсын дугаартай автомашин жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан заалтыг зөрчин авто осол гаргасан мөртлөө мөн дүрмийн 2.5 а, 2.5. в-д заасан үүргээ биелүүлэхгүйгээр, осол гарсан газрыг санаатай орхиж  зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэх анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, үндэслэл бүхий болжээ.Учир нь:

Б.Баяндалайгийн үйлдсэн гэмт хэрэг нь хохирогч Т.Нэргүй, гэрч Т.Отгонжаргал, Э.Буянтогтох, Д.Сугар, Б.Дэлгэрдалай, Г.Ядамсүрэн, Ц.Бат-Эрдэнэ, Д.Мягмарбал, Н.Батсуурь, Т.Баярмагнай, Ц.Эрдэнэбат нарын мэдүүлэг, Увс финанс-Аудит ХХК-ийн 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 53 дугаартай дүгнэлт, Авто тээврийн хэрэгслийн техникийн байдал, эвдрэлийн талаарх акт, шинжээчийн 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 04 дугаартай, 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 12 дугаартай дүгнэлт зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнд хуульд заасан ял шийтгэлийг оногдуулсан байна.

Б.Баяндалайд холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн, шүүхийн тогтоол гаргахад чухал ач холбогдолтой бүхий л нөхцөл байдлыг шалгаж тогтоосон бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглээгүй  байна.

Б.Баяндалай нь тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж бусдын эд хөрөнгөнд хохирол учруулж, зам тээврийн осол гаргасан атлаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5.а-д заасан тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас хөдөлгөхгүй байх, зам тээврийн ослын тухай Цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, Цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх үүргээ биелүүлэхгүйгээр ослын газрыг санаатай орхиж зугтаасан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон тул түүнийг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Баяндалайгийн “...эрхэлсэн ажилгүй, өөрийн гэсэн орлогогүй бөгөөд шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг төлөх боломжгүй тул тэнсэж хянан харгалзаж өгнө үү“ гэх  гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Анхан шатны шүүхээс Б.Баяндалайд тухайн зүйл хэсэгт заасан хамгийн хөнгөн ял буюу торгох ялыг оногдуулжээ. Нөгөө талаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тэнсэж хянан харгалзах хуульзүйн боломж байхгүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Баяндалайгийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Баяндалайгийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ЖАМБАЛСҮРЭН

ШҮҮГЧИД                                           Д.КӨБЕШ

Н.МӨНХЖАРГАЛ