Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 07

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Батзориг нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч Д.Көбеш, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Х.Энхтуул, ялтан  Д.Батзориг, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл, Ө.Нарантуяа, нарийн бичгийн дарга Т.Дашдорж нарыг оролцуулан

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолтой, Д.Батзориг нарт холбогдох эрүүгийн 201620000062 дугаартай хэргийг ялтан Д.Батзориг, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл нарын давж заалдах гомдлыг үндэслэн, 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1996 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, Увс аймгийн Тэс сумын 10 дугаар багт оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, Борлууд овгийн Дорлигжавын Батзориг нь 2016 оны 03 дугаар сарын 18-ны өглөө Увс аймгийн Тэс сумын 10 дугаар багийн нутагт оршин суух иргэн О.Баттогтохын гэрийн гадна хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Б.Магсартай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт,

Монгол Улсын иргэн, 1982 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, Увс аймгийн Тэс сумын 10 дугаар багт оршин суух, ял шийтгэлгүй, Булгадар овгийн Баянбилэгийн Магсар нь согтуугаар 2016 оны 03 дугаар сарын 18-ны өглөө Увс аймгийн Тэс сумын 10 дугаар багийн нутагт оршин суух иргэн О.Баттогтохын гэрийн гадна хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Д.Батзоригтой маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Булгадар овгийн Баянбилэгийн Магсарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, Борлууд овгийн Дорлигжавын Батзоригийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар шүүгдэгч Б.Магсарт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 960.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Д.Батзоригт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 5 жил, 5 хоног хорих ял тус тус шийтгэж,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг баримтлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Д.Батзоригт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр тогтоож, Шүүгдэгч Б.Магсар, Д.Батзориг нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгч Б.Магсараас гаргуулах хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Д.Батзоригоос 722.976 төгрөг гаргуулж хохирогч Б.Магсарт олгож, нэхэмжлэлээс үлдэх 2.026.550 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хохирогч Б.Магсар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д зааснаар шүүгдэгч Д.Батзоригийн дундын эзэмшлийн УАЗ-31512 маркийн 11-22 УВА улсын дугаартай автомашин битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуустал хэвээр үлдээж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар шүүгдэгч Б.Магсарт өмнө авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж, шүүгдэгч Д.Батзоригт өмнө авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

 

Ялтан Д.Батзориг, түүний  өмгөөлөгч Б.Батгэрэл нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Д.Батзориг нь 2016 оны 03 дугаар сарын 17-оос 18-нд шилжих шөнө гэртээ унтаж амарч байсан ба хохирогч Б.Магсар нь шөнийн 01 цагийн орчимд Д.Батзоригийн аав Дорлигжавынд согтуу ирсэн байдаг. Улмаар Д.Батзоригийг сэрээж гэртээ хүргүүлнэ гэж гарч явсан байх ба гэртээ харихгүйгээр Баттогтохынд очиж дахин архи уусан. Д.Батзоригийг “архи уухгүй байна, энгэр задгай байна, цэрэгт яваад томорсон байна" гэх зэргээр үг өдөж улмаар маргасан бөгөөд гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор 722.976 төгрөгийн хохирол төлүүлэхээр шийдвэрлэсэн тул Д.Батзориг Б.Магсарт 730000 төгрөгийг төлж барагдуулсан. Д.Батзориг нь анх удаа хүнд ангиллын гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа ямар нэгэн зөрчил гаргаагүй, гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйл ажиллагаа байсан зэрэг түүний хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 551 зүйлийг хэрэглэж хорих ялын хэмжээг бууруулж өгнө үү гэжээ.

 

Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч анх  удаа хүнд ангиллын гэмт хэрэг  үйлдсэн бөгөөд хохирол төлбөрөө барагдуулсан тул Эрүүгийн хуулийн 551 дугаар зүйлийн 551.1 дугаар зүйлийг хэрэглэх боломжтой гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Б.Магсар, Д.Батзориг нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “ шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн шаардлагыг хангасан байна.

Б.Магсар, Д.Батзориг нар согтуугаар 2016 оны 03 дугаар сарын 18-ны өглөө Увс аймгийн Тэс сумын 10 дугаар багийн нутагт оршин суух иргэн О.Баттогтохын гэрийн гадна хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар харилцан зодолдож, Б.Магсар нь Д.Батзоригийн биед хөнгөн гэмтэл, Д.Батзориг нь Б.Магсарын биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь архи ууж байхдаа хоорондоо маргасан маргааны улмаас бие биенээ  зодож гэмтэл учруулсан талаар мэдүүлсэн хохирогч нарын мэдүүлэг,

Гэрч О.Баттогтохын “...анх манайд ирэхдээ Б.Магсар  энэ хөвгүүд их том болсон байна. Цэрэгт явж ирээд өөр болчихсон байна. Аятайхан байгаарай гэж хэлээд хашхираад байсан. Мөн Ц.Батзоригийг “чи нэг хундага архи ууж чадахгүй байж энгэрээ задгай хаяад битгий хэвлээд бай” гэж хэлэхэд Д.Батзориг “Та ч гэсэн энгэрээ задгай хаячихсан байгаа юм биш үү“ гэж хэлээд тэрнээс болоод маргаад байсан. Гэтэл манай эхнэр “Та нар одоо харьж амарцгаа” гэж хэлэхэд тэд манайхаас бүгд гарцгаасан. Гэтэл Д.Батзориг гэрлүү буцаж орж ирээд “Гадаа гарсан чинь Б.Магсар ах намайг мөргөлөө “ гэж хэлээд 00-ын цаас асуусан.Тэгээд буцаж гэрээс гарсан. Би тухайн үед түлээ хагалах гээд сүх авч гараад түлээний хажууд очиход гэнэт Д.Батзориг, Б.Магсар хоёр зодолдоод Д.Батзориг нь Б.Магсарын дээр суучихсан байсныг салгасан. Тэгээд Б.Магсар тамхи татаад сууж байтал Д.Батзориг явах гэж байгаад буцаж ирээд Б.Магсарын нүүр лүү өшиглөсөн.” гэх мэдүүлэг,

Гэрч Ц.Батзоригийн “...Тэр үед Б.Магсар ах нэлээн согтчихсон байсан ба намайг “Архи уусангүй, чи яагаад архи уудаггүй юм. Дээр нь энгэрээ задгай хаячихсан хэн бэ” гэж зандарч уурлаж надтай үг сөргөлдөж эхэлсэн. Тэгээд Б.Дорлигжав ахынхаас тэдний хүүхэд Д.Батдоржийн хамт Б.Магсар ахыг О.Баттогтох ахын гэрт хүргэж өгсөн. О.Баттогтох ахын гэрт очоод Б.Магсар ах надруу дахин уурлах үед Д.Батзориг “Та ч бас энгэрээ задгай хаячихсан байна ш дээ” гэж хэлсэн. Удалгүй О.Баттогтох ахын эхнэр бид нарт “Одоо та нар харьж амарцгаа” гэж хэлсэн бөгөөд бид харьж амрахаар гарахад Д.Батзориг, Б.Магсар ах хоёр дээр доороо ороод ноцолдож байсан.Намайг тэр хоёрын хажууд очих үед Д.Батзориг нь Б.Магсар ахын дээр гарчихсан байсан. Тэгээд бид нар тэр хоёрыг салгацгаасан юм. Тэгээд Д.Батзоригийг “Гэртээ харь” гэхэд тэр мотоциклоо асаагаад унаад явж байгаад гэнэт зогссон. Тэгээд бууж ирээд Б.Магсар ах тамхи татчихсан сууж байтал түүний нүүр лүү нь өшиглөсөн” гэх мэдүүлэг

Гэрч Д.Чойжилсүрэнгийн “...Тэгээд Ц.Батзоригийг “Чи нэг хундага архи шингээж чадахгүй, энгэрээ задгай хаячихсан хэн болов оо “гэж уурлахад Д.Батзориг “Таны ч гэсэн энгэр задгай байна” гэж хэлээд тэрнээс болж маргасан.Тэгээд нэг хэсэг гайгүй болсон.Удалгүй бид нар харихаар гэрээс гарсан бөгөөд тэр үед өглөө болж байсан. Гэтэл Б.Магсар, Д.Батзориг хоёр ноцолдоод дээр, доороо орж нэгэнтэйгээ зууралдаад зодолдоод эхэлсэн тул бид нар очиж салгасан. Уг нь шууд явцгаая гээд тус тусын мотоциклын хажууд очоод зогсож байтал гэнэт дуу чимээ болсон. Тэгээд юу болов гэтэл Д.Батзориг нь Б.Магсарын нүд рүү өшиглөсөн байсан ба Б.Магсар ахын нүднээс цус гарч байсан” гэх мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 143, 144 дугаартай дүгнэлт зэрэг  тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, үндэслэл бүхий болсон байна.

Шүүгдэгч Б.Магсар, Д.Батзориг  нарт холбогдох хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд тухайлбал, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, сэдэлт, гэм буруугийн хэлбэр шүүгдэгчийн хувийн байдал, учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг шалгаж тогтоосон, шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй бөгөөд шүүгдэгч нарт хуулинд заасан  ял шийтгэлийг оногдуулсан байна.

Шүүгдэгч Д.Батзориг түүний өмгөөлөгч Б.Батгэрэл нарын “Д.Батзоригт оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэх гомдлын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан дүгнээд:

Д.Батзоригийн  анх удаа гэмт хэрэг үйлдсэн,  гэмт хэргийн хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан ял шийтгэлийг хөнгөрүүлэн хуулинд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах боломжтой гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж давж заалдсан гомдлыг хүлээн авах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 47 дугаартай  шийтгэх тогтоолын 2 дугаар заалтын “...шүүгдэгч Д.Батзоригт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 5 жил 5 хоног хорих ял”  гэснийг  “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар Д.Батзоригт  3 жил 6 сарын хорих ял”  гэж  өөрчилж, шийтгэх тогтоолын бусад зүйл заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.