Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 735

 

                                                        Ж.Осоржамаа, Т.Золзаяа нарт холбогдох

                                                                       эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Гансүх даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Д.Мөнхтуул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Д.Агар,

хохирогч Х.Батцэцэг,

ялтан Ж.Осоржамаа, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ,

ялтан Т.Золзаяа, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт,

нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 172 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ялтан Т.Золзаяа, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ж.Осоржамаа, Т.Золзаяа нарт холбогдох эрүүгийн 201625011765 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхтуулын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Сүүлэнхэн овогт Жамбаагийн Осоржамаа, 1982 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, орцны жижүүр ажилтай, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Грийн Теара” хотхоны 72а дугаар байрны 00 тоотод оршин суух, ял шийтгэлгүй /РД:ХМ82110360/,

2. Боржгин овогт Тумбаагийн Золзаяа, 1982 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, дүү, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 18 дугаар гудамжны 475 тоотод оршин суух, ял шийтгэлгүй /РД:ЧН82111560/,

Ж.Осоржамаа, Т.Золзаяа нар нь бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Хүүхдийг чинь Америкийн нэгдсэн улсад сургаж өгнө” гэж хуурч мэхлэх аргаар хохирогч Х.Батцэцэгээс удаа дараагийн үйлдлээр нийт 13.396.000 төгрөгийг залилан мэхлэн авч, бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Ж.Осоржамаа, Т.Золзаяа нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ж.Осоржамаа, Т.Золзаяа нарыг бүлэглэн бусдыг хуурч мэхлэн, итгэл эвдэх аргаар залилан мэхлэж, бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар Ж.Осоржамаа, Т.Золзаяа нарыг тус бүр эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жилийн хорих ялаар шийтгэж, тэдгээрт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлж, Ж.Осоржамаа, Т.Золзаяа нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Т.Золзаяагаас 13.396.000 төгрөгийг гаргуулан хохирогч Х.Батцэцэгт олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1, 63.2 дахь хэсэгт зааснаар Ж.Осоржамаад 2 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх тухай шүүгчийн захирамж гарахыг дурдаж, Ж.Осоржамаад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Т.Золзаяад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, түүнийг цагдан хорьж шийдвэрлэжээ.

Ялтан Т.Золзаяа гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хохирогч Х.Батцэцэг нь Ж.Осоржамаагийн дансанд 2.986.500 төгрөг, 875.000 төгрөг, 60.000 төгрөгийг тус бүрд нь, гэрч Х.Ганболд нь 980.870 төгрөгийг  нийтдээ 4.842.370 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Харин Т.Бадамцэцэгийн дансаар 5.736.470 төгрөгийг шилжүүлж авсан. Эдгээр нь нийт 10.578.840 төгрөг болж байхад хохирогч Х.Батцэцэг нь надад 13.396.000 төгрөг өгсөн гээд байгаа. Анхан шатны шүүх миний огт аваагүй 2.818.160 төгрөгийг нэмж гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймээс уг мөнгийг шалгаж тогтоож өгнө үү. Ж.Осоржамаа бид хоёр өөр өөрийн дансанд орсон мөнгийг, би Т.Бадамцэцэгийн дансаар авсан 5.736.470 төгрөгийг төлөхөд бэлэн байна. Гэрч Х.Ганболд нь “2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Золзаяа байна гэж утсаар яриад Осоржамаагийн дансыг өгсөн” гэж мэдүүлсэн. Би Х.Ганболдын утасны дугаарыг мэдэхгүй бас Ж.Осоржамаагийн дансыг түүнд өгөөгүй. Х.Ганболдын утас руу хэн ярьсан болохыг мөрдөн байцаалтын шатанд шалгаж тогтоогоогүй. Би хохирогч Х.Батцэцэгээс дансаар болон бэлэн мөнгө авч байгаагүй, айсандаа мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт худал мэдүүлэг өгснөө засаж залруулан үнэн зөвөөр шийдүүлэх хүсэлтэй байна. Хохирогч Х.Батцэцэг нь 1.699.000 төгрөгийг дансаар, 1.058.000 төгрөгийг бэлнээр өгсөн гээд байгаа тул миний бүх дансны хуулгыг авч үүнийг тогтоож өгнө үү. Энэ хэргийг бүлэглэн хамт үйлдсэн байхад зөвхөн надад давхар хариуцлага ял оногдуулсанд гомдолтой байна. Мөн Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд өмгөөлөгчөө өөрөө чөлөөтэй сонгох эрхээ эдлэх боломжийг надад олгоогүй. Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоо дэмжиж байна...” гэв.

Ялтан Т.Золзаяагийн өмгөөлөгч Н.Намжилцогт давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоогоогүй байна. Тухайн үед Ж.Осоржамаа нь Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст залилан мэхлэх гэмт хэрэгт шалгагдаж байсан ба энэ нь давтан үйлдэл байж болзошгүй, мөн хохирогч Х.Батцэцэг нь чамтай төрөл садангийн холбоотой учир гайгүй байх гэдэг байдлаар Т.Золзаяатай ярилцаж тохирсон байдаг. Ингээд Т.Золзаяа нь энэ хэргийн бодит үнэнийг мэдүүлээгүй бөгөөд анхнаасаа хэргээ дангаараа хүлээж, хохирол төлбөр барагдуулахаа илэрхийлсэн. Ж.Осоржамаа нь өөрийн дансанд орсон мөнгөө өөртөө зарцуулсан гэж Т.Золзаяа хэлдэг. Иймээс дээрх асуудлыг шалгаж тогтоох шаардлагатай байна.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт заасан “...эсрэг сонирхолтой яллагдагч, шүүгдэгчид нэг өмгөөлөгчийг авч болохгүй...”, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасан “...яллагдагч өөрөө өмгөөлөгчөө сонгох...” гэсэн заалтуудыг ноцтой зөрчсөн байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэв.

Ялтан Ж.Осоржамаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би өөрийн дансаар орж ирсэн мөнгийг Т.Золзаяад бэлнээр эсхүл түүний хэлсэн данс руу бэлэн бусаар шилжүүлдэг байсан. Энэ мөнгөнөөс өөртөө авч хэрэглээгүй, шан харамж авч байгаагүй. Тухайн үед Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст “Жолоочийн үнэмлэх гаргаж өгнө” гэж бусдаас 1,0 сая төгрөг залилсан гэмт хэрэгт надтай хамт Т.Золзаяа шалгагдаж байсан. Одоо тухайн хэрэг нь хэрэгсэхгүй болсон ба би хохирлын мөнгөө төлөөд явж байгаа...” гэв.

Ялтан Ж.Осоржамаагийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт Т.Золзаяа нь дангаараа мөнгө авсанаа хүлээн мэдүүлсэн ба хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн. Хохирлын тооцоо бодитой үнэн зөв гарсан гэж үзэж байна. Ж.Осоржамаагийн хувьд Т.Бадамцэцэг гэх хүний дүрээр хохирогч Х.Батцэцэгтэй уулзаж байсан гэм буруутай үйлдэл байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь  хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон...” гэв.

Хохирогч Х.Батцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний хувьд нийтдээ 7 удаагийн үйлдлээр 13.396.000 төгрөгийг Т.Золзаяад өгсөн. Ингэхдээ 6 удаа дансаар 12.338.000 төгрөгийг өгсөн. Энэ талаар дансны хуулгаас харагдана. Т.Золзаяа нь 1.699.000 төгрөг болон 1.058.000 төгрөгийн учрыг олж өгнө үү гэж байна. Би 1.699.000 төгрөгийг түүний өгсөн данс руу Мобайл банкаар шилжүүлсэн ба түүнийхээ баримтыг гаргаж өгч чадна. Харин 1.058.000 төгрөг нь тэрээр надад эргүүлж өгөх мөнгөн дээр нэмж өгнө гэж тохирсон мөнгө ба миний Солонгос улс руу ирж, буцсан онгоцны тийзний зардалд тооцож авах мөнгө юм. Миний хувьд хохирлоо барагдуулчихвал өөр саналгүй...” гэв.

Прокурор Д.Агар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...мөрдөн байцаалтын шатанд ялтан Ж.Осоржамаа, Т.Золзаяа нар нь өөр гэмт хэрэгт давхар шалгагдаж байгаа талаараа мэдүүлээгүй. Т.Золзаяа нь би бүх мөнгийг нь авсан, үүнийгээ төлж барагдуулна гэж мэдүүлсээр ирсэн. Мөн мөрдөн байцаалтын шатанд Ж.Осоржамаа, Т.Золзаяа нарт өмгөөлөгч авах бололцоог нь олгож байсан. Хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэж байна. Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон тул хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжилж, үнэлж дүгнээгүй, мөн шүүгдэгчийн эрх зүйн байдал ноцтой зөрчигдсөн, шийтгэх тогтоолын дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна.

Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагыг хангаагүй гэж үзлээ.

Прокуророос Ж.Осоржамаа, Т.Золзаяа нарыг бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн ... хохирогч Х.Батцэцэгээс “Хүүхдийг чинь Америкийн Нэгдсэн улсад сургаж өгнө” гэж хуурч мэхлэх аргаар удаа дараагийн үйлдлээр нийт 13.396.000 төгрөгийг залилан мэхлэн авч, бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгч нарын үйлдэл тус бүрээс  учирсан хохирлын хэмжээг, мөн шүүгдэгч нараас гэмт хэрэгт оролцсон оролцоог үйлдэл нэг бүрээр тогтоож дүгнэлгүй шийдвэрлэсэн байх ба энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286.3 дахь заалтын шаардлагыг зөрчсөн байна.

Иймээс хохирогч Х.Батцэцэгээс бэлэн болон бэлэн бусаар нийт 13.396.000 төгрөгийг 7 удаагийн үйлдлээр авсан гэх үйлдэлд Ж.Осоржамаа, Т.Золзаяа нарын оролцсон оролцоог нэг бүрчлэн тогтоох, хохирлыг хэн нь хэдий хэмжээгээр хариуцахыг   дүгнэж шийдвэрлэх шаардлагатай байна.  

Хэргийн материалыг судлахад, хохирогч Х.Батцэцэг нь шүүгдэгч Ж.Осоржамаагийн 5029660617 дугаартай Хаан банкны дансанд 4 удаагийн үйлдлээр нийт 4.902.370 төгрөг, Т.Бадамцэцэгийн 5017068704 дугаартай Хаан банкны дансанд 1 удаагийн үйлдлээр 5.736.470 төгрөгийг тус тус шилжүүлсэн байна. Харин түүний Т.Золзаяагийн данс руу 1.699.000 төгрөгийг Мобайл банкаар шилжүүлсэн, 1.058.000 төгрөгийг түүнд бэлнээр өгсөн үйл баримт нь нотлох баримтаар нотлогдож байгаа эсэхэд дүгнэлт хийгээгүй орхигдуулжээ.

Иймээс хохирлын тооцоог эргэлзээгүй болгохын тулд хохирогч Х.Батцэцэгээс 1.699.000 төгрөг шилжүүлсэн тухай баримтыг авч хэрэгт хавсаргах, мөн шүүгдэгч Т.Золзаяагийн 1.058.000 төгрөгийг хохирогчид өгөхөөр тохирсон гэх үйлдэл нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй эсэхэд хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагатай байна. 

Мөн давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Т.Золзаяа нь “...энэ хэргийг Ж.Осоржамаатай хамт үйлдсэн бөгөөд Ж.Осоржамаа нь дансаараа орж ирсэн мөнгийг өөртөө авч хэрэглэсэн. Ийм байхад хохирол төлбөрийг дан ганц надаас гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна...” гэж, мөн шүүгдэгч Ж.Осоржамаа нь “...би өөрийн дансаар орж ирсэн мөнгийг Т.Золзаяад бэлнээр эсхүл түүний хэлсэн данс руу шилжүүлж байсан. Энэ мөнгөнөөс өөртөө авч хэрэглээгүй, ингэснийхээ төлөө түүнээс шан харамж аваагүй...” гэж маргажээ.

Ийм байдлаар шүүгдэгч нар нь хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой байхад, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд тэднийг нэг өмгөөлөгч өмгөөлсөн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт заасан Хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой хэд хэдэн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг нэг өмгөөлөгч өмгөөлж болохгүй.” гэсэн заалтыг зөрчсөн байна гэж үзлээ.

Давж заалдах шатны шүүхээс байцаан шийтгэх ажиллагааг нөхөн гүйцэтгэж, зөрчлийг зөвтгөн шийдвэрлэх боломжгүй тул шүүгдэгч Т.Золзаяа, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэлэлцэхгүй орхин, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээнд шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 172 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ж.Осоржамаа, Т.Золзаяа нарт холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр мөн дүүргийн шүүхэд нь буцаасугай.

2.  Ялтан Т.Золзаяа, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэлэлцэхгүй орхисныг дурдсугай.

3.  Хэргийг шүүхэд очтол Т.Золзаяад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, Ж.Осоржамаад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

                                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ГАНСҮХ

                                        ШҮҮГЧИД                                                         Д.ОЮУНЧУЛУУН

                                                                                                                  Д.МӨНХТУУЛ