Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 736

 

                                                               Ө.Өлзийжаргалд холбогдох эрүүгийн

                                                                                  хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Гансүх даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Д.Мөнхтуул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Д.Агар,

хохирогч Б.Ганчимэг,

иргэний нэхэмжлэгч “Тайгын булаг авто” ХХК-ийн төлөөлөгч О.Сандаг, түүний өмгөөлөгч Т.Багахүү,

нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батсуурь даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 185 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, иргэний нэхэмжлэгч “Тайгын булаг авто” ХХК-ийн төлөөлөгч О.Сандагийн гаргасан давж заалдах гомдлоор Ө.Өлзийжаргалд холбогдох эрүүгийн 201625010227 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхтуулын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Боржигон овогт Өлзийбүрэнгийн Өлзийжаргал /Маараа хочтой/, 1985 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн 14-ийн 663 тоотод оршин суух, 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар, нийт 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан /РД:ХД85102031/,

Ө.Өлзийжаргал нь гурван удаагийн давтан үйлдлээр буюу 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутагт байрлах “Мөнгөн хүлэг” автомашины зах дээр хохирогч Б.Ганчимэгийн эзэмшлийн “Sonata-6” загварын автомашиныг “Зарж өгнө” гэж хуурч мэхлэн, итгэл эвдэх аргаар олж авч, 6.000.000 төгрөгийн хохирол,

2016 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр хохирогч А.Ганбаатарт “Хямдхан автомашин өгье” гэж хуурч мэхлэн, итгэл эвдэх аргаар мөнгийг нь авч, 3.000.000 төгрөгийн хохирол,

2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хохирогч Х.Батсайханы автомашиныг худалдаж авна гэж гэрээ хийх аргаар хуурч мэхлэн, итгэл эвдэн олж авч, уг гэрээг ашиглан Х.Батсайханы эзэмшлийн “Sonata-7” загварын 67-27 УБС улсын дугаартай автомашиныг “Их эвсэг” ХХК-ийн “Good” нэртэй ломбарданд барьцаалан шилжүүлж, Х.Батсайханд 6.500.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан, нийтдээ бусдад 15.500.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

Мөн 2016 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2016 оны 3 дугаар сараас мөн оны 5 дугаар сарын 9-ний өдрийг хүртэл хугацаанд мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Ө.Өлзийжаргалын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ө.Өлзийжаргалыг давтан  үйлдлээр бусдын эд хөрөнгийг итгэл эвдэх, хуурч мэхлэх аргаар залилан мэхлэн олж авч бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан, мөн мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялын зарим болох 6 сарын хорих ялыг нэмж, биечлэн эдлэх хорих ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоож, уг ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Ө.Өлзийжаргалын цагдан хоригдсон 90 хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар Ө.Өлзийжаргалаас 2.700.000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Ганбаатарт, 3.112.000 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Батсайханд, 1.803.130 төгрөгийг гаргуулж “Сайн” ломбардны иргэний нэхэмжлэгч О.Сандагт тус тус олгож, хохирогч Б.Ганчимэгийн эзэмшлийн “Sonata-6” загварын, 13-25 УБЭ улсын дугаартай автомашиныг “Сайн” ломбарданд хадгалж битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, автомашиныг битүүмжлэлээс чөлөөлж, хохирогч Б.Ганчимэгт олгож, Ө.Өлзийжаргалд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Иргэний нэхэмжлэгч “Тайгын булаг авто” ХХК-ийн төлөөлөгч О.Сандаг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ө.Өлзийжаргал нь 2016 оны 2 дугаар сарын 20-ны өдөр өөрийн өмчлөлийн 13-25 УБЭ улсын дугаартай “Sonata-6” загварын автомашиныг барьцаалан 2.000.000 төгрөгийн зээл авахыг хүссэн. Манай байгууллага түүний нэр дээрх хууль ёсны авто тээврийн хэрэгслийн гэрчилгээг шалган, Авто тээврийн үндэсний төвөөс лавлан, ямар нэгэн хууль бус асуудалгүй болохыг тогтоон зээл олгосон. Гэвч цагдаагийн байгууллагаас энэхүү автомашиныг залилан мэхлэх гэмт хэргийн улмаас олж авсан гэсэн бөгөөд энэ үед нь Иргэний хуулийн дагуу байгуулсан зээлийн гэрээний хугацаа дууссан байсан ба зээлийн гэрээний 10 дахь зүйлд заасны дагуу барьцааны эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах бүрэн эрхтэй болсон байсан. Г.Очгэрэл нь тухайн автомашиныг бусдад худалдан борлуулах эрхийг Ө.Өлзийжаргалд олгосон байсан бөгөөд анхан шатны шүүх хуралдаанд хохирогч Б.Ганчимэг нь “Ө.Өлзийжаргалаар Г.Очгэрэл бид хоёр автомашин олон удаа заруулдаг байсан” гэдгээ мэдүүлсэн. Бодит нөхцөл байдалд хохирогч Б.Ганчимэг нь Ө.Өлзийжаргалыг автомашины худалдсан мөнгийг өгөхгүй болохоор нь залилан мэхэлсэн гэж байгаа нь үндэслэлгүй. Учир нь өөрөө зарж өг гэж шилжүүлчихээд мөнгийг нь өгөхгүй болохоор гуравдагч этгээдээс шууд автомашинаа шаардаж байгаа нь хуулийн дагуу өөрийн эзэмшилдээ авсан “Тайгын булаг авто” ХХК-ийн хууль ёсны ашиг сонирхлыг шууд зөрчиж байна...” гэв.

 Иргэний нэхэмжлэгч “Тайгын булаг авто” ХХК-ийн төлөөлөгч О.Сандагийн өмгөөлөгч Т.Багахүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй. “Сайн” ломбард нь авто тээврийн хэрэгслийн гэрчилгээг шалган, Авто тээврийн үндэсний төвөөс лавлан, ямар нэгэн хууль бус асуудалгүй болохыг тогтоон Ө.Өлзийжаргалд зээл олгосон. Барьцаанд тавьсан 13-25 УБЭ улсын дугаартай, “Sonata-6” загварын тээврийн хэрэгслийн хууль ёсны эзэмшигч нь хэн болохыг өөрөөр мэдэх боломж байгаагүй. Иргэний хууль болон зээлийн гэрээ, барьцааны гэрээгээр олгогдсон шаардах эрхийн дагуу барьцааны эд зүйл болох дээрх тээврийн хэрэгслийг манай байгууллагын өмчлөлд шилжүүлэх эсвэл тухайн автомашинаас байгууллагад учирсан хохирол болох 1.803.130 төгрөгийг гаргуулан өгнө үү. Мөн уг хэргийн хохирогчоор тогтоогдвол зохих этгээдийг зөв тогтоож чадаагүй. Учир нь “Sonata-6” загварын автомашины эзэмшигч нь Б.Ганчимэг биш, түүний нөхөр Г.Очгэрэл болохыг анхаарч үзнэ үү...” гэв.

Хохирогч Б.Ганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би автомашинаа олж авахаар урт хугацааны турш хөөцөлдөж байна. Уг автомашины хууль ёсны эзэмшигч мөн эсэхийг сайтар судлахгүйгээр, мөн тээврийн хэрэгслийн гэрчилгээ авсан тэр өдрөө автомашинаа барьцаалуулах гэж очсон Ө.Өлзийжаргалын үйлдэлд анхаарал хандуулалгүйгээр түүнд зээл олгосонд тухайн байгууллагын буруутай үйл ажиллагаа байгаа. Миний хувьд автомашинаа эргүүлэн авмаар байна...” гэв.

Прокурор Д.Агар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон тул хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн шаардлагыг хангасан байна.

1. Ө.Өлзийжаргал нь 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнгөн хүлэг” автомашин худалдааны зах дээр иргэн Б.Ганчимэгээс “Автомашиныг чинь худалдан борлуулж өгнө” гэж хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар түүний эзэмшлийн “Sonata-6” загварын автомашиныг олж авч, бусдад 6.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- хохирогч Б.Ганчимэгийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2015 оны 11 дүгээр сарын эхээр Бүгд Найрамдах Солонгос улсаас оруулж ирсэн гаалийн бичигтэй “Sonata-6” загварын автомашиныг нөхөр Очгэрэл нь өөрийн таньдаг гэх “Маараа” хочтой Өлзийжаргалд “Заруулаад өгөөрэй” гэж хэлээд захиад орхиод явсан...  2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Өлзийжаргал нь 94531111 дугаарын утсаар яриад “Би таны автомашиныг хүнд үзүүлээд зарахаар боллоо” гэхээр нь би зах дээр очоод автомашинаа түлхүүртэй нь хүлээлгэж өгсөн. 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр мөн дугаараас залгаж ярихаар нь ... гаалийн бичгээ үлдээгээд явсан. Түүнээс хойш “...зарах гэж байна...” гэж худлаа хэлсээр байсан... 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр миний нөхөр Очгэрэлтэй утсаар “Таны иргэний үнэмлэх хэрэгтэй байна” гэж ярьсан... тэгэхээр нь нөхөр бид хоёр очиж уулзаад иргэний үнэмлэхээ Өлзийжаргалд өгөөд мартаад явчихсан байсан. Энэ хүн байнга худлаа яриад, олдохгүй алга болоод байхаар нь цагдаад өргөдөл гаргасан. Манай автомашиныг 6.000.000 төгрөгөөр худалдана гэж хэлээд авсан. Одоо автомашин “Сайн” ломбарданы барьцаанд байгаа, тул эргүүлэн авмаар байна...” /1хх-17-18, 2хх-34/,

- иргэний нэхэмжлэгч О.Сандагийн “...2016 оны 2 дугаар сарын 20-ны өдөр намайг ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаанд нэг иргэн өөрийн эзэмшлийн 13-25 УБЭ улсын дугаартай, цагаан өнгийн “Sonata-6” загварын автомашинаа барьцаанд тавьсан ба тухайн автомашины бичиг баримтыг тэр өдрөө өөрийн нэр дээрээ шилжүүлсэн байсан. Би ямар нэгэн гэмт хэргийн холбогдолтой автомашин гэдгийг нь мэдээгүй... тэр автомашиныг 2.000.000 төгрөгөөр үнэлж зээл гаргасан ба түүнээс 500.000 төгрөгийн хасалт хийгдсэн, 1 удаа сунгалт хийгдээд 1.500.000 төгрөг, хүү болон зогсоолын мөнгө өнөөдрийн байдлаар нийт 1.803.130 төгрөгийн тооцоо үлдсэн...” /1хх-116-117/ гэсэн мэдүүлгүүд,

2. Давтан үйлдлээр 2016 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр иргэн А.Ганбаатарт “Хямдхан автомашин өгье” гэж хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар мөнгийг нь авч,  бусдад 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- хохирогч А.Ганбаатарын “...Unegui.mn сайтад “Sonata-7” загварын автомашин зарна гэсэн зарын дагуу 94531111 дугаарын утас руу залгаж асуухад “...7.000.000 төгрөг ... та 6.500.000 төгрөгөөр ав, маргааш өглөө 2.500.000 төгрөгийг шилжүүлчих...” гэхээр нь итгээд Өлзийжаргалын 5013098937 дугаартай Хаан банкны дансанд уг мөнгийг 2016 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр шилжүүлсэн... Өлзийжаргалтай уулзаад “Sonata-6” загварын автомашиныг үзээд авахаар болсон ба би “Чи надаас авсан 2.500.000 төгрөгөө өг” гэхэд “Тэр яах вэ, та үлдэгдэл мөнгөө өгчих тэгээд би энэ компани руу ороод гаалийн бичгийг нь аваад ирье, манай ах байгаа юм” гэж хэлээд надаас 3.200.000 төгрөг аваад орсон... Өлзийжаргал надад “Та автомашинаа компанийн нэр дээр авчих би даатгалын мөнгийг чинь төлчихье, 1 дэх өдөр таны мөнгийг энэ компанид тушаая, ломбарданд автомашин тавиад мөнгөтэй болчихно, тэгээд таны нэр дээр шилжүүлээд өгье” гэж хэлсэн. Тэгээд би өөрийн иргэний үнэмлэхээ түүнд өгсөн... Одоо нийт 2.700.000 төгрөг болон автомашиныхаа бичиг баримтыг олж авмаар байна...” /1хх-21-22/,

- гэрч Д.Мягмарсүрэнгийн “...“Надад урьдчилгаа болгож 2.500.000 төгрөг шилжүүлчих” гэхээр нь би “Огт танихгүй хүнд мөнгөө өгөх хэцүү байна” гэхэд “Итгэхгүй бол больж болно, гэхдээ надаас автомашин авбал би дөрвөн шинэ дугуй тавьж өгнө, би хэлсэндээ байдаг найдвартай хүн” гэхээр нь нөхөр Ганбаатар бид хоёр Өлзийжаргалыг найдвартай юм байна гэж бодоод 2016 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр түүний өгсөн Хаан банкны дансанд 2.500.000 төгрөгийг шилжүүлсэн...” /1хх-66-67/ гэсэн мэдүүлгүүд, 

3. Мөн 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр иргэн Х.Батсайханаас “Автомашиныг чинь худалдаж авна” гэж гэрээ хийж, хуурч мэхлэн, итгэл эвдэх аргаар залилан мэхлэж, түүний эзэмшлийн 67-27 УБС улсын дугаартай, “Sonata-7” загварын автомашиныг авч, уг гэрээг ашиглан дээрх автомашиныг “Их эвсэг” ХХК-ийн “Good” нэртэй ломбарданд барьцаалан шилжүүлж, Х.Батсайханд  6.500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 - хохирогч Х.Батсайханы “...Өлзийжаргал гэх хүнд өөрийн 67-27 УБС улсын дугаартай, “Sonata-7” загварын автомашинаа зарна гэж хэлсэн байсан. 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Өлзийжаргал над руу 80912224 дугаарын утаснаас залгаад “Таны автомашиныг худалдан авмаар байна” гэхээр нь ... Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Авто тээврийн газарт очиж мөнгөө хүлээгээд байж байтал Өлзийжаргал “Хоёулаа бичиг баримтаа цэгцэлж байя” гээд бид хоёр худалдах худалдан авах гэрээ хийсэн... тэгээд мөнгөө хүлээгээд бүтэхгүй болсон... 2016 оны 4 дүгээр сар гэхэд би заавал худалдаж авна, та өөр хүнд битгий өгөөрэй гэдэг байсан. Тэгтэл 2016 оны 7 дугаар сарын 11-ний өдөр гэртээ байж байтал гаднаас “Good” ломбардны 2 ажилтан орж ирээд автомашиныг чинь авна гээд гарсан... энэ автомашиныг Өлзийжаргал 2.500.000 төгрөгөөр барьцаалсан байсан ба хүү, алданги нь 762.000 төгрөг нийтдээ 3.262.000 төгрөг болсон байсан... би гэрчилгээ, баримтаа Өлзийжаргалд өгөөгүй. Өлзийжаргал шинээр гэрчилгээ гаргуулж аваад түүгээрээ миний автомашиныг барьцаанд тавьсан байсан... миний автомашиныг хураагаад шууд зарна гээд байхаар нь төлбөрийг нь төлөөд автомашинаа авчихсан байгаа. Автомашинаа нэр дээрээ болгож чадаагүй байгаа. Өлзийжаргалаас автомашины гэрчилгээ болон барьцаанаас чөлөөлсөн 3.262.000 төгрөгөө нэхэмжилнэ. Түүнд гомдолтой байна...” /1хх-194/, 

- гэрч А.Амгаланхэрлэнгийн “...Батсайханаас Өлзийжаргал руу худалдах худалдан авах гэрээ хийгдсэн байсан. Уг гэрээний үндсэн дээр Өлзийжаргалд зээл олгосон. Тэрээр захиралтай уулзаж гуйсаар байгаад 2.500.000 төгрөгийн гэрээ хийсэн...” /1хх-196/,

- гэрч Б.Эрдэнэбулганы “...2016 оны 3 дугаар сарын 18-ны орой ... нөхөр Батсайхан “Нөгөө хүн автомашиныг чинь авахаар боллоо, өнөөдөр уулзаад бид хоёр үзэж хараад гадуур явлаа, дүүдээ итгээд гэрээгээ хийчих, дүү нь мөнгийг нь өгнө гэнээ тэгэхээр нь би худалдах худалдан авах гэрээгээ хийчихлээ, тэгээд миний дансны дугаарыг авч үлдээд саллаа” гэж хэлсэн... 4 дүгээр сар гарсан хойно нөгөө залуу нь “Ах аа ерөөсөө авахаа болилоо” гэж хэлэхээр нь би “Гэрээгээ хийчихсэн байж ингэж болж байгаа юм уу, нэр усаа шилжүүлэх юм биш үү” гэж нөхөртөө хэлсэн. Тэгээд нөхөр маань утас руу нь залгаад ярихад “Би гэрээгээ ураад хаячихсан” гэж хэлсэн гэсэн...” /1хх-217/ гэсэн мэдүүлгүүд,

мөн гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрсөн Ө.Өлзийжаргалын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тус тус тогтоогдсон ба эдгээр мэдүүлгүүд үндэслэлтэй болохыг нотолсон КМНЕU41МР9А620547 арлын дугаартай, “Sonata-6” загварын автомашины гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /1хх-47/, 2016 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр хохирогч Д.Ганбаатарын эхнэр Д.Мягмарсүрэнгээс Ө.Өлзийжаргалын Хаан банкны 5013098937 дугаарын дансанд 2.500.000 төгрөг шилжүүлсэн тухай орлогын мэдүүлэг, дээрх дансны гүйлгээний дэлгэрэнгүй хуулга /1хх-48, 163/, 2016 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр А.Ганбаатар, “Хүрээ кредит” ХХК-ийн хооронд байгуулсан Лизингийн зээл болон барьцааны гэрээ, бэлэн мөнгөний орлогын баримт /1хх-49-52/, Г.Эрдэнэтогтохоос Г.Очгэрэлийн эзэмшлийн “Sonata-6” загварын тээврийн хэрэгслийг хураан авах тухай тогтоол /1хх-56/, “Сайн” барьцаалан зээлдүүлэх газраас 13-25 УБЭ улсын дугаартай, “Sonata-6” загварын тээврийн хэрэгслийг хураан авах, битүүмжлэх тухай тогтоол /1хх-76, 130/, 13-25 УБЭ улсын дугаартай, “Sonata-6” загварын тээврийн хэрэгслийн гэрчилгээ, лавлагаа, Ө.Өлзийжаргал нь 2016 оны 2 дугаар сарын 20-ны өдөр дээрх тээврийн хэрэгслийг “Сайн” барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалж зээл авсан тухай барьцаат зээлийн гэрээ, автомашины гэрэл зураг /1хх-90-91, 99, 133-134, 166/, 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Г.Очгэрэл, А.Батбаяр нарын хооронд байгуулсан, мөн 2016 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Ө.Өлзийжаргал, “Тайгын булаг авто” ХХК нарын хооронд байгуулсан автомашин худалдах, худалдан авах гэрээ /1хх-96, 228/, эд зүйлийн үнэлгээ /1хх-145/, 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Х.Батсайхан, Ө.Өлзийжаргал нарын хооронд байгуулсан тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ /1хх-182/, 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Ө.Өлзийжаргалаас 67-27 УБС улсын дугаартай, “Sonata-7” загварын тээврийн хэрэгслийг “Good” авто ломбарданд барьцаалж, 2.300.000 төгрөгийн зээл олгосон тухай зээлийн гэрээ, баримт /1хх-186-189, 230/, 2016 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Х.Батсайханаас 3.112.500 төгрөгийг “Good” ломбарданд тушаасан тухай баримт, барьцаат зээлийн гэрээ /1хх-192, 235/, дээрх тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, өмнөх өмчлөгчдийн жагсаалт /1хх-225, 238/ зэргээр нотлогдож байна.

4. Мөрдөн байцаалтын шатанд Ө.Өлзийжаргал нь энэ гэмт хэрэгт шалгагдаж, 2016 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа, 2016 оны 3 дугаар сараас мөн оны 5 дугаар сарын 9-ний өдрийг хүртэл хугацаанд мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- гэрч Д.Өлзийбүрэнгийн “...2016 оны 5 дугаар сарын 3-ны орой “Зах тараад явж байна” гээд манайд ирээд явсан. Түүнээс хойш утас нь холбогдохгүй сураггүй алга болсон... би батлан даалтад авснаас хойш надтай уулзаагүй, гэрт нь очихоор байхгүй, өглөө гараад явдаг, заримдаа гэр орондоо ирэхгүй алга болчихдог, голдуу халамцуу ирдэг гэж байсан...” /1хх-121-122/,

- гэрч А.Болормаагийн “...би итгээд батлан даалтад авсан. Түүнийг оргоод алга болчихно гэж санаанд ороогүй...” /1хх-124/,

- гэрч Ч.Бадамхорлоогийн “...Өлзийжаргал нь гадуур л явдаг байсан. Машин тэргээ зарна гээд өглөө гараад орой ирдэг байсан. Ээжийгээ сахиж байсан юм уу, машинаа зарж байсан юм уу би мэдэхгүй байна. Би хүүхдээ хараад байж байсан болохоор дагаад явж чаддаггүй...” /1хх-125-126/,

- ялтан Ө.Өлзийжаргалын яллагдагчаар өгсөн “...байцаагч яриад байхаар нь мөнгө төгрөг байхгүй байсан болохоор нь эмээгээд очиж чадаагүй нь миний буруу. Мөрдөн байцаалтаас оргон зайлсан гэж үзэж болно...” /1хх-126-127/ гэсэн мэдүүлгүүд,

2016 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Ө.Өлзийжаргалд бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоол /1хх-23-25/, мөрдөн байцаагчийн тэмдэглэл болон мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх, Ө.Өлзийжаргалыг эрэн сурвалжлах ажлыг гүйцэтгүүлэх тухай тогтоол /1хх-100-109/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон ба мөрдөн байцаалтаар эдгээр хэргийн талаар шалгавал зохих зүйлийг бүхэлд нь шалгажээ.           

Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Дурдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо ноцтой зөрчилдөөгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Дээрх баримтуудаар ялтан Ө.Өлзийжаргал нь шунахай зорилгоор хэд хэдэн этгээдээс эд хөрөнгийг нь “Автомашиныг нь худалдаж өгнө, эсхүл худалдана” гэж итгэл төрүүлж, уг үүргээ биелүүлэх зорилгогүйгээр олж авсан нь, мөн таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн нь тус тус тогтоогдсон байна гэж үзлээ.

Анхан шатны шүүх Ө.Өлзийжаргалын үйлдлийг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг итгэл эвдэх, хуурч мэхлэх аргаар, залилан мэхлэж олж авч бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг, мөн таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн буюу мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв болжээ.

Анхан шатны шүүх Ө.Өлзийжаргалын хувийн байдал, мөн түүний үйлдсэн гэмт хэрэг тус бүрийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, хохирлын хэмжээ зэргийг харгалзан үзэж түүнд хуульд заасан ял шийтгэлийг тус тус оногдуулсан байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хэрэг тус бүрт оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэх замаар нийт эдлэх ялын хэмжээг хуульд нийцүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Иргэний нэхэмжлэгч “Тайгын булаг авто” ХХК-ийн төлөөлөгч О.Сандаг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...манай “Сайн” нэртэй ломбард нь хуулийн дагуу олгогдсон авто тээврийн хэрэгслийн гэрчилгээг шалган, Авто тээврийн үндэсний төвөөс лавласны үндсэн дээр ямар нэгэн зөрчилгүй, асуудалгүй гэж  тогтоон Ө.Өлзийжаргалд зээл олгосон. Иймээс Иргэний хууль болон барьцаа, зээлийн гэрээгээр олгогдсон шаардах эрхийн дагуу барьцааны зүйл болох тухайн автомашиныг манай байгууллагын өмчлөлд шилжүүлэх, эсхүл түүнээс учирсан хохирлыг гаргуулж өгнө үү...” гэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар “Sonata-6” загварын /КМНЕU41МР9А620547 арлын дугаартай/ автомашин нь Г.Очгэрэлийн нэр дээр Улсын хилээр нэвтрэн орж ирсэн байх ба тодорхой хугацаагаар түүний эхнэр Б.Ганчимэгийн эзэмшилд үлдсэн, энэ хугацаанд Б.Ганчимэгээс ялтан Ө.Өлзийжаргал түлхүүр, гаалийн мэдүүлэг зэрэг бичиг баримтыг уг автомашины хамт шилжүүлэн авсан талаар тус бүрдээ мэдүүлсэн,  Б.Ганчимэг, Г.Очгэрэл нар нь нэг гэр бүлийн гишүүн эхнэр, нөхөр бөгөөд Г.Очгэрэл нь Б.Ганчимэгийг энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсонд татгалзаагүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хохирогч нь өмчлөгч болон эзэмшигчийн аль аль нь байж болохоор зохицуулжээ. Иймд энэ хэргийн хохирогчоор Б.Ганчимэгийг  тогтоосныг буруутгах үндэслэлгүй юм.

Мөн КМНЕU41МР9А620547 арлын дугаартай, “Sonata-6” загварын автомашинаар хохирсон тухай гомдлыг Б.Ганчимэг нь Ө.Өлзийжаргалд холбогдуулан Цагдаагийн байгууллагад  2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гаргаж, 2016 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тухай Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын байцаагчийн санал, 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэх тухай прокурорын тогтоолыг хүлээн авсан /1хх-1, 4-6/ ба нөгөө талаас Ө.Өлзийжаргал нь дээрх автомашиныг өөрийн нэр дээр тээврийн хэрэгслийн гэрчилгээ гаргуулан тэр өдөр нь буюу 2016 оны 2 дугаар сарын 20-ны өдөр дээрх тээврийн хэрэгслийг “Сайн” барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалан шилжүүлсэн тухай барьцаат зээлийн гэрээ, автомашины гэрэл зураг зэрэг /1хх-90-91, 99, 133-134, 166/ баримтууд байна.

Эдгээр баримтуудыг харьцуулан үзэхэд, хохирогч Б.Ганчимэг нь эд мөрийн баримт болох уг автомашиныг өөрийн эзэмшилд шаардан авах эрхтэй болох нь, мөн Ө.Өлзийжаргалын гэм буруутай үйлдлийн улмаас эдийн хариуцлага хүлээхгүй болох нь тус тус тогтоогдож байна.

 Анхан шатны шүүх хохирогч нарт учирсан хохирлын хэмжээг үндэслэлтэй зөв дүгнэн тооцож, ялтан Ө.Өлзийжаргалаас хохиролд 2.700.000 төгрөгийг гаргуулан А.Ганбаатарт, 3.112.000 төгрөгийг гаргуулан Х.Батсайханд, 1.803.130 төгрөгийг гаргуулан “Сайн” ломбардны иргэний нэхэмжлэгч О.Сандагт тус тус олгож, мөн “Сайн” ломбарданд битүүмжлэгдсэн Б.Ганчимэгийн эзэмшлийн 13-25 УБЭ улсын дугаартай, “Соната-6” загварын /КМНЕU41МР9А620547 арлын дугаартай/ автомашиныг битүүмжлэлээс чөлөөлж, Б.Ганчимэгт олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.1.5 дахь хэсэгт заасан заалтад тус тус нийцэж байх тул шийтгэх тогтоолын энэ заалтыг эс зөвшөөрсөн иргэний нэхэмжлэгч “Тайгын булаг авто” ХХК-ийн төлөөлөгч О.Сандагийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэлгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож,  шийтгэх тогтоолыг хэвээр үлдээв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 185 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, иргэний нэхэмжлэгч “Тайгын булаг авто” ХХК-ийн төлөөлөгч О.Сандагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл, магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ГАНСҮХ

                                        ШҮҮГЧИД                                                          Д.ОЮУНЧУЛУУН

                                                                                                                   Д.МӨНХТУУЛ