Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 759

 

                                                               П.Мөнхзолбоод холбогдох эрүүгийн

                                                                                  хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Д.Мөнхтуул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Ч.Мөнх-Эрдэнэ,

хохирогч Ч.Нямсүрэн,

шүүгдэгч П.Мөнхзолбоо, түүний өмгөөлөгч Б.Дашдорж,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Түмэнжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 274 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, прокурор Ш.Насанжаргалын бичсэн 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 15 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр П.Мөнхзолбоод холбогдох эрүүгийн 201625021460 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхтуулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Бушга овогт Пүрвээгийн Мөнхзолбоо, 1988 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй  дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 9 дүгээр гудамжны 124 тоотод оршин суух,

- 2014 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 2  жилийн хугацаагаар хянан харгалзсан /РД:УЧ88061571/;

П.Мөнхзолбоо нь 2016 оны 5 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 52 дугаар гудамжны 250 тоот хашаан дотор иргэн Ч.Нямсүрэнгийн өмчлөлийн 62-36 УБП улсын дугаартай, “Toyota Succeed” загварын тээврийн хэрэгслийн арын салхины шил, баруун хойд болон хойд талын гэрлүүдийн шилийг санаатайгаар хагалж, устгасан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар  дүүргийн Прокурорын газраас: П.Мөнхзолбоогийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудаас үзэхэд, шүүгдэгч П.Мөнхзолбоо нь хохирогч Ч.Нямсүрэнгийн “Toyota Succeed” загварын автомашины арын салхины шил, баруун хойд болон хойд талын гэрлүүдийг модоор цохиж хагалсан ба хохиролд 190.000 төгрөг төлсөн байна. Энэ тохиолдолд автомашин нь эд хөрөнгө бөгөөд харин салхины шил, гэрлүүд нь тухайн автомашины дагалдах хэрэгсэл болох ба эдгээр нь хагарснаар автомашиныг зориулалтаар нь ашиглах боломжгүй болж, эд хөрөнгө устгагдсан гэж үзэх үндэслэл болохгүй байна. Өөрөөр хэлбэл, автомашины салхины шил, гэрэл хагарснаар уг автомашин анхны шинж байдлаа алдахгүй, цаашид зориулалтаар нь ашиглах, хэрэглэх боломжгүй болохгүй юм. Эд хөрөнгийг устгах гэдэг ойлголт нь эд зүйлс, өмч хөрөнгийн биет байдлын хувьд бүрэн устгагдах, эсхүл дахин ашиглаж, хэрэглэх ямар ч бололцоогүй болж, анхны шинж чанар, байдлаа бүрэн алдахыг ойлгоно. Харин автомашины нэг хэсэг буюу салхины шил, гэрлүүдийг хагалсан нь “эд зүйлийг гэмтээсэн” гэх ойлголтод хамаарах бөгөөд шинээр шиллүүлж, гэрэл хийлгэх үйлчилгээ хийлгэснээр анхны байдалд нь оруулах боломжтой. Иймд П.Мөнхзолбоогийн үйлдлийг бусдын эд хөрөнгийг санаатай устгасан гэж яллах дүгнэлт үйлдсэн нь буруу байна. Мөн хохирогч Ч.Нямсүрэн өөрийн автомашинд үүссэн зураасыг арилгуулахад гарах зардлыг нэхэмжилж байгаа боловч шүүгдэгч П.Мөнхзолбоогийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...би автомашинд зураас үүсгээгүй, ... автомашин өөдөөс хөдлөөд хашаа руу дайрч орж ирээд ... хашааг мөргөж зогсоод жолооч нь гараад зугтаасан...” гэх, гэрч Л.Нямаагийн “...гэрээс гарахад автомашин хашаан дотор орж ирээд хашааны хойд талыг мөргөж зогссон ба автомашины урд жолоочийн суудлаас нэг залуу буугаад зугтаасан...” гэх, гэрч Н.Энхзаяагийн “...Мөнхзолбоо ах орж ирээд “Тэр нэг юм чинь хашаа мөргөчихлөө, би гарч автомашиныг нь эвдэлнэ” гэж хэлээд цонхыг хагалж байгаа харагдсан...” гэх мэдүүлгүүдээс үзэхэд,

П.Мөнхзолбоод холбогдох хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 81.1.5-д заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг нотолбол зохих ажиллагааг бүрэн гүйцэт хийгээгүй байна. Үүнд: Хохирогч Ч.Нямсүрэнгийн автомашинд үүссэн зураас нь П.Мөнхзолбоогийн үйлдлээс үүссэн эсэхийг шалгаж тогтоох ажиллагааг гүйцэт хийгээгүй байна. Иймд эдгээрийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэн, нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэх, яллах дүгнэлтийг зөвтгүүлэхээр хэргийг мөрдөн байцаалтад буцааж, хэргийг Прокурорт очтол П.Мөнхзолбоод урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Ш.Насанжаргал давж заалдах шатны шүүхэд бичсэн улсын яллагчийн эсэргүүцэлдээ:

1. П.Мөнхзолбоогийн эхнэрээ хардаж, бухимдахдаа иргэн Ч.Нямсүрэнгийн өмчлөлийн 62-36 УБП улсын дугаартай, “Тoyota Succeed” загварын тээврийн хэрэгслийн арын салхины шил, баруун хойд болон хойд талын гэрлүүдийн шилийг модоор цохиж хагалсан үйлдлийн улмаас уг эд ангиуд эргэж хэвийн байдалдаа орох боломжгүй, анхны шинж байдлаа бүрэн алдсаныг бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэх боломжгүй юм. Учир нь автомашинд байрладаг дээрх эд зүйлс тус бүртээ үнэлгээтэй, иргэн Ч.Нямсүрэнгийн хувьд түүний өмчлөлийн эд хөрөнгө мөн бөгөөд П.Мөнхзолбоо зөвхөн дээрх эд хөрөнгийг анхны шинж чанарыг алдагдуулж, эргэж ашиглах ямар ч боломжгүй болгосон үйлдлийг л хийсэн. Өөрөөр хэлбэл, иргэн Ч.Нямсүрэнгийн дээрх тээврийн хэрэгслийн дагалдах эд анги болох салхины шил гэрлүүдийн шилийг хагалж буй нь эд хөрөнгийг санаатайгаар устгасан ойлголтод хамаарах тул яллах дүгнэлтийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлд заасан үндэслэл журмын дагуу үйлдэгдсэн гэж үзнэ.

2. П.Мөнхзолбоогийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...би машинд зураас үүсгээгүй, ... машин өөдөөс хөдлөөд хашаа руу дайрч орж ирээд хашааны хойд талыг мөргөж зогсоод жолооч нь гараад зугтаасан...” гэх, гэрч Л.Нямаагийн “...гартал машин давхиж орж ирээд ... хашааг мөргөж зогсоод жолооч нь гараад зугтаасан...” гэх, гэрч Н.Энхзаяагийн “...Мөнхзолбоо ах орж ирээд “тэр нэг юм чинь хашаа мөргөчихлөө , би гарч машиныг нь эвдэлнэ” гэж хэлээд цонхыг нь хагалж байгаа харагдсан...” гэх мэдүүлгүүдээр хэрэг учрал болсон цаг хугацаанд хохирогч Ч.Нямсүрэнгийн төрсөн хүү А.Батбаяр нь иргэн Д.Долгорсүрэнтэй гэрийнх нь гадаа автомашин дотор уулзаж байгаад, түүний нөхөр П.Мөнхзолбоотой таарч, айж сандрахдаа унаж явсан тээврийн хэрэгслээ жолоодон П.Мөнхзолбоогийн эзэмшлийн хашаа руу орж, хашаанд тулж зогссон автомашинаа орхин хашаа даван зугтаасан ба үүний дараагаар П.Мөнхзолбоо уг тээврийн хэрэгслийн арын салхины шил, хойд гэрлүүдийн шилийг хагалсан болох нь тогтоогддог.

Түүнчлэн П.Мөнхзолбоо дээр дурдсанаар тээврийн хэрэгслийн салхины шил, гэрлийн шилүүдийг хагалснаас өөрөөр тээврийн хэрэгслийн бусад эд ангиудад халдаагүй, тээврийн хэрэгсэлд учирсан зураас бүхий гэмтлүүдийг учруулаагүй талаар үйл явдлыг нүдээр харж байсан гэрч нар мэдүүлдэг тул иргэн Ч.Нямсүрэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт тээврийн хэрэгслийн гуферны зураасыг арилгахад гарах зардлын талаарх нэхэмжлэлийг П.Мөнхзолбоод холбогдуулан гаргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд П.Мөнхзолбоогийн үйлдэлтэй шалтгаант холбоогүй юм.

Иймд хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх, яллах дүгнэлтийг зөвтгүүлэх зэрэг үндэслэлээр мөрдөн байцаалтад буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлж өгнө үү...” гэжээ.             

Прокурор Ч.Мөнх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...яллах дүгнэлтэд бусдын эд хөрөнгийг “Гэмтээсэн” гэж бичээгүй. Учир нь тухайн автомашины дагалдах эд анги болох арын салхины шил, хойд гэрлийн шилүүд нь тус бүрдээ үнэлгээтэй эд хөрөнгө бөгөөд эдгээрийг хагалж, дахин ашиглах боломжгүй болгосон үйлдэл нь эд хөрөнгийг санаатайгаар устгасан гэх ойлголтод хамаарна. П.Мөнхзолбоо нь автомашины дээрх эд ангиудад халдсан болох нь тогтоогддог. Харин тэрээр өөр бусад эд ангиудад халдаагүй, зураас бүхий гэмтлийг учруулаагүй болохыг тухайн үед үйл явдлыг нүдээр харж байсан гэрч Н.Энхзаяа, Л.Нямаа нар мэдүүлдэг. Өөрөөр хэлбэл, автомашинд учирсан зураас бүхий гэмтлүүд нь П.Мөнхзолбоогийн үйлдэлтэй холбоогүй юм. Иймд хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх, яллах дүгнэлтийг зөвтгүүлэх зэрэг үндэслэлээр мөрдөн байцаалтад буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх тухай бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг дэмжиж байна...” гэв.    

            Хохирогч Ч.Нямсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...автомашинд үүссэн зураас нь П.Мөнхзолбоогийн үйлдлээс үүссэн эсэхийг шалгаж тогтоох ажиллагааг гүйцэтгүүлэх саналтай байна. Энэ талаар бичсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна...” гэв.

            Шүүгдэгч П.Мөнхзолбоо тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би А.Батбаярын автомашиныг унаж хашаа руугаа оруулаагүй, автомашинд нь зураас учруулаагүй...” гэв.

            Шүүгдэгч П.Мөнхзолбоогийн өмгөөлөгч Б.Дашдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...А.Батбаяр нь автомашинаа унаж хашаанд орж ирсэн талаар гэрч нар мэдүүлдэг. Уг хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 81.1.5-д заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ зэрэг нотолбол зохих ажиллагааг бүрэн гүйцэт хийгээгүй. Мөн А.Батбаярт хууль сануулан гэрчээр мэдүүлэг авсан байх ба түүний мэдүүлэг үнэн зөв эсэхийг шалгах шаардлагатай байна. Энэ талаар бичсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан...” гэв.

ХЯНАВАЛ:

Мөрдөн байцаалтын шатанд, шүүх тогтоол гарахад чухал ач холбогдолтой байж  болох байдлыг бүрэн гүйцэт шалгаж тогтоолгүй орхигдуулсан байх тул шүүгчийн захирамжийн зарим хэсэг үндэслэлтэй байна гэж үзэв.

Прокуророос П.Мөнхзолбоог 2016 оны 5 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө ... иргэн Ч.Нямсүрэнгийн өмчлөлийн 62-36 УБП улсын дугаартай, “Toyota Succeed” загварын тээврийн хэрэгслийн арын салхины шил, баруун хойд болон хойд талын гэрлүүдийн шилийг санаатайгаар устгасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Нэг: Хэргийн материалыг судлахад, 62-36 УБП улсын дугаартай, “Toyota Succeed” загварын тээврийн хэрэгслийн өмчлөгч Ч.Нямсүрэн нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт “...автомашины арын салхины шил, гэрлийн шил хагарсны зэрэгцээ хэд хэдэн хэсэг газарт сэв, зураас үүссэн ба зөвхөн үүнийг засварлахад 450.000 төгрөгийн зардал гарна...” гэж мэдүүлжээ.

Мөрдөн байцаалтын шатанд, гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох автомашины арын салхины шил, гэрэл зэрэг нийтдээ 265.000 төгрөгийн төлбөр төлөгдсөн байна. Харин дээрх автомашины хэд хэдэн хэсэг газарт сэв, зураас үүссэн талаар хохирогч гомдол болон мэдүүлэгтээ дурдсан байхад, энэ талаар хангалттай шалгаж тогтоогоогүй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.5-д “…нотолбол зохих асуудал буюу гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг нарийвчлан шалгаж, тогтооно…” гэж заасан заалт хэрэгжээгүй, зөрчигдсөн  гэж үзлээ.

Иймээс автомашинд үүссэн сэв, зураас нь дээрх гэмт хэрэг гарах үед үүссэн эсэх, ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн болохыг байцаан шийтгэх ажиллагааны бүхий л арга хэрэгслийг ашиглан шалган тогтоох шаардлагатай байна.

Энэ тухай заасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн заалтыг хэвээр үлдээж, эс зөвшөөрсөн улсын яллагчийн эсэргүүцлийн заалтыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хоёр: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсгийн 1 дэх заалтад, прокурор нь яллах дүгнэлт үйлдэхдээ шүүгдэгч П.Мөнхзолбоо нь бусдын эд хөрөнгийг гэмтээсэн байхад устгасан гэж хэргийн үйл баримтыг дүгнэж бичсэнийг зөвтгөх тухай заажээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч П.Мөнхзолбоо нь бусдын эд хөрөнгийг устгасан эсхүл гэмтээсэн аль нь болохыг дүгнэх боломжтой ба ийнхүү дүгнэхэд хэргийн зүйлчлэл өөрчлөгдөхгүй, шүүгдэгчийн эрх зүйн байдал дордохгүй тул шүүгчийн захирамжийн заалтын энэ хэсгийг хүчингүй болгож, шүүгчийн захирамжид заасан бусад үндэслэлээр хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 315.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 274 дүгээр шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсгийн “...яллах дүгнэлтийг зөвтгүүлэх тухай...” хэсгийг хүчингүй болгож, шүүгчийн захирамжийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Прокурор Ш.Насанжаргалын бичсэн 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 15 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийн “…шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх тухай…” болон эсэргүүцлийн “2” дахь заалтыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Хэрэг Прокурорт очтол П.Мөнхзолбоод авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

4. Энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Т.ӨСӨХБАЯР

                                            ШҮҮГЧИД                                                  Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                                                                                               Д.МӨНХТУУЛ