Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 742

 

    Б.Өлзийсайханд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Н.Мөнгөнсүх,

            ялтан Б.Өлзийсайханы өмгөөлөгч Д.Тунгалаг, Ц.Майбаяр,

            нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж, шүүгч Ү.Түмэнжаргал, С.Оюунчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 105 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Өлзийсайхан, түүний өмгөөлөгч Ц.Майбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн түүнд холбогдох 201525022064 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Хас овгийн Батнасангийн Өлзийсайхан, 1987 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, “Жамо” ХХК-д барилгын засал чимэглэлчин ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайт гудамжны 44 тоотод оршин суух,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 46 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.5 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Өршөөл үзүүлэх комиссын 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 827 дугаар тогтоолоор 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 9 сар 6 хоногийн хорих ялаас өршөөн суллагдсан,  /РД: ОЭ87102012/,

Б.Өлзийсайхан нь 2015 оны 10 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө 01 цагийн үед Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ви” нэртэй бааранд хохирогч Э.Нямлхагватай хувийн таарамжгүй харьцаа буюу хохирогчийн зүй бус ажиллагааны улмаас маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт гар болон хөлөөрөө цохиж, бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас: Б.Өлзийсайханы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Өлзийсайханыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 13 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, Б.Өлзийсайхан нь бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа  дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, хохирогч Э.Нямлхагва нь гэмт хэргийн улмаас учирсан гэмтлийг эмчлүүлэхэд гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Ялтан Б.Өлзийсайхан тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “…Миний бие анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хүндэдсэн гэж үзэж байна. Би үйлдсэн гэмт хэрэгтээ үнэхээр их гэмшиж байгаа бөгөөд шүүх хурал дээр сандарсны улмаас шүүгчийн асуултад буруу хариулсан. Миний бичсэн энэхүү гомдолд үнэн зөв юм. Би тухайн үед согтуу байгаагүй бөгөөд 1 аяга пиво ууж дуусгаагүй байсан. Гэтэл шүүх намайг согтуу байсан гэж үзсэнд гомдолтой байна. Тухайн үед Э.Нямлхагва эхнэрийг минь доромжилж, 2 удаа түлхэн газар унагааж, зодож байсныг харснаар миний бие цочирдож, эхнэрийгээ хамгаалах үүднээс Э.Нямлхагва дээр очсон. Намайг эхнэрээ салгах үед тэр над руу дайрсан ба би түүнд нэг удаа гар хүрсэн. Би хохирогчийн биед хүнд гэмтэл санаатай учруулахыг хүсээгүй. Зөвхөн эхнэрээ хүнд зодуулж байгааг хараад салгах гэж очсон боловч хохирогчийн хариу үйлдлээс болж түүнд санаандгүй хүнд гэмтэл учруулсан. Хохирогч Э.Нямлхагватай би мөрдөн байцаалтын шатанд уулзахад “би хэнд зодуулснаа санахгүй байна. Баарны хамгаалагчид намайг зодсон, хэрвээ чи надад 3.000.000 төгрөг өгвөл би үнэн зөв байдлаа хэлье, мөн гомдолгүй гэдгээ хэлье” гэж байсан. Би Э.Нямлхагвад эмчилгээний зардалд 1.500.000 төгрөг төлсөн. Хохирогч одоо нэхэмжлэх төлбөргүй, гомдолгүй гэсэн. Би өндөр настай группэд байдаг аав, болон эхнэр, 6 настай, 4 сартай хоёр хүүхдийнхээ хамт амьдардаг. Бага хүүхэд маань тархины саажилттай, байнгын эмчилгээ хяналтад байдаг бөгөөд эхнэр ажил хийдэггүй. Иймд миний амьдралын нөхцөл байдлыг харгалзан үзэж, хохирогчийн хохиролд төлөх төлбөргүйг болон миний гэмшиж байгааг харгалзан үзэж, эдлэх ялыг багасгаж, дэглэм бууруулж өгнө үү...” гэжээ.

Ялтны өмгөөлөгч Ц.Майбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдол гаргаж байна.

1. Шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцээгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтаар Б.Өлзийсайханыг согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй байхад шүүх “согтуугаар” гэж хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, Б.Өлзийсайханы эрх зүйн байдлыг дордуулсан.

Б.Өлзийсайхан нь 10 дугаар сарын 20-ны өдөр төрсөн байхад 12-ны өдөр төрсөн гэж бичсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 295 дугаар зүйлийн 295.1.4 дэх хэсгийг зөрчсөн.

Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 158 дугаар зүйл, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт заасан “Шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд нь шинжээчид эрх, үүргийг тайлбарлан өгч, ...хүлээлгэх хариуцлагыг урьдчилан сануулж гарын үсэг зуруулна” гэснийг зөрчиж, шинжээчид хууль сануулж гарын үсэг зуруулаагүй. Мөн уг тогтоолыг байцаан шийтгэх ажиллагааны оролцогчдод танилцуулаагүй байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 157 дугаар зүйл, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4, 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан эрхийг хязгаарлаж, хууль зөрчсөн байна.  

2. Хэргийг хянан шийдвэрлэхдээ нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоогоогүй буюу мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн гүйцэд хийгдээгүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Тухайлбал Э.Нямлхагвын хавтаст хэргийн 34, 43, 179-180, 192-193 дугаар талд өгсөн мэдүүлгүүд, шүүх хуралдааны явцад мэдүүлсэн мэдүүлгүүдээс үзэхэд түүнийг хэрэгт ач холбогдол бүхий байдлыг бодитойгоор тусгаж, зөв мэдүүлэг өгөх чадвартай эсэхэд эргэлзээ төрж байна. Иймд сэтгэцийн байдлыг тодорхойлох зорилгоор шинжилгээ хийлгэх шаардлагатай.

Мөн Э.Нямлхагва нь хэний ямар үйлдлийн улмаас нойлийн өрөөнд ухаан алдсаныг, унахдаа биеийн аль хэсгээр унасныг шалгаж тогтоогоогүй. Шинжээч А.Амгаланболдын “хохирогчийн биед учирсан баруун чамархай ясны хугарал... гэмтэл нь баруун чамархай хэсгээрээ унах үед үүсэх боломжтой” гэж мэдүүлсэн тул үүнийг зайлшгүй шалгаж тогтоох шаардлагатай байна.

Хохирогч Э.Нямлхагва нь О.Оюунбаярыг бүжиглэж байхад түүнийг түлхэн унагааж, үсдэж байгаа үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа эсэхийг шалгаж тогтоогоогүй.

н.Чангаабаатар гэгч Н.Дэндэвсамбуудоржийг “Б.Өлзийсайханы зодсон гэх залууг Б.Мягмарбаатар ах нойльд оруулж байгаад зодсоныг харсан” гэж ярьсныг Б.Өлзийсайханд хэлсэн байдаг. Б.Өлзийсайханы ар гэр н.Чангаабаатартай холбогдож энэ талаар асуухад Н.Дэндэвсамбуудорж нь “Мийгаа ах намайг дарамтлаад байгаа болохоор би айгаад энэ талаар мэдүүлж чадахгүй” гэж ярьсан байсан. Иймд гэрч нь худал мэдүүлэг өгсөн эсэхийг шалгаж тогтоох шаардлагатай байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцааж өгнө үү...” гэв.

Ялтан Б.Өлзийсайханы өмгөөлөгч Д.Тунгалаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ялтны гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Б.Өлзийсайханы ялтай байдал нь 2015 онд батлагдсан “Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай” хуульд зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэнд тооцож, оногдуулсан ялыг хөнгөрүүлэх боломжтой байсан. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 1.500.000 төгрөгийг хохирогчид төлсөн ба хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн. Мөн Б.Өлзийсайхан нь давж заалдах гомдолдоо гэмшиж байгаагаа илэрхийлсэн байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1  дэх хэсэгт зааснаар хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

Прокурор Н.Мөнгөнсүх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...Ялтан болон түүний өмгөөлөгч нарын гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийг хэрэглэж өгөх, ял эдлэх дэглэм бууруулж өгөх гэсэн хүсэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь гэм хор бүрэн арилаагүй, гэм буруугаа хүлээгээгүй. Б.Өлзийсайхан нь урьд нь ял шийтгэл эдэлж байсан зэрэг нөхцөл байдлууд байгаа. Мөрдөн байцаалтын шатанд Э.Нямлхагва, гэрч Б.Мягмарбаатар, Ц.Чинзориг, Н.Дэндэвсамбуудорж нарын мэдүүлгүүдээр Э.Нямлхагвыг 2-3 хүн зодсон гэх асуудал үгүйсгэгддэг. Иймд үүнийг хүнд зодуулсан гэж хийсвэр байдлаар дүгнэлт хийж мөрдөн байцаалтаар шалгах боломжгүй юм. Мөн камерийн бичлэгт хохирогчийг Б.Өлзийсайхан нь цохиж унагаан, дээр нь дараад бичлэгээс гараад явсан нь харагддаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэж, хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Б.Өлзийсайхан нь 2015 оны 10 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө 01 цагийн үед Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ви” нэртэй бааранд хохирогч Э.Нямлхагватай хувийн таарамжгүй харьцаа буюу хохирогчийн зүй бус ажиллагааны улмаас маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч Э.Нямлхагвын “…2015 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 22 цагийн үед эгч Ганцэцэг, Ганчимэг, найз Шинэтөр, Буяндэлгэр, өөрийн ихэр Нямдаваа нартай уулзаад “Ви” бааранд орсон... Бид нарыг бүжиглэж байхад хажууд 4-5 залуу байсан. Бааранд манай ширээ, бас нэг төрсөн өдрөө тэмдэглэж байгаа бололтой хүмүүсийн ширээ хүнтэй байсан. Намайг шонгийн хажууд бүжиглэж байхад нэг эмэгтэй ирээд “эмэгтэй хүний бүжиглэдэг шон дээр чи эрэгтэй хүн байж яагаад бүжиглээд байгаа юм” гээд намайг хэл амаар доромжилсон. Тэгэхээр нь би тэр эмэгтэйгийн цээж рүү нь гараараа түлхсэн. Гэтэл нөгөө эмэгтэй буцаж ирээд намайг түлхсэн. Би тэр эмэгтэйг дахин түлхэж унагаасан. Тэгтэл нөгөө эмэгтэй буцаж ирээд намайг үсдэхээр нь би эргүүлээд үсдсэн. Тэгээд байж байтал манай хамаатны эгч Ганчимэг ирээд нөгөө эмэгтэйг салгаж аваад тэр хоёр хоорондоо үсдэлцээд цаашаа явсан. Тэгтэл хажуугаас 2-3 залуу гарч ирээд намайг зодож эхэлсэн ба би ухаан алдсан...” /хх 1-н 42-43/,

 гэрч О.Оюунбаярын “… Тэгээд би тэндээс жаахан цаашаа яваад жижиг тайзан дээр гараад бүжиглэж байхад нэг залуу миний өгзөгийг шууд илсэн. Тэгэхээр нь би уурлаад тэр залуугийн цээж рүү нь түлхтэл, нөгөө залуу намайг 2 удаа түлхэж газар унагаасан. Тэгээд би босч очоод нөгөө залууг түлхтэл, нөгөө залуу миний гар луу гараараа нэг удаа цохисон. Тэр залуу намайг “янхан гичий” гэж хараагаад байсан. Гэтэл хажуугаас нэг эмэгтэй намайг үсдээд авсан. Тэгээд тэр хоёр намайг нийлж цохиж, зодож эхэлсэн. Энэ үед манай нөхөр босч ирээд нөгөө залуутай зодолдож эхэлсэн...” /хх 1-н 48/,

гэрч Т.Буяндэлгэрийн “… Шинэтөр, Нямлхагва, Ганчимэг нар бүжгийн талбай дээр бүжиглэж эхэлсэн. Ганцэцэг бид хоёр нойлийн өрөө орчихоод гараад ирэхэд хүмүүс бужигначихсан, Нямлхагва бүжгийн талбай дээр нүүр нь цус болчихсон, зодуулчихсан сууж байсан... Шинэтөр лүү хүмүүс дайраад байхаар нь би түүнийг хүмүүсээс салгаж аваад нойлийн өрөө ороход шалан дээр нь Нямлхагва хэвтэж байсан...” /хх 1-н 50/,

гэрч С.Ганцэцэгийн “… Би Буяндэлгэртэй хамт нойлийн өрөөнд ороод байж байтал хүмүүс “бичлэг хийгээрэй” гээд гүйлдээд эхэлсэн. Тэгээд баар луу ороход Нямлхагвын нүүр нь нил цус болчихсон, нэг цагаан цамцтай эмэгтэйтэй үсдэлцсэн байдалтай зогсож байсан. Би ганцаараа тэр хоёрыг салгах гээд дийлэхгүй байсан. Тэгтэл Ганчимэг орж ирээд “Нямлхагвыг энэ зодсон юм уу” гээд нөгөө эмэгтэйг үсдээд газар унагаасан. Нөгөө эмэгтэйн нөхөр гэх залуу ирээд манай эгч рүү дайрсан. Би бас эгчийгээ салгаж авах гээд зууралдаж байгаад нэг харахад Нямлхагва байхгүй байсан. Би Ганчимэгийг салгаж аваад Нямлхагвыг хайгаад нойлийн өрөө ортол Нямлхагва шалан дээр хэвтэж байсан...”  /хх 1-н 52/,

гэрч Б.Мягмарбаатарын “... Би 2015 оны 10 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө “Ви” бааранд зохион байгуулагчаар ажиллаж байсан. Энэ өдөр ерөнхийдөө цөөн үйлчлүүлэгчтэй байсан. Бүжгийн талбай дээр байсан нэг залуу нэг эмэгтэйг түлхэж газар унагаагаад цохиж байсан. Тэгтэл тэр эмэгтэйгийн найз залуу нь бололтой нэг залуу ирээд эмэгтэйг түлхсэн залуутай зодолдож эхэлсэн. Би очоод тэр хоёрыг салгасан. Хүүхнийг түлхсэн залуу нэлээд овилгогүй, ийш тийш үсчээд байсан ба нэлээд согтуу байсан. Намайг очоод тэр хоёр залууг салгах үед найз хүүхнээ өмөөрсөн залуу нь хүүхнийг түлхсэн залуугийн дээр гараад зодож байсан...” /хх 1-н 93/,

гэрч Н.Дэндэвсамбуудоржийн “... Би уг бааранд Дижэй-гээр ажиллаж байсан. Орой манай Дэнжийн 1000-н гудамжны танил ах Сайханаа найз охинтойгоо орж ирсэн... Сайханаа ахын эхнэр, нөгөө цагаан цамцтай залуутай хамт явж байсан эмэгтэйтэй маргалдаад байсан. Гэнэт Сайханаа ах найз охиноо өмөөрөөд нөгөө цагаан цамцтай залуутай зодолдож эхэлсэн. Ер нь бол Сайханаа ах тэр залууг илүүрхэж зодож байсан. Тэгтэл Сайханаа ах цагаан цамцтай залуугийн нүүр лүү нь цохиход тэр залуу баарны лед дэлгэц рүү нурууныхаа дээд хэсгээр уначихаад манараад босохгүй байсан... Тэгээд байж байтал Сайханаа ах дахиж ирээд нөгөө залууг хэд хэдэн удаа өшиглөсөн...” /хх 1-н 99/,

шинжээч А.Амгаланболдын “... Дүгнэлтэд бичсэн гэмтлүүдээс “баруун чамархай ясны шугаман хугарал, баруун чамархай хэсгийн тархины хатуу хальсны дээрх цусан хураа” гэсэн гэмтлүүд нь учрах үедээ амь насанд аюултай байсан учраас гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх 1-н 101/ гэх мэдүүлгүүд,

камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл “…Бичлэг бүжгийн талбайн гол хэсгийг харуулсан байх ба 2015 оны 10 дугаар сарын 19-ний шөнө 01:22:04 секундээс эхэлж байна... Бүжгийн талбайн шонгийн хажууд бүжиглэж байсан цагаан цамц, хар өмдтэй эрэгтэй /Э.Нямлхагва/, цагаан цамц, цагаан өмдтэй эмэгтэй /О.Оюунбаяр/ нар хоорондоо юм ярилцаж, бас бүжиглэж байв. 01:24:30 секундэд бүжгийн талбайн шонгийн хажууд бүжиглэж байсан цагаан цамц, хар өмдтэй эрэгтэй /Э.Нямлхагва/, цагаан цамц, цагаан өмдтэй эмэгтэй /О.Оюунбаяр/-гийн цээж рүү нь гараараа түлхэн бүжгийн жижиг тайзнаас унагаж байв. Үүний дараагаар цагаан цамц, цагаан өмдтэй /О.Оюунбаяр/ газар унаж босоод дахин цагаан цамц, хар өмдтэй эрэгтэй /Э.Нямлхагва/ рүү очиход эрэгтэй нь дахин цагаан цамц, цагаан өмдтэй эмэгтэй /О.Оюунбаяр/-н цээж рүү нь 2 гараараа түлхэв. Оюунбаяр дахин Нямлхагва руу очиход Нямлхагва дахин нэг удаа түлхээд Оюунбаярыг заамдаж, тайзны баруун тал руу Оюунбаярыг доороо хийж газарт унагаж байв. Энэ үед Өлзийсайхан ширээнээс босож ирээд Нямлхагва, Оюунбаяр нар луу очин Нямлхагвыг барьж авч байна. Нямлхагва, Өлзийсайхан нар зууралдаж байхад бүжгийн талбай болон бусад газраас хүмүүс ирж тэднийг салгаж байв. Зодоон салсны дараа Өлзийсайхан дахин дахин Нямлхагва дээр очиж өшиглөж байв...”  /хх 1-н 38-39/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 15056 дугаар актын “...Э.Нямлхагвын биед баруун чамархай ясны шугаман хугарал, баруун чамархай хэсгийн тархины хатуу хальсан дээрх цусан хураа, хөмсөгний няцарсан шарх, баруун, зүүн мөр, өвдөгний зөөлөн эдийн няцрал цус хуралт, дух, эрүү, хүзүү, чихний дэлбээний зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх 1-н 54/ зэрэг хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.  

Дээрх баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхэд хууль зөрчигдөөгүй, нотлох баримтууд нь өөр хоорондоо ноцтой зөрүүтэй зүйлгүй, шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг мөрдөн байцаалтын явцад бүрэн шалгасан байна.

Харин анхан шатны шүүх Б.Өлзийсайханы хувийн байдлын талаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 286 дугаар зүйлийн 286.1.4 дэх хэсэгт заасан ёсоор шийтгэх тогтоолдоо дүгнэлт хийгээгүй орхигдуулсан нь буруу байна.

Ялтан Б.Өлзийсайхан нь урьд 2007 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.5 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ял шийтгүүлж, уг ялыг биечлэн эдэлж байгаад 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Өршөөл үзүүлэх комиссын шийдвэрээр эдлээгүй үлдсэн 1 жил 9 сар 6 хоногийн хорих ялыг өршөөж сулласны дараах ялтай байдал нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болж байгаа тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй юм.

Ялтан Б.Өлзийсайхан нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, материаллаг хохирлыг төлж барагдуулсан, хохирогч Э.Нямлхагва гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон хохирогчийн буруутай үйл ажиллагаа гэмт хэрэг гарахад нөлөөлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах боломжтой гэж давж заалдах шатны шүүх үзсэн тул энэ талаар давж заалдсан ялтан Б.Өлзийсайхан, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг нарын гомдлыг хүлээн авах нь зүйтэй.

Харин ялтан Б.Өлзийсайханаас “... хорих ял эдлэх дэглэмийг багасгаж өгнө үү...” гэж, ялтны өмгөөлөгч Ц.Майбаяраас “...мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн тул хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргасныг тус тус хүлээн авах боломжгүй байгааг дурдах нь зүйтэй. Учир нь, ялтан Б.Өлзийсайхан нь урьд нь шүүхээс оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид биечлэн эдэлж байсан байна. Мөн хэрэгт зайлшгүй нэмэлт мөрдөн байцаалт хийлгэх үндэслэл бүхий нөхцөл байдал тогтоогдохгүй байна.