Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 768

 

 

 

Г.Энхтайванд холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Очмандах, Д.Гансүх нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

ялтан Г.Энхтайваны өмгөөлөгч С.Соёлмандах,

нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулж,

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 55 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Г.Энхтайван, түүний өмгөөлөгч С.Соёлмандах нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Г.Энхтайванд холбогдох 2016 0108 0286 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Гансүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Ганболдын Энхтайван, 1986 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Налайх дүүрэгт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, хувиараа барилгын ажил эрхэлдэг, ам бүл 7, эцэг, эх, ах, дүү нарын хамтаар Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Баянзүрхийн 4 дүгээр гудамжны 699 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй,

2007 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т зааснаар 5 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар түүнд оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялаас 3 жилийг өршөөн хасч 2 жил 1 сарын хугацаагаар тогтоож, 2008 оны 7 дугаар сарын 8-ны өдөр эдлээгүй үлдсэн 3 сар 29 хоногийн хорих ялыг тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

2012 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3-т зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдөр эдлээгүй үлдсэн 4 сарын хугацаагаар хорих ялыг ял эдлэхээс хугацаанаас өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

2014 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 4 сар 1 хоног баривчлах ял шийтгүүлж, 2014 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, /РД:УД86082010/;

Г.Энхтайван нь 2016 оны 4 дүгээр сарын 10-аас 11-нд шилжих шөнө Налайх дүүргийн 3 дугаар хороо, Замчны 35 дугаар гудамжны 242 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, бусдыг илтэд үл хүндэтгэн, хохирогч Э.Бат-Эрдэнийг “гэр лүүгээ явлаа” гэх үл ялих зүйлээр шалтаглан, хүч хэрэглэн зодож, түүний бие махбодид “...зүүн нүдний ухархай дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн шанаа доод эрүү, дагзны хуйх, зүүн чихний дэлбээнд зулгаралт, нүүр, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулан, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ. 

Багахангай, Налайх дүүргийн прокурорын газраас: Г.Энхтайванд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баганхангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овогт Ганболдын Энхтайваныг бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 4 жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 4 жил хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Г.Энхтайвангийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 8 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Г.Энхтайванаас гэм хорын хохирол 385.000 төгрөгийг гаргуулан хохирогч Э.Бат-Эрдэнэд олгуулахаар шийдвэрлэжээ.

Ялтан Г.Энхтайван тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Миний эцэг Ганболд, эх Дариймаа нар нь 2016 оны 10 дугаар сарын 15-ны шөнө Улаанбаатар хотоос Налайх явах замд автомашины осолд орж маш хүндээр гэмтэж, гэмтлийн эмнэлэгт хүргүүлэн эмчлүүлж байгаа. Мөн эхнэр Нарангарав жирэмсэн, 4 настай хүүгийн хамт гэртээ үлдсэн, амжиргаа залгуулах аав, ээж, ах, дүү байхгүй бөгөөд бүтэн өнчин хүн. Надаас өөр асран хамгаалж, амжиргаа залгуулах хүнгүй. Миний бие хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахин хэрэгт орооцолдож, гэмт хэрэг үйлдэхгүй, дахин алдахгүйн төлөө хичээж, аав, ээж, эхнэрээ асарч, хүүхэддээ түшиг тулгуур болж, гэрэл гэгээтэй, элэг бүтэн амьдрахын төлөө ажиллаж, амьдрах болно. Иймд миний дээрх байдлыг харгалзан үзэж оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

Ялтан Г.Энхтайваны өмгөөлөгч М.Соёлмандах гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг дүгнэхдээ хэт нэг талыг барьж, хохирогчийн мэдүүлэгт тулгуурлан хэргийн шийдвэрлэсэн. Хэргийн нөхцөл байдал болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүрэн үнэлээгүй. Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хэрэг гарахад хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн зэрэг нь шүүгдэгчид оногдуулах ялыг ялгамжтай оногдуулах үндэслэлтэй байсан. Иймд шүүгдэгчийн хувийн байдал болон хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “ …шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна…” гэсэн хуулийн шаардлагад нийцжээ.

Г.Энхтайван нь 2016 оны 4 дүгээр сарын 10-аас 11-нд шилжих шөнө Налайх дүүргийн 3 дугаар хороо, Замчны 35 дугаар гудамжны 242 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, бусдыг илтэд үл хүндэтгэн, хохирогч Э.Бат-Эрдэнийг “гэр лүүгээ явлаа” гэсэнд үл ялих зүйлээр шалтаглан, хүч хэрэглэн зодож, түүний бие махбодид “...зүүн нүдний ухархай дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн шанаа доод эрүү, дагзны хуйх, зүүн чихний дэлбээнд зулгаралт, нүүр, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулан, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт ялтан Г.Энхтайван, хохирогч Э.Бат-Эрдэнэ, мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Золзаяа, Д.Алтанцэцэг нарын өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн шинжээчийн 08 шэ/208 дугаартай дүгнэлт, шинжээч эмч С.Төгсбуянг байцаасан тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, энэ талаар анхан шатны шүүх хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн дүгнэлт хийсэн, хэргийн зүйлчлэл зөв байна.

Хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтад үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, ялтан Г.Энхтайваны үйлдсэн гэмт хэргийн нийгмийн  аюулын шинж чанар, түүний гэм буруу, хувийн байдал, учруулсан хохирлын хэр хэмжээнд тохирсон хуульд заасан төрөл, хэмжээний ял шийтгэл оногдуулсан, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, эсхүл бусад хэлбэрээр хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн байдал тогтоогдоогүй байна.

Анхан шатны шүүхийн “...Г.Энхтайван нь урьд хэд хэдэн гэмт хэрэгт хорих ял шийтгүүлсэн хэдий ч, “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгууллагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай.” 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн хуулийн 6 дугаар зүйлийн зүйлийн 6.1.1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгоно” гэсэн заалтад хамаарч байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн...” гэсэн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцжээ.

Ялтан Г.Энхтайваны: “…Дахин хэрэгт орооцолдож, гэмт хэрэг үйлдэхгүй, дахин алдахгүйн төлөө хичээж, аав, ээжээ асарч, эхнэр, хүүхэддээ түшиг болж, гэрэл гэгээтэй, элэг бүтэн амьдрахын төлөө ажиллаж, амьдрах болно. Иймд миний дээрх байдлыг харгалзан үзэж оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү …”,

ялтны өмгөөлөгч С.Соёлмандахын “...Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хэрэг гарахад хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн зэрэг нь шүүгдэгчид оногдуулах ялыг ялгамжтай оногдуулах үндэслэлтэй байсан. Иймд шүүгдэгчийн хувийн байдал болон хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн гомдлуудын дагуу хэргийн нөхцөл байдлыг хянаж үзвэл мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт ялтан Г.Энхтайван /хх 48-49, 53/, хохирогч Э.Бат-Эрдэнэ /хх 18-19, 20/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Золзаяа /хх 25-26/, Д.Алтанцэцэг /хх 21-22/ нарын өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн шинжээчийн 08 шэ/208 дугаартай дүгнэлт /хх 35/, шинжээч эмч С.Төгсбуянг байцаасан тэмдэглэл /хх 37/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар Г.Энхтайван нь согтуугаар нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрах явцдаа хохирогч Э.Бат-Эрдэнийн биед хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хөдөлбөргүй тогтоогдсон, мөрдөн байцаалтын ажиллагаагаар шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л зүйлүүдийг бүрэн шалгасан, анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ял шийтгэлийн төрөл, хэмжээ   түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруу, хувийн байдалд тохирсон, анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх болон няцаах нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул тэдний “...хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн гомдлуудыг хангах хуулийн үндэслэлгүй байна.

Иймд ялтан Г.Энхтайван, түүний өмгөөлөгч С.Соёлмандах нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.