Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 744

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                 Г.Идэрбаярт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ш.Алтанцэцэг,

            ялтан Г.Идэрбаярын өмгөөлөгч Б.Зулбаяр, Л.Бурмаа,

            хохирогч В.Бат-Очир, түүний өмгөөлөгч С.Сүхболд,

            нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Одонтуул даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 174 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Г.Идэрбаярын өмгөөлөгч Б.Зулбаяр, Л.Бурмаа, хохирогч В.Бат-Очир, Л.Буянхишиг нарын өмгөөлөгч С.Сүхболд нарын гаргасан давж заалдах гомдлуудаар эрүүгийн 201625011041 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Байчууд овогт Гонгорболдын Идэрбаяр, 1982 оны 10 дугаар сарын 29-нд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 14 дүгээр байрны 14 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:РУ82102934/,

Г.Идэрбаяр нь 2016 оны 3 дугаар сарын 6-ны өдөр 20 цагийн орчим Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 14 дүгээр байрны гаднах автомашины зогсоолд автомашинаа байрлуулах асуудлын улмаас иргэн В.Бат-Очиртой хэрүүл маргаан үүсгэж улмаар давтан үйлдлээр В.Бат-Очир, Л.Буянхишиг нарыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Г.Идэрбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Идэрбаярыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар Г.Идэрбаярт 3 сар 10 хоног баривчлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар Г.Идэрбаярт оногдуулсан 3 сар 10 хоног баривчлах ялыг түүнийг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх зааснаар Г.Идэрбаяраас гэм хорын хохиролд нийт 1.661.790 төгрөгийг гаргуулан хохирогч Л.Буянхишигт олгож, хохирогч Л.Буянхишиг нь цаашид гарах эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлоо, хохирогч В.Бат-Очир нь эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс тус тус жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДиг тогтоол хүчин төгөлдөр болмогц хавтаст хэрэгт хадгалж, цагаан өнгийн сорочкин цамц 1 ширхэгийг устгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Г.Идэрбаярт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Ялтан Г.Идэрбаярын өмгөөлөгч Б.Зулбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх хэргийн талаар дүгнэлт хийхдээ эргэлзээтэй нотлох баримтанд тулгуурлаж дүгнэлт гаргасан. Үүнд: /хх-ийн 32/ гэрч Энхмаагийн мэдүүлэгт “куртикных нь гарнаас татаад байхаар нь гараа тавиулах гэж нэг удаа гараа угзарсан. Тэгэхэд нь Л.Буянхишиг гарт нь оногдоод арагшаагаа саваад унасан ба унах үедээ дагзаараа тухайн залуугийн машины урд хамгаалалтын төмрийг мөргөж байсан. ...өөрөөр бол гар хүрээгүй гараараа нэг удаа л гараа татаж авах гэж байгаад тохойгоороо ёворч цохисон түүнээс өмнө болон хойно нь ахин гap хүрээгүй”, /хх-ийн 29/ хохирогч Л.Буянхишигийн “зодоон болж байхад зүүн ар талд нь салгах гэж оролдож зүүн гарнаас татах үед Г.Идэрбаяр гэх залуу тохойгоороо арагшаа саван миний хэвлий, аймхай хэсэгт цохисноос болж би арагшаагаа савж унан машиных нь хамгаалалт төмрийг дагзаараа цохисон ...би өвдөглөөд хойшоогоо савж унасан юм” гэх мэдүүлгүүд харилцан зөрүүтэй эргэлзээтэй байхад бусдын биед хөнгөн гэмтлийг давтан үйлдлээр учруулсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Түүнчлэн хохирогч Л.Буянхишиг нь эхлээд хамар луу цохиж гэмтээсэн, дараа нь аюулхай руу цохисон гэж мэдүүлдэг /хх-ийн 79/ 3 дугаар сарын 3-ны өдөр гэсэн огноотой анхны тусламж үзүүлсэн баримт, /хх-ийн 93/ түргэн тусламжийн дуудлагын хуудас /хх-ийн 112/ 827 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 126/ шинжээчийг байцаасан тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар хохирогчийн өгсөн мэдүүлэг эргэлзээтэй төдийгүй хамар луу цохиж гэмтээсэн гэж мэдүүлсэн нь худал болох нь нотлогддог. Мөн шүүх эмнэлгийн шинжээчийг оролцуулах тухай хүсэлтийг хангаж шүүгчээс захирамж гаргасан боловч шүүх хуралдаанд шинжээчийг оролцуулаагүй хийсэнд гомдолтой байна. Уг хэрэгт хохирогч Л.Буянхишигийн өөрийн биед учирсан гэх гэмтлүүдийн талаар өгсөн мэдүүлгүүд нь эргэлзээтэй байдаг учраас өмгөөлөгчийн зүгээс шинжээч эмчийг оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн. Шүүх шинжээчийн дүгнэлт нь Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүлээн авахын эмчийн анхан шатны тусламжийн хуудас гэсэн тэмдэглэлд дурдсан тархи доргилт, томографид харуулах гэсэн оношийг үндэслэж хөнгөн гэмтэл тогтоосон байдаг. Гэтэл уг хуудас нь 2016 оны 3 дугаар сарын 3 гэсэн огноотой байхаас гадна шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт гаргах хөдөлшгүй баримт биш юм. Иймд анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэж байсан. Нэгэнт шүүх хэргийг бүхэлд нь хянаж үздэг тул хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх үндэслэлтэй эсэхийг хянаж үзнэ үү гэсэн давхар хүсэлт гаргаж байна...” гэв.

            Ялтан Г.Идэрбаярын өмгөөлөгч Л.Бурмаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хохирогч В.Бат-Очир зодож байхдаа түүний үйлдлийг салгах гэсэн хохирогч Л.Буянхишигийн аюулхайд тохойгоороо түлхэж цохисны улмаас хохирогч Л.Буянхишиг хойш савж унан “Ланд круйзер 105” загварын машиныг мөргөж, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь тогтоогдож байна гэж дүгнэсэн. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Г.Идэрбаяр нь хохирогч Л.Буянхишигийн биед үүссэн хөнгөн гэмтлийг санаатайгаар эсвэл болгоомжгүй хэлбэрээр учруулсан аль нь болохыг мөрдөн байцаалтын ажиллагаагаар нэг мөр эргэлзээгүйгээр тогтоогоогүй байна. Тухайлбал, хохирогч Л.Буянхишиг нь мөрдөн байцаалтад “...би хүүш ээ, болиоч ээ гээд орилоод тэр залуугийн зүүн гарынх нь ханцуйнаас нь барьж аваад угзарсан. Тэгэхэд тэр залуу гараараа арагшаагаа тохойлдсон. Тэр нь миний хэвлийн хэсэгт тусаад би аймхай дээрээ цохиулаад арагшаагаа унасан. Машины урд төмөр хамгаалалтыг ар дагзаараа савж мөргөн унасан, ...Нүүрэнд гараа зангидаж байгаад гарынхаа араар буюу сарвууны ар хэсгээрээ цохисон, тэгэхэд би нүүрээ дараад ёо ёо гэхэд ахин аймхай хэсэгт цохисон, тэгэхэд би арагшаа савж унасан” гэж, шүүхийн хэлэлцүүлэгт “...би Г.Идэрбаярын зүүн талаас салгах гэж татахад миний нүүрэнд гараараа цохисон. Дараа нь дахин ханцуйнаас нь татахад аюулхай руу гараараа цохисон. ...” гэж, хохирогч В.Бат-Очирын эхнэр буюу гэрч Д.Энхмаа мөрдөн байцаалтад “...тэр залууг зүүн гараас нь татах үед тэр залуу арагшаагаа Л.Буянхишигийн элэг рүү цохих шиг болсон, тэгээд тэр эрчиндээ Л.Буянхишиг арагшаа савж байх шиг байсан. Тэгээд унахдаа тэр залуугийн машины урд хамгаалалтыг нь дагзаараа мөргөх шиг болсон. Г.Идэрбаяр гараараа нэг удаа л гараа татаж авах гэж байгаад тохойгоороо ёворч цохисон. Тэрнээс өмнө болон хойно нь ахин гар хүрээгүй ...” гэж, гэрч Д.Төмөрөө мөрдөн байцаалтад “...тэгээд зодолдож байхад нь тэр 2 хүүхэн гарч ирээд зодоонд оролцох үед одоо тэр Буянаа гэж байсан эмэгтэй арагшаагаа саваад унаж байсан. Би сайн анзаараагүй, ер нь бол энэ хүнийг яаж цохиж байна гэж тодотгож хараагүй болохоор яг яаж цохисон болохыг хараагүй, тухайн үед гадаа их харанхуй, байрны ойролцоо гэрэлтүүлэг гээд байх юм байдаггүй...” гэж, гэрч Цэнд-Аюушийн мөрдөн байцаалтад “...тэр машины жолоочийн талын урд хаалганаас нэг эрэгтэй хүн гарч ирээд шууд л манай хүнийг цохиод авсан, тэгээд машин дотроос 2 эмэгтэй хүн гарч ирээд тэр 2 эмэгтэй манай хүний араас нь зууралдаад тэрүүгээр бөөн юм болсон, тухайн үед нөхөр маань нөгөө өөрийг нь цохисон залуутай барьцалдаж аваад зогсч байсан, харин араас нь тэр 2 эмэгтэй цүнх болон гараараа цохиод л татаж чангаагаад л орилолдоод байсан...” гэж, ялтан Г.Идэрбаяр нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад “...В.Бат-Очир бууж ирээд намайг хэл амаар доромжлоод байсан, намайг чи машиндаа байсан юм бол урагшлаад өгөхгүй яасан юм бэ? Машин багтахгүй байсныг харсан биз дээ гэхэд, чи дайрчих гээд миний хамарт түрүүлж цохисон, бид 2 маргалдаад би В.Бат-Очирыг цохисон нь үнэн...” гэж тус тус өөр өөрөөр мэдүүлсэн. Хохирогч В.Бат-Очир нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Буянхишигийг зодсон талаар огт мэдүүлээгүй. Дээрх мэдүүлгүүд зөрүүтэй, эргэлзээтэй байхад хохирогч Л.Буянхишигийн биед санаатайгаар хөнгөн гэмтэл учруулсан гэх гэмт хэрэг нь гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан гэж үзэн, гэмт хэрэгт тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэснийг хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй гэж үзэж байна. Шинжээчийн 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 3343 тоот дүгнэлтэд Л.Буянхишигийн биед “тархи доргилт, зүүн өвдөг болон аюулхайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо ...” гэжээ. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар ялтан нь хохирогчийн өвдөгт гэмтэл учруулсан гэх үйл баримт авагдаагүй. Гэтэл мөрдөн байцаалтад хохирогчийн өвдөгт үүссэн няцрал гэх гэмтэл хэзээ, ямар нөхцөл байдлын улмаас үүссэн болохыг тогтоох ажиллагааг хийгээгүй орхигдуулсан байна. Шинжээчийн 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 827 тоот дүгнэлтэд “...Хоёр талын хөхлөг сэртэнгийн үрэвсэл, тархины цагаан эд ба бага зэрэг өөрчлөлт...” гэжээ. Шинжээчийн 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 3343 тоот дүгнэлтэд Л.Буянхишигийн биед “тархи доргилт” гэж дүгнэсэн байдаг. Тэгвэл хохирогчийн биед үүссэн байсан “тархи доргилт” гэх гэмтэл нь хохирогчийн биед урд нь үүсэн бий болсон байсан “хоёр талын хөхлөг сэртэнгийн үрэвсэл, тархины цагаан эд ба бага зэрэг өөрчлөлт” гэх гэмтэл өөрчлөлтөөс шалтгаалан үүссэн үү, эсвэл гэмт хэрэг үйлдэгдсэн өдөр үүссэн аль нь болох талаар эргэлзээ төрүүлж байна. Мөрдөн байцаалтад энэ талаар тодорхой ажиллагаа хийгээгүй орхигдуулсан байна. Мөн гэмт хэрэг 2016 оны 3 дугаар сарын 6-ны өдөр үйлдэгдсэн байхад хохирогч нь гэмт хэрэг болохоос өмнө буюу 2016 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд толгойгоо үзүүлэн зөвлөгөө авсан талаарх баримт ч хавтаст хэргийн 79 дүгээр талд авагдсан байна. Энэ баримтаас харахад хохирогч Л.Буянхишиг нь толгойн өвчний улмаас эмнэлэгт үзүүлж байсан гэдгийг нотлож байна. Шийтгэх тогтоолд эмчилгээний зардалд 1.661.790 төгрөг гаргуулан хохирогч Л.Буянхишигт олгохоор шийдвэрлэсэн. Хэрэгт хавсаргасан 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр үзүүлсэн историйн нүүр 3 хуудас хуулбарлаж хэрэгт хавсаргасан байна. Аль эмнэлэгт хэн гэх эмчийн заавраар эм тариаг хэрэглэсэн нь тодорхойгүй байна. Ийм байхад эмчилгээний зардалд 1.661.790 төгрөг зарцуулсан гэж Г.Идэрбаяраас гаргуулахаар шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна өөрөөр хэлбэл нотлох баримтгүйгээр 1.661.790 төгрөгийн эм тариаг эмчийн эмчилгээний зааврын дагуу хэрэглэсэн гэж үзэх нь буруу байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгон хэрэгт мөрдөн байцаалтын нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж, хэргийн болон ялтны хувийн байдлыг харгалзан үзэж, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авч өгнө үү...” гэв.

            Хохирогч В.Бат-Очир, Л.Буянхишиг нарын өмгөөлөгч С.Сүхболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.Идэрбаярын өмгөөлөгч Б.Зулбаяр давж заалдах гомдолдоо шүүх хэргийн талаар дүгнэлт хийхдээ эргэлзээтэй нотлох баримтад тулгуурласан гэжээ. Гэтэл гэрч Д.Энхмаа, Д.Төмөрөө, хохирогч Л.Буянхишиг, В.Бат-Очир нарын мэдүүлэг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд эргэлзээгүй ямар нэг зөрүү байхгүй бөгөөд тогтвортой байдаг. Мөн Г.Идэрбаярын үйлдэл нь бусдыг илтэд үл хүндэтгэсэн, хүч хэрэглэсэн Л.Буянхишиг, В.Бат-Очир нарыг зодож хөнгөн гэмтэл учруулсан догшин авирлаж нийтийн эзэмшлийн газар танхайрсан байх тул зүйлчлэл буруу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэж байна...” гэв.

            Хохирогч В.Бат-Очир тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Тухайн үед Г.Идэрбаяр өөрөө миний машиныг шүрэгсэн. Тэгээд намайг бууж ирэхэд чи машинаа холдуулахгүй яасан юм бэ гэсэн. Тэгэхээр нь би машинаа урагшлуулсан. Г.Идэрбаяр машинаа байрлуулчихаад шууд хаалга онгойлгон намайг гаргаж ирээд зодсон. Гэтэл Г.Идэрбаярын өмгөөлөгч би шууд Г.Идэрбаярыг зодсон юм шиг ярьж, намайг гүтгэж байна. Г.Идэрбаяр надад 180.000 төгрөг авчирч өгсөн. Миний эхнэр хэрэгт гэрчээр тогтоогдсон. Гэтэл Г.Идэрбаяр гэрчийг хахуулдах гэж байгаа юм уу, миний эхнэрт 20.000 төгрөг өгсөн. Үүнийг би ойлгохгүй байна. Иймд би гомдолтой байна. Би 3 дугаар сарын 7-ны өдөр Л.Буянхишигтэй хамт Шүүх эмнэлэг дээр очиж үзүүлсэн. Түрүүний ярьсан баримтан дээр 3 дугаар сарын 3-ний өдөр гэж бичсэн нь техникийн алдаа байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хувьд ял хөнгөдсөн гэж үзэж байна. Учир нь тухайн үед Г.Идэрбаяр тухайн үед маш хэрцгий авирлаж “чи муу үсээ засуулаагүй байж миний урдаас юу гэж томрох гээд байгаа юм. Би бол хуулийн хүн, миний дор 5 хүн ажилдаг” гэж намайг доромжилж байсан. Тийм учир Г.Идэрбаярыг би танхайрч явдаг юм байна гэж ойлгосон...” гэв.

            Прокурор Ш.Алтанцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Г.Идэрбаярын үйлдсэн хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар бүрэн нотлогдсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд дараах тайлбарыг хийж байна. Шүүгдэгч нарын өмгөөлөгч хохирогч Л.Буянхишигт гэмтэл учруулаагүй, зөвхөн В.Бат-Очирт гэмтэл учруулсан гэж байна. Л.Буянхишигт гэмтэл учруулсан нь Л.Буянхишигийн өөрийнх нь мэдүүлэг, мөн энэ хэрэгт ямар нэг оролцоо, эрх ашигийн сонирхолгүй хөндлөнгөөс харж байсан Төмөрөө гэх гэрчийн мэдүүлэг авагдсан байгаа. Шүүгдэгчийн өмгөөлөгч нар гэрч Төмөрөөгийн өгсөн мэдүүлгийн өөрт ашигтай байж болох хэсгийг нь таслан авсан байна. Гэрч Төмөрөө “Буянаа гэсэн байхаа, тэр эмэгтэй арагшаа савж унаж байсан. Би харахдаа цохиулаад уначихлаа гэж харсан. Сайн анзаараагүй. Ер нь бол хүнийг яаж цохиж байна гэдгийг тодотгож хараагүй болохоор яг яаж цохисныг хараагүй. Гэхдээ цохиулаад унасан, тухайн үед харанхуй байсан. Байрны хажууд зогсож байгаад Буянаа гэх эмэгтэйттэй тааралдаад, нөгөө цохиулдаг эмэгтэй байна шүү дээ гэж хараад, тэр эмэгтэйгээс үхээгүй юм уу, амь бөхтэй хог юм аа чи, тэр том биетэй эрэгтэй хүнд цохиулчихаад гэж хэлсэн, надаас та тэнд байсан юм уу гэж асуугаад байсан. Би лав үхтэл нь цохилоо гэж харсан. Машины хамар юм уу, бөгсөн дээр дагзаараа мөргөөд унах шиг болсон. Тэр цохидог залуу их дээрэлхүү маягтай хашгираад байх шиг байсан. Би тухайн үед сонсоод дургүй хүрч байсан юм. Хүний машин мөргөчихөөд дээрээс нь хүнийг зодоод гэж харж байсан” гэж мэдүүлсэн. Иймд Л.Буянхишигийг цохисныг хөндлөнгийн гэрч тодорхой харсан. Яллагдагчийг 2-3 удаа байцаасан. Хүн нэг зүйлийг яг тэр үг хэллэгээр дахин ярьдаггүй. Ганц нэг үг үсгийн зөрүүтэй ярьдаг. Гэхдээ Л.Буянхишигийн өгсөн мэдүүлгүүд агуулгын хувьд яг л нэг зүйлийг тогтвортой тодорхой мэдүүлсэн. Г.Идэрбаяр нь энэ гэмт хэргийг үйлдсэн нь хангалттай нотлогдон тогтоогдсон. Өмгөөлөгч нарын хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж юуг тодоруулах шаардлагатай гэж байгаа нь тодорхойгүй байна. Шинжээчийн дүгнэлтийн тухай асуудлын хувьд шинжээч эмчийг байцаасан байцаалт хавтаст хэрэгт авагдсан. Маргаж байгаа он, сарын асуудлыг харахад 7-н тоо гэж өмгөөлөгчид тайлбарлаж байгаа болохоос биш, яг 7 гэж харагдахаар биш байна. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэд Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагчийн 3 дугаар сарын 6-ны өдөр шинжээч томилсон тогтоолыг 3 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч үзлээ” гээд тухайн өдөр үзэхэд тогтоогдсон гэмтлийг тодорхой бичсэн байна. Энд тухайн өдөр учирсан гэмтлээс өөр зөрүүтэй гэмтлийн талаар бичигдсэн зүйл огт байхгүй. Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 174 дүгээр шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1-д заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх” хуулийн шаардлагад нийцжээ.

            Г.Идэрбаяр нь 2016 оны 3 дугаар сарын 6-ны өдөр 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 14 дүгээр байрны гаднах автомашины зогсоолд автомашинаа байрлуулах зогсоол булаалцаж, иргэн В.Бат-Очиртой хэрүүл маргаан үүсгэж, улмаар давтан үйлдлээр В.Бат-Очир, Л.Буянхишиг нарыг зодож бие махбодид нь тус тус хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч В.Бат-Очирын: “...Би өөрийн 84-83 УНЗ улсын дугаартай, “Приус 10” машинтай зогсож байсан. Миний машины араас нэг “Ланд Круйзер-105” загварын машин ирээд шүргэсэн. Тэгэхээр нь бууж ирээд “машин шүргэчихлээ” гэхэд, “чи холдоод өгчих” гэж тэр жолооч хэлсэн. Тэгэхээр нь би “чи машин шүргэчихлээ” гэхэд “чи миний зогсоол дээр машинаа тавьдаг хэн юм бэ” гэсэн. Тэгэхээр нь машиныхаа ард гуперыг арчаад үзэхэд жаахан зураас гарсан байсан ба угаасаа янзлах гупер байсан болохоор тоолгүй машиндаа буцаад суусан. Тэгтэл тэр Ландны жолооч залуу машинаа байрлуулчихаад бууж ирээд миний машины хаалгыг нээн намайг татаж гаргаж ирээд зодож эхэлсэн. Тэр үед би өмнөөс нь сарвагнасан ба тэр залуу намайг доороо хийгээд л зодсон. Энэ үед манай эхнэр Д.Энхмаа, манай найз Л.Буянхишиг нар миний машин дотор сууж байсан ба зодоон болох үед бууж ирэн бид хоёрыг салгасан. Тэгээд би босоод машиндаа суугаад л цагдаа дуудсан...” /1-р хх-ийн 23-24/,

хохирогч Л.Буянхишигийн: “...машины араас түг гээд л сулхан мөргөсөн. Тэгэхээр нь В.Бат-Очир буугаад харахад “Ланд Круйзер” загварын, саарал өнгийн машин мөргөчихөөд хойшоогоо ухарч байсан гэсэн. Тэгэхээр нь В.Бат-Очир буцаад машиндаа суугаад бид 3 үргэлжлүүлээд хоорондоо яриад сууж байтал нөгөө “Ланд Круйзер” загварын машины жолооч машинаа байрлуулчихаад буцаж ирээд В.Бат-Очирын машины жолоочийн талын хаалгыг нь гаднаас нь нээгээд В.Бат-Очирыг татаж гаргаж ирээд заамдаж арагш нь савуулж унагаагаад дээр нь гараад зодоод байх шиг байсан. Тэгэхээр нь би машинаас буугаад харахад В.Бат-Очир дээшээгээ хараад унасан, нөгөө залуу дээр нь гараад суусан байдалтай гараараа цохиж байгаа харагдсан. Тэгэхээр нь би “хүүшээ болиоч ээ” гээд орилоод тэр залуугийн зүүн гарынх нь ханцуйнаас нь барьж аваад угзарсан. Тэгэхэд тэр залуу гараараа арагшаагаа тохойдсон. Тэр нь миний хэвлийн хэсэгт тусаад би аймхай дээрээ цохиулаад арагшаагаа унасан. Тэр үед нэг хэсэг дуу гарахгүй байсан ба би унах үедээ толгойгоо тэр залуугийн саарал өнгийн “Ланд круйзер” машины урд төмөр хамгаалалтыг ар дагзаараа савж мөргөн унасан. Тэгээд газар нэг хэсэг манараад хэвтэж байгаад босоод ирэхэд цагдаа ирж байсан...” /1-р хх-ийн 27-29, 109/,

гэрч Д.Энхмаагийн: “...гэнэт араас түс гээд машин мөргөх шиг болсон. Тэгээд В.Бат-Очир гарч үзсэнээ буцаж орж ирээд “зүгээр байна, угаасаа жаахан муу гупер байгаа юм” гээд орж ирсэн. Тэгэхээр нь би “зүгээр юм бол чи жаахан урагшаагаа болоод зогсчих” гэсэн. Тэгсэн манай нөхөр машинаа асаагаад жаахан урагшаагаа болоод зогссон. ...араас ирээд мөргөдөг машины жолооч машинаа байрлуулж дуусангуутаа бууж ирээд манай хүний талын хаалгыг нээгээд манай хүнийг машинаас нь татаж буулгангуутаа шууд газар унагааж байгаад нүдсэн. Тэгэхээр нь Л.Буянхишиг бид 2 буугаад би тэр хүний баруун гар талынх нь куртикных нь араас татаад “болилдоо наадах чинь хөл муутай хөгжлийн бэрхшээлтэй хүн” гэхэд, тэр залуу “тэр надад ямар хамаатай юм, чи холдож бай муу чавганц минь” гээд л зодоод байсан. Тэгэхээр нь би тэр залууг татсаар байгаад босгоод “болилдоо” гэхэд, тэр залуу “чамд ямар хамаатай юм, муу эмгэн минь, пизда минь” гээд хараагаад л байсан. Тэгэхээр нь би “чи өөрөө сигналдахад яадаг юм” гэхэд “хар теньтэй машинд хэзээ сигнал өгдөг байсан юм, би та нарыг бодвол боловсролтой хуулийн хүн” гээд л байсан. Бас “энэ чинь миний зогсоол” гээд байсан. Тэгээд би В.Бат-Очирыг машиндаа суулгаад өөрөө машиндаа суух гэж байтал тэр залуу ахиад л В.Бат-Очирыг татаж гаргаж ирээд зодоод эхэлсэн ба тэр үед нь цагдаа нар ирсэн. ...Тэр залууг зүүн гарнаас нь татах үед тэр залуу арагшаагаа Л.Буянхишигийн элэг рүү нь цохих шиг болсон. Тэгээд тэр эрчиндээ Л.Буянхишиг арагшаагаа савж байх шиг байсан. Тэгээд унахдаа тэр залуугийн машины урд хамгаалалтыг нь дагзаараа мөргөх шиг болсон. ...Г.Идэрбаяр гараараа нэг удаа л гараа татаж авах гэж байгаад тохойгоороо ёворч цохисон...” /1-р хх-ийн 30-31, 32/,

гэрч Д.Төмөрөөгийн: “...Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 14 дүгээр байрны баруун хойд буланд нь сааданд суугаад тамхи татаад байж байтал эхлээд нэг жижиг тэргийг том Ланд машин түг гээд л мөргөх шиг болсон. Тэгэхээр нь би энэ нэлээд юм болох байх гэж бодоод харж байтал тэр мөргүүлсэн машинаас нэг эрэгтэй хүн гарч ирээд машинаа тойрч харснаа буцаад машиндаа ороод суусан, тэгсэн мөргөсөн Ланд машинаас жолооч нь гарч ирээд хоорондоо зодолдох шиг болсон. Намайг л харж байхад жижиг тэрэгний жолоочийг барьж аваад цохиод унахад нь дээр нь гарч суугаад балбаад байсан. Тэгээд зодолдож байхад нь 2 хүүхэн жижиг тэрэгнээс нь гарч ирээд зодоонд оролцох үед нэг эмэгтэй нь буюу одоо тэр Буянаа гэж байсан байхаа эмэгтэй арагшаагаа саваад унаж байсан. Би харахдаа цохиулаад уначихлаа л гэж харсан, сайн анзаараагүй. Ер нь бол энэ хүнийг яаж цохиж байна гэж би тодотгож хараагүй болохоор яг яаж цохисон болохыг хараагүй. Гэхдээ л цохиулаад унах шиг болсон. Угаасаа тухайн үед гадаа их харанхуй байсан. Тухайн байрны ойролцоо гэрэлтүүлэг гээд байх юм ч байдаггүй юм. Тэгээд доор нь байсан залууг авгай нь босгож ирээд тэгээд хоорондоо хэрэлдээд зөөлөрч байх шиг байсан, тэгсэн замын цагдаа ирж байсан, тэгэхээр нь би ахиад юм болохгүй юм байна гээд яваад өгсөн юм...” /1-р хх-ийн 33-34/,

гэрч Ч.Ууганбаярын: “...машинаа хүлээнгээ цонхоор хараад тамхи татаад байж байтал манай ээжийн байрны эсрэг талын хаалганд амьдардаг Идэрээ гэх залуу машинаа байрлуулж байсан. Тэр үед нь би зогсоол гарахыг хүлээгээд хараад байж байтал Идэрээ машиныхаа гадна гарч ирээд машиных нь урд талд хөндлөн тавьсан байсан “Приус” машины хажууд очоод жолоочтой нь маргалдаж байгаа харагдсан, тэгээд нээх сүртэй юм бололгүй хоорондоо тэр 2 зууралдсан ба тэр үед нь хажууд нь байсан 2 хүүхэн салгах гээд ноцолдоод байсан, тэгээд байж байтал миний машин ирлээ гэж утсаар манай жолооч хэлсэн. Тэгэхээр нь машинаа авах гээд гартал гадаа Идэрээтэй таарсан ба тэгээд Идэрээтэй уулзаад яасан талаар нь асуухад Идэрээ “Зогсоолоос болоод маргалдаад, жаахан урагшаа болоод өгчих гэсэн чинь болдоггүй” гэсэн утгатай юм яриад байсан. Тэгээд тэр залууд цохиулчихлаа гэж байсан ба хамраас нь цус гарч байсан...” /1-р хх-ийн 35-36/,

гэрч Цэнд-Аюушийн: “...Тэгэхээр нь би жоохон байж байгаад цонхоор хартал манай хүн ирчихсэн, машинаа байрлуулах гээд маневр хийгээд хойшоогоо урагшаа хөдлөөд байж байсан. Тэгээд манай хүний машины яг урд талд нь нэг бор өнгийн “Приус” загварын машин байсан ба манай хүн машинаа байрлуулчихаад буугаад тэр машины жолоочийн талын цонхон дээр очоод тэгээд юм яриад байх шиг байсан. Тэгсэн тэр машины жолоочийн талын урд хаалганаас нэг эрэгтэй хүн гарч ирээд шууд л манай хүнийг цохиод авсан. Тэгээд машин дотроос 2 эмэгтэй хүн гарч ирээд тэр 2 эмэгтэй манай хүний араас нь зууралдаад тэрүүгээр бөөн юм болсон. Тухайн үед манай нөхөр нөгөө өөрийг нь цохисон залуутай барьцалдаж аваад зогсож байсан. Харин араас нь тэр 2 эмэгтэй цүнх болон гараараа цохиод л татаж чангаагаад л орилолдоод байсан.” /1-р хх-ийн 37/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 3331 дүгээр дүгнэлтэд:  “В.Бат-Очирын биед доод уруулд няцарсан шарх, эрүүнд зулгарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтад тогтонги нөлөөлөхгүй.” /1-р хх-ийн 54/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 3343 дугаар дүгнэлтэд: “...Л.Буянхишигийн биед тархи доргилт, зүүн өвдөг болон аюулхайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” /1-р хх-ийн 55/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 827 дугаар дүгнэлтэд: “...Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 3314 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. Хоёр талын хөхлөг сэртэнгийн үрэвсэл, тархины цагаан эд бага зэрэг өөрчлөлт нь гэмтэл биш, хамрын таславчийн муруйлт нь гэмтэл. Энэ нь тухайн үед үүсгэгдээгүй хуучин гэмтэл болно.” /1-р хх-ийн 113/ гэх дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үнэлж, хэргийн үйл баримтыг зөв тогтоосон,  мөрдөн байцаалтын шатанд болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй, шүүхээс Г.Идэрбаярт оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь түүний хувийн байдал, үйлдсэн хэргийн нийгмийн хор аюул, хэр хэмжээнд тохирсон, хохирлыг зөв тооцсон байна.

Ялтан Г.Идэрбаярын өмгөөлөгч Б.Зулбаяр, Л.Бурмаа нар нь давж заалдах гомдолдоо хохирогч Л.Буянхишигт учирсан гэмтлийн зэрэгт бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах, хохирогч болон гэрч нарын мэдүүлгийн зөрүүг арилгуулахыг хүссэн боловч хэрэгт авагдсан нотлох баримтууд нь эргэлзээ бүхий байдлыг бий болгоогүй, мөрдөн байцаалтын ажиллагаагаар уг хэргийг шүүх хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байж болох нөхцөл байдлуудыг хангалттай шалгасан байх тул давж заалдах гомдлуудыг хүлээж авах боломжгүй байна.

 Г.Идэрбаяр нь гудамж талбайд В.Бат-Очир, Л.Буянхишиг нартай маргалдан, улмаар зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан боловч уг маргаан нь “зогсоолд машин буруу байрлуулсан” асуудлаас болсон хувийн таарамжгүй харьцаанаас үүдэлтэй тул анхан шатны шүүх хувийн сэдэлттэй гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Иймээс хохирогч Л.Буянхишиг, В.Бат-Очир нарын өмгөөлөгч С.Сүхболдын гаргасан “хэргийг Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх” тухай гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 174 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Г.Идэрбаярын өмгөөлөгч Б.Зулбаяр, Л.Бурмаа, хохирогч В.Бат-Очир, Л.Буянхишиг нарын өмгөөлөгч С.Сүхболд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                                               

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ЗОРИГ                                                       

                        ШҮҮГЧИД                                                       Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                        

                                                                                                О.ЧУЛУУНЦЭЦЭГ