Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 37

 

Д.*******ид холбогдох

хэргийн талаар

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч Ж.Баттогтох даргалж, шүүгч Б.Намхайдорж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.төр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Баасандэмбэрэл 

Прокурор Б.*******
Шүүгдэгч Д.*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч В.*******,
Э.*******
Н.*******а /ШЕЗ-өөс онлайнаар/
Хохирогч Ө. 
Хохирогчийн өмгөөлөгч О.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.******* түүний өмгөөлөгч Н.*******а нарын давж заалдсан гомдлоор Д.*******ид холбогдох 201513000160 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Алдархаан сумд 1985 оны 08 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, малчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Завхан аймгийн Алдархаан сумын Мандаат багт  оршин суух хаягтай одоогоор тус аймгийн Улиастай сумын Жаргалант багт түр оршин сууж байгаа, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Завхан аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор  1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 90.1, 239 дүгээр зүйлийн 239.3 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар, мөн шүүхээр 2009 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 59 дугаартай тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 04 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, овгийн *******гийн *******. Регистрийн дугаар /*******/
Шүүгдэгч Д.******* нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт заасан буюу танхайн сэдэлтээр бусдыг санаатай алах гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх: Шүүгдэгч овгийн *******гийн *******ийг танхайн сэдэлтээр бусдыг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ийг 18 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ид оногдуулсан 18 жилийн хугацаатай хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ийн тогтооол гарахын өмнө цагдан хоригдсон 229 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох, шүүгдэгч Д.*******ид өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг шийтгэх тогтоол уншиж сонсгосон өдрөөс эхлэн тоолох, Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор шаргал өнгийн хулдаасны хэсэг, хар хүрэн өнгийн иштэй балиус хутга, эвхдэг бор өнгийн тонгорог хутга, “Болор” нэртэй архины хоосон шил, хайрцагны хамт, цэнхэр өнгийн бөглөөтэй 4 литрийн хуванцар савыг, хөх, улаан шар өнгийн уяа тус бүр 1 ширхэгийг устгаж, хар өнгийн торон бүрээстэй саравчтай малгай, хар саарал өнгийн дээл, хүрэн өнгийн хэтэвч, 5000 төгрөгийн цаасан дэвсгэрт 1 ширхэг, 1000 төгрөгийн цаасан дэвсгэрт 2 ширхэг, 500 төгрөгийн цаасан дэвсгэрт 2 ширхэг, 100 төгрөгийн цаасан дэвсгэрт 1 ширхэг, 50 төгрөгийн цаасан дэвсгэрт 6 ширхэг, цагаан өнгийн металл гинж, “Алтан навч” нэртэй тамхи 1 хайрцаг, шүдэнз 1 ширхэг, цагаан, шаргал өнгийн тэмээний ноосон майк, хар өнгийн хөвүүртэй 3 цагаан канттай цамц, урд хэсэгтээ цагаан өнгийн бичиглэлтэй цэнхэр өнгийн цамц, хүрэн өнгийн дотортой түрийтэй гутал 1 хос, хар өнгийн 3 цагаан канттай өмд, цэнхэр хөх өнгийн оруулгатай дотуур өмд, шар өнгийн дурдан бүс, шар өнгийн тэмээний ноосон оймс 1 хосыг, шүүгдэгч Д.*******ид хөх өнгийн майк, цагаан хөх өнгийн канттай хар хөх өнгийн хуучин өмд, хүрэн өнгийн түрийтэй гутал 1 хос, хар өнгийн дотуур өмд, шаргал өнгийн оруулгатай саарал өнгийн дотуур өмд, цэнхэр өнгийн дээл, 100 төгрөгийн цаасан дэвсгэрт 7 ширхэг, 50 төгрөгийн цаасан дэвсгэрт 8 ширхэгийг хохирогч Ө.д тус тус буцаан олгох, шүүгдэгч Д.*******ийн хувьд ноогдох хөрөнгөнөөс хурдан удмын адуу  2, азарга 1, гүү 1, сарвай 1, ямаа 15-ыг тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.    
Шүүгдэгч Д.******* давж заалдсан гомдолдоо: Завхан аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 36 тоот шийтгэх тогтоолыг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч танилцаад эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Талийгаач Ө.*******ын үйлдлийн улмаас тухайн гэмт хэрэг гарсан байхад намайг санаачлан ямар ч шалтгаангүйгээр танхайрсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн давж заалдах шатны шүүх хуралд өөрийн биеэр тодорхой тайлбар өгнө  гэжээ. 

Шүүгдэгч Д.*******ийн өмгөөлөгч Н.*******а давж заалдсан гомдолдоо: Өмгөөлөгч Н.*******а би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон *******гийн *******ид хууль зүйн туслалцаа үзүүлж өмгөөлөгчөөр оролцож байна. 
Д.*******ид холбогдох хэргийг Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцээд түүнийг танхайн сэдэлтээр бусдыг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар 18 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шйидвэрлэсэн юм. 
Миний бие дээрх шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.
Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “шүүгдэгч *******гийн ******* нь 2015 оны 11 дүгээр сарын 08-ны шөнийн 05 цагийн үед Завхан аймгийн Алдархаан сумын Мандаат багийн нутаг Баянбулагийн “Намаржааны цагаан” гэх газарт тус сумын иргэн Д.ын гэрт ямар ч шалтгаангүйгээр цуг архи явсан талийгаач Ө.*******ыг “ чамайг ална, гараад ир хоёулаа алалцъя” гэж дуудан түүнийг гэрээс гаргах үед цээжин тус газарт хутгалсан нь гэрч Д., Д., Ч., Б., Ч. нарын мэдүүлэг , хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэлээр нотлогдсон байна” гэж дүгнэжээ. 
Гэвч тухайн хэрэг гарах болсон шалтгаан, нөхцөл, хэрэг яаж үйлдэгдсэн болон бусад байдал, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэрийг шүүх нарийн тогтоосонгүй гэж үзэж байна. Онц хүнд гэмт хэргийн нөхцөл байдлыг ялангуяа Д.******* болон талийгаач Ө.******* нарын хооронд болсон асуудлыг нарийн тогтоох, хооорондын харилцаа ямар байсан, хэн ямар байдалтай байсан, тухайн мөчүүдэд хэн юу гэж хэлсэн зэргийг нарийн тогтоох нь хэргийн шийдвэрлэлтэд чухал нөлөөтэй зүйл юм. Дээрх үйлдэл хийгдэх, хүний амь нас хохирох үйл явцын шалтгаан нөхцөл болон сэдэлтийн талаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүрэн дүүрэн үнэлсэнгүй гэж үзэхээр байна. Учир нь: Д.******* болон талийгаач Ө.******* нарын хооронд таарамжгүй харилцаа үүссэн байсан ба тэр тусмаа талийгаач Ө.******* нь хэрэг гардаг өдөр өөрийн гэртээ Д.*******ийн хүзүүнд хутга тулгах, мөргөж унагаах, оо гэх айлд түүн рүү хутга барьж дайрах, эцэст нь Д. гэх айлд орсныхоо дараа түүн рүү мөн түрүүлж хутга гарган дайрч, буу аваад өг буудчихъя гэх зэргээр ална гэж дайран түүний цээжин тус газар бор иштэй тонгорог хутгаараа хатгасан байдаг.
Эдгээр байдал нь 2-р хавтаст хэрэгт авагдсан гэрч Ц.ын “ ... талийгаач Ө.******* нь оогийн гэрт хутга гаргаж ирээд ******* руу дайраад байсан ...” , гэрч Ч.ын “... оогийнд барьцалдаж авсан. Тэгэхэд ******* хутгатай л байсан ...” гэх мэдүүлгүүд, мөн гэрч Ч.ын “ ... ынд очоод гэрт нь ороод би гэрийн зүүн талд зуухны аман тушаа суусан. ээ буюу талийгаач миний доор, баруун талд буюу зуухны ард суусан. баруун талд ын дээд талд суусан ... орж суугаад *******, ээ хоёр бие биенээ ална тална гэж хэрэлдээд ээ хутга гаргаж ирээд ******* руу дайраад ******* хаалгаар гарчихаад гараад ир алалцна гээд байсан тэгэхэд талийгаач нэг гартаа хутга, нөгөө гартаа сандал барьчихаад чамайг ална гээд байсан ... *******ийн хутгыг би ерөөсөө хараагүй. ын гэрээс гарчихаад гараад ир гээд байхдаа хүртэл хутга барьсан байсныг би хараагүй. Харин ээ эвхдэг бор иштэй хутгатай байсан ... “ гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 70-71-р хуудас/, гэрч Д.ын “... гэрт орж ирээд талийгаач ээ, ******* хоёр юу юугүй хэрэлдээд байсан юм. Анх гаднаас орж ирэхдээ хэрэлдээд орж ирсэн юм шиг байна лээ ... талийгаач ээ бор тонгорог баруун гартаа барьчихсан гарах гэснээ ухраад, буцаад сандал барьж аваад урдаа бариад гарах гээд байсан ... “ гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 37-39-р хуудас/ , гэрч С.ийн “... ээ намайг хутгалаад дүү нь өрсчихлөө гэж ярьж байсан ...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 57-р хуудас/, гэрч Ц.ын “... Бид 4 ахынд орсон. Би гэрт ороод баруун талд суусан. Зүүн талд ээ ах, баяр ах нар суугаад, Д.******* зогсож байсан. Тэгтэл ээ ах хутга гаргаж ирээд чамайг ална шүү гээд Д.******* руу дайрсан ... *******ыг хутгаа халаасандаа хийхийг хараагүй. Хутга лав барьчихсан байхыг сайн мэдэж байна ... настай хүмүүс унтаж байна маргалдахаа больё гэж хэлэхийг дуулаагүй ...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 67-68-р хуудас/ болон Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 56/7, 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 1179 дугаар шинжээчийн дүгнэлтүүд  /1-р хавтаст хэргийн 96-р хуудас/, Д.*******ийн биед хийсэн үзлэгийн “... цээжинд 0.2x0.3 см шинэ зулгаралттай... дээлний зүүн урд энгэрт 4 см урттай 0.3 мм хөндлөн зүсэгдсэн уранхайтай ...” гэсэн тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 9-10-р хуудас/ зэргээр тус тус нотлогддог.
Мөн хэрэг гарсан байдлын талаар Д.*******ийн яллагдагчаар өгсөн “... ээ ах эхлээд гэрт орсноо үгийн зөрүүгүй нэг гартаа хутга, нөгөө гартаа сандал бариад над руу дайрахаар нь би хойшоо ухраад босгонд тээглээд бараг унан алдаад гэрээс гарсан. Над руу дайрч байхдаа буу аваад өг гэж орилж байсан ...” /1-р хавтаст хэргийн 156-157-р хуудас/ мэдүүлэг, гэрч Ч.ийн шүүх хуралдааны явцад мэдүүлсэн “... талийгаач буу аваад өг гэж орилж байсан” гэх мэдүүлэгтэй тохирч байгаа нь Д.*******ийн мэдүүлгийг давхар нотолж өгсөн байна. 
Шийтгэх тогтоолд Д.ын гэрт Ө.******* шүүгдэгч рүү хутга гаргаж түүний бие махбодид гэмтэл учруулахаар ямар нэгэн үйлдэл хийгээгүй болох нь тухайн үед гэрт байсан гэрчүүдийн “*******ийн алалцъя гэхэд талийгаач чи хутгаа хаячих, би хаялаа гээд тонгорогоо эвхээд баруун халаасандаа хийсэн ...” гэсэн мэдүүлгүүд, мэдүүлгийг баталсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээр нотлогдож байх тул “хохирогчийн зүгээс шүүгдэгчийн эсрэг довтолгоон хийсэн гэж үзэх боломжгүй байна” гэж дүгнэсэнтэй санал нийлэхгүй байна. 
Учир нь: “******* алалцъя гэхэд талийгаач чи хутгаа хаячих би хаялаа гээд тонгоргоо эвхээд баруун халаасандаа хийсэн ...” талаар гэрч Д. мэдүүлдэг ч түүнээс илүү талийгаачийн хэлсэн үгийг сонсох магадлал өндөр, талийгаачид хамгийн ойр байсан гэрч Ч.ын мэдүүлгээр  /2-р хавтаст хэргийн гэрчийн мэдүүлэг/ үгүйсгэгддэг. Ийм эргэлзээ бүхий нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн нотлох баримтыг шүүгдэгчийн гэм бурууг нотолсон нотлох баримт гэж үнэлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Дээрх үйлдлийн улмаас талийгаач Ө.*******ын амь нас хохирсон шалтгаан, тухайн үеийн нөхцөл байдал болон бусад байдал, гэмт хэргийн сэдэлт зэргийг хөтөлбөргүй, эргэлзээгүй нотлох баримтанд тулгуурлан нарийн үнэлж үзвэл Д.******* нь Үндсэн хуулинд заасан .... өөрийн амьд явах эрхээ хамгаалахаар сэдэлтээр, өөр рүү нь хүч хэрэглэн халдсан, бодитой, эхэлсэн, үргэлжилж байгаа, төгсөөгүй халдлага буюу амин тус /цээжний зүүн энгэр орчимд/ газарт хутгаар хатгуулсны улмаас хамгаалах үйлдлийг зөвхөн талийгаачийн эсрэг хийсэн учир түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан аргагүй хамгаалалтын байдалд халдагч этгээдэд гэм хор учруулсан шинжтэй байх тул Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.             
Шүүгдэгч Д.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Завхан аймгийн Алдархаан суманд 1985 оны 8 дугаар сарын 31-нд төрсөн, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор намайг Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 18 жилийн хорих ял оногдуулсан байгааг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. 
Анхан шатны шүүх миний буруугаас үүдэж энэ хэрэг гарсан гэж үзээд Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн. Энэ хэрэг хохирогчийн үйлдэлтэй хамааралтайгаар анх үүссэн. 
Хэрэг гарсан орой бид нар Д. гуайнд очиж архи уусан. Тэгээд байж байтал талийгаач Ө.******* намайг гараад ир уулзъя гээд дагуулж гарсан. Гэрээс гараад чи намайг “бөөс лалар” байсан гэж хэлсэн байна гээд гэрт ороод сууж байхад намайг нэг мөргөж, хутга, заазуур барьж намайг ална гэж дайрсан. Тэгээд д буюу Б.т хутга тулгаж нүүр рүү нь өшиглөсөн. Дараа нь ынд очиж 1 шил архи уугаад намайг ална гэж хутга барьж дайрахад нь тэр хүмүүс салгасан. ынхоос гараад Д.ых руу явж талийгаач Ө.ээ миний өмнө би араас нь дагаж орсон. Тэр үед Ө.ээ хутгаа тэнийлгэсэн байсан юм байна лээ, эргэж хараад шууд миний цээж рүү хатгасан, би гэдийтэл миний хоолойг хутганы үзүүрээр зүссэн байсан. Тэгээд би хойшоо ухарч 2 гишгээд хаалганд тулж гэнэт түрийнд байсан хутгаа санаад хутга байна шүү гэж л хэлсэн. Талийгаач ээ нэг гартаа сандал нөгөө гартаа хутга барьж надруу дайрсан. Тэгж дайрч байх үед дуу алдаж орилсон.  Би хутгаар хоёр удаа чичлээд хаалгаар гарснаас хойш 2-3 минутын дараа шаачихлаа шүү дээ гэж хэлж байхыг сонссон. Тэгээд би орж ирээд харахад цээжнээс нь цус гарч цэнхэр футболк нь нэвтэрч харагдсан. Тэр үед талийгаачийг Ч. гэх залуу тэвэрчихсэн байсан. Талийгаач хэвтэж байхад бор тонгорог нь байхгүй, сандал гартаа атгасан хэвээр байсан. Гэтэл гэрчүүд хутгаа халаасандаа хийсэн, сандалыг гэрт тавьчихаад гарсан гэж мэдүүлсэн нь худлаа юм. Талийгаач нь ногоон өнгийн дээлтэй, дээлээ шуусан байснаа намайг ороход дээлгүй хэвтэж байсан. Тэгээд би буюу Б.тай хамт ынд очиж утсаар ярьж асуухад талийгаачийг гайгүй байна гэж байсан. Дараа нь гуайнд очоод утсаар ярихад Ө.*******ыг нас барчихлаа, цагдаа дуудсан гэж хэлсэн гэв. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх хэргийн бодит байдалд үнэн зөв дүгнэлт хийгээгүй байна. Тухайн хэрэг гарсан үйл явцад шүүгдэгч болон талийгаач нарын үйлдлийг бүрэн дүүрэн авч үзээгүй, зарим хэсгийг нь таслан авч шүүгдэгчийг танхайрсан гэж үзсэн. Тухайн үед талийгаач гартаа хутгатай мөн сандал барьсан байсан гэдгийг гэрчүүд мэдүүлсэн байдаг. Гэтэл Д.*******ийг хутга барьсан байсан гэдэгт нь холбогдуулж танхайрсан гэж үзэн прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүгч шийтгэх тогтоолдоо үндэслэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь хохирогчийн хууль бус үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгүүдээр нотлогдож байгаа бөгөөд тухайн үед Д.*******ийн амь насанд аюултай нөхцөл байдал үүссэн байжээ гэдэг нь харагддаг. Гэтэл талийгаачийг хутга бариагүй байсан гэсэн зарим гэрчийн мэдүүлгийг үндэслэн Д.*******ид ял халдаасан нь үндэслэлгүй байгаа юм. Д., Ч. нар нь талийгаач гартаа хутгатай байсан болохыг  мэдүүлсэн нь анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгасан байдаг. Амь насанд аюултай нөхцөл байдал үүссэн гэдэг нь хүний сэтгэхүйд субьектив байдлаар төрж тухайн нөхцөл байдал арилсан эсэхээс үл шалтгаалж, биеэ хамгаалсан нь танхайн гэмт хэргийн шинжид хамаарах боломжгүй юм. Танхайрсан гэх үйлдлийг шүүх авч үзэхдээ Д. гэдэг хүний мэдүүлгийг үнэлж дүгнэсэн. Гэтэл Д.ийн өгсөн энэ мэдүүлгийг бусад гэрчийн мэдүүлэг нь үгүйсгэдэг. Иймээс энэ нөхцөл байдлуудыг анхаарч үзэхийг хүсч байна. Тэр орой талийгаач дээлтэй байсан боловч хутгалагдах үед дээлгүй байсан байдаг. Мөн талийгаачийн баруун халаасанд байсан хутганаас талийгаачийн өөрийнх нь цус илэрсэн байдаг. Энэ хутга нь хэдийд ямар байдлаар цус болсон хэзээ талийгаачийн халаасанд орсон гэдэг нь эргэлзээтэй байдаг. Энэ хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн байгааг харгалзан үзэж шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд холбогдуулан гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Н.*******агийн гомдлыг дэмжиж  байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Ингэхдээ Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар танхайн сэдэлтээр, танхайрах явцдаа бусдын амь насыг санаатайгаар хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 18 жилийн хорих ялаар шийтгэсэн байна. Гэтэл Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-т заасан буюу танхайрах үйлдлийг авч үзэхдээ Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлд заасан түүнтэй холбогдуулан гаргасан Улсын дээд шүүхийн тайлбар зэргийг анхаарах ёстой байсан байна. 
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар энэ хэрэг нь танхайн сэдэлтээр үйлдэгдсэн эсэхэд шүүх бодитой дүгнэлт хийх ёстой байсан. Талийгаачтай шүүгдэгч хэзээ таарсан Д.ынд очих хүртэл эдгээр хүмүүсийн харилцаа ямар байсан, хэн нь ямар зан авир гаргаж байсан талаар үнэлэлт дүгнэлт өгөөгүй.
Энэ талын нотолгоо хавтаст хэрэгт авагдсан байдаг. Тухайлбал: , гэх зэрэг гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, эд мөрийн баримтаар хураан авсан заазуур, хутга зэрэг нотлох баримтуудаар талийгаачийн зүгээс Д.ынд очихоос өмнө Д.******* болон бусад хүмүүсийн эсрэг ямар зан авир гаргаж байсныг харуулж байгаа юм. Энэ байдалд шүүх үнэлэлт, дүгнэлт өгөхдөө нотлох баримтанд үндэслэхгүйгээр Д.ынд орж ирэхдээ эвлэрчихээд орж ирсэн байсан түүний дараа Д.******* танхайрах сэдэлт гаргасан гэсэн дүгнэлт хийсэн нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй. Харин эсрэг байгаа нотлох баримтыг буруу үнэлж, үйл баримтанд хийсвэр дүгнэлт хийсэн. Талийгаач, Ө.******* иргэн Д.******* 2-ыг эвлэрч орж ирсэн талаар нь гэрчийн мэдүүлэг байдаггүй. Харин зарим гэрчүүд орж ирэхдээ л маргалдаж орж ирсэн гэж мэдүүлсэн байдаг. Энэ үүднээсээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна гэж үзэж байгаа юм. Мөн шүүгдэгч Д.*******ийн биед учирсан гэмтэл хүзүүнийх нь фото зургаар хавтаст хэргийн 9-10 дугаар хуудсанд Д.*******ийн биед үзлэг хийсэн тэмдэглэл болон үзлэгийн фото зургаар бэхжүүлсэн баримтанд хүзүүнийх нь баруун хажуу хэсэгт ир үзүүртэй зүйлээр зурсан зулгаралт харагдаж байдаг. Энэ нь шинжээчийн дүгнэлтээр баталгаажсан байдаг. Тухайлбал: Д.*******ийн өмсөж явсан дээлнийх нь энгэр зүрхний харалдаа байрлалд талийгаачийн цогцосноос хурааж авсан тонгорог хутгаар үүсгэгдсэн болох нь шинжээч эмчийн дүгнэлтээр тогтоогдсон байдаг. Эхний шинжээчийн 5617 дугаартай дүгнэлтээр ир үзүүртэй зүйлийн хатгагдах үйлчлэлээр үүссэн гэсэн дүгнэлт гарсан. Дараагийн 1179 дугаартай шинжээчийн дүгнэлтээр үгүйсгэгдсэн байдалтай гарсан байна. Энэ дүгнэлтээр шинжилгээнд ирүүлсэн Д.*******ийн дээл болон эд мөрийн баримтаар хураагдсан талийгаачийн хутгатай харьцуулж шинжээч нар дүгнэлтээ гаргасан. Дээлний зүсэгдсэн уранхайн хэсэг нь эвхэгддэг хутганы ажлын хэсгийн дээд мөрний хөрөө мэт барзгар шүдээр үүсгэгдсэн байна гэж дүгнэсэн. Мөн хар хөх өнгийн утаслаг ширхэг нь дээлний дотор талын даавууны дээжтэй харьцуулахад ижил төсөөтэй байгаа нь тогтоогдсон. 

Д.*******ийн цээж болон хүзүүнд учирсан гэмтэл нь иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэдгийг тогтоосон.  Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д. өгсөн мэдүүлэгтээ хохирогчийг хаалгаар тонгойж гарах гэж байхад нь хутгалсан гэж мэдүүлж байснаа шүүхийн хэлэлцүүлэг дээр энэ хоёр 2-лаа хутгаа бариад байж байсан юм байна лээ. Зарим гэрчийн мэдүүлгээр Д.******* талийгаачийг хутгалсныхаа дараа орж ирээд өөрийнхөө цээж рүү хэд хэд хатгаад байсан гэж мэдүүлдэг боловч хамгийн гол гэрч болох Д. мэдүүлэхдээ би Д.*******ийг цээж рүүгээ чичилж байхыг хараагүй гэж мэдүүлсэн байдаг. 
Үүнийг шүүх огт үнэлээгүй байдаг. Эдгээр нотлох баримтуудыг хэрхэн үгүйсгэсэн талаар үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Шийтгэх тогтоолд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй гэж дүгнэсэн нь үндэслэл муутай юм. Хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас хэрэг гарсан нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байгаа юм. Шүүгдэгчийн биед үүссэн шархыг хэн үүсгэсэн эсэх талаар тодруулаагүй. 
Мөн хохирогчийг хутгаа өмднийхөө халаасанд хийсний дараа хутгалсан байна гэсэн дүгнэлт хийсэн. Талийгаач Ө.*******ыг халаасандаа хутга хийсний дараа хутга нь цустай байгаа нь фото зурган дээр харагдаж байгаа юм. Хэрэв тэр хутга халаасанд байсан юм бол яагаад цус болсон байгааг анхаарах ёстой. 
Хэрэв талийгаач өөрийгөө болоод өөр хүнийг гэмтээгээгүй байхад хутга цустай болох учиргүй юм. Иймээс тэгж мэдүүлсэн гэрчийн мэдүүлэг эргэлзээтэй болж байгаа юм. Мөн цусны бохирдсон байдлыг үзэхэд цус болсны дараа халаасанд орсон шинж харагддаггүй. Энэ нь гэрчийн мэдүүлгүүд худал байгааг харуулж байна. Зарим гэрчийн мэдүүлгийг үзэхэд хохирогч хутгалагдах үедээ нэг гартаа сандал бариад хутгатай байсан талаар гэрч Д. мэдүүлсэн байдаг.   Тухайлбал: Гэрчийн мэдүүлэгт талийгаач сандал бариад гарах гэж байснаа сандлаа орхиод эргэж харахад гартаа хутгатай байсан гэж хэлсэн байдаг. Гэрч Д. хохирогчийн гарт хутга байсан гэдгийг хэлсэн байдаг. Тэгээд хутганд хохирогчийн цус үлдсэн гэсэн нотолгоо байгаа юм. Гэтэл талийгаачийг хутгагүй байхад нь хутгалсан гэсэн дүгнэлт хийсэн нь буруу гэж үзэж байна. 
Хэрэв давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзээд дутуу зүйлийг шалгуулахаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаавал шалгах шаардлагатай 3 зүйл байна. Үүнд:

1.    Талийгаач Ө.*******ын дээлний асуудлыг тодруулах шаардлагатай. Иргэн Д.******* талийгаач 2 гаднаас Д.ын гэрт маргаж орж ирээд талийгаач Ө.******* нь шууд шүүгдэгч Д.******* руу дайрсан гэдэг нь гэрч Д.ын мэдүүлгээр нотлогдож байгаа юм. Гэтэл талийгаач Ө.******* дээлгүй хутгалагдсан байна. Тэгэхээр талийгаачийн дээл хэзээ тайлагдсан юм бэ? гэдгийг мөрдөн байцаалтаар шалгаж тогтоох хэрэгтэй. Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлд гэмтэл учруулахыг заавал шаардахгүйгээр зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж танхайрсан бол ял шийтгэл оногдуулахаар байгаа. Хэдийгээр хувцсыг нь цоолж биед нь гэмтэл учруулаагүй боловч зэвсэг барьж дайрах үйлдэл ч танхайн гэмт хэрэгт хамаарах юм. 

2.    Хутганы цусны асуудал байдаг. Хавтаст хэрэгт авагдсан фото зурагт хутга цустай харагдаж байгаа нь хутгаа халаасандаа хийсний дараа хутгалагдсан гэж мэдүүлсэн гэрчийн мэдүүлэг худлаа болохыг харуулж байгаа юм. Цусаар бохирлогдсон зүйлийг халаасанд хийхэд арчигдах ёстой гэтэл огт арчигдсан шинжгүй харагдаж байгаа юм. 

3.    Хэргийн газрын анхны үзлэгээр хэрэг учрал болсон гэрт ... зүүн баганы хажууд хүн завсраар нь багтахааргүйгээр ширээ шахаж тавьсан байсан. Хүмүүс орж ирэхэд л тийм байсан байдаг. Ширээний баруун хойд хөлний ёроолд цус туссан байдаг. Энэ нь хаана хутгалагдсан болохыг харуулж байгаа юм. Ширээний хөлөнд цус туссан байгаа. Энэ цусан толбоор талийгаач хэзээ гэмтэл авсан бэ гэдгийг шууд  тогтоох боломжтой. Гэтэл гэрч Д. хохирогчийг бараг гарч явах үед нь хутгалсан гэсэн мэдүүлэг өгсөн. Хутгалуулсны дараа хохирогчийг тэвэрч орны урд авчирсан гэж мэдүүлсэн байдаг. Иймээс хэрэв үүдэнд хутгалуулсан бол ширээний хөлөнд цус тунах боломжгүй гэдэг нь харагдаж байгаа юм. Иймээс яагаад ширээний хөлөнд яагаад цус тунасан байсан юм, хохирогчийг хутгалсан хүн нь Д.******* мөн эсэхэд ч эргэлзээ төрөхүйц байгаа юм. Д.*******ийг гарснаас хойш тодорхой хугацааны дараа намайг шаачихлаа шүү дээ гэж хэлэхийг Д.******* сонссон байдаг. 
Гэрч Ч.ийн мэдүүлгээр хохирогч үүдэнд хутгалагдаад сөхөрч унасан гэсэн байдаг. Шинжээчийн дүгнэлтээр гүрээний судасны доод хэсэг гэмтэхэд цус тэр дороо ихээр гарна. Хэрэв хохирогчийг ширээний хажууд аваачихаар бол ширээг заавал холдуулах шаардлагатай харагдаж байгаа. Цусан толбыг нарийвчлан тогтоох шаардлагатай байгаа юм. Ширээнд суусан байрлалаар нь үзэхэд багананы хажууд ширээний урд өнцөгт Ч. сууж байсан, хохирогчийг үүдэнд хутгалсан бол зайтай газар руу нь аваачиж тусламж үзүүлэх нь зүйн хэрэг, заавал ширээ тойруулж нөгөө талд авчрах шаардлагагүй. 
Иймээс энэ гэмтлийг хаана авсан талаар цусны шинж чанар, тунасан байдал зэргээс хохирогч хаана хутгалагдсан болохыг тогтоох шаардлагатай юм. Хутгалсан гэх хутгыг хохирогчийн цогцсонд үүссэн цээжний шарх, уушгинд үүссэн шархыг харьцуулж үзэхэд *******оос хурааж авсан хутгаар үүсгэгдсэн байж болох нь эргэлзээтэй байгаа юм. Уг хутга нь 13 см урт ажлын хэсэгтэй, үзүүр хэсэг нь нарийн хутга байдаг. Цээжин дээр үүссэн хутганы шархны гадна талын хэмжээг үзэхэд 4x3 см шарх үүссэн байдаг. Энэ шарх нь хутганы хамгийн өргөн хэсгээр үүсгэгдэхээр үгүйсгэгдэхгүй боловч энэ хутганы  өргөнийг хэмжээгүй байгаа юм. Хутганы өргөнийг хэмжиж байж шархны орж гарсан хэмжээг тогтоох ёстой. 
Уушиг руу орсон шарх нь нилээд өргөн байдаг. Хэрэв энэ хутгаар үүссэн бол нарийн байна,  13 см хутганаас 9 см-ийг хасаад үзэхэд 4 см түвшин нарийн байхаар харагдаж байгаа нь уушигны шархтай харьцуулж үзэхэд том харагдаж байна. 
Гэрч Ч. гэх хүнээс хутга заазуур 2-ыг хурааж авсан байдаг. Энэ нь ын хоолойд хутга тулгасан байдаг. Тэр хутганы хэлбэр хэмжээ нь надад төсөөтэй юм шиг харагдсан. Ийм эргэлзээтэй зүйлс байна. Энэ бүгдийг анхан шатны шүүх нарийвчлан үнэлэлт дүгнэлт өгөөгүй, Д.*******ийг нэг голд 2 атаман байдаггүй гэж хашгирч байснаар нь танхайн сэдэлтэй гэж үзэн мөн гэрчүүдийн мэдүүлгээр хохирогч хутгаа халаасандаа хийсэн байсан гэдэг мэдүүлгээр нь дүгнээд, шүүгдэгчид учирсан шархыг харгалзаагүй шууд танхайн сэдэлтээр хүний амь хохироосон гэж үзсэн нь үндэслэлгүй байгаа юм. 
Хэрэв анхан шатны шүүхэд буцаахгүй тохиолдолд зүйлчлэлийг өөрчилж, ял шийтгэлийг доод хэмжээгээр оногдуулах боломжтой байна. Шүүгдэгч нь хохирлыг төлж барагдуулсан юм.  Мөн урьд үйлдсэн гэмт хэргийн ялтай байдал нь арилсан нөхцөлд анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэдгийг анхаарч үзэх нь зүйтэй гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.*******а давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Мөн шүүхэд гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь үнэлсний үндсэн дээр гаргасан шийдвэрийг үндэслэлтэй гэж үзнэ гэсэн байдаг. 
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд нотолбол зохих зүйлийг заасан байдаг. Энэ хэргийн хувьд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг бүрэн тогтоож чадаагүй байна. Мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.6-д заасан гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг анхан шатны шүүх тодруулаагүй орхигдуулсан байна. Тухайлбал энэ хэргийг үйлдэхдээ ямар ч шалтгаангүйгээр дуудаж гаргаж ирэн амь насыг нь хохироосон гэж анхан шатны шүүх үзсэн байдаг. Хэргийн нөхцөл байдал болон нотлох баримтуудыг үзэхэд тухайн үед талийгаач Ө.*******ын гаргасан үйлдэл, биеэ авч явж байсан байдлыг шалгалгүй орхигдуулсан байна. 
Тухайн үед хамт явж байсан гэрчүүдийн мэдүүлгүүд зөрүүтэй байдаг. Харилцан зөрүүтэй гэрчийн мэдүүлгээс заримыг үнэлж шийдвэр гаргасан байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. 
Настай хүмүүс байна бүгдээрээ больё гээд халаасандаа хутгаа хийсэн гэж , нар ярьдаг. Мөн гадаа гараад хоёулаа үзчихье гэсэн зүйл ярьсан гэж зарим нь мэдүүлдэг, зарим нь яриагүй гэдэг. Д. гуай надад тийм зүйл  хэлэх  нь сонсогдоогүй гэж мэдүүлсэн байдаг. Эдгээр нөхцөл байдлаас үзэхэд тэгж хэлсэн эсэх нь тодорхойгүй, хутгаа хэзээ халаасанд хийсэн бэ гэдэг нь тодорхойгүй байгаа юм. 
Хэрэг гарах үед хохирогчийн хувийн байдал ямар байсан бэ гэдгийг нарийн тогтоох шаардлагатай. Тухайн үед талийгаачийн согтолтын зэрэг хүнд,  шүүгдэгч Д.*******ийн согтолтын зэрэг нь хөнгөн байсан. Эдгээр хүмүүсийн согтолтын зэргээс шалтгаалан гаргаж байгаа үйлдэлдээ хандах хандлага нь өөр өөр байгаа, үйлдлээр нь учруулах хор уршиг нь ялгаатай байх боломжтой. Д.*******ийн хувьд мөрдөн байцаалтын шатнаас эхлээд өгч байсан мэдүүлгүүд нь огт зөрүүгүй байдаг. 
Шинжээчийн дүгнэлтүүд дээр тухайн үед Д.*******ийн өмсөж явсан дээл нь урагдаж цоорсон нь ир үзүүртэй, иртэй зүйлээс үүсэх бөгөөд талийгаачийн барьж байсан хутганы ар хэсгээр үүссэн байж болохыг тогтоосон. 
Мөн Д.*******ийн биед үүссэн шарх, хүзүү, шанааны орчим үүссэн шарх, талийгаачийн хийсэн үйлдлийн улмаас биед нь үүссэн гэж дүгнэж болохоор байна. Энэ байдал нь Д.*******ийн өгсөн мэдүүлэгтэй тохирдог. 
Хавтаст хэргийн 156-157 дугаар хуудсанд Д.*******ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэгт “... талийгаач буу аваад өг ална...” гэхэд нь зугтаж гарсан гэж мэдүүлсэн байдаг. Мөн сандал, хутга бариад гарсан гэж зарим гэрчүүд мэдүүлдэг. Энэ байдлууд нь тухайн өдөр талийгаачийн зүгээс шүүгдэгч Д.*******ийг дайрч давшлах алах оролдлого хийж байсан болохыг харуулж байгаа юм. 
 Д. гэх айлд очоод ална гэж эхэлж дайрсан хүн нь талийгаач Ө.******* байсан. Мөн хавтаст хэрэгт авагдсан гэрч ийн мэдүүлэгт “.... талийгаач Ө.ээ “намайг өрсөөд хутгалчихлаа” гэж хэлсэн байдаг. Хэрэг гарсан байдал, шалтгаан нөхцлийг анхан шатны шүүх нарийн тогтоогоогүй шийдвэр гаргасан байна. Дээрх бүгдийг дүгнэвэл Д.******* нь Үндсэн хуулиар олгогдсон “амьд явах эрх”-ийн үүднээс өөрийн амь насыг аврах, хамгаалах аргагүй хамгаалалтын үйлдэл хийсэн байна гэж үзэж байна гэв. 

Хохирогч Ө. давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:    Шүүгдэгч Д.******* миний төрсөн дүү Ө.*******ын амь насыг танхайн сэдэлтээр онц хэрцгийгээр хохироосон. Тухайн үед шүүгдэгчийн гаргасан үйлдлийг аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэхгүй байна. Д.******* өөрийнхөө амь насыг хамгаалах шаардлагатай байсан юм бол “Баянбулгийн шугуй” руу зугтаад явж болох л байсан. Би маш их гомдолтой байна. Шүүгдэгч Д.*******ийн ар гэрийнхэн талийгаачийн ар гэрийнхэнд 20 сая төгрөг өгсөн гэсэн худал цуу яриа тараасан байна. Ингэж үндэслэлгүйгээр хүний нэр төрд халдахыг би хувьдаа зөвшөөрөхгүй,  бид талийгаачийг оршуулахтай холбогдсон зардлаа л та нараас гаргуулж авсан гэв.    
    
Хохирогчийн Ө.гийн өмгөөлөгч О.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давж заалдах гомдолтой танилцсан. Шүүгдэгч Д.******* нь талийгаач Ө.*******ыг “чамайг ална” гараад ир хоёулаа алалцъя гэж орилж үл ялих зүйлээр шалтаглан балиусаар түүний цээжин тус газар хутгалж амь насыг нь хөнөөж танхайн сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэн байгаа нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байгаа юм. Шүүгдэгч Д.*******ийн өмгөөлөгч Н.*******а нь аргагүй хамгаалалтын байдалд гэмт хэрэг үйлдэгдсэн гэж тайлбарлаж байна. Аргагүй хамгаалалтын үед нэг талаас довтолгоо хийж буй этгээд, нөгөө талаас хамгаалагч байх ёстой. Гэтэл Д.******* нь тухайн үед Д.ын гэрийн хаалгыг нээгээд гараад ир, алалцъя гэж дуудаад талийгаач Ө.*******ыг гэрийн хаалгаар гарах гэж байхад нь хутгалсан. Энэ талаар гэрч ын мэдүүлсэн байдаг. Мөн нэг гэрчийн мэдүүлэгт талийгаач Ө.******* бор тонгорог бариад гарах гэтэл Д. ах хутга шөвгөндөө хүрлээ та нар боль гэхэд талийгаач Ө.ээ хутгаа хураагаад урдаа байсан сандлыг бариад гарах гэтэл урдаас нь хутгалсан гэсэн байдаг. Мөн гэрчүүдийн мэдүүлэгт “...талийгаач Ө.*******ыг хутгалдаг залуу нь нэг голд 2 атаман байдаггүй юм ...” гэж орилж өөрийн бие рүүгээ хутгаар хатгаж байсан гэсэн зүйл яригддаг. Гэрч Ч.ын мэдүүлэгт Д.******* түрүүлж гараад гэрээс гараад “алалцъя” гэж орилоод хаалгаа нээгээд орилж байсан тэгээд талийгаач Ө.******* барьж байсан сандлаа тавиад ухасхийтэл нэг зүйл дугарсан тэгээд хартал талийгаачийн хүзүү орчмоос нь цус гарч байсан гэж мэдүүлсэн. Мөн Д.******* нь хулгайчуудыг ална гэж орилоод байхаар нь дахиад хутгалж магадгүй гэж бодоод өөрийгөө болон талийгаачийг хамгаалж гэрийн зүүн талд орны урд байсан ширээг өргөж хамгаалсан гэж гэрч Ч. мэдүүлсэн байдаг. Гэрийн зүүн талд байсан ширээний баруун хөлөнд цус болсон байсан гэдэг нь энэ үйл явдлын үед болсон байх боломжтой юм. 
    Эдгээр нөхцөл байдлаас үзэхэд Д.******* нь аргагүй хамгаалалтын үед гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй байна. Иймээс шүүгдэгч Д.*******ийн болон түүний өмгөөлөгч Н.*******а нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
    
Прокурор Б.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан дүгнэлтэндээ: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байна. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад зөв дүгнэлт хийж хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт зааснаар ялтан болон түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 284-р зүйлд заасан хуулийн шаардлагыг хангасан байна. 
Шүүгдэгч Д.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн Алдархаан сумын Мандаат багийн нутаг Баянбулагийн “Намаржааны цагаан”  хэмээх газарт тус сумын иргэн Д.ын гэрт Ч., Д., А., Д., Д. нарын иргэдийг унтаж амарч байхад бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчин цуг архи ууж явсан Ө.*******ыг “чамайг ална гараад ир хоёулаа алалцъя” гэсэн үл ялих зүйлээр шалтаглан талийгаачийг гэрээс гарах үед нь цээжин тус газарт нь хутгалж амь насыг нь хохироосон болох нь хэрэгт авагдсан хохирогч Ө., гэрч Д., Д., Б., Ч., Ч., Л., Д., С. нарын мэдүүлгүүд,  тус аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 201500022 дугаартай шинжээчийн, мөн оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Шүүхийн шинжилгээний албаны 201500075 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд зэргээр нотлогдон тогтоогдсон байна.
Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж тухайн шүүгдэгчийн үйлдсэн хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, гэм бурууд тохирсон ял шийтгэл оногдуулжээ.
Шүүгдэгч Д.*******, түүний өмгөөлөгч Н.*******а, В.*******, Э.******* нар нь танхайн сэдэлтгүйгээр бусдын амь насыг хохироосон гэж гомдол гаргаж байгаа хэдий ч хэрэгт цугларсан үйл баримтанд дүгнэлт хийхэд шүүгдэгч Д.******* нь гэмт хэрэг үйлдэхдээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулан, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчин, бусдыг илтэд үл хүндэтгэн нийгэмд тогтсон эрхзүйн болон ёс суртахууны хэм хэмжээ, уламжлагдан ирсэн зан заншлыг үл тоомсорлон ямар нэг шалтаг шалтгаангүйгээр санаатайгаар талийгаач Ө.*******ыг хутгалж амь насыг нь хохироосон байна. Энэ байдлаас үзэхэд шүүгдэгч Д.*******ийг танхайн сэдэлтгүйгээр бусдын амь насыг хохироосон гэж үзэх хуульзүйн боломжгүй байна. 
Анхан шатны шүүхээс хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг зөв байна. Мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна. 
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.*******, түүний өмгөөлөгч Н.*******а нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.*******, түүний өмгөөлөгч Н.*******а нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч,  цагаатгагдсан этгээд,  хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД  Ч.ЭНХТӨР

Б.НАМХАЙДОРЖ