Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 96

 

    

 

 

                                   С.Уртнасан, Ц.Батбаяр нарт холбогдох

                                              эрүүгийн хэргийн тухай

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд,

                                         Прокурор Д.Ганцэцэг

                                       Ялтан С.Уртнасангийн өмгөөлөгч Н.Оюун-Эрдэнэ                                                           Нарийн бичгийн дарга Г.Дорждулам нарыг оролцуулан,

 

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч  М.Мандахбаяр даргалж, шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоолд ялтан С.Уртнасангийн гаргасан давж заалдах гомдлоор, С.Уртнасан, Ц.Батбаяр нарт холбогдох эрүүгийн 201615000135 дугаартай хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хэрэг хэлэлцэх хугацааг 10 дугаар сарын 07-ны өдөр сунган, шүүгч Д.Эрдэнэбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1986 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл-1, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 3 дугаар баг “Амгалан залаа” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1/88 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, Жоов овгийн  Цэдэндоржийн Батбаяр /Регистрийн дугаар ЙП86060232/,

Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд 1972 оны 06 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-1, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр баг 34-328 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

1. Өвөрхангай аймаг Сум дундын 1 дүгээр шүүхийн 1993 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1/10 дугаартай таслан шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

2. Өвөрхангай аймгийн Арвайхээр дэх Сум дундын 1 дүгээр шүүхийн 1997 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 1/21 тоот таслан шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 92 дугаар зүйлийн 92.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар,

З. Өвөрхангай аймаг Арвайхээр дэх Сум дундын 1 дүгээр шүүхийн 1999 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 1/02 дугаартай таслан шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт  зааснаар 3 жилийн хорих  ялаар,

4. Сэлэнгэ аймаг дахь Сум дундын шүүхийн 2000 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж түрүүчийн эдлээгүй үлдсэн 1 жил 10 cap 22 хоногийн ялыг нэгтгэж бүгд 2 жил 6 cap 22 хоногийн хугацаагаар хорих ялаар,

5. Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1/151 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

6. Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1/1 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1, 145 дугаар зүйлийн 145.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

7. Сум дундын 17 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, Буухиа овгийн Сандагдоржийн Уртнасан /Регистрийн дугаар ЙЮ72061312/

С.Уртнасан нь ялтай байх хугацаандаа Ц.Батбаяртай бүлэглэж, давтан үйлдлээр 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8-р баг 28-07 тоотод байрлах Л.Баярсайханы эзэмшлийн өвлийн байшингийн зүүн талын цонхны шилийг хагалан нэвтрэн орж гагнуурын аппарат, цохилттой өрөм, эмэгтэй хүний гутал, цүнх зэрэг 360000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг,

2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хууль бусаар нэвтрэн орж жанам, 10 литрийн бетон, 7 кг гурил, цүнх зэрэг 282000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг,

2016 оны 04 дүгээр сарын 01-02-нд шилжих шөнө гражийн жижиг хаалгыг нь эвдлэн орж уран хөрөө, гэрлийн утас, кен брендийн тасдагч, призер зэрэг 306500 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг тус тус нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр хулгайлж иргэн Л.Баярсайханд нийт 948500 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

Ц.Батбаяр нь С.Уртнасантай бүлэглэж давтан үйлдлээр 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8-р баг 28-07 тоотод байрлах Л.Баярсайханы эзэмшлийн өвлийн байшингийн зүүн талын цонхны шилийг хагалан нэвтрэн орж гагнуурын аппарат, цохилттой өрөм, эмэгтэй хүний гутал, цүнх зэрэг 360000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг,

-2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хууль бусаар нэвтрэн орж жанам, 10 литрийн бетон, 7 кг гурил, цүнх зэрэг 282000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг,

-2016 оны 04 дүгээр сарын 01-02-нд шилжих шөнө гражийн жижиг хаалгыг нь эвдлэн орж уран хөрөө, гэрлийн утас, кен брендийн тасдагч, призер зэрэг 306500 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг тус тус нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр хулгайлж иргэн Л.Баярсайханд нийт 948500 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргүүдэд тус тус холбогдсон бөгөөд тэдний үйлдлийг Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. 

Анхан шатны шүүх, Цэдэндоржийн Батбаяр, Сандагдоржийн Уртнасан нарыг бүлэглэж, давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч  бусдын эд хөрөнгийг  хулгайлах гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тус тус тооцон,

Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Ц.Батбаяр, С.Уртнасан нарыг тус бүр эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар С.Уртнасанд оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Ц.Батбаярт оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлэхээр,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Ц.Батбаярын цагдан хоригдсон 89, С.Уртнасангийн цагдан хоригдсон 78 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь тус тус оруулж тооцохоор, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Delsey гэсэн бичигтэй цүнх 1 ширхэг, жанам 1 ширхэг, 10 литрийн битон 1 ширхгийг хохирогч Л.Баярсайханд буцаан олгож, Ц.Батбаяр нь хохирогч Л.Баярсайханд 350.000 төгрөгийн хохирол төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь Ц.Батбаяраас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар С.Уртнасангаас 323.500 төгрөг гаргуулж хохирогч Л.Баярсайханд олгохоор тус тус заан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар Ц.Батбаярт оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2  жил 2 сарын хугацаагаар хянан харгалзах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5 дахь хэсэгт зааснаар түүний цаашдын засрал хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж, хянан харгалзах хугацаанд захиргааны хариуцлага хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шийдвэрлэх болохыг Ц.Батбаярт мэдэгдэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 303.2, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл С.Уртнасанд авсан цагдан хорих, Ц.Батбаярт авсан оршин суугаа газраасаа гадагш явахгүй байх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

Ялтан С.Уртнасан гаргасан давж заалдах гомдолдоо:

Миний бие нь Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлэхээр шийтгэгдсэн.

Үйлдсэн хэргийн талаар:

2016 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Баярсайханы гражаас уран хөрөө, гар призер, тасдагч, гэрлийн утас зэрэг эд зүйлсийг Арвайхээр сумын 1 дүгээр багт оршин суудаг О.Нямтогтохтой хамт хулгайлсан. Уран хөрөө, гар призер, тасдагчийг 24 айлын орон сууцанд байдаг Аюушийнд авч очоод, 24 айлын орон сууцны урд байдаг модон эдлэл хийдэг хүнд зарсан. Гэрлийн утсыг Нямтогтох авч яваад зарсан. Энэ хэргийн талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөөгүй, байцаалт өгөхөөс татгалзсан. 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн анхан шатны шүүх хуралдаанд энэ хэргийг үйлдсэн тухайгаа тодорхой бичиж, нэмэлт мөрдөн байцаалт явуулж өгөхийг хүсч хүсэлт гаргасан боловч шүүгдэгч энэ хэргийг үйлдсэн гэдгээ хүсэлтэнд тодорхой дурдсан байх тул хүсэлтийг хүлээн авах шаардлаггүй гэж үзсэн. Анхан шатны шүүх хуралдаанд хүсэлт гаргахдаа О.Нямтогтохтой хамт явсан тухай дурдаагүй, нэмэлт мөрдөн байцаалт явуулах үед Нямтогтохтой явсан гэдэг нь тогтоогдоно гэж бодсон.

Иймд миний бие анхан шатны шүүхийн нэмэлт мөрдөн байцаалт явуулах шаардлагагүй гэж үзсэн шийдвэрт гомдол гаргаж байна ...гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Ганцэцэг  гаргасан дүгнэлтдээ:

Ц.Батбаяр, С.Уртнасан нарт холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, нэмж хийх ажиллагаа байхгүй. Анхан шатны шүүх хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн.

Иймд  шийтгэх тогтоолыг хэвээр үлдээн, ялтан С.Уртнасангийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгуулах саналтай байна...гэв.

Шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгч Н.Оюун-Эрдэнэ гаргасан тайлбартаа:

С.Уртнасангийн давж заалдсан гомдлыг дэмжиж байна. Иймд Ц.Батбаяр, С.Уртнасан нарт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Прокурорын газарт буцааж өгнө үү... гэв.

ХЯНАВАЛ:

С.Уртнасан Ц.Батбаяртай бүлэглэж давтан үйлдлээр 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8-р баг 28-07 тоотод байрлах Л.Баярсайханы эзэмшлийн өвлийн байшингийн зүүн талын цонхны шилийг хагалан нэвтрэн орж гагнуурын аппарат, цохилттой өрөм, эмэгтэй хүний гутал, цүнх зэрэг 360000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг,

2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хууль бусаар нэвтрэн орж жанам/цахилгаан мотор/, 10 литрийн бетон, 7 кг гурил, цүнх зэрэг 282000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг,

2016 оны 04 дүгээр сарын 01-02-нд шилжих шөнө гражийн жижиг хаалгыг нь эвдлэн орж уран хөрөө, гэрлийн утас, кен брендийн тасдагч, призер зэрэг 306500 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг тус тус нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр хулгайлж иргэн Л.Баярсайханд нийт 948500 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргүүд үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан

хохирогч Л.Баярсайханы “... 2016 оны 03 дугаар сарын 31-ний өглөө 10 цагт дээрх байшин дээрээ очиход манай байшингийн зүүн тийш харсан вакум цонхны порчикийг нээж хулгай орсон байсан. ... 220 вольтоор ажилладаг гагнуурын аппарат, цахилгаан цохилттой өрөм, эмэгтэй хүний хавар намрын гутал, хар цэнхэр өнгийн канттай цүнх алга болсон байсан...”  /1-р хх-ийн 20-21х/,

 “... Манай ажлын байранд өмнө нь 2 удаа хулгай орж багаж хэрэгсэл алдагдаж байсан юм. ... Тэгэхээр нь би “...Хулгай орчихсон байна...” гэж бодоод тойроод гражийнхаа жижиг хаалга руу очтол тэр жижиг хаалганы цоожийг эвдээд гражийн хаалгаар дамжаад ажлын байр луу орсон байсан. Тэгээд л цагдаад дуудлага өгсөн ... Гар призер /кенний улаан өнгөтэй/, мөн улаан өнгийн тасдагч гриндер, ногоон өнгийн вода нэртэй уран хөрөө, гэрлийн утас 13 метр зэрэг алдагдсан байсан...”  /1-р хх-ийн 83х/,

 “... 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр байрандаа хоночихоод Арвайхээр сумын 8-28-7 тоотод байрлах хашаандаа 2016 оны 03 дугаар сарын 31-ний өглөө очиход манай байшинд хулгай орчихсон байсан. Байшингийн зүүн талын цонхны порчикны шилийг хагалаад байшин дотроос цэнхэр өнгийн 220 вольтоор ажилладаг гагнуурын аппарат, 220 вольтоор ажилладаг кен гэсэн бичигтэй цохилттой дрилль, эхнэрийн хар өнгийн түрүүтэй хавар намрын 38 размерийн гутал хулгайд алдсан байхаар нь цагдаад дуудлага өгөхөд мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч О.Азжаргал гэдэг хүн ирж шалгасан. 2016 оны 03 сарын 31-ний өдөр орой 21 цаг өнгөрч байхад ажлаа тараад байшингийн цонхоо шиллэх гээд очиход манай байшинд ахиж хулгай орж 380 вольтын жанам, 10 литрийн хөнгөн цагаан бетон, 7 кг Алтан тариан 1-р гурил, улаан, цэнхэр өнгийн алга цүнх хулгайд алдсан байхаар нь орой байсан тул хоночихоод 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ахиж цагдаад 09 цаг өнгөрч байхад дуудлага өгсөн...” /1-р хх-ийн 124х/ гэсэн,

гэрч Л.Ичинноровын “... Энэ цүнх манай байшингаас алдсан цүнх мөн байна. ... 2016 оны 03 дугаар сарын 31-нд манай байшинд хулгай орсон талаар хэлэхээр гэртээ очиж үзэхэд манай байшингийн зүүн хойд талын цонхыг хагалаад өглөө хулгай орчихсон байсан. Орой 19-өөс 20 цагийн орчим манай нөхөр Баярсайхан утсаар хэлэхдээ манай байшинд хулгай ороод 380 вольтоор ажилладаг жанам, 10 литрийн хөнгөн цагаан бетон, 7кг алтан тариан 1-р гурил, улаан, цэнхэр өнгийн алга цүнх хулгайд алдсан байхаар нь тэр өдрөө цагдаад хэлээгүй. Маргааш нь буюу 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр цагдаад утсаар хэлсэн...” /1-р хх-ийн 23х, 125х/, гэсэн

гэрч С.Оюуны “... 2016 оны 04 дүгээр сарын эхээр өдрийг нь санахгүй байна 21 цагийн орчим С.Уртнасан, Ц.Батбаяр нар нь 10 литрийн бетонд гурил дүүргээд манай гэрт авч ирээд Уртнасан нь ахынхаасаа авч ирлээ та 10 литрийн бетоныг нь суллаад өгчих гэсэн. ... Тэрнээс хойш 2-3 хоногийн дараа орой 18 цагийн орчим С.Уртнасан, Ц.Батбаяр нар нь жанам буюу мотор авч орж ирсэн. ... Мөн жанам авч ирсэн өдрөөсөө хойш 2, 3 хоногийн дараа С.Уртнасан шөнө орж ирээд хоносон. Өглөө нь унтаж байхад Уртнасан хар өнгийн түрүүтэй цахилгаантай гутал гялгар уутнаас гаргаж ирээд барьчихсан энэ манай эгчийн гутал байгаа юм та өмсчих гэсэн. ... С.Уртнасан нь надад гутал өгдөг өдөр манай гэрт хөх өнгийн цахилгаантай цүнх байхаар нь С.Уртнасангаас энэ юу юм бэ гэхэд С.Уртнасан нь надад хэлэхдээ миний хувцас хийдэг цүнх байгаа юм гэж байсан...” /1-р хх-ийн 25-27х/ гэсэн,

гэрч С.Бөхцэнгэлийн “... Миний мэдэхээр 2016 оны 03 дугаар сарын сүүлээр намайг гэртээ эхнэр Оюунаагийн хамт байхад Уртнасан гялгар уутанд хийсэн түрүүтэй хар өнгийн гутал авч орж ирээд манай эхнэр Оюунд энэ гутлыг өмсчих гэж хэлээд өгсөн. ... Дараа нь манай эхнэр хэлэхдээ гурил авч ирсэн гэж хэлж байсан. Уртнасан гутал авч ирснээс хойш 2-3 хоногийн дараа Батбаяр Уртнасан нар жанам буюу мотор авч ирсэн. ... эхнэр бид 2 2016 оны 05 дугаар сарын эхээр замын үүдэд боржурын үйлдвэр дээр ажиллах гэж явсан. Тухайн үед тэр гутал урагдаад хаясан...” /1-р хх-ийн 28-30х/ гэсэн,

гэрч Х.Доржхандын “... 2016 оны 04 дүгээр сарын эхээр намайг гэртээ байхад 16 цагийн орчим гэрийн гадаа цэнхэр өнгийн /санагдаж байна/ гагнуурын жижиг аппарат тавьсан байхаар нь Ц.Батбаяраас хэнийх юм гэхэд Ц.Батбаяр нь манай хүргэн ахынх гэсэн. ... Тэгээд Ц.Батбаяр, С.Уртнасан нар нь 10 литрийн бетонд гурил хийсэн Оюун хоол хийгээрэй гээд байсан. ... Тэгээд ганц 2 хоногийн дараа ээж надад хэлэхдээ С.Уртнасан, Ц.Батбаяр нар жанам буюу мотор гээд юм авч ирчихээд аваад явсан гэж надад хэлсэн...” /1-р хх-ийн 31-32х/ гэсэн,

гэрч Ц.Отгонбаярын “... Монкоо надад хэлэхдээ С.Уртнасан, О.Нямтогтох нарын барьсан утсыг зарчлаа гээд надад 5000 төгрөг өгсөн гэж хэлсэн...” /1-р хх-ийн 33-34х/ гэсэн мэдүүлгүүд, гэрч Г.Цэрэнлхам, Б.Бат-Эрдэнэ нарын мэдүүлгүүд /1-р хх-ийн 37х, 138х/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 4-7, 15-16, 77-79, 109-111, 118-119х/, Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс ХХК”-ний 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн №04/27 дугаартай үнэлгээний тайлан /1-р хх-ийн 50-51х/, мөн компаний 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн №04/05 дугаартай үнэлгээний тайлан /1-р хх-ийн 131-132х/, “Ашид билгүүн” ХХК-ний 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн №ӨВР/008 дугаартай үнэлгээний дүгнэлт /1-р хх-ийн 85-86х/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж дүгнэн шийдвэрлэсэн, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй  гарсан  байна.

 

С.Уртнасан, Ц.Батбаяр нарт холбогдох хэрэгт, мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүхээс түүнд холбогдох хэргийг шийдвэрлэхдээ эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, тэд нарт онодуулсан хорих ял, түүнийг эдлэх дэглэм С.Уртнасан, Ц.Батбаяр нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хувийн байдалд тохирсон байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан С.Уртнасангийн гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан С.Уртнасангийн гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Энэ магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

         

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                                    ШҮҮГЧИД                                  Б.НАМХАЙДОРЖ                  

                                                                                       М.МӨНХДАВАА