Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 99

 

    

 

Т.Чимэд-Очирт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд,

                                            Прокурор   Б.Мөнгөншагай

                                         Нарийн бичгийн дарга Г.Дорждулам нарыг оролцуулан,

 

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж, шүүгч М.Мандахбаяр, Д.Цэцэгээ нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 81 дүгээр шийтгэх тогтоолд ялтны өмгөөлөгч А.Адъяасүрэнгийн гаргасан давж заалдах гомдлоор, Т.Чимэд-Очирт холбогдох эрүүгийн 201615000149 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд 1973 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, “Монгол засвар” ХХК-д галч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Баянгол сумын 6 дугаар баг, Ширээ 1-10 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Ногоон овгийн Тоомойн Чимэд-Очир. /Регистрийн дугаар  ЙН73093013/

 

Т.Чимэд-Очир нь 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 17 цагийн үед Өвөрхангай аймгийн Баянгол сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Булаг хайрхан” хүнсний дэлгүүрт иргэн С.Мэндбилэгтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас үүдэн маргалдаж, улмаар түүнийг өмсөж явсан хувцасных нь захаар боож унагасны улмаас бие махбодид нь буюу тархины хатуу хальсан доорхи цусан хураа, баруун чамархай, дагз ясны хугарал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд түүний үйлдлийг Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.  

Анхан шатны шүүх, Тоомойн Чимэд-Очирыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Т.Чимэд-Очирт оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр, Т.Чимэд-Очир нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, бичиг баримтгүй, хохирогчид 395.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогч С.Мэндбилэгийн гавал ясны эгц ба хажуугаас авсан зураг 1 ширхэг, тархины томографийн рентгэн зураг 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч С.Мэндбилэгт буцаан олгохоор заан, Т.Чимэд-Очирт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн түүнийг цагдан хорьж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах журмыг дурдан, давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Т.Чимэд-Очирт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр  шийдвэрлэжээ. 

 

Ялтан Т.Чимэд-Очирын өмгөөлөгч А.Адъяасүрэн гаргасан давж заалдах гомдолдоо:

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэр

 

 

 

гийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 81 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

1. Шүүгдэгч Т.Чимэд-Очирын үйлдсэн хэргийн зүйлчлэл зөв гэж үзэн шүүхээс түүнийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж гэм буруутайд тооцон Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулсантай санал нийлэхгүй байна.

2. Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн субъектив талын ямар санаа зорилготой байсныг бүрэн гүйцэд тогтоож чадаагүй. Эрүүгийн  байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд зааснаар гэмт хэргийн талаар нотолбол зохих асуудлыг бүрэн гүйцэд нотлоогүй, гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив талын шинжийг бүрэн тогтоож чадаагүй.

3. Хавтаст хэргийн материалд авагдсан гэрчүүдийн мэдүүлэг өөр хоорондоо зөрүүтэй байхад хэнийх нь мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлж, хэргийг шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

Тухайлбал: хохирогч С.Мэндбилэг... лангуу түшээд зогсож байхад Чимэд-Очирыг заамдсан тухай мэдүүлдэг, насанд хүрээгүй гэрч Гэлэндалайдамба ... “хохирогч С.Мэндбилэг өөрөө зогсож байгаад ойчсон” гэж мэдүүлдэг, гэрч Чулуундорж ...С.Мэндбилэг лангуу түшиж байсан. Тэгээд нэг эргээд  харахад 5-10 секундын хугацаанд уначихсан, гэрч Бямбазагар “... Чимэд-Очир Мэндбилэгийг түлхсэн, өөр зүйл болоогүй, гэрч Батмөнх, Эрдэнэгомбо нар нь хохирогчийг дээшээ харсан байдалтай байсан  гэж гэрчүүд тус тус мэдүүлдэг. Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд Т.Чимэд-Очирыг бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэж үзэхэд эргэлзээтэй байна.

Иймд түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг дахин хянан шийдвэрлэж өгнө үү.

Шүүх хуралдаанд өмгөөлөгч оролцоно ...гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Мөнгөншагай  гаргасан дүгнэлтдээ:

Т.Чимэд-Очирт холбогдох хэрэгт мөрдөн  байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, түүнд холбогдох хэргийг зөв зүйлчилсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул уг шийтгэх тогтоолыг хэвээр үлдээн, ялтан Т.Чимэд-Очирын өмгөөлөгч А.Адьяасүрэнгийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгуулах саналтай байна...гэв.

ХЯНАВАЛ:

Т.Чимэд-Очир нь 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 17 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Баянгол сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Булаг Хайрхан” хүнс барааны дэлгүүрт хохирогч С.Мэндбилэгтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний өмсөж явсан хувцасны захаар боож унаган, хохирогч С.Мэндбилэгийн бие махбодид /тархины хатуу хальсан доорх цусан хураа, баруун чамархай, дагз ясны хугарал/ хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан

Хохирогч С.Мэндбилэгийн “...2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Баянгол сумын төв 6 дугаар байх “Булаг Хайрхан” хүнс барааны дэлгүүрт орж, Чимэд-Очироос 1 шил архи аваад өг гэж нэхэхэд Чимэд-Очир чи гуйлгачингаар юу авахуулах гээд байгаа юм бэ? гээд намайг дээлний захнаас хоёр гараараа барьж заамдаж аваад боосон. Тэгээд түүнээс хойш би юу болсон талаар мэдэхгүй байна...” гэсэн /хх-ийн 18-20х, 98-99 х/

Гэрч Б.Батмөнхийн “... 2016 оны 04 дүгээр сарын дундуур Өвөрхангай аймгийн Баянгол сумын ...Булаг Хайрхан хүнс барааны дэлгүүрт 17 цагийн орчимд Мэндбилэг, Чимэд-Очир нар хоорондоо нэг нэгнийгээ заамдаад зогсож байсан. Тэгтэл ард хүн ойчих шиг болсон. Эргээд харахад Мэндбилэг шалан дээр дээшээ харсан байдалтай хэвтчихсэн, Чимэд-Очир нь Мэндбилэгийн хажууд зогсож байсан...” гэсэн /хх-ийн 21-22х/,

Гэрч Ч.Отгонсайханы “... 2016 оны 04 дүгээр сарын дундуур ... “Булаг Хайрхан” хүнс барааны дэлгүүр дээрээ байж байхад 17 цагийн орчимд Чимэд-Очир манай дэлгүүрт орж ирээд дэлгүүрийн урд хананы урд талд тавьсан сандал дээр сууж байтал гаднаас Мэндбилэг орж ирээд Чимэд-Очирыг Төгрөгийн гуйлгачин минь архи аваад өг гээд үсдээд босгоод ирсэн. Тэгээд Чимэд-Очир, Мэндбилэг нар хэрэлдээд байгаа нь тоглоод байгаа нь мэдэгдэхгүй нэг нэгнийгээ түлхээд байсан. Тэгтэл дэлгүүрээс хүн юм авах гэхээр нь би дэлгүүрийн баруун талын лангуу руу явсан. Чимэд-Очир, Мэндбилэг нар дэлгүүрийн зүүн талын лангууны урд зогсож байсан. Тэгээд хүнд юм авч өгчихөөд буцаад зүүн талынхаа лангуун дээр ирэхэд Мэндбилэг нь шалан дээр доош хараад өвдөг, тохойгоороо тулсан байдалтай, чихнээс нь цус гарч байсан...” гэсэн /хх-ийн 23-24х/,

Гэрч Б.Эрдэнэгомбын “... 2016 оны 04 дүгээр сарын дундуур ... “Булаг Хайрхан” хүнс барааны дэлгүүрт 17 цагийн орчимд хог шүүрдэж байхад Чимэд-Очир гаднаас орж ирээд дэлгүүрийн урд хананы урд тавьсан байсан сандал дээр сууж байхад Мэндбилэг гаднаас орж ирээд Чимэд-Очир дээр очоод Чимэд-Очироос архи аваад өг гэж хэлсэн. Чимэд-Очирыг юу гэж хэлснийг нь сонсоогүй. Тэгтэл Мэндбилэг уурлаад Чимэд-Очирыг Төгрөгийн гуйлгачин гээд байсан. Тэгээд хогоо шүүрдэж байгаад нэг харахад Чимэд-Очир, Мэндбилэг нар нэг нэгнээ заамдаад барилцаад авсан байсан. Тэгээд хогоо хаячихаад эргээд харахад Мэндбилэг дээшээ хараад шалан дээр хэвтээд зүүн талынх нь чихнээс нь цус гарч байсан санагдаж байна...” /хх-ийн 25-26х/ гэсэн,

Насанд хүрээгүй гэрч Ө.Бямбазагарын “... “Булаг Хайрхан” хүнс барааны дэлгүүрт 17 цагийн орчимд ороход Мэндбилэг, Чимэд-Очир нар дэлгүүрт байсан. Тэгээд би дэлгүүрийн урд хананы урд тавьсан байсан сандал дээр суугаад гар утсаараа оролдож байтал Мэндбилэг, Чимэд-Очир нар хэрэлдээд байсан. Мэндбилэг нь Чимэд-Очироос архи аваад өг гээд хэрэлдээд байсан. Тэгээд би гар утсаараа ярьж байхад Мэндбилэг, Чимэд-Очир нар нэг нэгнээ заамдаж авсан байсан. Намайг утсаар ярьчихаад эргээд харахад Мэндбилэг ах дэлгүүрийн шалан дээр дээшээ хараад хэвтэж байсан. Тэгээд би дэлгүүрээс гараад явсан...” /хх-ийн 31х/ гэсэн,

            Гэрч А.Гэлэндалайдамбын “... “Булаг хайрхан” хүнс барааны дэлгүүрт ороход Т.Чимэд-Очир нь С.Мэндбилэгийг заамдсан байсан. С.Мэндбилэг нь заамдуулсан байхдаа Т.Чимэд-Очирыг гуйлгачин минь гээд байсан. Чимэд-Очир нь Мэндбилэгийг заамдаж байгаад тавьсан. Тэгтэл Мэндбилэг нь лангуу түшиж зогсож байсан. Тэгээд гар утсаа оролдож байгаад дахиад 3-5 секундын дараа харахад Мэндбилэг газар унаж байсан. Би тухайн үед Мэндбилэгийг газар хальтраад уначихлаа гэж бодсон. Мэндбилэгийн чихнээс нь цус гарахаар нь айгаад гараад явсан...” /хх-ийн 33х, 100х/ гэсэн,

Гэрч Ц.Чулуундоржийн “...2016 оны 04 дүгээр сарын дундуур санагдаж байна. “Булаг Хайрхан” хүнс барааны дэлгүүрт найз Дамбаагийн хамт ороход дэлгүүр дотор Мэндбилэг, Чимэд-Очир нар хоорондоо заамдалцаад байж байсан. Тэгээд Чимэд-Очир нь Мэндбилэгийг заамдаж байгаад цааш түлхсэн. Тэгтэл Мэндбилэг нь түлхүүлээд ардаа байх лангууг нь бөгсөөрөө түшиж зогссон. Би тухайн үед гар утсаа оролдож байгаад Дамбаатай орой зааланд тоглох талаар ярьж байхад Мэндбилэг нь лангуу түшиж зогсож байсан. Тэгээд нэг харахад Мэндбилэг газар унасан байсан. Яаж унасан, яасан талаар мэдээгүй...” /хх-ийн 35-36х/ гэсэн,

Гэрч Н.Энхтунгалагийн “... Мэндбилэгийн биед үзлэг хийхэд биеийн байдал дунд, амин үзүүлэлтүүд хэвийн, баруун чихнээс нь цус гарсан байдалтай байсан. Өвдөлт намдаах тариа, цус тогтоох тариа хийж эмнэлэгт ажиглаж хонуулсан. Чихнээс нь цус гарсан байсан учраас аймагт очиж оношлуулах шаардлагатай, аймаг явж үзүүл гэж ар гэрийнхэнд нь хэлж ойлгуулсан. Намайг анх дуудлагаар очиход С.Мэндбилэгийн баруун чихнээс нь цус гарсан байдалтай, “Булаг Хайрхан” дэлгүүрийн шалан дээр дээшээ хараад хэвтэж байсан. Би очоод С.Мэндбилэгийн биед үзлэг хийж босгоод Ц.Чимэд-Очиртой хамт хоёр талаас нь хөтлөөд явсан. Эмнэлгийн хаалгаар С.Мэндбилэг өөрөө орсон. С.Мэндбилэгээс архи үнэртэж байсан. Согтуугийн хувьд бол согтуу гэхдээ ухаанаа алдтал уусан юм мэдэгдээгүй...” /хх-ийн 38-39х/ гэсэн,

            Шинжээч эмч Ц.Халтархүүгийн “... С.Мэндбилэгийн биед учирсан гэмтэл нь амь насанд аюултай гэмтэл юм. Тухайн үед хохирогч ухаан алдсан учир амь тэнссэн байдал үүссэн гэж үзэж болно. Баруун чамархай, дагз ясны хугарал нь үргэлжилсэн хугарал юм. Хоёр ясыг дайрсан учир 2 ясны нэрийг дүгнэлтэнд тусгасан. Дээрх гэмтэл 1 удаагийн хүчин зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Уг гэмтэл толгойн баруун хэсэгт нэг удаагийн хүчтэй үйлчлэлийн улмаас үүсэх боломжтой. Ямар нэгэн зүйл налж унавал дээрх гэмтэл үүсэх боломжгүй...” /хх-ийн 101-102х/ гэсэн мэдүүлгүүд,  “… С.Мэндбилэгийн биед тархины хатуу хальсан доорх цусан хураа, баруун чамархай, дагз ясны хугарал бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэргийн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх магадлалтай. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээний үр дүнгээс хамаарна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн №138 дугаар шинжээчийн дүгнэлт/хх-ийн 43х/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдож байна гэж дүгнэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий гарсан байна.

Т.Чимэд-Очирт холбогдох хэрэгт эрүүгийн байцаан шийтгэх хуульд заагдсан нөхцөл журмын дагуу мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүхээс оногдуулсан ял, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдалд тохирсон байх тул ялтны өмгөөлөгч А.Адъяасүрэнгийн гаргасан давж заалдсан гомдлын хүлээн авах боломжгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016  оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 81 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээн, Т.Чимэд-Очирын өмгөөлөгч А.Адъяасүрэнгийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

       2. Энэ магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                                    ШҮҮГЧИД                                  Б.НАМХАЙДОРЖ                  

                                                                                          М.МӨНХДАВАА