Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 00147

 

                яоржид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Туяа даргалж, шүүгч З.Хосбаяр, С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй,

 

Шүүх хуралдаанд:  

 

           Прокурор                                           Б.Бүжинлхам

            Яллагдагчийн өмгөөлөгч             Р.Нямцэрэн

            Нарийн бичгийн дарга                   Б.Ганчимэг  нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 377 дугаар шүүгчийн захирамжтай Ц.Нямдоржид холбогдох, 201514000595 дугаартай, эрүүгийн хэргийг улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1955 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд төрсөн, 61 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хөдөө аж ахуйн механик мэргэжилтэй, “Өрнөлт Сэлэнгэ” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Цагаан овоо 3 дугаар баг 6-1 тоотод оршин суух, урьд 1980 онд Эрүүгийн хуулийн 76-9-р 1 жил засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ял, 1983 онд Эрүүгийн хуулийн 169а-р 6 сар баривчлах ял, 1984 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхийн 4/3 тоот тогтоолоор Эрүүгийн хуулийн 169-б-р 3 жил 6 сар хорих ял шийтгэгдэж 1985 оны 11 дүгээр сарын 19-нд тэнсэн суллагдсан, 2000 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймаг Хөтөл сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн 239-3-р 3 жил хорих ял шийтгэгдэж, хорих ялыг тэнсэж хянан харгалзаж байсан, Боржигон овогт Цэвэгжавын Нямдорж.

 

Шүүгдэгч Ц.Нямдорж нь 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт байрлах “Эрдэнэт фүүдс” ХХК-ийн урд талын төв зам дээр Тоёото ланд круйзер 200 маркийн 11-88 УБО улсын дугаартай автомашиныг жолоодож туслах замаас төв зам руу орох хөдөлгөөн хийхдээ Замын Хөдөлгөөний дүрмийн 7.7 “жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэлд, явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж, өгнө” гэснийг зөрчсөний улмаас төв замын зүүн баруун чиглэлд явж байсан “Хьюндай Соната-6” маркийн 83-14 ОРО улсын дугаартай суудлын автомашины жолооч Ц.Баттулга эсрэг урсгалд явж байсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн эзэмшлийн 93-15 ОРО улсын дугаартай Краз маркийн автомашинтай мөргөлдөж улмаар жолооч Ц.Баттулгын амь насыг хохироосон,

 

Ц.Нямдорж нь зам тээврийн осол гаргасан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 377 дугаар шүүгчийн захирамжаар:

 

Ц.Нямдоржид холбогдох 201514000595 тоот эрүүгийн хэргийг Орхон аймгийн прокуророор дамжуулан нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж,

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2-д зааснаар хэргийг прокурорт очтол Ц.Нямдоржид урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий сиди 1 ширхэг, Ц.Нямдоржийн 11-88 УБО улсын дугаартай тоёото ланд круйзер маркийн автомашины №00764922 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэг, Ц.Нямдоржийн №352518 дугаарын В ангиллын жолооны үнэмлэх 1 ширхэг, амь хохирогч Ц.Баттулгын №381491 дугаартай В ангиллын жолооны үнэмлэх 1 ширхэг, 83-14 ОРО улсын дугаартай соната-6 маркийн авто машины тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэг, авто машины хагарсан гэрэл ус шүүгч хуванцар сав зэргийг хэргийн хамт прокурорт хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Улсын яллагч эсэргүүцэлдээ:

 

Анхан шатны шүүх хэргийг хянаад яллагдагчийн өмгөөлөгчийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлтэй гэж дүгнээд 29 хоногийн дараа буюу 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 377 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 225 дугаар зүйлийн 225.4-т зааснаар “яллагдагчийн шүүхэд шилжүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэх боломжгүй бол Ерөнхий шүүгчийн захирамжаар хугацааг сунгана” гэсэн зөрчигдсөн. Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэх хугацааг сунгаагүй, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй.

 

Яллагдагчийн өмгөөлөгчийн мөрдөн байцаалтын шатанд 2016 он 09 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан 4 заалт бүхий хүсэлтээс мөрдөн байцаагч 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 08:00 цагаас 09-ний 08:00 цаг хүртэл бүрэлдэхүүний гарын үсэг бүхий хуваарийг гаргуулах мөн тухайн хугацааны бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэсэн тухай рапорт буюу тайланг хуулбарлан хэрэгт хийх гэсэн хүсэлтийг хангаж бусад хүсэлтийг хангахаас татгалзан шийдвэрлэхдээ хүсэлтэнд дурьдагдсан ажиллагаа буюу жижүүрийн бүрэлдэхүүнийг томилсон хүснэгтийг гаргуулан хэрэгт хавсаргаж /хх-ийн 2-р хавтас 73-р хуудас/, жолооч нарын ажил хүлээлцсэн талаар ямар нэг бүртгэл рапорт баримт байдаггүй бөгөөд тухайн өдөр бензин авсан замын хуудсаар тооцоо хийдэг талаар тэмдэглэл үйлдэж, зам ын хуудсыг хавсаргасан. Амь хохирогч Ц.Баттулгын тухайн цаг хугацаанд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн гэрээт цагдаагийн тасагт жижүүрийн жолоочийн үүрэг гүйцэтгэж байсан болохыг бүрэн нотлон харуулж байна. Мөн 1-р  хавтаст хэргийн 67-73-р хуудаст амь хохирогч Ц.Баттулгын ажилд томилогдсон тушаал бусад баримтууд авагдсан байдаг.

 

Дээрх баримтыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчиж бэхжүүлсэн, үнэлэх боломжгүй гэж үзэх үндэслэлгүй бөгөөд өмгөөлөгчийн хүсэлтэнд дурьдагдсан асуудал хэрэг хянан шийдвэрлэхэд төдийлөн ач холбогдолтой бус юм. Анхан шатны шүүхээс энэ баримтуудыг нотлох баримтын хэмжээнд үнэлэх эсэх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой эсэх асуудлыг шүүх хуралдаанаар бусад нотлох баримтуудтай харьцуулан шинжлэн судалсны үндсэн дээр шийдвэрлэх боломжтой байхад дан ганц өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэн хэргийг шүүхэд шилжүүлэхээс өмнөх шатанд нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан нь үндэслэлгүй, илт нэг талыг баримталсан шийдвэр гэж үзэж байна.

 

Яллагдагч, түүний өмгөөлөгчийн хүсэлтийг мөрдөн байцаагч хуульд заасан хугацаанд шийдвэрлэж хариуг өгсөн ба хэргийн материалтай танилцах үед өмгөөлөгч “нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа нэр төдий явагдсан энэ талаар гомдол гаргана” гэсэн боловч тодорхой асуудал шалгуулах талаар дурьдаагүй, гомдол гаргаагүй, гомдол гаргах эсэх нь тодорхой бус байсан учир /хх-ийн 2-р хавтас 79-р хуудас/ хэргийг хуульд заасан журмын дагуу шүүхэд шилжүүлсэн.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 109 дүгээр зүйлд зааснаар яллагдагч, түүний өмгөөлөгч гомдол гаргах эрхтэй бөгөөд энэ хэргийг 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд шилжүүлсэн нь тэдний гомдол гаргах эрхийг хязгаарлаагүй болно.

 

Шүүхээс яллагдагчийн өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авч хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн 36.3.11-д заасан яллагдагчийн гомдол гаргах эрхийг хангаагүй гэснийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй, шүүхээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн заалтыг буруу баримталсан.

 

Иймд Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 377 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т заасныг удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор  дүгнэлтдээ:

 

Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах саналтай гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.Нямдорж нь 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Орхон аймгийн Баян- Өндөр сум Баянцагаан багийн нутаг “Эрдэнэт фүүдс” ХХК-ний урд талын төв зам дээр “Тоёото ланд круйзер 200” маркийн 11-88 УБО улсын дугаартай автомашиныг жолоодож туслах замаас төв зам руу орох хөдөлгөөн хийхдээ Замын хөдөлгөөний дүрмийн 7.7 дугаар  “жолооч гарцаар замд нийлэхдээ гэр замаар яваа тээврийн хэрэгсэлд , явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас төв замын зүүн талаас баруун чиглэлд явж байсан “Хьюндай соната-6” маркийн 83-14 ОРО улсын дугаартай суудлын автомашины жолооч Ц.Баттулга эсрэг урсгалд явж байсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн эзэмшлийн 93-15 ОРО улсын дугаартай “Краз” маркийн машинтай мөргөлдөж улмаар жолооч Ц.Баттулгын амь насыг хохироосон, улмаар зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3, 216 дугаар зүйлийн 216.2.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлжээ.

 

Анхан шатны шүүх мөрдөн байцаалтын шатанд яллагдагчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтээс зарим хэсгийг хангасан байх боловч тогтоолд дурьдсан ажиллагаа бүрэн хийгдээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн 36.3.11.д заасны дагуу мөрдөн байцаагчийн ажиллагаанд гомдол гаргах эрхийг нь хангаагүй гэсэн үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан байна.

 

Яллагдагч Ц.Нямдоржийн өмгөөлөгчийн мөрдөн байцаалтын шатанд гаргасан хүсэлтүүдийн зарим хэсгийг мөрдөн байцаагч хангахаар тогтоол гаргасан байгаа боловч тогтоолд дурьдсан ажиллагаанууд бүрэн хийгдээгүй байна. Тухайлбал:

 

2015 оны 12 дугаар сарын 08-ны 8.00 цагаас 19-ний өдрийн 8.00 цаг хүртэлх эргүүл хамгаалалтын үүрэг гүйцэтгэсэн бүрэлдэхүүний тайланг рапортын дэвтэрт үзлэг хийж, хуулбарлан авах, Эрдэнэт үйлдвэр, Цагдаагийн байгууллагын хооронд байгуулсан хамгаалалтын гэрээг хэрэгт нотлох баримтаар гаргуулж авах, гэрээнд цагдаагийн албаны машин эвдэрсэн тохиолдолд нөхөн хангах, засварлах талаар хэрхэн тусгагдсан зэрэг ажиллагаа дутуу хийгдсэн байна гэж үзэж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний 377 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах тухай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.ТУЯА                                                                                            

 

                           ШҮҮГЧИД                                                       З.ХОСБАЯР

 

                                                                                                     С.ЦЭЦЭГМАА