Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 00148

 

                 О.Норовсамбуу, Э.Оргил нарт холбогдох

                                         эрүүгийн хэргийн тухай

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Туяа даргалж, шүүгч З.Хосбаяр, С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй,

 

Шүүх хуралдаанд:  

 

           Прокурор                                           Б.Бүжинлхам

            Шүүгдэгч                                           О.Норовсамбуу  

            Шүүгдэгчийн өмгөөлөгч                Х.Оюунбат, С.Батмөнх-Очир  

            Хохирогч                                          Ш.Эрдэнэсайхан                  

            Нарийн бичгийн дарга                   Б.Ганчимэг  нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 96 дугаар шүүхийн тогтоолтой О.Норовсамбуу, Э.Оргил нарт холбогдох, 201514000022 дугаартай эрүүгийн хэргийг улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Орон сууц нийтийн аж ахуйн газарт монетор эдийн засагч ажилтай, ам бүл 1, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 4-26-57 тоотод оршин суух, Цэнзээ овогт Ойдовдоржийн Норовсамбуу. /РД:ЮВ88041235/

 

Монгол Улсын иргэн, 1987 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Залуус хотхон 23а-10 тоотод оршин суух, Чонос овогт Энхцэцэгийн Оргил. /РД:ЧЗ87030518/

 

Шүүгдэгч О.Норовсамбуу, Э.Оргил нь 2014 оны 12 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Урт булаг багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хур” зочид буудлын гадаа Р.Эрдэнэсайханыг танхайн сэдэлтээр буюу ямар нэг шалтаг шалтгаангүй бүлэглэн зодож биед нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 96 дугаар шүүхийн тогтоолоор:

 

Шүүгдэгч Э.Оргил, О.Норовсамбуу нарт холбогдох 201514000022 дугаартай эрүүгийн хэргийг Орхон аймгийн Прокурорын газраас нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж,

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2-д зааснаар хэргийг прокурорт очтол Э.Оргил, О.Норовсамбуу нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн камерын бичлэгийг хуулбарласан сиди 1 ширхэг, хохирогч Р.Эрдэнэсайханы рентгэн зураг 2 ширхэг, гэрч яллагдагч нарын харьцуулах шинжилгээнд зориулан авсан гэрэл зураг 13 ширхэг зэргийг хэргийн хамт хүргүүлж,

 

Энэ тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч болон дээд шатны прокурор хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.  

 

Улсын яллагч эсэргүүцэлдээ:

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 96 дугаар шүүхийн тогтоолоор 201514000022 дугаартай хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан “гэмт хэрэг гарсан байдал буюу гэмт хэргийг яаж үйлдсэн болох шүүгдэгч нарын үйлдэл, хамтран оролцсон оролцоо зэрэг нотлогдвол зохих зүйлүүдийг бүрэн шалгаж тогтоогоогүй, Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 103 дугаар тогтоолд заасан ажиллагааг бүрэн хангалттай хийгдээгүй хохирогч Р.Эрдэнэсайханы бие махбодид учирсан хохирлыг хэн, хэрхэн яаж учруулсан, хэргийг бүлэглэж үйлдсэн эсэхийг бүрэн шалгаж тогтоогоогүй гэх үндэслэлээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.1.2-т заасныг удирдлага болгон нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан.

 

Эрүүгийн 201514000022 дугаартай хэргийг Орхон аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцээд нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасны дагуу хэргийг хүлээн авч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 гэмт хэрэг гарсан байдал, 80.1.2 гэмт хэргийг хэн үйлдсэн, 80.1.5 гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг тогтоох дараах ажиллагааг явуулсан.

 

-2015.12.01-д гэрчээр Д.Дэлгэрцогтыг байцаасан /хх-ийн 447-р хуудас/

 

2015.12.01-.д гэрчээр М.Баяндэлгэрийг байцаасан /хх-ийн 448-449-р хуудас/

 

-2015.12.03-нд хохирогч Р.Эрдэнэсайханы биед нэмэлт шинжилгээ томилсон /хх-ийн 473-474-р хуудас/

 

-Дүгнэлт 2015.12.11-ний өдөр гарсан №09

 

-2015.12.05 гэрч М.Баяндэлгэрийн мэдүүлгийг газар дээр шалгах ажиллагаа /хх-ийн 450-453-р хуудас/

2016.12.06 гэрч П.Отгондавааг дахин байцаасан /хх-ийн 472-р хуудас/

 

-2015.12.11 хохирогч Р.Эрдэнэсайханыг дахин байцаасан /хх-ийн 454-р хуудас/

 

-2015.12.12 яллагдагч Э.Оргилын дахин байцаасан /хх-ийн 458-р хуудас/

 

-2015.12.12 яллагдагч О.Норовсамбууг дахин байцаасан /хх-ийн 464-465-р хуудас/

 

-2015.12.13 яллагдагч Э.Оргилын мэдүүлгийг газар дээр нь шалгасан /хх-ийн 459-463-р хуудас/

 

-2015.12.14 яллагдагч О.Норовсамбуугийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан /хх-ийн 466-471-р хуудас/

 

-2016.01.19-ний өдөр камерын бичлэгт хэсэгчилсэн үзлэг хийсэн /хх-ийн 498-р хуудас/

 

-2016.01.25 гэрч Д.Даваахүүг дахин байцаасан /хх-ийн 499-р хуудас/

 

-2016.02.03 гэрч М.Баяндэлгэрийг дахин байцаасан / хх-ийн 500-р хуудас /

 

-2016.01.29 гэрч Мижидийг байцаасан /гэрч Баяндэлгэрийн эцэг, хх-ийн 3-р хавтас 1-р хуудас/

 

-2016.01.31 гэрч Л.Гэрэлмааг байцаасан / гэрч М.Баяндэлгэрийн эх, хх-ийн 3-р хавтасны 3-р хуудас /

 

-2016.02.15 гэрч Эрхэмзаяаг байцаасан / хх-ийн 3-р хавтас 5-р хуудас/

 

-2016.02.12-ны өдөр яллагдагч Э.Оргилыг дахин байцаасан / хх-ийн 3-р хавтас 6-р хуудас /

 

-2016.02.08-ны өдөр ШШҮХ-д гэмтлийн талаар дахин шинжилгээ томилж 2016.03.01-ны өдөр № 247 дугаартай дүгнэлт гарсан /хх-ийн 3-р хавтас 11-р хуудас/ зэрэг болно.

 

Дээрхи мөрдөн байцаалтын ажиллагааны үр дүнд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол тодорхой тогтоогдсон.

 

-Шинжээчийн дүгнэлтээр “Р.Эрдэнэсайханы биед баруун 7-р хавирганы суганы дунд шугамаар далд хугарал, тархины доргилт, зүүн нүдний орчим болон цээжинд зөөлөн эдэд цус хуралт зэрэг гэмтэл үүсчээ. Уг гэмтлийн улмаас цээжний баруун хөндийд хий хуралдсан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Баруун 7-р хавирганы суганы дунд шугамаар далд хугарал нь уушгийг хатгаж цээжний хөндийд агаар хуралдалт үүсгэсэн нь гэмтлийн зэргийн зааврын 3.1.12-т заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана, тархины доргилт нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Зүүн нүдний орчим болон цээжинд зөөлөн эдэд цус хуралт нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Цээжний хөндийд агаар хуралдалт нь баруун талын 7-р хавирга хугарч уушгийг хатгасанаас үүссэн байна. Энэ нь 2014.12.21-нд цээж гэрэлд харахад баруун уушиг эгэмний шугам хүртэл шахагдсан, синуст бага зэргийн шингэнтэй байгаагаар оношлогдож байна. Хугарсан хавирга уушгийг хатган агаар, цус цээжний хөндийд хуримтлагджээ... Хугарсан хавирга уушгийг хатгасны улмаас агаар, цус цээжний хөндийд хуримтлагдсан бөгөөд энэ нь гэмтлийн зэргийн зааврын 3.1.12-т цээж, хэвлийн хөндийн эрхтэнүүд бяцрах, няцрах, тасрах, урагдах, задрах, үүний улмаас цээжинд агаар хуралдах бол уг заалтанд хамаарагдахаар заасан уушиг урагдах гэмтэлд хамаарагдсан гэмтэл үүссэн байна. Энэ нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд гэмтлийн зэргийн зааварт заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана...” гэснээр хохирогчид тухайн үед хүнд гэмтэлд учирсан бүрэн тогтоогдсон /хх-ийн 344-р хуудас /

 

-Мөн гэмт хэрэг үйлдэгдсэн байдал нь дээрхи гэрч, хохирогч, яллагдагч нарын мэдүүлэг, камерын бичлэгт хийсэн хэсэгчилсэн үзлэг зэрэг мөрдөн байцаалтын ажиллагаагаар бүрэн тогтоогдсон.

 

Хэргийн талаар тогтоогдсон нөхцөл байдлыг дурьдвал: 2014 оны 12 дугаар сарын 19-ний шөнө 24 цагийн орчим “Хур” зочид буудлын гадна хохирогч Р.Эрдэнэсайхан, Нямдорж нарыг шинэ жилийн арга хэмжээнд оролцоод харихаар такси барих гээд зогсож байхад яллагдагч О.Норовсамбуу эхлээд машинуудыг голоос хохирогчтой маргалдан зууралдаж гарч ирсэн, энэ үед тэдэн дээр яллагдагч Э.Оргил, гэрч М.Баяндэлгэр нар очиж М.Баяндэлгэр салгах зохицуулах үйлдэл хийж байхад улмаар Э.Оргил нь хохирогчийн толгойн тус газарт нэг удаа цохих үед түүний араас гэрч Ц.Нямдорж хоолой хэсгээр боож цааш татан авч явж харилцан зодолдсон. Энэ үед 2 талд зодоон болж эхэлсэн бөгөөд гэрч Нямдоржтой яллагдагч Э.Оргил зодолдож газар унах үед гэрч Дэлгэрцогт мөн хажууд зууралдаж цохилцож байх бөгөөд цаана хохирогч Р.Эрдэнэсайхан яллагдагч О.Норовсамбуу нарын зодоон болж буй хэсэг хохирогч нь гэрч М.Баяндэлгэрийн хөлнөөс зууралдаж байх үед түүнийг хажуугаар О.Норовсамбуу өшиглөж зодож салгасан улмаар гэрч М.Баяндэлгэр цаана зодоон болж буй хэсгээс наана болж буй зодооны буюу гэрч Нямдорж, Э.Оргил, Дэлгэрцогт нарын байгаа хэсэгт ирж Э.Оргилыг газраас босгон хувцсыг гөвж түүнийг цааш машин руу авч явах энэ үед хохирогч Р.Эрдэнэсайханыг хажууд түүнийг зодож байсан хүн хэд хэд удаа цээжэн тус газарт хүчтэй өшиглөж байгаа байдал тогтоогдсон. Гэрч, яллагдагч нарын мэдүүлгээр тухайн зодоон болох үед яллагдагч О.Норовсамбуу, Э.Оргил, гэрчээр асуугдсан М.Баяндэлгэр, Дэлгэрцогт нар байсан бөгөөд гэрч Д.Отгондаваа нь машин дотор согтуу унтаж байсан болох нь тогтоогдсон бөгөөд мөн наана болж буй гэрч Нямдоржтой зодолдсон зодооны үед яллагдагч Э.Оргилыг гэрч Нямдоржоос салган авч хувцсыг гөвж байгаа улаан хүрэн өнгийн куртиктэй хүн гэрч М.Баяндэлгэр, наана хохирогчийн хажууд үлдсэн, хэд хэдэн удаа өшиглөх үйлдэл хийж байгаа хүн яллагдагч О.Норовсамбуу болох нь хөтөлбөргүй тогтоогдсон. Энэ нь яллах дүгнэлтийн үндэслэл болгосон хохирогч Р.Эрдэнэсайханы “...Хэн гэдгийг харах боломж байгаагүй...хэсэг байсны дараа баруун талаас хавирга хэсэг рүү нэлээн олон өшиглөсөн, сүүлийн нэг өшиглөлт дээр хавирга нэг сонин дуугараад би амьсгалж чадахаа болоод барьцаа алдаад газар унаад бас толгой түрүүгээ хамгаалаад өнхөрсөн. Өнхрөхдөө буудлаас 5-17-р байрны чигтээ урагшаа өнхөрсөн. Толгой ертөнцийн зүгээр урагшаа харсан байрлалтай өнхөрсөн. Өнхрөхөд араас дагуулж хавирга сүвээ рүү хөөж ирээд 2 удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 291-292-р хуудас/

 

Гэрч М.Баяндэлгэрийн “...Оргилыг машины арын суудалд суулгаад эргээд харахад машины зогсоол дээр зогсож байсан машинуудын голд О.Норовсамбуу намхан нуруутай ах нар маргалдаад зогсож байхаар нь очсон. Миний араас Э.Оргил гарч ирээд машины голд байх намхан нуруутай ахыг цохьсон. О.Норовсамбуу бид хоёр Э.Оргилыг салгах гээд зууралдаж байхад нөгөө намхан нуруутай ах Э.Оргилоос зуураад салахгүй байсан. Бид нар машины зогсоолоос буудлын хашлага хүртэл зууралдаж байсан арай өндөр ах ирээд Э.Оргилыг татаад цохиод Э.Оргил эргэж хараад тэр ахтай зууралдаад нэг нэгнийгээ цохиод байсан. Мөн Юндэнгийн ах Дэлгэрцогт ирчихсэн Оргилыг цохиж байгаа арай өндөр нуруутай ахыг зуураад хоорондоо зодолдсон. Тэр үед намхан нуруутай ах миний хөлнөөс барьчихсан намайг тавихгүй байхад Норовсамбуу хажуу талаас намхан нуруутай ахын гарыг нь бариад миний хөлийг салгасан. Би намхан нуруутай ахаас салаад эргээд харахад Э.Оргил машины голд уначихсан байхаар очсон. Харин О.Норовсамбуу намхан нуруутай ахын хажууд үлдсэн. Би Оргилын хажууд очоод одоо боль гэж хэлж байхад Дэлгэрцогт ах арай өндөр нуруутай ахыг машины зогсоол дээр гараараа нүүр лүү нь түлхээд унагааж байсан. Тэр үед Норовсамбуу намхан нуруутай ахын байсан газарт зогсож харагдсан...Оргил, Дэлгэрцогт нар нэг хүнтэй зодолдож байхаар нь очиход миний ард О.Норовсамбуу хохирогчийг өшиглөж байгааг би анзаараагүй болохоор мэдэхгүй байна. Тухайн үед идэвхтэй хөдөлгөөнд орчихсон хоёр, гурван газар зодоон болсон болохоор би аль болох хурдан салгаад явахыг бодож байсан болохоор Норовсамбууг хохирогчийг цохиж байгааг хараагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 448-449-р хуудас/

 

Яллагдагч Э.Оргилын “...Тэгсэн нэг эрэгтэй хүн буудлын үүдний тэнд машинуудын завсраар Норовсамбуутай орилоод хэрэлдээд, Норовсамбуу тэр хүнийг заамдчихсан хоёулаа орилоод хэрэлдээд байсан. Тэгээд Баяндэлгэр бид хоёр гүйж очоод Баяндэлгэр салгах гээд дундуур нь гүйж ороод салгах гээд байж байхад би Норовсамбууг өмөөрөөд тэр хүний толгой хэсэр рүү нэг удаа цохичихсон. Шанаа хавьцаа нь цохьсон нэг хүн ирээд хойноос хоолой боогоод татаад 4, 5 алхам хавьцаа холдсон, бас нэг хүн бид хоёр дээр ирчихсэн намайг барьж авсан хүнийг цохиод , өшиглөөд байх шиг байсан. Тэр хүн бид хоёр хоёулаа согтуу хальтарч унаад байсан...Тэгээд Баяндэлгэр намайг тэр хүнээс салгаад чирээд машин руу аваачсан... Яг тэр зодоон болох үед би цамцтай явж байсан. Норовсамбуу пиджактай ойролцоо урттай хар дөрвөлжин оёдолтой хар куртиктэй, цэнхэр жинсэн өмдтэй байсан. Баяндэлгэр улаан хүрэн өнгийн хөндлөн оёдолтой богино куртиктэй, цайвар, саарал өнгийн бэлтгэлийн өмдтэй байсан... гэсэн мэдүүлэг / хх-ийн 301-303-р хуудас /

 

Камерын бичлэгт хэсэгчилсэн үзлэг хийсэн тэмдэглэл “...2014.12.20-ны 00:05:54 гэсэн бичигтэй 00:05:54 секунтэнд бичлэг эхэлж байх ба 00:08:35 секундэд зочид буудлын гадна урд талыг харуулж байх ба машины зогсоол дээр зогсож байсан машины голоор дээгүүрээ улаан хүрэн өнгийн богино куртик өмссөн эрэгтэй хүн өмссөн хувцас нь тодорхой харагдахгүй эрэгтэй хүнийг түрээд машины зогсоол руу явж байх тэр үед буудлын урд талд хар бараан өнгийн урт куртиктэй, саарал өнгийн өмдтэй залуу машины голоор явахад түүний араас намхан нуруутай саарал өнгийн куртиктэй эрэгтэй хүн очоод зогсож байсан машины голд очиход урд явж байсан хар бараан өнгийн урт куртиктэй, саарал өнгийн өмдтэй залуу эргэж хараад зууралдаж байхад 00:08:47 секундэд машины зогсоол дээр ертөнцийн зүгээр урагшаа харан зогсож байсан хар бараан өнгийн машины ар талын хаалганы гадаа зогсож байсан улаан хүрэн өнгийн куртиктэй цагаан саарал өмдтэй залуу гүйгээд машины голд зууралдаж байсан хоёр хүн дээр ирэх үед түүний араас машины зогсоолд ертөнцийн зүгээр урагшаа харан зогсож байсан хар өнгийн суудлын машины зүүн ард талын хаалганаас дээгүүрээ хар бараан өнгийн богино /куртик цамц нь мэдэгдэхгүй/ хувцастай, доогуураа бараан өнгийн өмдтэй эрэгтэй хүн бууж ирээд машины голд маргалдаж байгаа хүмүүс дээр очиж саарал өнгийн куртиктэй намхан нуруутай эрэгтэй хүнийг буудлын урд талын хашлаганы харалдаа хүртэл зууралдах үед хамт машины голд зууралдаж байсан хоёр эрэгтэй хүн зууралдаж очиход бараан өнгийн богино хувцастай хар бараан өнгийн өмдтэй залуу гараараа нэг хунийг нь цохиж байх үед саарал куртиктэй эрэгтэй хүн очиж араас нь зуурахад түүний араас хар өнгийн куртиктэй, бараан өнгийн өмд эрэгтэй хүн очоод урт саарал куртиктэй хүнтэй зууралдаж байсан эрэгтэй хүнийг хамт зууралдаж татаж байгаад 00:09:26 секундэд машины голд унаж байв. Тэр үед буудлын урд талын хашлаганы хажууд дээгүүрээ улаан өнгийн куртиктэй, доогуураа цагаан саарал өмдтэй эрэгтэйгийн хөлнөөс газарт хэвтсэн хувцас нь харагдахгүй эрэгтэй зуурчихсан байх ба хажууд нь урт хар бараан өнгийн куртиктэй саарал өнгийн өмдтэй эрэгтэй салгаж байх ба 00:09:32 секундэд улаан өнгийн куртиктэй эрэгтэй салгахад газарт нэг эрэгтэй хүн хэвтэж байх ба 00:09:35 секундэд улаан хүрэн өнгийн куртиктэй, цагаан саарал өнгийн өмдтэй эрэгтэй ертөнцийн зүгээр буудлын баруун талын хашлаганы хажуу талаас машины голд зууралдаж унасан хүмүүсийн зүг алхаж байхад ард талд нь хашлагын хажуу талд хэвтэж байсан эрэгтэй хүнийг хар өнгийн куртиктэй, саарал өнгийн өмдтэй эрэгтэй хүн нэг удаа хөлөөрөө хүчтэй савж өшиглөхөд газар хэвтэж байсан эрэгтэй хойшоо шидэгдэж байх ба хар өнгийн урт куртиктэй, саарал өнгийн өмдтэй хүн дахиад өшиглөх үед 00:09:36 секундэд машины зогсоол дээр байсан машины урд газар унасан хүмүүс босчихсон урт цагаан өнгийн куртиктэй залууг доогуураа хар өнгийн өмдтэй, дээгүүрээ бараан өнгийн цамцтай эрэгтэй хүн өшиглөх үед урт куртиктэй залууг хар өнгийн куртиктэй бараан өнгийн цамцтай эрэгтэй хүн татаад машины зогсоол дээр ертөнцийн зүгээр зүүн баруун тийш хараад гэрлээ асаагаад зогсож байсан машины зүг явахад араас нь урт саарал өнгийн куртиктэй эрэгтэй хүн дагаад явж байх үед буюу 00:09:38 секундэд буудлын баруун талаас дээгүүрээ улаан өнгийн богино куртиктэй, саарал өнгийн өмдтэй эрэгтэй хүн ирээд машины зогсоолын урд унаад босож ирсэн хар өнгийн өмдтэй, дээгүүрээ бараан өнгийн цамцтай эрэгтэйн хувцсыг гараараа гөвж байснаар хэсэгчилсэн үзлэгийг дуусгаж, оролцогч нар танилцуулав...” гэсэн /хх-ийн 486-р хуудас / зэрэг байна.

 

Иймд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдэгдсэн байдал боломжтой хэмжээгээр бүрэн тогтоогдсон байхад анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 заасан байдал тогтоогдоогүй, Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015.10.23-ны 103 дугаартай тогтоолд заасан ажиллагааг бүрэн хийгээгүй гэсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан хууль зүйн үндэслэлгүй, шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлага хангаагүй, хэрэгт цугларсан нотлох баримтанд үндэслэлтэй зөв үнэлэлт дүгнэлт хийгээгүй гэж үзэж байх тул Орхон аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 96 дугаартай шүүхийн тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т заасныг удирдлага болгон улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор  дүгнэлтдээ:

 

Эсэргүүцлээ дэмжиж байна. Шүүхийн тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн прокурорын газраас шүүгдэгч О.Норовсамбуу, Э.Оргил нарыг 2014 оны 12 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хур” зочид буудлын гадаа Р.Эрдэнэсайханыг танхайн сэдэлтээр буюу ямар нэг шалтаг шалтгаангүй бүлэглэн зодож биед нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5.д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Анхан шатны шүүх мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн биш хийгдсэн, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, ...хохирогчийн биед учирсан гэмтлийг хэн хэрхэн учруулсан, бүлэглэн үйлдсэн эсэхийг бүрэн шалгаж тогтоогоогүй байна гэж үзээд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан байна.

 

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдах ба хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хэргийг шийдвэрлэх боломжтой байхад үндэслэлгүйгээр хэргийг мөрдөн байцаалтанд буцааж шийдвэрлэсэн байна.

 

Тухайлбал хэргийн талаар мөрдөн байцаалтанд хийгдвэл зохих ажиллагаанууд хийгдсэн, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжтой байна. Иймд улсын яллагчийн эсэргүүцлийг хангаж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах тухай анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1.2, 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 96 дугаартай шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, О.Норовсамбуу, Э.Оргил нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

            2.Эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

           3. Улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авсугай.

 

           4. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурьдсугай

 

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.ТУЯА                                                                                            

 

 ШҮҮГЧИД                                                        З.ХОСБАЯР

 

                                                                              С.ЦЭЦЭГМАА