Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 777

 

 

 

 

 

Д.Отгонбаатарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Бадамцэцэг,

ялтан Д.Отгонбаатарын өмгөөлөгч Б.Манлайжав,

нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж, шүүгч Б.Мөнхбаяр, Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 133 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Д.Отгонбаатарын өмгөөлөгч Б.Манлайжавын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Д.Отгонбаатарт холбогдох 201525031177 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигонмарал овгийн Дашрэнцэнгийн Отгонбаатар, 1984 оны 12 дугаар сарын  30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 6-67 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: УС84123014/,

 

Д.Отгонбаатар нь 2015 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодис”-ын тухай конвенцийн 1 дүгээр жагсаалтанд багтсан метамфетамин, амфетамин, тетрагидроканнабинолын агууламж бүхий мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,

2015 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 19 цагийн үед мансуурсан үедээ Бүгд Найрамдах Франц Улсын иргэн Иммануэлле Бал /Emmanuelle Bal/-ыг Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 15 дугаар байрны 21 тоотод буюу гэрт нь хутга тулган хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж хүчиндэн, улмаар “ХААН” банкны виза карт, Айпод тоуч, “Ложитек” загварын чанга яригч, түлхүүр, бэлнээр 10.000 төгрөгийг дээрэмдэж, 1.340.750 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгөхгүй мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагаанд санаатайгаар саад учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн Прокурорын газраас: Д.Отгонбаатарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1, 147 дугаар зүйлийн 147.2, 192 дугаар зүйлийн 192.1, 245 дугаар зүйлийн 245.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар Нийслэлийн Прокурорын газраас Д.Отгонбаатарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 245 дугаар зүйлийн 245.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож,

Боржигонмарал овогт Дашрэнцэнгийн Отгонбаатарыг бусдыг хүч хэрэглэхээр заналхийлж хүчиндсэн, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн, метамфетамин, амфетамин, тетрагидроканнабинолын агууламж бүхий мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан гэм буруутай болохыг тус тус тогтоож,

Д.Отгонбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан Д.Отгонбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 жил хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг тус тус хөнгөн ялыг хүндэд нь багтааж биечлэн эдлүүлэх хорих ялыг нийт эд хөрөнгө хураахгүйгээр 6 жилийн хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Д.Отгонбаатарт оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Д.Отгонбаатарын цагдан хоригдсон нийт 328 хоногийг эдлэх хорих ялд нь оруулан тооцож, урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялын хугацааг 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн тоолж,

энэ хэрэгт битүүмжлэгдэн ирүүлсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн тарианы байж болох жижиг шилэн сав /хагарсан/ 1 ширхэг, шар өнгийн метал гинжний тасархай 1 ширхэг, улаан өнгийн даавуун ороолт 1 ширхэг, бор эрээн уяа 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн AD9768574 серийн дугаартай Монгол Улсын 5-тын мөнгөн дэвсгэрт 1 ширхэгийг Монгол банкинд хүргүүлж шийдвэрлэжээ.

 

Ялтан Д.Отгонбаатарын өмгөөлөгч Б.Манлайжав гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 133 дугаартай шийтгэх тогтоолын 3 дахь заалтаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1, 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 321 дүгээр зүйлийн 321.1.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан зарчим, хэм хэмжээг зөрчсөн, нотлох баримтгүйгээр хохирогчийн мэдүүлэгт тулгуурлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хохирогч Эммануэлле Бал хүчиндсэн гэж мэдүүлдэг. Харин болсон бодит байдлыг үзэж хараагүй, тухайн үйлдлийг хохирогчийн амнаас сонссон гэх шууд бус гэрч Б.Цэгц, Н.Оюунгэрэл нарын мэдүүлэгт тулгуурлан хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн гэж ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй. Хохирогчийн болон шууд бус гэрч нарын мэдүүлэг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 13043, 7893, 7892, 7897, 4218 тоот шинжээчийн дүгнэлтүүдээр няцаагдаж байна. Гэтэл шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг шийдвэрлэх хангалттай нотлох баримт болох дээрх шинжээчийн дүгнэлтүүдийг үнэлсэнгүй.

Мөн Д.Отгонбаатарын биед Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодис”-ын тухай конвенцийн 1 дүгээр жагсаалтанд багтсан метамфетамин, амфетамин, тетрагидроканнабинолын агууламж бүхий ямах ч бодис илрээгүй байхад шүүх борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан гэж дүгнэсэн нь бодит байдалтай нийцэхгүй байна. Учир нь: Д.Отгонбаатараас ямар ч сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй, хууль бусаар олж авсан үйлдэл байхгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, хадгалсан гэх обьктив талын үйлдлийг тодорхойлон заасан нь миний үйлчлүүлэгчийн обьектив талын үйлдэлтэй нийцэхгүй байх тул дээрх зүйл ангийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 133 дугаартай шийтгэх тогтоолын 3 дахь заалтын 126 дугаар зүйлийн 126.1, 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулсаныг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2, 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. Мөн Д.Отгонбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг хэрэглэн хөнгөрүүлж өгнө үү” гэв.

 

Прокурор Н.Бадамцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. Учир нь хохирогчийг хүчиндсэн гэх үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй маргадаг шалтгаан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “урагдалт болон гадны гэмтэл, эр бэлгийн эс илрээгүй” гэдэг дүгнэлтийг үндэслэж нотлогдохгүй байна гэдэг. Хохирогч халдлагад өртөсний дараа Цагдаагийн байгууллагад хандаж, шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулж, эмчид үзүүлсэн. Энэ хэрэг нь хоёр этгээдийн хооронд үйлдэгдсэн. Хохирогч мэдүүлэг өгч, энэ мэдүүлгээ шалгуулах гэж хуулийн байгууллагад хандаад явж байгаа байдлаар түүнийг үнэн зөв мэдүүлэг өгсөн гэж үзэж байна. Хохирогч “2-3 минут үргэлжлээд хүчиндэж дууссан” гэж мэдүүлдэг. Мөн хохирогч байнгын бэлгийн харьцаатай найз залуутай байсан гэдгээ хэлсэн учир хуучин урагдалттай байсан гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Ажлаа тараад гэртээ орж ирж байсан хүнийг орцонд нь хутга тулган хаалгыг нь онгойлгож гэрт нь ороод хүчиндсэн. Өмгөөлөгч хүч хэрэглэсэн ямар үйлдэл байгаа нь нотлогдохгүй байна гэж ярьж байна. Гэртээ ганцаараа байгаа гадаад улсын эмэгтэй хүнийг хоолойнд нь хутга тулгаж байгаа нь хүч хэрэглэж, заналхийлсэн үйлдэл гэж үзэж байна. Хохирогчийн бэлгийн халдашгүй байдалд халдсанаар энэ гэмт хэрэг төгсөж байгаа учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлд заасан төгс үйлдэгдсэн гэмт хэрэг гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүх энэ зүйл ангиар ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй. Хар тамхи мансууруулах бодистой холбоотой хэргийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг энэ удаагийн давж заалдах гомдолдоо ярьж байна. Д.Отгонбаатар нь “мансууруулах төрлийн бодис байнга хэрэглэдэг. Тухайн өдөр хэрэглэхгүй бол бие нь өвдөж, сульдаж байсан учир мөнгө олох зорилгоор хохирогчийг орцонд нь хүлээж байгаад гэнэт гадаад эмэгтэй ороод ирэхээр нь хутга тулгаж мөнгө олж авъя гэсэн сэдэлт санаа төрж энэ гэмт хэргийг үйлдсэн юм” гэж мэдүүлдэг. Д.Отгонбаатарын хэргээ хүлээсэн энэ мэдүүлэг нь хохирогчийг дээрэмдсэн гэмт хэрэг гарснаас 4 хоногийн дараа Д.Отгонбаатарыг олж шээсэнд нь тест тавьж үзэхэд мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн болох нь илэрсэн. Энэ нь шинжээчийн дүгнэлтээр давхар тогтоогдсон. Тухайн үед Д.Отгонбаатарын биед нэгжлэг хийхэд хохирогчоос дээрэмдэж авсан эд зүйл байснаас гадна мансууруулах төрлийн бодис агуулсан шилэн сав олдсон. Энэ шилэн сав нь шинжээчийн дүгнэлтээр амфетамин төрлийн мансууруулах төрлийн бодисны агууламжтай болох нь тогтоогдсон. Тэгэхээр Д.Отгонбаатарын өөрөө хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь бусад баримтаар нотлогдсон. Түүний шээснээс нь мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогдсон, гэмт хэрэг үйлдэгдэх гол шалтгаан нөхцөл нь мансууруулах бодис хэрэглэхтэй нь холбоотойгоор илэрсэн учир нотлогдохгүй байх, эргэлзээтэй байх нөхцөл байдал байхгүй. Хэрэг 1 жил 3 сарын хугацаанд мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдсэн. Бүх талаар шалгах ажиллагаа хийгдсэн. Хэрэгт авагдсан баримтуудаар үйлдсэн хэрэг нь нотлогдсон байгаа учир шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

ХЯНАВАЛ:

Д.Отгонбаатар нь 2015 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодис”-ын тухай конвенцийн 1 дүгээр жагсаалтанд багтсан метамфетамин, амфетамин, тетрагидроканнабинолын агууламж бүхий мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,

2015 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 19 цагийн үед мансуурсан байхдаа Бүгд Найрамдах Франц Улсын иргэн Иммануэлле Бал /Emmanuelle Bal/-ыг Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 15 дугаар байрны 21 тоотод түр буюу оршин сууж байсан гэрт нь хутга тулган хүч хэрэглэж, хүзүүний ороолтоор нь хүлж хүчиндсэн,

улмаар түүний “ХААН” банкны виза карт, Айпод тоуч, “Ложитек” загварын чанга яригч, түлхүүр, бэлнээр 10.000 төгрөгийг дээрэмдэж, улмаар гарч яван хохирогчийн картыг банкны АТМ машинд уншуулан 900.000 төгрөгийг бэлнээр авч, гэмт хэргийн улмаас 1.340.750 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь:

ялтан Д.Отгонбаатарын мөрдөн байцаалтын шатан өгсөн “...гаднаас хүн ороод ирвэл тэр хутгаар айлгаж байгаад хүмүүсээс мөнгө авья гэсэн бодол төрөөд нилээд удаан суусан. Учир нь би 2 жилийн өмнөөс “Айс” нэртэй хар тамхи хэрэглэж эхэлсэн ба тэр өдөр бас хэрэглэчихсэн байсан болохоор дахиж хэрэглэхгүй бол бие сулраад толгой эргээд байсан болохоор мөнгө олж “Айс” нэртэй хар тамхи худалдан авч хэрэглэхгүй бол болохгүй байсан. Гэтэл хэсэг хугацааны дараа гаднаас 40 орчим насны урьд нь харж байгаагүй гадаад эмэгтэй ганцаараа орж ирээд 2 давхарын шатаар эргэж гарч ирээд надтай “сайн байна уу” гэж мэндлэхээр нь би тавцан дээрээс нөгөө хутгаа авч баруун гартаа бариад тэр эмэгтэйг хаалгаа онгойлгоод орох үед нь тэр эмэгтэйг түлхээд гэр дотор нь ороод хаалгыг нь дотроос нь хаагаад хутгаа гаргаад ирсэн чинь тэр эмэгтэй надаас айгаад доошоогоо сөхрөөд суусан. Тэгэхээр нь би том өрөөнд татаж авчирч байгаад том буйдан дээр нь эргэж харуулж байгаад өөрийнх нь зүүсэн байсан улаан өнгийн ороолтоор гар хөл хоёрыг нь хооронд нь холбож уяад түүний халаасыг шалгаж үзэхэд түүний өмдний халаасанд бүхэл 10.000 төгрөг 1 ширхэг, 100-тын дэвсгэрт 2, 3 ширхэг байхаар нь аваад халаасандаа хийсэн. Тэгээд цаад талынх нь өрөөнд орж бэлэн мөнгө бас үнэт зүйлс хайтал байхгүй байсан учир эргээд том өрөөнд орж ирээд ширээн дээр байсан тэр эмэгтэйн цүнхийг онгойлгож түрийвчин доторхийг үзэхэд бэлэн мөнгө байхгүй, харин “Хаан” банкны карт байхаар нь авсан. Тэр хугацаанд тэр гадаад эмэгтэй том өрөөний орон дээр доошоо хараад хэвтэж байсан ба би дахиад авч гарах зүйлс хайхад зурагтны хажуу талын тавиур дээр хар өнгийн “ай под тоуч” байхаар нь аваад хөргөгчнөөс цэвэр ус байхаар нь авч уучихаад текен дээр байсан жимснээс 1 ширхэгийг авч идээд гарсан. Гарахдаа том өрөөний ширээн дээр байсан модон бор өнгийн гэртэй 1 ширхэг түлхүүрийг аваад гарсан. Түлхүүр авч гарах болсон шалтгаан нь би эргэж ирж тэр эмэгтэйн хүлээсийг нь тайлчихдаг юм билүү гэж бодоод авч гараад “Ард” кино театрын “Хаан” банкинаас уг картнаас 800.000 төгрөгийг авчихаад буцаж гэрт нь очиж хүлээсийг нь тайлахаар очиход тэр эмэгтэйн гэрийнх нь хаалга нь онгорхой байсан. Тэгэхээр нь би буцаж гараад “Алтай” центрийн 1 давхарт байрлах “Голомт” банкны бэлэн мөнгөний машинаас 100.000 төгрөгийг нь авсан. ...Би 2013 оноос эхэлж “Айс, Канабис, Марихуан” зэргийг хэрэглэж эхэлсэн. Ер нь бол байнга хэрэглэдэг. Хамгийн сүүлд гэхэд өчигдөр хэрэглэсэн.” гэх мэдүүлэг /хх1, х84-85/,

“...Энэ хэрэг болохоос 2 өдрийн өмнө би “Айс” буюу “Мөс” гэх мансууруулах төрлийн бодисыг хэрэглэсэн байсан юм. Би эхлээд цавуу үнэртэж байгаад сүүлдээ мансууруулах төрлийн “Мөс”-ийг хэрэглэдэг болсон. Энэ сүүлийн 3 жил үргэлжилж байгаа юм. ...цагдаагийн байгууллагад баригдах үед миний биеэс уг жижиг шил гарсан. Гэхдээ уг шил хоосон байсан. Тухайн шилэн дотор “Мөс” буюу “Айс”-ийг хийгээд доороос нь галаар халааж гарсан уурыг нь хуйлсан мөнгөн тэмдэгтээр сорж тамхи шиг татаж хэрэглэдэг юм. Би ийм байдлаар баригдахаасаа 1 хоногийн өмнө уг шилийг ашигласан байсан юм.” гэх мэдүүлэг /хх1, х167-168/,

хохирогч Эммануэлле Бал /Emmanuelle Bal/-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Миний өмсөж явсан жинсэн өмдийг шилбэ хүртэл минь тайлсан. Бусад хувцсыг минь тайлаагүй. Миний улаан өнгийн ороолт бол маш их урт байгаа юм. Д.Отгонбаатар миний араас орж ирээд миний зүүлттэй байсан ороолтыг тайлалгүйгээр ард унжсан хэсгээр нь миний хоёр гарыг ар талд хүлсэн. Тэгээд өмдийг минь шилбэ хүртэл шувтлаад хүчиндсэн. Хүчиндсэн хугацаа нь 2-3 минут болсон байх. Би тэр залууг дур тавьсан эсэхийг мэдэхгүй байна. Тэгээд тэр залуу намайг хүчиндчихээд миний өмдийг өөрөө татаж өмсүүлсэн. Гэхдээ өмд товчлоогүй, урд цахилгааныг нь татаагүй орхисон” гэх мэдүүлэг /хх1, х226-228/,

гэрч Н.Оюунгэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би гэртээ өөрийн хүү Б.Цэгцийн хамт байж байтал удалгүй орцонд эмэгтэй хүн чарлаад хашгираад шатаар өгсөж байгаа чимээ гарсан. Тэгэхээр нь би охиноо янз бүрийн юм болсон юм байх гэж бодоод хаалга онгойлгоод хартал шатаар доороос нэг эмэгтэй хүн хүзүүгээрээ улаан өнгийн ороолтоор ороочихсон, гарыг нь ард нь хүлчихсэн гартаа нэг том хутга барьчихсан шатаар өгсөөд гарч ирж байсан. Тэгээд би араас нь хүн гараад ирж магадгүй гээд айгаад шууд гэртээ оруулсан. Тэгээд тэр эмэгтэй гадаадаар яриад хашгираад байсан болохоор хүүгээсээ асуутал манай хүү “та англиар ярих уу” гэхэд нөгөө гадаад эмэгтэй англиар яриад манай хүүтэй ойлголцоод байсан. Манай хүү хэлэхдээ тэр эмэгтэй “намайг хүн дээрэмдчихлээ, цагдаа дуудаад өгөөч” гэж хэлсэн гэсэн. Тэгээд би 19 цаг 53 минутанд цагдаа руу дуудлага өгсөн. Тэгээд цагдаа ирсэн.” гэх мэдүүлэг /хх1, х16, х33/,

гэрч Б.Цэгцийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...ээж Н.Оюунгэрэлийн хамт байхад орцонд хүн орилох шиг чимээ гарсан юм. Тэгтэл ээж гэрээс гараад орцонд байж байгаад манай доод давхарт амьдардаг Франц Улсын иргэн Эммануэлле нь хоёр гараа ороолтоор хүлүүлсэн байдалтай, /аль гарыг нь санахгүй байна/ гартаа цагаан өнгийн иштэй хутга барьчихсан францаар олон юм хэлээд байсан. Тэгэхээр нь би “Англиар ярьж чадах уу” гэж асуухад “чадна” гээд англиар “...намайг хүчирхийлсэн, надад туслаач, миний хүлээсийг тайлаад өгөөч” гэж хэлэхэд нь хүлээсийг нь тайлж өгөөд тайвшруулаад гэртээ түр байлгахад “миний утас, кредит карт, ай пад зэргийг авсан, би дансаа хаалгах хэрэгтэй байна. Миний гэрт хамт ороод утсаараа хэлээд миний дансыг хаагаад өгөөч” гэж хэлж байсан юм. Тэгэхээр нь тэр эмэгтэйн хамт гэрт нь ороход Эммануэлле нь цүнхнээсээ банкны холбоотой материал гаргаж ирээд энэ утас руу залгаад миний дансыг хаалгаад өгөөч гэж хэлсэн. Тэгэхэд ээж араас орж ирж утсаараа банк руу залгаад дансыг нь хаалгаж өгсөн юм” гэх мэдүүлэг /хх1, х19-20, х36-37/,

“...Тэр эмэгтэй хар хөх өнгийн жинсэн өмд өмссөн, тэлээ нь болон өмдний урд талын цахилгаан нь онгорхой байдалтай байсан” гэх мэдүүлэг /хх1, х234-235/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн “...Шинжилгээнд ирүүлсэн Д.Отгонбаатарын биеэс авсан гэх шээс шинжилгээнд тэнцэнэ. Шилжилгээнд ирүүлсэн Д.Отгонбаатарын биеэс авсан гэх шээсэнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис болох каннабис, метамфетамин, амфетамин-ны агууламж илэрсэн байна. Шинжилгээнд ирүүлсэн шээсний тесттэй тус лабораторид ашиглаж буй тестын үзүүлэлтүүд тохирч байна. Каннабис – олсны ургамал, метамфетамин, амфетамин нь синтетик гаралтай бодис ба Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодис”-ын тухай конвенцийн 1 дүгээр жагсаалтанд багтдаг.” гэх 8072 тоот шинжээчийн дүгнэлт /хх1, х68/,

“...Шинжилгээнд ирүүлсэн 3.5 см хэмжээтэй жижиг шилнээс метамфетамины агуулга илэрч байна. Энэ бодис нь Нэгдсэн Үндэсний байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодис”-ын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг болно. AD9768574 серийн дугаартай 5-тын мөнгөн дэвсгэртээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агуулга илрээгүй.” гэх 8400 тоот шинжээчийн дүгнэлт /хх1, х74/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын “...Д.Отгонбаатар нь 2 жилийн өмнөөс сэтгэцэд идэвхит бодисуудыг хэрэглэж эхэлж байсан байна. Одоо Д.Отгонбаатар нь олон төрлийн сэтгэцэд идэвхит бодисын хамааралтай байна. Д.Отгонбаатар нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Д.Отгонбаатар нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Д.Отгонбаатар нь Каннабис, Амфетамин зэрэг сэтгэцэд идэвхит бодисын хамааралтай байна. Д.Отгонбаатар нь эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. Д.Отгонбаатар нь олон төрлийн сэтгэцэд идэвхит бодисын хараат байдлын хам шинжтэй байна. Мансууруулах сэтгэцэд идэвхит бодисын хамааралтай, мансууруулах сэтгэцэд идэвхит бодисын донтолттой хоёрын ялгааг шинжилгээгээр тодруулах боломжгүй юм” гэх 117 тоот шинжээчийн дүгнэлт /хх1, х239-241/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх1, х4-6/, гэрэл зургийн үзүүлэлт /хх1, х7-10/ зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогджээ.

Мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт шалгавал зохих байдлыг бүрэн шалгасан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр Д.Отгонбаатарын үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, түүний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон ял шийтгэл оногдуулан Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

 

Ялтан Д.Отгонбаатарын өмгөөлөгч Б.Манлайжавын гаргасан “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1, 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулсныг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг хэрэглэн хөнгөрүүлж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Учир нь Д.Отгонбаатар нь мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, улмаар уг бодисыг хэрэглэж мансуурсан үедээ хохирогч Эммануэлле Балын гэрт нь хүчээр дайран орж эд хөрөнгийг нь дээрэмдэх явцдаа түүнийг хүч хэрэглэн хүчиндсэн болох нь хохирогчийн болон гэрч Н.Оюунгэрэл, Б.Цэгц нарын мэдүүлгүүд, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд тэрээр удаа дараагийн мэдүүлэгтээ “2013 оноос эхэлж “Айс, Канабис, Марихуан” зэргийг хэрэглэж эхэлсэн, Ер нь бол байнга хэрэглэдэг. Хамгийн сүүлд гэхэд өчигдөр хэрэглэсэн. Энэ хэрэг болохоос 2 өдрийн өмнө би “Айс” буюу “Мөс” гэх мансууруулах төрлийн бодисыг хэрэглэсэн байсан юм. Би эхлээд цавуу үнэртэж байгаад сүүлдээ мансууруулах төрлийн “Мөс”-ийг хэрэглэдэг болсон.” гэж мэдүүлсэн байх бөгөөд уг мэдүүлгүүд нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 8072, 8400 тоот дүгнэлтүүдээр давхар нотлогдож байна.

 

Анхан шатны шүүхээс Д.Отгонбаатарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүнд гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж ял оногдуулсан талаараа зохих дүгнэлт хийсэн байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг хэрэглэж оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэх боломжгүй гэж үзлээ.

 

Мөн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2843 дугаар шүүгчийн захирамж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 25, 398 дугаар магадлалуудад заасан хэргийг мөрдөн байцаалтад буцааж байсан үндэслэлүүд биелсэн гэж үзэв. Учир нь ялтан Д.Отгонбаатарын хар тамхи олж авч хэрэглэсэн гэх эх сурвалжийг тогтоох чиглэлээр мөрдөн байцаалтын шатанд бүхий л ажиллагааг хийсэн боловч сэжигтэн, яллагдагчаар татагдвал зохих этгээд тогтоогдоогүй байна. Д.Отгонбаатарт холбогдох эрүүгийн 201525031177 дугаартай хэргээс                  “Монгол Улсад мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар худалдан борлуулдаг байж болзошгүй” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт зааснаар “201601000149” дугаартай хэрэг үүсгэн тусгаарласан нь зөв болжээ.

 

Д.Отгонбаатар нь мөрдөн байцаалтын шатанд зөрүүтэй, худал мэдүүлэг өгч мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагаанд санаатай саад учруулсан үйлдэлд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийж гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж Э рүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Дээрх үндэслэлүүдээр ялтан Д.Отгонбаатарын өмгөөлөгч Б.Манлайжавын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 133 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Д.Отгонбаатарын өмгөөлөгч Б.Манлайжавын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл эрх бүхий этгээд 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                                

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.ЗОРИГ

                                 ШҮҮГЧИД                                                          О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                                                                                            Ц.ОЧ