Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мөнхөөгийн Пүрэвсүрэн |
Хэргийн индекс | 105/2016/0175/э |
Дугаар | 772 |
Огноо | 2016-12-01 |
Зүйл хэсэг | 096.1., |
Улсын яллагч | Б.Энхтуул |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 772
С.Тулгабаатарт холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Энхтуул,
ялтан С.Тулгабаатарын өмгөөлөгч М.Энхжаргал, Б.Бат-Ерөөлт,
хохирогч Х.Цэцэгмаа,
нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, С.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2016 оны 10 дугаар сарын 10-ний өдрийн 178 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан С.Тулгабаатар, түүний өмгөөлөгч М.Энхжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн С.Тулгабаатарт холбогдох 201625012790 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Боржигон овгийн Сэр-Одын Тулгабаатар, 1980 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6; эхнэр, хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Орхонтуул сум, 1 дүгээр багийн “Рашаант хөдөө” гэх газарт оршин суух,
2009 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 336,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө хурааж 2 жил 6 сар хорих ял оногдуулж, уг хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан. /регистрийн дугаар: МК80042216/
С.Тулгабаатар нь 2016 оны 7 дугаар сарын 30-ны өглөө 09 цаг 45 минутын орчим Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, “Дунд Дарь-Эх”-ийн 39-1962 тоотод эхнэр Х.Цэцэгмаатай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа толгойн тус газарт нь сүхээр цохиж “дух ясны баруун хэсгээс баруун нүдний ухархайн дээд хана суурийн хөндий рүү үргэлжилсэн шугаман хугарал, хугарлын харалдаа хатуу хальсан дээрх цус хуралт, субарахнойдаль зайнуудад цус харвалт, духанд шарх, зулгаралт” бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас С.Тулгабаатарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: С.Тулгабаатарыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 6 жил хорих ял оногдуулж, уг ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, цагдан хоригдсон 70 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг, С.Тулгабаатар Х.Цэцэгмаагийн эмчилгээний зардалд 900,000 төгрөг төлсөн болохыг, хохирогч Х.Цэцэгмаа цаашид гарах гэм хорын хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн модон иштэй төмөр сүхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж шийдвэрлэжээ.
Ялтан С.Тулгабаатар давж заалдах гомдолдоо: “... эхнэр Х.Цэцэгмааг сүхээр цохиж биед нь хүнд гэмтэл учруулсандаа үнэхээр гэмшиж байна. 2003 онд эхнэр бид хоёр гэр бүл болж, 4 хүүхдийн эцэг, эх болсон... Би малчин хүн. Малаа банкны зээлэнд өгөөд дууссан бөгөөд 2015 онд Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын “ХААН” банкнаас байгаа хөрөнгө болох Сэлэнгэ аймгийн Сайхан суманд байрлах нэг өрөө байраа барьцаалан зээл авсан. Зээл төлөх хугацаа хэтэрч, хүү нь 11,000,000 төгрөг болсон. Ар гэрт надаас өөр ажил хийдэг хүн байхгүй. Байр маань хураагдах болоод байна. Хохирогч гомдол саналгүй болсон. Эхнэр бид хоёрын таарамжгүй харьцааны улмаас хэрэг гарсанд маш их харамсаж, гэмшиж байгааг харгалзан үзэж ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэжээ.
Ялтан С.Тулгабаатарын өмгөөлөгч М.Энхжаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлд “Хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг яллах ба цагаатгах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх ба хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүрэгтэй”, “гэм бурууг өөрөөр нь нотлуулахаар шаардах эрхгүй” гэж заасан зарчмыг үндэслээгүй гэж үзэн гомдол гаргаж байна. Учир нь:
1. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг анхаарч үзсэнгүй. Тухайлбал хохирогчийн зүй бус ажиллагаа, гэр бүлийн гишүүдийн хувийн таарамжгүй харьцаа, эхнэр, нөхөр хоёрын хардалт болон хохирогч Х.Цэцэгмаа “ерөнхийдөө бид хоёр сүүлийн хэдэн жил өрөнд ороод гэр бүлийн таарамжгүй харьцаатай, жижиг хэрүүлтэй байдаг байсан” /хх-29-31/, шүүхийн хэлэлцүүлэгт “нөхөр С.Тулгабаатар нь урьд өмнө намайг зодож байгаагүй” гэж мэдүүлснийг шүүх ял оногдуулахдаа харгалзан үзээгүй.
2. С.Тулгабаатар, Х.Цэцэгмаа нар 4-өөс 13 насны 4 хүүхэдтэй, эхнэр нь ажилгүй, С.Тулгабаатар олон жилийн хорих ял авсанд ард нь үлдэж байгаа хүүхдүүдийн ирээдүй, ажилгүй эхнэр нь зах зээлийн энэ хүнд нийгэмд яаж амьдрах хувь заяаг анхаарч үзээгүй.
3. С.Тулгабаатар нь анх удаа шийтгүүлж байгаа, бусдад төлөх төлбөргүй, хохирлыг бүрэн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа. Иймд хэргийн нөхцөл байдлыг зөвөөр үнэлж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасны дагуу хорих ялын хэмжээг багасгаж, дэглэм бууруулж өгнө үү” гэв.
Хохирогч Х.Цэцэгмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С.Тулгабаатар бид хоёр олон жил хамт амьдарсан. 4 хүүхэдтэй бөгөөд хүүхдүүд маань бага балчир, амьдрал хүнд байна. С.Тулгабаатарт оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.
Ялтан С.Тулгабаатарын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол болон хэргийн зүйлчлэл, гэм буруугийн тал дээр маргахгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлээс үзвэл Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах нь шүүхийн эрх хэмжээний асуудал байна. С.Тулгабаатарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, төлөх хохирол төлбөргүй, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэж оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.
Прокурор Б.Энхтуул тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэлтэй гарсан тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү. С.Тулгабаатарт оногдуулсан ял шийтгэл тохирсон гэж үзэж байна” гэв.
ХЯНАВАЛ:
С.Тулгабаатар нь 2016 оны 7 дугаар сарын 30-ны өглөө 09 цаг 45 минутын орчим Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, “Дунд Дарь-Эх”-ийн 39-1962 тоотод эхнэр Х.Цэцэгмаатай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа толгойн тус газарт нь сүхээр цохиж “дух ясны баруун хэсгээс баруун нүдний ухархайн дээд хана суурийн хөндий рүү үргэлжилсэн шугаман хугарал, хугарлын харалдаа хатуу хальсан дээрх цус хуралт, субарахнойдаль зайнуудад цус харвалт, духанд шарх, зулгаралт” бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
- хохирогч Х.Цэцэгмаагийн: “... 2016 оны 3 дугаар сард Улаанбаатар хотод ажил хийхээр төрсөн ах Х.Сайнхүүгийн гэрт ирсэн юм... 2016 оны 7 дугаар сарын 12-нд Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд хүүхдүүдээ эргэхээр ээжийн гэрт очсон байхад нөхөр С.Тулгабаатар архи ууж ирээд намайг хардаж, шөнөжингөө унтуулаагүй болохоор буцсан... 2016 оны 7 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө ажлаа тараад гэртээ хариж яваад автобусны буудал дээр С.Тулгабаатартай тааралдсан... С.Тулгабаатар намайг хардаж, “мөнгө төгрөг өг”, “би бага охиноо аваад алга болно” гэх мэтээр маргалдсан... өглөө С.Тулгабаатар миний хажууд ирж сууснаа үснээс зулгаагаад байсан... С.Тулгабаатартай ярилцаад сууж байхдаа “архи дарс уусан үедээ яах гэж намайг дарамталж байдаг юм бэ, намайг утсаар дарамталдаг ингэж амьдарч яахав дээ, чи хүүхдүүдийн сургууль орох гэж байхад ажил төрөл хийхгүй бол” гэж хэлээд маргалдаж байгаад... үүдний амбаарт шүдээ угаах гээд зогсч байгаад эргээд хартал С.Тулгабаатар сүх далайж байсан. Тэгээд би яасныг мэдэхгүй...” /хх-29-31/,
- гэрч С.Буяннэмэхийн: “... байшингийн үүдний амбаарт “түг, түг” гэсэн дуу гарахаар нь очоод хартал эгч Х.Цэцэгмаагийн толгойноос цус урссан байдалтай газар хэвтэж байсан. Түүний нөхөр С.Тулгабаатар гадаа байшингийн урд сүх барьчихсан “Цээгий эгчийг чинь би алчихлаа, миний амьдрал дууссан” гэж хэлээд зогсч байсан...” /хх-32-33/
- С.Тулгабаатарын яллагдагчаар өгсөн: “... эхнэр Х.Цэцэгмаа босоод цай чанаж байх хоорондоо манай ах, дүү нарыг үзэхгүй тухайгаа хэлж, 4 хүүхдээ аваад сална гэж элдвээр доромжилж байгаад үүдний амбаарт шүдээ угаагаад зогсч байхаар нь уучлалт гуйгаад нуруун дээр нь үнсэх гэтэл “цаашаа бай” гэхээр нь гэнэт уур хүрээд хаалганы зүүн хананд босоогоор нь байрлуулсан модон иштэй сүхийг аваад эхнэр Х.Цэцэгмааг цохьсон...” /хх-70/ гэх мэдүүлгүүд,
- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн “хохирогч Х.Цэцэгмаагийн биед дух ясны баруун хэсгээс баруун нүдний ухархайн дээд хана, суурийн хөндий рүү үргэлжилсэн шугаман хугарал, хугарлын харалдаа хатуу хальсан дээрх цус хуралт, субарахнойдаль зайнуудад цус харвалт, духанд шарх зулгаралт, баруун дээд зовхи, умдаг, зүүн цавинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, уруулд зулгаралт” бүхий хүнд зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн №10668 дугаар дүгнэлт /хх-50/ зэрэг болон хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдсон талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн байна.
Мөрдөн байцаалтын шатанд байцаан шийтгэх ажиллагааны оролцогчдын эрхийг бүрэн хангасан, шүүх хэргийг хянан хэлэлцэхэд саад болох ноцтой зөрчил гараагүй. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй, шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэв.
С.Тулгабаатарт оногдуулсан хорих ял түүний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон байх тул “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийг хэрэглэн тухайн гэмт хэрэгт оногдуулах ялыг доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж өгнө үү” гэсэн ялтан С.Тулгабаатар, түүний өмгөөлөгч М.Энхжаргал нарын давж заалдах гомдлуудыг хангах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 178 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан С.Тулгабаатар, түүний өмгөөлөгч М.Энхжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ
М.ПҮРЭВСҮРЭН