Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энэбишийн Золзаяа |
Хэргийн индекс | 101/2022/00952/И |
Дугаар | 210/МА2022/01483 |
Огноо | 2022-08-10 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 210/МА2022/01483
2022 08 10 210/МА2022/01483
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2022/02678 дугаар шийдвэртэй,
Д.Б-ийн нэхэмжлэлтэй
М.О-, Г.Б- нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 15,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,
Зээлийн гэрээ болон гэрээний нэмэлт өөрчлөлтүүдийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранчимэг, Ч.Баярлах, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Чинбат, хариуцагч М.О-ийн өмгөөлөгч Д.Саранчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Д.Б- нь 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Г.Б-, М.О- нартай зээлийн гэрээ байгуулж, 4,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 4 хувийн хүү төлөх нөхцөлтэйгээр зээлдүүлсэн. Д.Б- нь 4,000,000 төгрөгийг зээлдэгч нарт нотариатчийн өрөөнд бэлнээр хүлээлгэж өгсөн.
Талууд 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр дээрх зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, зээлийн гэрээний хугацааг 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл сунгасан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргийг өнөөдрийг хүртэлх хугацаанд огт төлөөгүй бөгөөд 60 сарын хугацааны хүү 9,600,000 төгрөг болсон.
Зээлийн гэрээний 3 дахь хэсэгт Зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.5 хувиар алданги тооцно гэж тохиролцсон. Алданги нь 1 хоногийн 20,000 төгрөг ба үүргээ биелүүлээгүй хугацаа болох 100 хоногт 2,000,000 төгрөг болж байна.
Иймд хариуцагч нараас үндсэн зээл 4,000,000 төгрөг, зээлийн гэрээнд бодогдсон хүү 9,600,000 төгрөг, алданги 2,000,000 төгрөг, нийт 15,600,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
2. Хариуцагч М.О-, Г.Б- нарын татгалзал, тайлбарын агуулга: Бид 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Д.Б-ээс 4,000,000 төгрөгийн нотариатын өрөөнд бэлнээр аваагүй. Тухайн үед нотариат дээр очиж гэрээнд гарын үсэг зурсан, мөнгө өгсөн, авсан зүйл байхгүй.
Д.Б- нь өмнө авсан зээлийн хүү гэж 4,000,000 төгрөг нэхдэг. Өмнөх зээлийн хүүг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь өмнө нь Д.Б-ээс 20,000,000 төгрөг зээлсэн ба түүнээс зээлсэн мөнгөө төлөхийн тулд хашаа байшингаа барьцаанд тавьж, зээл авч, түүнд 39,000,000 төгрөг болгон төлсөн.
Бид 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Д.Б-ээс мөнгө аваагүй учир тул 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийг зөвшөөрөхгүй байна.
3.Хариуцагч М.О-ийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга: Д.Б-ээс 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 4,000,000 төгрөгийг нотариатын дэргэд бэлнээр аваагүй. Хариуцагч нь 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээ, 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн болон 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтүүдэд гарын үсэг зурсан боловч тухайн үед бид ярилцаад өмнөх зээлийн гэрээний үлдэгдэл гэж ойлгосон. Д.Б- гарын үсэг зур гэсэн учраас нарийн нягталж үзэлгүй, өмнөх зээлээс үлдсэн байна гэж буруу ойлгон гарын үсэг зурсан.
Тухайн зээлийн гэрээнүүдийг нөхөж хийсэн учраас хүчин төгөлдөр бус гэж тооцож өгнө үү.
4.Нэхэмжлэгчийн татгалзал, тайлбарын агуулга: 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр, тухайн өдөр талууд уулзаад нотариатаар ороод хүлээн зөвшөөрөөд 4,000,000 төгрөг бэлнээр өгөөд гарын үсэг зурсан. Иймээс зээлийн гэрээ хүчин төгөлдөр, мөн 2017, 2019 оны зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийг талууд харилцан тохиролцож сунгасан тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.О-, Б.Батбаяр нараас 15,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Б-ийн нэхэмжлэлийг, нэхэмжлэгч Д.Б-эд холбогдуулан гаргасан 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээ, 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн болон 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтүүдийг тус тус хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай хариуцагч М.О-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Д.Б-ийн төлсөн 235,950 төгрөгийг, хариуцагч М.О-ийн төлсөн 235,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараахь үндэслэлээр эс зөвшөөрч байна.
6.1 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Зээлийн гэрээ-ний 5 дугаар зүйлд гэрээний нэмэлт нөхцөлд зээлийг бэлнээр хүлээлцсэн гэж бичиж зээлийн гэрээг талууд гаурын үсгээ зурсан, нотариатч хөндлөнгийн гэрчийн үүргийг гүйцэтгэсэн. Зээлдэгч Г.Б-, М.О- нар нь мөнгийг бэлнээр хүлээн авсан учир гарын үсгээ зурж, нотариатч үүнийг гэрчилсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар бүрэн нотлогдож байна.
6.2. Нэхэмжлэгчийн талаас 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр гэрчээр 257 дугаар тойргийн нотариатчийг оролцуулах хүсэлтийг гаргасан. Гэтэл шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 101/Ш32022/14420 тоот захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан хүсэлтийг хангахаас татгалзсан нь үндэслэлгүй болсон. Тэгсэн атлаа хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийг зээлийн гэрээний дагуу 4,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн гэдгээ баримтаар нотлоогүй гэж дүгнэж буй нь хэт нэг талд ажиллаж, хэргийг шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Мөн хариуцагч нарын зүгээс Зээлийн гэрээ-ний 5 дугаар зүйлд заасны дагуу зээлийг бэлнээр хүлээн аваагүй гэдгээ баримтаар нотлоогүй бөгөөд үгүйсгэсэн баримтыг гаргаж өгөөгүй. Гэтэл шүүгчийн зүгээс нэхэмжлэгчийг л зөвхөн буруутгаж, нэхэмжлэгчээс дангаар нотлох баримтыг шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.
6.3. Зээлдэгч Г.Б-, М.О- нар нь эрх зүйн бүрэн чадамжтай, хийсэн үйлдлийнхээ учир холбогдлыг бүрэн ухамсарлаж, ойлгох чадвартай этгээдүүдийн талд шийдвэрлэсэнд нэхэмжпэгчийн зүгээс гомдолтой байна.
Хариуцагч нар нь Зээлийн гэрээ-ний 5 дугаар зүйлд заасны дагуу зээлийг бэлнээр хүлээн аваагүй юм бол яагаад 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн болон 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн нэмэлт гэрээнүүдийг байгуулж, гарын үсэг зурсан баримтыг мөн шүүх огт үнэлээгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.
7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч М.О-ийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Давж заалдах гомдолд дурдсан асуудлыг анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэг бүрчлэн дүгнэсэн байгаатай санал нийлж байна. Хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр өмнө зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэж, 39,000,000 төгрөг шилжүүлсэн баримт байдаг. Өмнөх зээлийн гэрээний үүргийг биелүүлсэн тухайн өдрөө 4,000,000 төгрөг зээлэх шаардлага байхгүй. Тухайн өдөр бэлэн мөнгө аваагүй талаараа 2 хариуцагч мэдүүлдэг.
Хариуцагч нарыг мөнгө аваагүй гэдгээ нотлоогүй гэж гомдолд дурдаж байна. Аваагүй мөнгийг бичгээр байгуулах шаардлага байхгүй. Анхан шатны шүүх үйл баримтын талаар нэг бүрчлэн дүгнэсэн.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.
2. Анхан шатны шүүх нотлох баримт бүрдүүлэх хуульд заасан журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
3. Нэхэмжлэгч Д.Б- нь хариуцагч М.О-, Г.Б- нарт холбогдуулан 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 15,600,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч М.О- зээлийн гэрээ болон гэрээний нэмэлт өөрчлөлтүүдийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.
4. Зохигчдын хооронд 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр М.О-, Г.Б- нар нь 4,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 4 хувийн хүү төлөх нөхцөлтэй Д.Б-ээс зээлэхээр тохиролцсон.
5. Зээлийн гэрээний нэмэлт нөхцөлд зээлдүүлэгч мөнгөн хөрөнгийг бэлнээр өгсөн талаар бичигдсэн боловч талууд энэ талаар маргажээ.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаан дээр талууд мөнгө хүлээлцэж, зээлийн гэрээг гэрчлүүлсэн Чингэлтэй дүүргийн 272 дугаар тойргийн нотариатч Б.Лхагвачимэгийг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг тус өдрийн шүүгчийн 101/ШЗ2022/14420 дугаар захирамжаар хангахгүй орхисон нь үндэслэлгүй болжээ. Шүүх гэрчийн мэдүүлэг аваагүй тохиолдолд түүний мэдүүлэг нь ач холбогдолтой эсэх талаар дүгнэлт өгөх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан зохигчийн нотлох баримтыг шүүхээр бүрдүүлүүлэх эрхийг зөрчсөн гэж үзнэ.
Уг ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасанд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2022/02678 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН
Э.ЗОЛЗАЯА