Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 1

 

           Н.Халиунаад холбогдох захиргааны

зөрчлийн талаар

226/2016/0002/Э

    Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Я.Алтаннавч, Б.Сүхгомбо нарын бүрэлдэхүүнтэйгээр,

Нарийн бичгийн дарга Н.Болор-Уянгыг оролцуулан шүүх хуралдааны “А” танхимд

Хэнтий аймгийн  Бор-Өндөр  сум дахь Сум дундын  шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 16 дугаар шийтгэврийг эс зөвшөөрч зөрчил гаргагч Н.Халиунаагийн давж заалдах гомдлоор Н.Халиунаад холбогдох захиргааны зөрчлийн материалыг 2016 оны 06 сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

        Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд хотод 1986 онд төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ачаа вагон хүлээн авагч /пүүлэгч/ мэргэжилтэй, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг, 46 дугаар байрны 24 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, бие эрүүл, Хөхчин овогт Намжилсүрэнгийн Халиунаа (РД: СЩ-86051309)

         Зөрчил гаргагч Н.Халиунаа нь 2016 оны 05 дугаар сарын 13-ны  өдөр согтуугаар  цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг үл биелүүлсэн зөрчилд холбогджээ.

        Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 16 дугаар шийтгэврээр: Захиргааны хариуцлагын тухай хуулийн 302 дугаар зүйлийн 1-д зааснаар Н.Халиунаад 10 /арав/ хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулж, бичиг баримт, эд зүйл хураагдаж ирээгүйг дурдаж шийдвэрлэжээ.

         Зөрчил гаргагч Н.Халиунаа давж заалдах гомдолдоо: Би тус шүүхийн 16 дугаартай шийтгэврийг хүлээн зөвшөөрч байгаа боловч миний биеийн байдал 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр гэнэт муудаж түргэн дуудаж үзүүлэхэд жирэмсэн болсон байсан. Эмчийн хяналтанд орж үзүүлэхэд Улаанбаатар хотын 1 дүгээр эмнэлэгт “13-А” маягтын дагуу  зүрх судасны клиникт яаралтай үзүүлэх болоод байгаа юм. Иймд баривчлах шийтгэлийг торгуулийн арга хэмжээ болгож өгнө үү. Би гаргасан алдаа зөрчлөө ухамсарлаж, цагдаагийн албан хаагчдаас уучлалт гуйсан бөгөөд анх удаагаа захиргааны зөрчилд холбогдсон болно гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ

 

     Н.Халиунаа нь  2016 оны  05 дугаар сарын 13-ны өдөр согтуугаар Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын цагдаагийн тасагт  цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг үл биелүүлж, доромжилсон зөрчил гаргасан болох нь цагдаагийн албан хаагч Б.Тэмүүжин, Д.Зоригтбаатар, Д.Оюунсүрэн нарын илтгэх хуудас, зөрчил гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдсон байна.

     Н.Халиунаа нь анх удаа захиргааны зөрчил гаргасан, түүний биеийн эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан 10 хоногийн баривчлах шийтгэлийг  20000 төгрөгөөр торгох шийтгэлээр өөрчлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

   Түүнчлэн анхан шатны шүүх зөрчил гаргагчид захиргааны шийтгэл ногдуулахдаа шийтгэврийн тогтоох хэсэгт Захиргааны хариуцлагын тухай хуулийн  302 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг “Захиргааны хариуцлагын  тухай 302.1 дэх” гэж хуулийн нэр томъёог буруу бичих, үндэслэх хэсэгт нэг үгийг олон дахин хэрэглэсэн, зөрчил гаргагчаас авсан тайлбарт шүүгч гарын үсэг зураагүй, шийтгэвэрт давж заалдах гомдол гаргасан байхад шийтгэврийн биелэлтийг түдгэлзүүлээгүй зэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасныг тэмдэглэх нь зүйтэй.

     Шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 31 дүгээр зүйлийн 31.3.2, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

                 Нэг. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 16 дугаар шийтгэврийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг дор дурдсанаар өөрчилсүгэй.

                  1. Захиргааны хариуцлагын тухай хуулийн 302 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хөхчин овогт Намжилсүрэнгийн Халиунааг 20000 (хорин мянга) төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсугай.

         Хоёр. Шийтгэврийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

         Энэхүү магадлал эцсийн шийдвэр бөгөөд гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

                                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.ДЭНСМАА

                                       ШҮҮГЧИД                                               Б.СҮХГОМБО

                                                                                                          Я.АЛТАННАВЧ