Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2

 

Ж.Оюунбаатарт холбогдох захиргааны
зөрчлийн талаар
226/2016/0003/Э
        Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Сүхгомбо даргалж, шүүгч Б.Дэнсмаа, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэйгээр, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэчулуун, нарийн бичгийн дарга Н.Болор-Уянга нарыг оролцуулан шүүх хуралдааны “А” танхимд Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 11 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гомдол гаргагч Д.Гантулгын давж заалдах гомдлоор Ж.Оюунбаатарт холбогдох захиргааны зөрчлийн материалыг 2016 оны 06 сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.
    Гомдол гаргагч Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт МАН-аас нар дэвшигч Д.Гантулгаас: тус тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Ж.Оюунбаатар нь 2016 оны 06 дугаар сарын 11 ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 13 ны өдрийн хугацаанд Сонгуулийн сурталчилгаанд зурагт самбар ашиглахдаа Хэнтий аймгийн “Өндөрхаан хот тохижилт” орон нутгийн төсөвт үйлдвэрийн газрын эзэмшлийн самбарууд болох Навааннэрэнгийн гудамж буюу Эрчмийн баруун талын 2 ширхэг, Тээвэрчдийн гудамж буюу Эмнэлгийн хойд талын зам дагуу 2 ширхэг, Пүрэвжавын гудамж буюу Хэрлэн голын дагуу 3 ширхэг, Тэмүүжингийн гудамжинд 2 ширхэг нийт 9 ширхэг зурагт самбар ашиглан сонгуулийн сурталчилгааг явуулж байна.
    Сонгуулийн сурталчилгаанд орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн өмч хөрөнгийг ашигласан нь Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5.11 дэх хэсэгт “энэ хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн болон орон нутгийн өөрөө удирдах байгууллага төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн тээврийн хэрэгсэл бусад өмч хөрөнгийг аливаа хэлбэрээр сонгуулийн сурталчилгаанд ашиглахыг хориглоно” гэж заасныг зөрчиж сонгуулийн сурталчилгааг хууль бус хийсэн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
               Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 11 дугаар шүүгчийн захирамжаар: Сонгуулийн тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.1, 119 дүгээр зүйлийн 119.1, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 4 дүгээр зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 3.2-д зааснаар Ж.Оюунбаатарт захиргааны шийтгэл ногдуулахаас татгалзаж шийдвэрлэжээ.
    Д.Гантулга нь давж заалдах гомдолдоо: Улсын их хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нэр дэвшигч Д.Гантулга би тус тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Ж.Оюунбаатарыг Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5.11 дэх хэсэгт заасныг зөрчсөн үйлдэл гаргаж сонгуулийн сурталчилгаа хийсэн болохыг тогтоолгохоор шүүхэд хандсан юм.
Шүүхээс зөрчлийн тухай нотлох баримтыг үнэн зөв бүрдүүлсэн эсэх эргэлзээтэй, нэмэгдэл нотлох баримт сэлт зайлшгүй шаардлагатай гэсэн үндэслэлээр захиргааны шийтгэл ногдуулахаас татгалзсаныг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Д.Гантулга би нэр дэвшигч Ж.Оюунбаатар нь 2016 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс Хэнтий аймгийн “Өндөрхаан хот тохижилт”  орон нутгийн төсөвт үйлдвэрийн газрын өмчлөлийн есөн ширхэг самбарыг ашиглаж сонгуулийн сурталчилгаа хийсэн нь Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5.11 дэх хэсэгт заасныг зөрчсөнийг тогтоолгохоор мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт зааснаар гомдол гаргаж “Өндөрхаан хот тохижилт” орон нутгийн төсөвт үйлдвэрийн газрын тухайн самбарууд өөрийн өмч болох тухай албан бичиг, зурагт самбар байршуулсан зургийг нотлох баримт болгон гаргаж өгсөн.
Захиргааны хариуцлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, 4, 5, 6-д заасныг зөрчсөн гэж үзэж захиргааны зөрчил ногдуулахаас татгалзсан нь Сонгуулийн тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.2 дахь хэсгийн заалттай нийцээгүй байна. Шүүх шууд татгалзах бус гомдолд хавсаргаж өгсөн нотлох баримтанд эргэлзэх, нэмэгдэл нотлох баримт шаардлагатай бол цагдаагийн байгууллагаар шалгуулахаар даалгавар өгөх хуулийн зохицуулалттай.
Иймд Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 11 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ
    Сонгуулийн тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.2-т зааснаар “...гомдол мэдээлэлд дурдсан үйл баримт, нотлох баримтыг шалгуулахаар тухайн орон нутаг дахь цагдаагийн байгууллагад даалгавар өгөх байтал анхан шатны шүүх зөрчлийн тухай нотлох баримтыг үнэн зөв бүрдүүлсэн эсэх эргэлзээтэй, нэмэгдэл нотлох баримт сэлт шаардлагатай гэж дүгнэн Ж.Оюунбаатарт захиргааны шийтгэл ногдуулахаас татгалзсан нь үндэслэлгүй байх тул Д.Гантулгын давж заалдах гомдлыг хүлээн авах боломжтой байна.
     Мөн Захиргааны хариуцлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүхээс шийтгэвэр гарах байтал шүүгчийн захирамж гаргасан, давж заалдах гомдлыг хаана гаргах талаар заалгүй орхигдуулсан зэргийг дурьдах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

                 Шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 31 дүгээр зүйлийн 31.3.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь
    1.Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 сарын 15 ны өдрийн 11 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Ж.Оюунбаатарт захиргааны арга хэмжээ авахуулах тухай материалыг мөн шүүхэд буцаасугай.
    Энэхүү магадлал эцсийн шийдвэр бөгөөд гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.


    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.СҮХГОМБО
    ШҮҮГЧИД    Б.ДЭНСМАА
    Я.АЛТАННАВЧ