Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 5

 

   Э.Болдтулгад холбогдох захиргааны
зөрчлийн талаар
226/2016/0001/Э

        Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Б.Сүхгомбо, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэйгээр,
Нарийн бичгийн дарга Б.Алтансувд
Зөрчил гаргагч Э.Болдтулга нарыг оролцуулан шүүх хуралдааны “А” танхимд
Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 257 дугаар шийтгэврийг эс зөвшөөрч зөрчил гаргагч Э.Болдтулгын давж заалдах гомдлоор Э.Болдтулгад холбогдох захиргааны зөрчлийн материалыг 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.
    Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1990 онд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хэвлэлийн график дизайн мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Өлзийтийн 05-05 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, бие эрүүл, Түмэндэмбэрэл овогт Энхболдын Болдтулга (РД: СЭ-90030714)
    Зөрчил гаргагч Э.Болдтулга нь 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр согтуугаар бусадтай хэрүүл маргаан үүсгэн зодолдож танхайрсан, мөн цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг үл биелүүлсэн зөрчилд холбогджээ.
    Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 257 дугаар шийтгэврээр: Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21, 302 дугаар зүйлийн 1-д зааснаар Э.Болдтулгад 10   /арав/ хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулж, бичиг баримт, эд зүйл хураагдаж ирээгүйг дурдаж шийдвэрлэжээ.
    Зөрчил гаргагч Э.Болдтулга давж заалдах гомдолдоо: Би шүүхийн шийтгэвэрт гомдолтой байна. 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр болсон үйл явдалд миний бие үүргээ биелүүлж яваа цагдаагийн алба хаагчтай маргалдаагүй болно. Иймд шүүхийн шийтгэврийг хянаж өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ

           Анхан шатны шүүхийн шийтгэвэр нь хууль ёсны ба үндэслэл бүхий болсон байна.
   Зөрчил гаргагч Э.Болдтулга нь  2016 оны  09 дүгээр сарын 06-ны өдөр согтуугаар Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Жонон” худалдааны төвийн гадаа иргэн А.Энхтүвшинтэй хэрүүл маргаан үүсгэн зодолдож бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж танхайрсан, мөн цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг үл биелүүлж албан үүрэгтэй нь холбоотой заналхийлж, доромжилсон зөрчил гаргасан болох нь иргэн А.Энхтүвшингийн цагдаагийн байгууллагад өгсөн тайлбар, цагдаагийн албан хаагч Г.Хатанбаатар, Б.Мөнгөнцэцэг нарын илтгэх хуудас, цагдаагийн алба хаагчийн зөрчлийн талаар авсан тайлбар зэргээр тогтоогдсон байна.

           Иймд анхан шатны шүүхээс Э.Болдтулгад 10 хоногийн баривчлах шийтгэл ногдуулсан нь түүний гэм бурууд тохирсон байх тул Э.Болдтулгын давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
 
     Шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 31 дүгээр зүйлийн 31.3.2, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

    Нэг. Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 257 дугаартай шийтгэврийг хэвээр үлдээж, зөрчил гаргагч Э.Болдтулгын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.    

    Энэхүү магадлал эцсийн шийдвэр бөгөөд гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.


    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.ДЭНСМАА
    ШҮҮГЧИД    Б.СҮХГОМБО
    Я.АЛТАННАВЧ