Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 7

 

Б.Мөнхбатад холбогдох
эрүүгийн хэргийн талаар

226/2016/0009/Э

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Г.Болормаа, Б.Сүхгомбо нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд хийв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга: Б.Алтансувд
Прокурор: Ц.Цэен-Ойдов
Шүүгдэгч: Б.Мөнхбат нар оролцов.
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Л.Уянга, С.Насанбуян нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн 2016 оны 09 дугаар сарын 06-ны өдрийн 33 дугаар шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч, улсын яллагч Ц.Цэен-Ойдовын эсэргүүцлээр Б.Мөнхбатад холбогдох эрүүгийн 201623000150 дугаартай хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Сүхгомбын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1968 онд Хэнтий аймгийн Батноров суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тракторын жолооч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 1, Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, Боржигон овогт Банзрагчийн Мөнхбат, /РД:СФ-68012318/.
Б.Мөнхбат нь 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг, Бэрх тосгоны төвд иргэн Л.Ганчулууныг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж зүүн бугалганд нь хутгалж биед нь хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 33 дугаар шүүхийн тогтоолоор: Шүүгдэгч Б.Мөнхбатад  холбогдох 201623000150 дугаартай  эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг аймгийн Прокурорын газарт буцааж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг хэргийн хамт Прокурорт шилжүүлж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Б.Мөнхбатад авсан цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар прокурор шүүхийн тогтоолыг гардан авснаас хойш ажлын 5 хоногт багтаан эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж тус тус шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Цэен-Ойдов нь давж заалдах журмаар гаргасан эсэргүүцэлдээ: Яллагдагч Б.Мөнхбат нь 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Батноров сумын 7-р баг, Бэрх тосгоны төвд иргэн Л.Ганчулууныг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж гаран тус газар нь хутгалж биед нь хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Хэргийг Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 33 дугаартай шүүхийн тогтоолоор гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэлд гомдол мэдээлэл өгсөн огноо, цаг, минутыг тодорхой бичээгүй, хохирогч Л.Ганчулуун, гэрч Л.Сүхбаатар нарын мэдүүлэг зөрүүтэй, хутга хураан авсан тогтоол дээр хөндлөнгийн гэрчээр оролцсон Золбаяр, Түмэннас нарыг гэрчээр асууж тодруулах, мөн хөндлөнгийн гэрчээр оролцсон Ж.Отгонбаяр, С.Сүбээдэй нарыг гэрчээр байцааж тодруулах, нохой хочит Батжаргалыг гэрчээр асууж тодруулах, шүүгдэгч Б.Мөнхбатад 2016 оны 06 дугаар  сарын 23-ны өдөр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн атлаа тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар ял сонсгож яллагдагчаар татсан нь ойлгомжгүй гэсэн үндэслэлүүдээр нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг аймгийн Прокурорын газарт буцаасныг хянавал: Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 06-ны 33 дугаар шүүхийн тогтоол нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь: Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийн бүртгэлд анх гомдол гаргасан хохирогч Л.Ганчулуун 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 15 цаг 15 минутанд гэж гарын үсэг зурсан байна. Гэрчээр Л.Сүхбаатарын “Л.Ганчулууны хамт аавынх нь зүүн урд талд байдаг ногоон өнгийн өндөр хүчдэлийн тэнд явж байхад өөдөөс Б.Мөнхбат гарч ирсэн, бид хоёртой нээх юм яриагүй, би Ганчулууны явья гээд аавынх руу алхтал хойно Л.Ганчулуун ёо ёо гэх шиг болохоор нь эргээд харсан чинь Л.Ганчулуун намайг дүрчих шиг боллоо гэж хэлсэн, Б.Мөнхбат урд зүг рүү зугтаагаад гүйгээд явсан” гэсэн мэдүүлэг /хх 16 талд/ анх өгсөн ба Б.Мөнхбатыг шууд таньж заасан байдаг. Харин хохирогч Л.Ганчулуун Б.Мөнхбатыг таньдаггүй байсан, гэрч Л.Сүхбаатар, хохирогч Л.Ганчулуун нарын мэдүүлэгт зөрүүтэй зүйл байгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан тэдгээрийн мэдүүлгээс тодорхой харагдана. Шүүх дүгнэлт хийхдээ гэрч Р.Гончигсүрэнгийн мэдүүлэгт дүгнэлт хийж гэрч Л.Сүхбаатар, хохирогч Л.Ганчулуун нарын мэдүүлэг зөрүүтэй гэж дүгнэсэн нь буруу байна.
Нийгмийн хэв журмыг хамгаалах тасгийн цагдаа цагдаагийн дэд ахлагч Р.Гончигсүрэн хутга хураан авахад хөндлөнгийн гэрчээр байлцсан Золбаяр, М.Түмэннасан нарыг байцаах, мөн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хутга хураан авсан Ж.Отгонбаяр, С.Сүбээдэй нарыг гэрчээр байцаах гэсэн байна. Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах /тогтоох хэсэгт/ тогтоол болон хураан авсан тэмдэглэл дээр гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1 ширхэг хутгыг хураан авч хэрэгт хавсаргасан ба шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Мөнхбат нь өөрийнхөө хураалгасан хутга мөн байна гэж мэдүүлсэн байна. Р.Гончигсүрэнгийн хураан авсан хутгыг мөрдөн байцаагч хураан авах тогтоол үйлдсэн ба энэ нь нэг хутга болох нь хавтаст хэргийн материалд тодорхой байна. Гэрч Р.Гонгчигсүрэнгийн мэдүүлэгт байгаа “нохой” хочит Батжаргал гэгч нь гэмт хэрэгт хамааралгүй ба гэрчээр байцаах шаардлагагүй. Гэрч Л.Сүхбаатар анх Б.Мөнхбатыг таньж хутгалсан талаар шууд заасан.
2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Б.Мөнхбатад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн ба эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгээгүй. Иймд Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 33 дугаартай шүүхийн тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр хянан хэлэлцүүлэхээр Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Б.Мөнхбатад холбогдох хэрэгт цагдаагийн газарт гомдол мэдээлэл хүлээн авахдаа холбогдогч Л.Эрдэнэбилэг нэрээр өгч, мэдээлэл өгсөн огноо, цаг, минут бичээгүй. Мөн гэрч Л.Сүхбаатар, хохирогч Л.Ганчулуун нарын мэдүүлгийн зөрүүг гаргах, цагдаа Р.Гончигсүрэнгийн эд мөрийн баримт болох хутгыг хураан авахдаа байлцуулсан хөндлөнгийн гэрч Золбаяр, Түмэннаст нарыг гэрчээр асуух, хэдэн хутга хураагдсан, тоосго, түлхүүр байсан эсэхийг тогтоох, Батжаргал гэгчийг гэрчээр асуух зэрэг үндэслэлүүдээр хэргийг мөрдөн байцаалтад буцаасан анхан шатны шүүхийн тогтоол үндэслэл бүхий байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Мөн хэрэгт Б.Мөнхбат нь шинжээчийн дүгнэлттэй танилцаагүй зэрэг зөрчлүүдийг арилгах, тогтоол гаргахад чухал ач холбогдолтой нөхцөл байдлыг бүрэн шалган тогтоох шаардлагатай байх тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүхийн тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

          Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлийн 325.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хэргийг прокурорт очтол Б.Мөнхбатад  авсан цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
    
3. Энэхүү магадлалд гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 


                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.ДЭНСМАА
                                 ШҮҮГЧИД                                           Г.БОЛОРМАА
                                                                                                   Б.СҮХГОМБО