Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 11

 


2016.11.23                              11

 

Н.Оюунбаатарт холбогдох
эрүүгийн хэргийн талаар

226/2016/0015/Э

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч О.Баатарсүх, Б.Сүхгомбо нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд хийв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга: А.Цэрэндулам
Прокурор: Ц.Цэен-Ойдов
Ялтны өмгөөлөгч: Л.Наранчимэг
Ялтан: Н.Оюунбаатар нар оролцов.
Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Д.Ганзориг, Л.Уянга нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 105 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ялтны өмгөөлөгч Д.Оюунцэцэг ялтан Н.Оюунбаатар нарын давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 201523000305 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Сүхгомбын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн,  Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 1977 онд төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, “Хэнтий-Ус” ХХК-ны уурын зууханд галч ажилтай, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сум 2-р баг Булгийн 4-5 тоотод оршин суух, урьд 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Сум дундын 28-р шүүхээр Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж 2 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзаж байсан, бие эрүүл,  Боржигон овогт Насанбуянгийн Оюунбаатар /РД:СР77121915/.
Шүүгдэгч Н.Оюунбаатар нь танхайн сэдэлтээр 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3-р багийн нутаг “Тээвэрчдийн”  2-9 тоотын урд талд байх гэрт нь С.Цэндсүрэнг зодож бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан, мөн энэ хэрэгт холбогдуулан шалгагдаж байхдаа бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ 2016 оны 04 сарын 06-ны өдөр прокурорын хяналтаас зориуд зайлсхийж оргосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 105 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Боржигон овогт Насанбуянгийн Оюунбаатарыг танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан мөн батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа прокурорын хяналтнаас оргосон гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Оюунбаатарт  07 /долоо/  жил 01 /нэг/ сарын  хорих ялаар, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар  01 /нэг/ жилийн  хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Оюунбаатарт Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 07 жил 01 сарын  хорих ял дээр Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01  жил  хорих ялын зарим болох 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 07  жил 07 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Н.Оюунбаатарт оногдуулсан 07  жил 07 сарын хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Н.Оюунбаатарын цагдан хоригдсон 135 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар төмөр таяг, ногоон өнгийн “Спрайт” нэртэй ундааны сав, ундааны сав зэргийг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, мөн хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар “CD” 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээн хавсарган, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдаж, хохирогч нь оршуулгын зардлын 200000 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,  шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдаж, Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Оюунбаатарт  урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэжээ.

Ялтны өмгөөлөгч Д.Оюунцэцэг давж заалдах гомдолдоо:
Н.Оюунбаатарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн 36.3.3, 36.3.4-т заасан эрхийг нь эдлүүлээгүй. Мөн мөрдөн байцаагч  Оюунбаатараас яллагдагчаар мэдүүлэг авахдаа түүнийг хөтөлж байсан бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144-р зүйлийн 144.6-д заасныг зөрчсөн. Миний үйлчлүүлэгч Оюунбаатарыг Цэндсүрэн өвгөнд туслах санаатай очоод түүнд таягаар цохиулсандаа уурлан ар нуруу руу нь ганц удаа өшиглөснийг нь танхайн сэдэлттэй гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчилсэн байгаа нь үндэслэлгүй юм. Шинжээчийн дүгнэлтээс үзэхэд хохирогчид учирсан гэмтэл нь хүний хүчний үйлчлэлээс давсан хүчээр гэмтэл үүсгэгдсэн гэсэн байхад зөвхөн нэг талыг барьж Оюунбаатарыг буруутгаж байгаа нь буруу. Гэрч Баатаржав мэдүүлэхдээ Цэндсүрэн өвгөнийг 10-р сарын 18 билүү 19-ний өдөр Баазын дэлгүүрийн урдуур явж байсан гэсэн байгаа нь Оюунбаатарыг түүний гэрээр орж гарснаас хойш бэртэж гэмтээгүй зүгээр  гадуур явж байсан болохыг нь гэрчилж байна. Иймд мөрдөн байцаалт явуулахдаа хэт нэг талыг барьсан, гүйцэт хийгээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчиж өмгөөлүүлэх болон өмгөөлөгчөө өөрөө сонгон авч ганцаарчлан уулзах боломжийг нь мөрдөн байцаагч өөрөө өмгөөлөгч оролцуулж байцаалт авсан. Тухайн хэрэг учрал болсон гэх сар, өдрийг яллагдагчаар өөрөөр нь хэлүүлэлгүй хөтөлж байцаасан үүний улмаас анхан шатны шүүх хуралдаанд энэ мэдүүлгээ өгсөн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. Мөн прокурорын хяналтаас оргосон гэм буруутай хэдий ч оргох болсон шалтгаан, хаанаас яаж оргосон талаар гэрч Галбадрах нь худал мэдүүлэг өгсөн байж болзошгүй тул түүнийг дахин гэрчээр асууж өгнө үү гэжээ.

Ялтан Н.Оюунбаатар давж заалдах гомдолдоо:
Би 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ээлжинд гараад 16-ны өглөө ажлаасаа бууж гэртээ ирсэн юм. Тэр өдөр Сангийн аж ахуй руу явж  худгийн шавар хүнд зуурч өгөхөөр явах замаараа талийгаач /Цэндсүрэн/ гуайн гэрийн урдуур гарахад хаалга нь эвдэрсэн онгорхой байхад нь орсон. Мөрдөн байцаагч надаас мэдүүлэг авахдаа өмгөөлөгч авах эрхийг маань эдлүүлээгүй. Намайг 10-р сарын 16-ны өдөр гэж хэлэхэд битгий худлаа ярь 10-р сарын 22-ны өдөр Цэндсүрэнгийнд орсон. Бичлэг нь надад байгаа шүү чамайг болохгүй бол ганц худагт хийнэ шүү гэж намайг айлган  сүрдүүлж дарамталсан. Тэгээд надаас 2015 оны 10-р сарын 22-ны өдөр гэж хөтөлж мэдүүлэг авсан. Би 10-р сарын 22-ны өдөр гэртээ байсан. Би 10-р сарын 16-ны өдөр Цэндсүрэн гуайнд орж галыг нь түлэх гээд сууж байтал таягаараа толгой дундуур маань дүйртэл цохисон. Би түүнд нь уур хүрээд эргэж хараад өвгөнийг цааш нь түлхээд араас нь нэг л өшиглөсөн. Энэ талаараа би мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгсөн. Шүүх намайг танхайрсан гэсэн би огт танхайраагүй.
Мөн шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулахад хавирга, өвчүүний хугаралтай. Энэ нь хүний үйлдлээр үүсгэгдэнэ гэсэн байгаа нь бас үндэслэл муутай байна. Мөрдөн байцаагч намайг “чи 10-р сарын 22-ны өдөр Цэндсүрэн өвгөнийд орсон” гээд байхаар нь би анхан шатны шүүхийн шүүх хуралдаан дээр Цэндсүрэн гуайн гэрт 2015 оны 10-р сарын 22-ны өдөр орсон гэж мэдүүлсэн. Оргосон үйлдлийн тухайд гэвэл цагдаа Галбадрах  намайг 20000 төгрөг олж өг, чадахгүй бол мөрдөнд хийнэ гэж дарамтлаад байхаар нь  би айгаад хашаа даваад зугатаасан юм. Гэтэл Галбадрах цагдаа нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө худлаа ярьсан байсан. Иймд шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:
    Н.Оюунбаатар нь 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3-р багийн нутаг “Тээвэрчдийн” 2-9 тоотын урд талд байх өөрийн гэрт нь С.Цэндсүрэнг зодож бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан, мөн энэ хэрэгт холбогдуулан шалгагдаж байхдаа бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ 2016 оны 04 сарын 06-ны өдөр прокурорын хяналтаас зориуд зайлсхийж оргосон гэмт хэргийг  тус тус үйлдсэн болох нь:
Гэрч Х.Барсболдын мөрдөн байцаалтад өгсөн: “... би олон нийтийн эргүүл болох Ганцогтын хамт Хэрлэн сумын 3-р багийн тээвэрчдийн 2-14 тоот хашааны урд байдаг жижиг амбаарт ганц бие амьдардаг Цэндсүрэн гэх айлаар 19 цаг 40 минутын өнгөрч байхад ороход гэрийнх нь хаалга эвдэрхий, гэрэл байхгүй байсан. Тэгээд Цэндсүрэнгийн гэрээр ороход өвгөн зүүн хойд талдаа баруун тийшээ харсан байдалтай өмдгүй хэвтэж байсан. Би “юу болов та зүгээр үү, хувцсаа өмсөөч яагаад хэвтэж байгаа юм бэ юмаар хучаач” гэж хэлсэн. Тэгэхэд өвгөн “би зүгээр” гэж аяархан хэлсэн. Тэр өдөр нилээн хүйтэн өдөр байсан. Тэгээд гэр дотрыг нь хараад эмнэлэг дуудсан. Тэгээд эмч рүү залгахад энэ хүн чинь үзүүлэхгүй байна гэж хэлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа нөгөө эмч утсаар залгаад би үзчихлээ гэж хэлсэн. Би өвгөнтэй анх уулзахдаа гар утсаараа бичлэг хийсэн юм”  гэх,
Гэрч Б.Ганцогтын мөрдөн байцаалтад өгсөн: ”...2015 оны 10 сарын 22-ны өдөр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхдаа Цэндсүрэн гэх өвгөний  гэр рүү ороод Барсболд дэслэгч бид хоёр хоёулаа утасныхаа гар чийдэнг тусгаад харахад ертөнцийн зүгээр толгой нь баруун тийшээ харсан хөл нь зүүн тийшээ харсан нүүрээ хойд зүгт харуулсан бие зүүн хажуугаараа харсан жоохон эвхрэлдэж атийсан, бөгсөн биеэрээ шалдан байсан. Барсболд цагдаа та хувцсаа өмсөхгүй юм уу гэхэд жоохон тээршаасан байдалтай “зүгээр зүгээр” гэж хэлсэн. Барсболд цагдаа утсаараа зураг авч байсан” гэх,
Гэрч Г.Мөнхзулын мөрдөн байцаалтад өгсөн: “... Нэгдсэн эмнэлгийн 103-ийн дуудлагаар 21 цаг 00 минутад Цэндсүрэн гэдэг хүний биеийн байдал хүндэвтэр байна өмнө нь байгаасаа өөр байна” гэсэн дуудлагын дагуу очсон.  Тэгээд хаалгыг нь нээгээд харахад нэг өвгөн цаашаа хараад хэвтэж байсан. Би тэр өвгөнийг цаашаа хараад байж байхаар нь үзүүл гээд гарыг татаад дээш нь эргүүлэхэд баруун гараараа намайг түлхээд бараг цохих дөхсөн. Тэгээд цаашаа эргээд байсан. Даралтыг нь үзэхэд 140/90 байсан. Нөгөө гарыг үзэхэд 140/90 байсан. Тэгээд судасны цохилтыг үзэхэд хүчдэлт дүүрэлт нь сул хоёр талдаа ижил жигд байсан. Зүрхний цохилт үздэг багажаар үзэхэд 78, хүчилтөрөгчийн хангамж 92 той байсан. Тэр хүний даралт их байсан учир эм уулгасан. Би хавирга цээжин хэсгийг барьж үзээгүй. Хэвлий хэсгийг үзсэн чагнуураа цээжин дээр нь тавьж үзэхэд ямар нэгэн зовиур байхгүй гээд уцаарлаад байсан” гэх,
Гэрч Л.Очирмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “... 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр өглөөний 07 цаг 50 минутын үед гэрээсээ гараад ажил руугаа явж байгаад Цэндсүрэн гуайд санаа зовоод хаалгыг онгойлгохгүйгээр завсраар нь харахад Цэндсүрэн гуай цаашаа хараад хэвтчихсэн. Бөгсөн бие нүцгэн дээгүүрээ цээжин хэсгээрээ цамцтай газар хэвтэж байсан. Тэгээд би нэг л биш боллоо гээд ажил дээрээ очиж багийн даргад хэлээд багийн дарга цагдаад хэлсэн” гэх,
Гэрч Б.Галбадрахын мөрдөн байцаалтад өгсөн: “... 2016 оны 04 сарын 06-ны өдөр хэрэг бүртгэгч Баатарцогт ахмад намайг албадан саатуулах байрнаас гадуур даалтанд байгаа Н.Оюунбаатарыг аваад хэрэгт хяналт тавьж байгаа прокурорт хэлээд аймгийн Тахарын албанд хүлээлгэж өг” гэсэн тул албадан саатуулах байрнаас Оюунбаатарыг дагуулж яваад аймгийн прокурорын газар орсон. Ороод Оюунбаатарыг та энэ үүдэнд сууж бай, би дээшээ гараад ирье гэхэд за гээд үлдсэн. Буугаад ирэхэд алга болсон байсан” гэх,
1300 тоот дүгнэлтэд: “...Талийгаачийн цээжний битүү гэмтэл олон талын олон хавирганы шууд ба шууд бус хугарал, зүүн 2,3-р хавирганы хавхлааст хугарал, өвчүүний хөндлөн хугарал, баруун уушигны бүрэн бус авчилт, үнхэлцэг хальс, өрцний хэсэг, цээж, зүүн гуяны цус хуралт, баруун зүүн шилбэ, зүүн шагайн зулгаралт тогтоогдсон. Зүүн 2,3-р хавирганы шууд хугарал, өвчүүний хугарал нь хязгаарлагдмал гадаргуутай мохоо зүйлийн тус нэг удаагийн үйлчлэлээр хоёр талын олон хавирганы хугарал, үнхэлцэг хальс, өрцний хэсгийн цус хуралт нь цээж дарагдах шахагдах үед үүснэ. Дээрхи механик гэмтлүүдийг хүн үйлдлээр үүсгэж болно. Талийгаачид учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Зүүн хавирганы хавхлааст ба өвчүү, хоёр талын олон хавирганы хугарал, баруун уушгины бүрэн бус авчилт нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлтүүд зэргээр нотлогдож, тогтоогдсон байна.

Ялтан Н.Оюунбаатарын хохирогчийг өшиглөсөн, зодсон үйлдэл нь танхайн сэдэлтгүй бөгөөд хувийн таарамжгүй харьцааны улмаас үйлдэгдсэн байх тул зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, түүний урьд нь хорих ял биечлэн эдэлж байгаагүй байдлыг харгалзан ял эдлэх дэглэмийг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Мөрдөн байцаалтын шатанд Н.Оюунбаатарыг сэжигтнээр 2 удаа байцаахад өмгөөлөгч Г.Дэлгэрцэцэг, Л.Цогзолмаа нарыг байлцуулсан, (хх- 28-30-р тал) түүнийг 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 22-ны өдөр хүртэл хаана, юу хийж байсан талаар нэг бүрчлэн асуусан зэргээс үзэхэд хөтөлж байцаасан, өмгөөлөх эрхээр хангаагүй гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 105 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4, 324 дүгээр зүйлийн 324.1, 325 дугаар зүйлийн 325.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 105 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “танхайн сэдэлтээр” гэснийг хасч, 2 дахь заалтын “96.2.1” гэснийг  “96.1” гэж,  “07 жил 01 сар” гэснийг “05 жил 01 сар” гэж, 3 дахь заалтын “96.2.1” гэснийг  “96.1” гэж, “07  жил 07 сар” гэснийг “05 жил 01 сар” гэж, “06 сарын” гэснийг “05 сар” гэж, биечлэн эдлэх ялыг “07 жил 07 сар” гэснийг “05 жил 06 сар” гэж, 4 дэх заалтын “52.6” гэснийг  “52.10, 52.5” гэж, “07  жил 07 сар” гэснийг “05  жил 06 сар” гэж, “чанга” гэснийг “жирийн” гэж тус тус өөрчлөн, шийтгэх тогтоолын бусад заалт хэсгийг хэвээр үлдээсүгэй.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч нар хяналтын журмаар гомдол гаргах, Улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 


                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.ДЭНСМАА
                                 ШҮҮГЧИД                                           О.БААТАРСҮХ
                                                                                                   Б.СҮХГОМБО