Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 752

 

Б.Галаа, Э.Тэлмүүн нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор П.Даваасүрэн,

Ялтан Б.Галаа /цахимаар/, түүний өмгөөлөгч Т.Төгөлдөр,

Ялтан Э.Тэлмүүн, түүний өмгөөлөгч Л.Даваасүрэн,

Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж, шүүгч Ү.Түмэнжаргал, Х.Идэр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 94 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Галаа, түүний өмгөөлөгч Т.Төгөлдөр, ялтан Э.Тэлмүүн, түүний өмгөөлөгч Л.Даваасүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Галаа, Э.Тэлмүүн нарт  холбогдох эрүүгийн 201525021467 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Бэсүд овогт Баярцолмонгийн Галаа, 1988 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хэрэгт холбогдох үедээ Хил хамгаалах Ерөнхий газрын 0218 дугаар ангид бүлгийн дарга ажилтай байсан, ам бүл 2, дүүгийн хамт Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэх хорооллын 63 дугаар байрны 29 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:УП88110536/,

Товгор сайр овогт Энхбаярын Тэлмүүн, 1989 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эмэгтэй, дээд боловсролтой, гадаад харилцааны менежер мэргэжилтэй, Батлан хамгаалах яаманд мэргэжилтэн ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Олимпийн гудамжны 50 дугаар байрны 33 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:УЗ89112840/;

Б.Галаа нь 2015 оны 8 дугаар сарын 5-ны шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 50 дугаар байрны гадна А.Даваадоржийг найз охин Э.Тэлмүүнтэй хардсаны улмаас зодож, бие махбодид нь “дагзны зүүн талын суурь хэсгээс дээш зүүн дагз яс руу үргэлжилсэн шугаман хугарал, дагз хэсгийн хатуу хальсан доор цусан хураа, тархины эдийн няцрал, зөөлөн бүрхүүлийн цус харвалт, хоёр гарын тохой, өвдөгт цус хуралт, зулгаралт” бүхий хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан,

Э.Тэлмүүн нь 2015 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Б.Галаа хохирогч А.Даваадоржийг зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан гэх үйлдэлтэй эрүүгийн хэрэгт 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд гэрчээр “тухайн үед манай найз залуу тэр орой над руу 30 гаруй удаа залгасан байсан, би утсаа аваагүй, тэгээд манай байрны гадаа ирсэн. Таксинаас буухад манай найз залуу, А.Даваадоржийг хавсраад унагаасан” гэж мэдүүлэг өгсөн ба 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гэрчээр “Б.Галаа цаанаас ирж таарсан.  ...А.Даваадорж бууж таарсан ба Б.Галаагийн хөл дээр А.Даваадорж гишгэсэн үед Б.Галаа хөлөө татаж авахад А.Даваадорж газар унасан...” гэж илт зөрүүтэй худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогдуулан Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Б.Галаад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар, Э.Тэлмүүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Галааг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Э.Тэлмүүнийг зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Б.Галааг 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар Э.Тэлмүүнийг гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид заасан 1 сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 9.792.000 /есөн сая долоон зуун ерэн хоёр мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Галаад оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг Э.Тэлмүүнд анхааруулж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б.Галаа, Э.Тэлмүүн нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Б.Галаагаас 8.117.598 төгрөг гаргуулан Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 2 дугаар байрны 11 тоотод оршин суух А.Даваадорж /ШУ89042413/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Сайнбаяр /ЗЮ60010105/ нарт олгохоор, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасны дагуу хохирогч А.Даваадорж өөрт учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Э.Тэлмүүнд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгаж, Б.Галаад авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорихоор шийдвэрлэжээ.

Ялтан Б.Галаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 2015 оны 8 дугаар сарын 5-ны өдөр найз охин Э.Тэлмүүнтэй уулзана гээд тохирсон бөгөөд түүн рүү удаа дараа залгаад утсаа авахгүй байхаар нь гэрийнх нь гадаа очоод байж байтал цагаан өнгийн “Приус 20” загварын автомашин ирж зогсоод дотор гэрэл нь асахад Э.Тэлмүүн сууж байгаа харагдсан. Тэгээд би машинаасаа буугаад яваад очтол өөдөөс А.Даваадорж бууж ирээд миний баруун талын хөлөн дээр гишгээд хойшоо унасан. Тухайн үед бид нарын хооронд хардалт, хэрүүл маргаан, зодоон гараагүй. А.Даваадоржид гар ч хүрээгүй. Э.Тэлмүүнийг эцэг нь дуудаад орсон. ...Шүүх эмнэлгийн дүгнэлтэд А.Даваадоржийн гар, хөл нь зулгарсан, хавдсан гэж дүгнэсэн байна. Гэвч тэрээр харих замдаа хүнд зодуулсан, унаж бэртсэн байхыг үгүйсгэхгүй бөгөөд тухайн үед хамт байсан биднийг гэмтэл учруулсан гэж ар гэрийнхэндээ хэлсэн гэж бодож байна. Тухайн үед А.Даваадоржийг зодоогүй болохоор гомдолтой байна. Мөн хэргийг хэтэрхий нэг талыг барьж ажиллагаа хийсэнд гомдолтой байна. Үүнд:

Биднийг эмнэлэг дээр очиход хохирогчийн эгч “миний дүү энэ талаар мэдэхгүй байгаа, гарч яръя” гээд эмнэлгийн үүдэнд очиж ярилцсан. Мөн хохирогч А.Даваадорж анхны мэдүүлэгтээ арван жил хамт сурсан Э.Тэлмүүний нэрийг “Тэлмэн” гэж хэлсэн, мөн хохирогч А.Даваадоржийн мэдүүлгийн гарын үсгүүд зөрүүтэй байсан. Анхан шатны шүүхээс хохирогчийн гарын үсгийг шинжилгээнд өгөх, яаралтай түргэн тусламжийн эмчээс байцаалт авах ажиллагааг хийлгэхээр шийдвэрлэсэн боловч уг ажиллагаа хийгдээгүйд гомдолтой байна.

Мөрдөн байцаагч, дэслэгч З.Баярбилэгт тухайн үеийн такси гэх цагаан өнгийн “Приус 20” загварын автомашиныг олж, хэргийн газар юу болсон талаар асууж тодруулах бүрэн боломжтой байсан. Жишээ нь: “Оршил” гэх зоогийн газрын гаднах замын камерын бичлэг, мөн төв замын камерын бичлэгийг олоход жолооч тухайн үед юу болсон талаар мэдүүлэх боломжтой байсныг шалгаагүй.

Хэргийн газрыг хохирогч А.Даваадорж буруу зааж өгсөн. Тухайн үед миний өмгөөлөгч А.Будханд хүсэлт өгөхдөө хэргийн газар үзлэг хийхэд хоёр талын өмгөөлөгчийг байлцуулж хийх хүсэлтийг хүлээж авсан боловч өмгөөлөгч А.Будхандад мэдэгдэлгүй, үзлэгийг хохирогчийн өмгөөлөгч Н.Цэцэгмаа, хохирогч А.Даваадорж нарын хамт хийсэн. Өмгөөлөгч А.Будхандын хүсэлт хэргийн материалд авагдаагүй. Буруу газрын зураг авч хэргийн материалд хийсэн. Хэргийн материалыг танилцуулалгүй, дүүргийн прокурорт шилжүүлж, прокурор Б.Соёлсайхан уг хэргийн материалтай танилцалгүй шүүхэд шилжүүлсэн.

Хохирогчийн эх Д.Сайнбаяр нь шүүх хурал дээр 21.000.000 төгрөгийн хохиролтой гэсэн боловч яллах дүгнэлтийн хавсралтад 49.000.000 төгрөгийн хохиролтой гэж нэг талыг барьж, хохирлын тооцоог буруу гаргасан.

Шүүх хурлын явцад хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх Д.Сайнбаяр нь хохирогчийн төлөөлөгч болох үндэслэл бүрдэх эсэхэд эргэлзэж байна. Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх үндсэлэлд хохирогч өөрөө нас  барсан, эд хөрөнгийн маргаан, хохирогч өөрийгөө илэрхийлэх бүрэн чадваргүй үед итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ордог. Гэтэл хохирогч А.Даваадорж нь шүүх хуралд суух бүрэн боломжтой байсан боловч шүүх хуралдаанд оролцоогүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Сайнбаяр 2016 оны 4 дүгээр сарын 12-ны шүүх хурлаар гэм буруутай нь тогтоогдоогүй байхад өөрийн эрх мэдлээ сонин, интернэтэд хэргийн талаар худал нийтлэл бичиж, миний нэр хүндэд халдсан. Мөн тус нийтлэл нь шүүхэд нөлөөлсөн зэрэгт гомдолтой байх тул хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү...” гэв.

Ялтан Б.Галаагийн өмгөөлөгч Т.Төгөлдөр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Галаа нь холбогдсон хэргээ үйлдээгүй талаар мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд мэдүүлсэн байдаг бөгөөд түүнийг тухайн хэргийг үйлдсэн гэх хангалттай нотлох баримт байхгүй, мөрдөн байцаалтыг нэг талыг барьж явуулсан, хэрэгт шаардлагатай нотлох баримтыг бүрдүүлээгүй, байцаан шийтгэх ажиллагааны журам зөрчиж явагдсан байхад анхан шатны шүүх хууль буруу хэрэглэж шийтгэх тогтоолыг гаргасан нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий бөгөөд хууль ёсны байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Тодруулбал:

Мөрдөн байцаалтын явцад хэргийн оролцогчдын мэдүүлэгт таксины жолооч тухайн үед байсан бөгөөд хэргийн талаар гэрчлэх шаардлагатай байсан. Гэтэл уг таксины жолоочийг олох, гэрчээр асуухад хангалттай ажиллагааг хийгээгүй. Хэрэгт авагдсан баримт, гэрч нарын мэдүүлгээс болсон үйл явдлыг шууд харсан, сонссон гэрчүүд байдаггүй.

Анхан шатны шүүхийн дүгнэлт нь шинжээчийн дүгнэлтэд үндэслэсэн байдаг. Гэвч тухайн шинжээчийн дүгнэлтээр хохирогч А.Даваадорж гэмтэл авсан цаг хугацааг тодорхой заагаагүй, хэрхэн яаж, хэдэн удаа, ямар хүчин зүйлээс үүсч болох талаар гаргасан дүгнэлт байдаггүй. Энэ нь тухайн хэрэгт шууд хамааралтай байсан бөгөөд хохирогч өөр газар, өөр цаг хугацаанд гэмтэл авсан байж болох нөхцөл байдлыг илрүүлэх боломжгүй байдлыг бий болгосон.

А.Галаа өөрт нь шинжээчийн дүгнэлт танилцуулаагүй тухай гомдол гаргаж танилцсан баримт дээр зурсан гарын үсэг өөрийнх нь биш болохыг удаа дараа хэлж, хүсэлт гаргасаар байхад шийдвэрлээгүй. Шинжээчийн дүгнэлттэй танилцсанаар түүнд гомдол гаргах, шинжээчид нэмэлт асуулт тавих, дахин шинжээч томилуулах зэрэг эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон.

Хохирогч А.Даваадоржийн хувийн байдлыг тогтоох шаардлагатай байсан. Мөн тухайн өдөр хохирогч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэх, биеэ хэрхэн авч явж байсан, хэдэн цагт гэртээ ирсэн зэргийг гэрч болон бусад баримтаар тогтоох шаардлагатай байсан. Мөн хэрэг болсон гэх өдрөөс 1 хоногийн дараа яаралтай түргэн тусламжийн утсанд дуудлага өгч, түргэний эмч ирж үзлэг хийсэн байдаг боловч үзлэг хийсэн эмчээс гэрчийн мэдүүлэг авахаар тогтоол гарсан  нь хүчинтэй байхад өөр эмчээс байцаалт авч тогтоолыг биелүүлээгүй. Хэргийн газрын үзлэгийг нөхөж хийсэн бөгөөд манай үйлчлүүлэгч болон өмгөөлөгч оролцох хүсэлтээ гаргасан байхад оролцуулаагүй, зөвхөн хохирогчийн мэдүүлснээр өөр газар сонгож хийсэн байна. Үүнтэй холбоотой хүсэлтийг гаргасан боловч шийдвэрлээгүй бөгөөд шаардлагатай ажиллагааг хийгээгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэв.

Ялтан Э.Тэлмүүн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2015 оны 8 дугаар сарын 5-ны өдөр ахлах сургуульд хамт суралцаж байсан А.Даваадорж 14 цагийн үед утсаар холбогдож, 20 цагийн орчим намайг дуудаж уулзсан. Тухайн орсон газар 00 цагт хаах болоход бид хамт такси бариад эхлээд намайг гэрт хүргэж өгөөд цааш явахаар болсон юм. Гэрийн гадаа очтол манай найз залуу Б.Галаа цаанаас ирж таарсан. Миний баруун гар талд А.Даваадорж суусан байсан ба тэрээр машинаас буухдаа Б.Галаагийн хөлөн дээр гишгэсэн. Тэр үед Б.Галаа хөлөө татаж авахад А.Даваадорж газарт унасан юм. Миний харсан бодит үнэн энэ билээ. Хэргийн талаар удаа дараа, тогтвортой мэдүүлсээр байхад үгийг гуйвуулан, заавал өөрөөр хэлсэнгүй гэж буруутган яллан шийтгэж байгаад гомдолтой байна. Мөн А.Даваадоржийн хууль ёсны төлөөлөгч гэх Д.Сайнбаяр, түүний төрсөн дүү А.Халиун нар намайг үндэслэлгүйгээр гүтгэн доромжилж байгаад гомдолтой байна. Шүүхэд энэ байдлаа хэлэхэд үнэн зөвийг олж тогтоохын оронд тэдний үгээр намайг хэлмэгдүүлэн хохироон яллаж байгаад маш их гомдолтой байна. Иймд хэргийг тал бүрээс нь авч үзэн, намайг буруугүй болохыг тогтоож, торгох ялаас чөлөөлж өгнө үү...” гэв.

Ялтан Э.Тэлмүүний өмгөөлөгч Л.Даваасүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Шүүхээс Э.Тэлмүүнийг 2015 оны 8 дугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнө Б.Галаа А.Даваадоржийг зодож, биед нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт үйлдлийг мэдсэн атлаа 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө “Б.Галаа цаанаас ирж таарсан..., А.Даваадорж бууж таарсан..., Б.Галаагийн хөл дээр А.Даваадорж гишгэсэн..., Тэр үед Б.Галаа хөлөө татаж авахад А.Даваадорж газар унасан...” гэж бодит байдлыг гуйвуулан хохирогчийн мэдүүлгээс эрс зөрүүтэй, зориуд худал мэдүүлэг өгсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд хууль ёсны шаардлага хангаагүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Шүүх Э.Тэлмүүнийг хэргийн газарт байгаагүй, хэргийн талаар дам сонссон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Сайнбаяр, түүний дүү А.Халиун нар болон хохирогчийн удаа дараа тогтворгүй эргэлзээ бүхий өгсөн мэдүүлгүүдээр буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм. Түүнчлэн энэ хэргийг Б.Галаа үйлдсэн болох нь орон зай, цаг хугацаа, хэрэг болсон газрын байршил зэргээр нотлогдож тогтоогдоогүй байхад дан ганц хохирогчийн мэдүүлэгт хэтэрхий хөтлөгдөж, яллах талыг барьж, Э.Тэлмүүн, Б.Галаа нарын эрх зүйн байдлыг дордуулсанд гомдолтой байна.

Мөн Э.Тэлмүүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар 9.792.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. А.Даваадоржийг зодож, түүнд хүнд гэмтэл учруулсан гэдэг үгийг хэлсэнгүй гэж буруутган яллаж байгаа нь хууль болон шудрага ёсонд нийцэхгүй. Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн үгэнд хэтэрхий хөтлөгдсөн, Э.Тэлмүүнийг нотлогдоогүй үндэслэлээр буруутгасан байхад шүүх дүгнэлт хийлгүйгээр ял шийтгэл оногдуулж байгаа нь үндэслэлгүй бөгөөд хууль ёсны шаардлага хангаагүй байна.

Учир нь хэргийн үйл баримтаас харахад хохирогч А.Даваадорж “...машинаас согтуу буухдаа Б.Галаагийн хөл дээр гишгэж, Б.Галаа хөлөө татаж авахад тэрээр гэдрэг савж унасан...” гэх үйлдлийг санаатай үйлдсэн хэмээн дүгнээд байгаа нь ойлгомжгүй бөгөөд шүүгдэгч нарын үйлдэл холбогдлыг хэтэрхий хүндрүүлж, дан ганц яллах талыг барьсан гэж үзэж байна. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчиж, хэргийн нөхцөл байдлыг бодитойгоор тогтоолгүй ял шийтгэл оногдуулсан. Э.Тэлмүүнд холбогдох хэрэг нь бүрэн бодитой, хөдлөшгүй нотлох баримтаар эргэлзээгүйгээр нотлогдсон гэж үзэх боломжгүй байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Прокурор П.Даваасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Ялтан Б.Галаагийн өмгөөлөгч нь энэ хэрэгт дутуу ажиллагаа хийгдсэн, Б.Галаа энэ гэмт хэргийг үйлдээгүй байхад үйлдсэн мэтээр шалгасан гэж ярьж байна. Хохирогч А.Даваадорж нь Б.Галааг уг гэмт хэргийг үйлдсэн гэдгийг шууд заасан. Б.Галаа нь Э.Тэлмүүнийг хардсаны улмаас намайг зодсон. Зодуулсныхаа маргааш гэмтлийн эмнэлэгт хагалгаанд орсон өвчтөний түүх, эмч нарыг гэрчээр байцаасан тэмдэглэл зэргээр хангалттай тогтоогдож байна. Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэж байна.  Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан, дахин дүгнэлт гаргах шаардлагагүй байсан. Хэрэг болох үед байсан таксины жолоочийг гэрчээр байцаах ёстой байсан гэдэг. Энэ талаар шалгах ажиллагаа явуулаад шүүгдэгч, гэрч, хохирогч нарын мэдүүлгээр такси хөдлөөд явсны дараа болсон, автомашины дугаарыг мэдэхгүй гэдэг. Таксины жолоочийг тухайн үед хайж гэрчээр асуух ажиллагаа явагдсан боловч тээврийн хэрэгслийн дугаарыг мэдэхгүй, камерын бичлэг байхгүй учраас байцаан шийтгэх ажиллагаа хийгдээгүй. Шинжээчийн дүгнэлттэй танилцсан Б.Галаагийн гарын үсэг хуурамч байна гэсэн. Анхан шатны шүүх хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаахад энэ асуудал яригдсан. Б.Галаа шинжээчийн дүгнэлттэй танилцаад гарын үсэг зурсан. Харин шинжээч томилох тогтоолд зурсан гарын үсгийг “миний гарын үсэг биш байна, Ганаа гэж бичсэн байна” гэдэг. Үүнийг ач холбогдолгүй гэж үзсэн. Э.Тэлмүүн худал мэдүүлэг өгөөгүй, тухайн үед болсон явдлыг үнэнээр хэлсэн гэж байна. Түүний анх өгсөн тайлбараар мэдүүлэг өгөхдөө “манай найз залуу намайг хардсаны улмаас А.Даваадоржийг хавсарч унагаагаад зодсон” гэж тайлбар өгдөг. Мөн гэрчээр мэдүүлэг өгөхдөө хөлөн дээр нь гишгэсэн гэж мэдүүлэг нь өөрчлөгдсөн. Б.Галаа нь Э.Тэлмүүнийг хардсаны улмаас А.Даваадоржийг зодсон гэдэг нь Э.Тэлмүүний гар утсанд “манай найз залуу хардаад зодсон байна. Уучлалт гуйж байна. Миний буруу” гэж бичсэн тэмдэглэлийг хэрэгт хавсаргасан. Шийтгэх тогтоол нь шүүгдэгч нарын хийсэн хэрэг, хувийн байдалд нь тохирсон  ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудад үндэслэж, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Б.Галаа нь 2015 оны 8 дугаар сарын 5-ны шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 50 дугаар байрны гадаа А.Даваадоржийг найз охин Э.Тэлмүүнтэй хардсаны улмаас зодож, бие махбодид нь “дагзны зүүн талын суурь хэсгээс дээш зүүн дагз яс руу үргэлжилсэн шугаман хугарал, дагз хэсгийн хатуу хальсан доор цусан хураа, тархины эдийн няцрал, зөөлөн бүрхүүлийн цус харвалт, хоёр гарын тохой, өвдөгт цус хуралт, зулгаралт” бүхий хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь:

Хохирогч А.Даваадоржийн “...2015 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Э.Тэлмүүн гэх найзтайгаа уулзаад “Чингис” зочид буудлаас “Бөхийн өргөө” орох замд байх нэгэн пабад сууж байгаад 00 цагийн үед гарч Э.Тэлмүүнийг гэр лүү нь хүргэж өгөхөөр такси бариад явсан. Байрных нь гадаа очоод би таксинаас түрүүлж буугаад араас Э.Тэлмүүн буусан. Намайг таксинаас буунгуут гэнэт цохисон. Би ухаан балартаад нэг сэргэхэд Э.Тэлмүүний найз миний дээр гарчихсан намайг сэгсрээд миний толгойгоор боржур мөргүүлээд байсан. Тухайн үед Э.Тэлмүүн орцныхоо ойролцоо зогсож байсан санагдаж байна. Мөн нэг эрэгтэй хүн тагтнаас А.Галааг дуудаад “боль” гэж байх шиг сонсогдсон. Ухаан балартаад тухайн үед юу болсон талаар сайн санахгүй байна. Нэг сэрэхэд гэртээ хэвтэж байсан. Өглөө босоход толгой маш их өвдөж байсан ба дүү түргэн тусламж дуудсан. Түргэний эмч ирж үзээд “уламжлалт эмнэлэгт үзүүл” гэж хэлээд явсан. Маргааш нь эгч ирээд “Гялс” төвийн эмнэлэгт очиж үзүүлэхэд “яаралтай гэмтлийн эмнэлэг яв” гэсэн. Гэмтлийн эмнэлэгт ирээд хагалгаанд орсон...” /1-р хх-12/,

Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сайнбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ”...Миний хүү А.Даваадорж толгойндоо 10 сантиметрийн төмөр тортой насаараа явна. Түүнийг хаана ухаан алдаад унахыг бид мэдэхгүй, уур нь хүрээд толгой нь өвдөхөөрөө юу хийж байгаагаа мэддэггүй...” /2-р хх-97/,

Гэрч Ж.Энхбаярын “...2015 оны 8 дугаар сарын 5-ны өдөр охин Э.Тэлмүүн “А.Даваадоржтой уулзаад ирье” гээд гарсан. Оройтоод байхаар нь ирж байна уу гээд мэссэж бичихэд удахгүй очно гэсэн хариу ирсэн. Манай байр хоёр талдаа тагттай ба зүүн тийш харсан тагт дээр тамхи татах гээд гарахад төмөр хашааны хаалганы цаана нэг машин зогсож байсан. Машины ойролцоо Э.Тэлмүүний дуу гарах шиг болохоор нь “Тэлмүүн чи мөн үү” гэхэд “Тиймээ ааваа” гэсэн. Тэгэхээр нь “одоо гэр лүүгээ ор” гэхэд удалгүй орж ирсэн...” /1-р хх-15/,

Гэрч Б.Нарангэрэлийн “...А.Даваадорж 2015 оны 8 дугаар сарын 7-ны өдөр манай тасагт ирэхэд толгой өвдөж байна гэсэн зовиуртай, ухаантай ч гэсэн орчиндоо харьцах харьцаа сулавтар, ёолсон байдалтай байсан. Тухайн үед нарийн шинжилгээ хийгдсэн байсан ба дагз ясны хугаралтай, хугарлын харалдаа хатуу хальсны дээрх цус хуралттай байсан ба манай тасагт эмийн эмчилгээ хийгдэж байгаад 2015 оны 8 дугаар сарын 8-ны өдөр цус хуралтыг авч, тархи дарагдлыг чөлөөлөх хагалгаанд орсон. Хагалгааны дараа биеийн байдал тогтворгүй байж байгаад 10 орчим хоног эмчлүүлээд эмнэлгээс гарсан. ...11 дүгээр сард гавлын ясны дутмагшлыг нөхөх хагалгаанд орсон. Уг гэмтэл нь тархи руу цохих, хүчтэй доргилт зэргээс үүсэх боломжой. Мөн гавлын яс хугарсан байсан болохоор гадны ямар нэгэн хүчин зүйлийн нөлөөллөөр үүсэх боломжтой. А.Даваадоржид учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байсан...” /1-р хх-116-117/,

Гэрч А.Халиуны “...шөнө унтаж байхад хаалга цохисон ба хаалгаа тайлж өгөөд харахад А.Даваадорж ах ирж байсан. Тухайн үед нойрмог байсан болохоор хаалга тайлж өгчихөөд өрөөндөө ороод унтсан. Тэгээд маргааш өглөө нь А.Даваадорж ах их сонин хоолойгоор намайг дуудаад байхаар нь очиход хувцас нь шороо, цус болчихсон, “бие өвдөөд байна, түргэн тусламж дууд” гэсэн. Түргэний эмч ирж үзээд уламжлалт эмнэлэгт үзүүл гэж хэлээд эм бичиж өгөөд явсан. Тэр өдрөө гэрийнхэндээ хэлээгүй, шөнө нь эгч ирээд маргааш нь “Гялс” төв рүү очиж үзүүлэхэд “3 газар цуурсан байна, яаралтай гэмтлийн эмнэлэг яв” гэж хэлсэн...” /1-р хх-247-247/,

Э.Тэлмүүн анх өгсөн тайлбартаа: “...Тухайн үед манай найз залуу над руу 30-аад удаа залгасан байсан. ...Тэгээд манай байрны гадаа ирээд таксинаас буухад манай найз залуу ирээд А.Даваадоржийг хавсраад унагаасан...” /1-р хх-7/,

Б.Галаа анхны тайлбартаа: “...2015 оны 8 дугаар сарын 5-ны өдөр найз охин Э.Тэлмүүнтэй холбогдох гээд 00 цагийн үед залгахад огт утсаа авахгүй байсан. 01 цагийн үед утсаа авахаар нь хаана, юу хийж байгааг нь асуухад “найзтайгаа сууж байна” гэхээр нь “зургаа аваад явуул” гэхэд утсаа тасалсан. Дахин залгахад утсаа авахгүй байхаар нь гэрийнх нь гадна байж байтал Э.Тэлмүүн цагаан өнгийн “Приус 20” загварын автомашинаас А.Даваадоржтой ирсэн. Би очоод А.Даваадоржийг хавсарч газар унагаасан...” /1-р хх-6/, ...Э.Тэлмүүний аав нь тагтан дээр гарч ирээд “Тэлмүүн байна уу, ор” гэж хэлэхэд Э.Тэлмүүн гэр лүүгээ орсон. ...Б.Галаа байж байгаад 02 цаг өнгөрч байхад явсан...” /1-р хх-27/  гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 11541 дүгээр шинжээчийн “...А.Даваадоржийн биед дагзны зүүн талын суурь хэсгээс дээш зүүн дагз яс руу үргэлжилсэн шугаман хугарал, дагз хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн няцрал, зөөлөн бүрхүүлийн цус харвалт, 2 гарын тохой, өвдөгт цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 ба 3.1.3 дахь хэсэгт зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт төгсгөлөөс хамаарна. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” /1-р хх-19/ гэх дүгнэлт,

Шинжээч эмч Н.Туяагийн “...хохирогчид учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Мөн толгойн дагз хэсэгт цохигдох үед үүсгэгдэх боломжтой. Өөрийн биеийн жингээр унахад үүсэх боломжгүй. Тухайн гэмтлийг цохих, хатуу зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 2015 оны 8 дугаар сарын 5-ны өдөр үүссэн байж болох шинэ гэмтэл. Тухайн гэмтэл нь хуучин гэмтэл байж болохгүй. Толгойн ар хэсгээр боржурт цохиход тухайн гэмтэл үүсэх боломжтой. Ийм гэмтэлтэй хүн удаан хугацаанд явах боломжгүй, хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Өөрийн биеийн жингээр унах үед ийм гэмтэл үүсгэгдэх боломжгүй...” /1-р хх-91-92/ гэх мэдүүлэг,

Гэрч З.Айлтгүйгийн 95648934 дугаарын утсанд үзлэг хийсэн “...манай найз залуу таксинаас буугаад гараад ирэхэд би хөлөөрөө хавсарсан юмаа, тэрэнд эрчээрээ унаж ийм юм болсон байна. Бид өөрийн зөв гээгүй шүү ахаа...” гэх тэмдэглэл /1-р хх-47/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1-р хх-1-4/, өвчний түүх /1-р хх-97-103/ зэрэг нотлох баримтуудаар,

Э.Тэлмүүн нь 2015 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Б.Галаа хохирогч А.Даваадоржийг зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан гэх үйлдэлтэй эрүүгийн хэрэгт 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө “Б.Галаа цаанаас ирж таарсан.  ...А.Даваадорж бууж таарсан ба Б.Галаагийн хөл дээр А.Даваадорж гишгэсэн үед Б.Галаа хөлөө татаж авахад А.Даваадорж газар унасан...” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн нь:

Хохирогч А.Даваадоржийн “...00 цагийн үед гарч Э.Тэлмүүнийг гэр лүү нь хүргэж өгөхөөр такси бариад явсан. Байрных нь гадаа очоод би таксинаас түрүүлж буугаад араас Э.Тэлмүүн буусан. Намайг таксинаас буунгуут гэнэт цохисон. Би ухаан балартаад нэг сэргэхэд Э.Тэлмүүний найз миний дээр гарчихсан намайг сэгсрээд миний толгойгоор боржур мөргүүлээд байсан...” /1-р хх-12/,

Э.Тэлмүүн анх өгсөн тайлбартаа: “... таксинаас бид хоёр буухад манай найз залуу Б.Галаа ирээд А.Даваадоржийг хавсарч унагаасан ба А.Даваадорж хойшоо саваад унасан...” /1-р хх-7/,

Б.Галаа анх өгсөн тайлбартаа: “..Э.Тэлмүүний гэрийн гадаа очиход манай найз охин цагаан өнгийн “Приус 20” загварын машинаас А.Даваадоржтой хамт буусан. Тэгэхээр нь би очоод А.Даваадоржийг хавсарсан ба тэрээр газар унасан...” /1-р хх-6/ гэж гэмт явдлын талаар тайлбар өгч энэхүү тайлбар, мэдүүлэг нь шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтаар нотлогдож байхад,

2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Э.Тэлмүүн гэрчээр мэдүүлэг өгөхдөө “...А.Даваадорж зоогийн газар сууж байхдаа …5-6 сарын өмнө өвлийн амралтаар Монголд ирэхдээ морь унаж байгаад унаад толгойдоо гэмтэл авсан. Дараа нь Хөвсгөл явахдаа урьд нь гэмтэл авсан газраа дахин гэмтэл авсан гээд баруун бил үү, зүүн хацрынхаа дээд хэсэгт хөхөрчихсөн байсныг харуулсан. ...А.Даваадорж намайг гэрт хүргэж өгөхөөр бид такси бариад манай байрны гадна очиж зогссон. Тэгээд таксинаас А.Даваадорж эхэлж буусан. Тухайн үед манай найз залуу Б.Галаа цаанаас ирсэн. Тэр үед А.Даваадорж Б.Галаагийн хөл дээр нь гишгэсэн ба Б.Галаа хөлөө татахад биеэ даахгүй газар уначихсан...” /1-р хх-16/ хэмээн зориуд худал өгсөн мэдүүлэг нь хохирогч, шинжээч эмч Н.Туяа нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр няцаагдаж байна.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн ба түүнд үнэлэлт дүгнэлт өгөх боломжтой, эдгээр нотлох баримтуудаар Б.Галаа нь нь хохирогч А.Даваадоржийг зодож, биед нь хүнд гэмтэл санаатай учруулсан, Э.Тэлмүүн нь зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Шүүх энэ хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

Ялтан Б.Галаа, түүний өмгөөлөгч Т.Төгөлдөр нар “...мөрдөн байцаалтын ажиллагааг хэт нэг талыг барьж, хэрэгт шаардлагатай нотлох баримтыг бүрдүүлэлгүй байцаан шийтгэх ажиллагааны журам зөрчиж явуулсан тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...”,  ялтан Э.Тэлмүүн, түүний өмгөөлөгч Л.Даваасүрэн нар “...Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчиж, хэргийн нөхцөл байдлыг бодитойгоор тогтоолгүй ял шийтгэл оногдуулсан, хэргийг бүрэн бодитой, хөдлөшгүй нотлох баримтаар эргэлзээгүйгээр нотлогдсон гэж үзэх боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгоно уу...” гэсэн гомдлуудыг тус тус гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шинжээч эмч Н.Туяагийн “...уг гэмтэл нь өөрийн биеийн жингээр унахад үүсэх боломжгүй. Тухайн гэмтлийг цохих, хатуу зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.” гэж мэдүүлсэн бөгөөд А.Даваадоржийн хохирогчоор өгсөн “...таксинаас түрүүлж буугаад араас Э.Тэлмүүн буусан. Намайг таксинаас буунгуут гэнэт цохисон. Би ухаан балартаад нэг сэргэхэд Э.Тэлмүүний найз миний дээр гарчихсан намайг сэгсрээд миний толгойгоор боржур мөргүүлээд байсан...” гэх мэдүүлгүүд болон Б.Галаа, Э.Тэлмүүн нарын анх өгсөн тайлбарууд нь хэргийн нөхцөл байдалтай тохирч байгаа ба шинжээч эмч Н.Туяагийн “...хохирогчид учирсан гэмтэл нь ...өөрийн биеийн жингээр унахад үүсэх боломжгүй, ...2015 оны 8 дугаар сарын 5-ны өдөр үүссэн байж болох шинэ гэмтэл...” гэх дүгнэлтээ тайлбарласан мэдүүлэг үндэслэлтэй болохыг давхар нотолж байна.

Иймд хохирогч А.Даваадоржийг гэртээ харих замдаа уг гэмтлийг авсан байж болзошгүй гэх нөхцөл байдлыг шалгах шаардлагагүй болно.

Түүнчлэн мөрдөн байцаагч З.Баярбилэгт 2015 оны 8 дугаар сарын 7-ны өдөр шинжилгээ хийлгэх шинжээч томилох тогтоол гаргаж, шинжээчийн дүгнэлт гаргуулсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 157 дугаар зүйлд заасан шинжилгээ хийлгэх үед сэжигтний эрхийг зөрчсөн гэж үзэх боломжгүй байна.

Учир нь Б.Галаа 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 11541 дүгээр шинжээчийн дүгнэлттэй танилцаж хүлээн зөвшөөрсөн атлаа шинжилгээ хийх шинжээч томилох тухай тогтоолд гарын үсэг дуурайлган зурсан хэмээн гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 157 дугаар зүйлийн 157.1 дэх хэсэгт “...шинжилгээ хийлгэх үед сэжигтэн, яллагдагч нь ...шинжээчийг татгалзан гаргах, шинжээчид нэмэлт асуулт тавих, шинжээчид нэмэлт баримт бичиг өгөх, ...шинжилгээ хийхэд байлцах эрхтэй...” бөгөөд энэ талаар хүсэлт гаргасан тохиолдолд шинжээч томилсон тогтоолыг өөрчлөх, түүнд нэмэлт оруулах боломжтой юм.

Харин нэгэнт гаргасан шинжээчийг дүгнэлтийг зөвшөөрөхгүй тохиолдолд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 164 дүгээр зүйлийн 164.1 дэх хэсэгт зааснаар нэмэлт болон дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргах эрх нь нээлттэй байсан байна.

Түүнчлэн Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх  хэсэгт “...шинжилгээ хийлгэх тухай хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, төрийн эрх бүхий байгууллагын хүсэлт байна” хэмээн заасны дагуу эрх бүхий албан тушаалтан шинжилгээ хийлгэх тухай тогтоол гаргах бөгөөд уг тогтоолыг хэргийн оролцогчдод заавал танилцуулахыг хуулиар журамлаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Ялтан Э.Тэлмүүн нь найз залуу болох Б.Галааг хохирогч А.Даваадоржийг зодсон гэдгийг мэдсэн хэрнээ бодит байдлыг гуйвуулан түүнийг зодоогүй хэмээн зориуд худал мэдүүлэг өгсөн болох нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаар тогтоогджээ.

Иймд шүүхээс Б.Галаагийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар, Э.Тэлмүүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн ял шийтгэл оногдуулсан нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн байх тул ялтан Б.Галаа, түүний өмгөөлөгч Т.Төгөлдөр, ялтан Э.Тэлмүүн, түүний өмгөөлөгч Л.Даваасүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын сарын 20-ны өдрийн 94 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Б.Галаа, түүний өмгөөлөгч Т.Төгөлдөр, ялтан Э.Тэлмүүн, түүний өмгөөлөгч Л.Даваасүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧИД                                           Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                                                                                Н.БАТСАЙХАН