Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 05

 

Д.Цогтбаярт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Т.Бямбажав даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

            Прокурор Д.Баянмөнх

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цоодол

            Шүүгдэгч Д.Цогтбаяр

            Нарийн бичгийн дарга Б.Алтандөш нарыг оролцуулж,

Дундговь аймаг дахь Сум  дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Сэржмядаг даргалж, шүүгч Г.Мөнхбат, Л.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 25 дугаар шүүхийн тогтоолыг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлээр Д.Цогтбаярт холбогдох эрүүгийн 201612000089 тоот хэргийг 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1969 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Эрдэнэдалай сумын Далайн 8-10 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Цэмбэл тайж овгийн Дамиранзавын Цогтбаяр / РД: ЗП69042018/

 

Шүүгдэгч Д.Цогтбаяр нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 7 дугаар багийн  Далайн 6-9 тоотод оршин суух Т.Шинэхүүгийн гэрт 2016 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Д.Амартүвшинтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний зүүн шанаа хэсэгт 2 удаа цохиж хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Дундговь аймгийн Прокурорын газраас Д.Цогтбаярт холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх:  

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.1.2 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Цэмбэл тайж овгийн Дамиранзавын Цогтбаярт холбогдох 201612000089 дугаартай эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Дундговь аймгийн Прокурорт буцааж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Д.Цогтбаярт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүх хуралдааны танхимаас суллаж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.Цогтбаярт бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авч  шийдвэрлэжээ.

 

Прокурор Д.Баянмөнх эсэргүүцэлдээ: Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 25 дугаартай шүүхийн тогтоолд дурьдсан үндэслэл нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн байна. Үүнд:

1. ... Хохирогч Д.Амартүвшингийн биед учирсан гэмтэл нь яллагдагч Д.Цогтбаярын түүнийг 2 удаа нүүрэн тус газар нь цохисон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой бөгөөд түүний цохилтоос үүссэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдсон, амь насанд аюултай шинжээрээ гэмтлийн хүнд зэрэгт хамаарч байхад хэд хэдэн гэмтэл авсан гэж үзсэн нь өрөөсгөл бөгөөд гэмтлийн зэрэг өөрчлөгдөхгүй, гэмтэл биеийн өөр өөр хэсгүүдэд үүсээгүй байхад гэмтэл тус бүрт эрүүл мэндийн хохирлын зэрэг тогтоох шаардлагагүй байна.

Шүүх гэмтэл тус бүр тусдаа үүссэн гэж үзэж байгаа бол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 273 дугаар зүйлийн 273.1 дэх хэсэгт зааснаар шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй буюу бүрэн бус байвал шүүхийн тогтоолоор шинжилгээг нэмж буюу дахин хийлгэж болохоор заасан байхад дээрх ажиллагааг  шүүх хуралдааны явцад  хийж гүйцэтгэх  боломжгүй гэж заасан нь үндэслэлгүй байна.

2. Д.Цогтбаярт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралд улсын яллагчийн зүгээс хохирогч Д.Амартүвшингийн эмчилгээний түүх буюу историйг эх хувиар нь нотлох баримтаар гаргаж өгсөн ба эмнэлэгт хэвтсэн тухай тэмдэглэлд: “Д.Амартүвшин нь 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр эмнэлэгт хэвтэж тархины хаван хөөх, цус тогтоох, эс дэмжих эмчилгээг хийж биеийн байдал сайжирсан боловч зовиур арилахгүй байх тул гэмтлийн эмнэлэгт илгээв ...” гэж Эрдэнэдалай сумын нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн талаар тэмдэглэсэн, мөн гэрч С.Ундармаа, хохирогч Д.Амартүвшин, гэрч С.Энхзоригт, Б.Ган-Эрдэнэ, Д.Оюундэлгэр нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар сумын эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэж байсан нь тогтоогдож байх тул шүүхийн тогтоолд заасан нотлох баримт авагдаагүй гэх заалт үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2, 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн байна.

3. Хохирогч Д.Амартүвшингийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, гэрч Д.Оюундэлгэрийн шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэг зэргээс үзэхэд хохирогч, гэрч нар нь гэмт хэрэг үйлдэгдсэн өдрийг Эрдэнэдалай сум руу хүүхэд хүргэж өгсөн өдөр гэдгээр нотолж байх бөгөөд дээрх мэдүүлэг нь хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна. Шүүхийн тогтоолд заасан өвчтөний түүх болон шинжээчийн дүгнэлтэд хохирогчийн бусдад зодуулсан гэх өдрийг зөрүүтэй бичсэнийг шууд хохирогчийн мэдүүлэг мэтээр дүгнэлт хийсэн нь буруу бөгөөд шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтийн хэргийн товч утга хэсэгт 2016 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Д.Амартүвшин нь 2016 оны 4 дүгээр сарын 5-нд бусдад зодуулсан гэж 2 өөр огноог бичсэн ба хэрэгт авагдсан нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдэгдсэн өдөр шинжээчийн дүгнэлтэд дурдсан 2016 оны 3 дугаар сарын 27-ны өдөр гэсэнтэй тохирч байна.

4. ... Шинжээчийн дүгнэлтэд “амь насанд аюултай” шинжээрээ гэмтлийн хүнд зэрэгт хамаарах талаар тодорхой дурдсан байхад  шүүхээс “ шалгуурын алийг үндэслэн тогтоосныг тодруулах нь зүйтэй байна” гэж үзсэн нь ойлгомжгүй бөгөөд шүүх гэмтлийн хүнд зэрэгт хамаарах ерөнхий нөхцлийн шалгуур шинжтэй андууран ташаа ойлгосон байна гэж үзэх үндэслэлтэй байна.  Журмын 3 дугаар зүйлд “Гэмтлийн хүнд зэрэг тогтоох шалгуур”-ын талаар дурдсан байх ба 3.1.3 дахь хэсэгт: “тархи, түүний бүрхүүл хальсны гэмтэл Үүнд:тархины хүнд зэргийн няцрал, ховдлын цус харвалт, тархины эсийн урт сэртэнгийн тархмал гэмтэл, түүнчлэн хатуу хальсан  дээрх, доорхи цусан хураа, тархиын зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт, тархины дунд зэргийн няцралын улмаас амь тэнссэн байдал илэрвэл энэ ангилалд хамаарна” гэж заасан нь хохирогч Д.Амартүвшингийн  биед учирсан гэмтэлтэй тохирч байгаа болно. Иймд  Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 25 дугаар тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн 201612000089 дугаартай хэргийг  анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокуророос: Анхан шатны шүүхийн тогтоол нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн байх тул шүүхийн тогтоолыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр гаргасан эсэргүүцлээ дэмжиж байна гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цоодолоос: Хэргийн бүрдэл дутуу, шүүх эцэслэн шийдвэрлэх боломжгүй байгаа юм. Дутуу, эргэлзээтэй зүйлийг дахин шалгаж тодруулахаар мөрдөн байцаалтад буцаасан шүүхийн тогтоол үндэслэлтэй гарсан. Иймд тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хангахгүй үлдээж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Анхан шатны шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Шүүгдэгч Д.Цогтбаяр нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 7 дугаар багийн  Далайн 6-9 тоотод оршин суух Т.Шинэхүүгийн гэрт 2016 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Д.Амартүвшинтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний зүүн шанаа хэсэгт 1 удаа, хашааны үүдэнд зүүн, баруун шанаа хэсэгт 2 удаа цохиж,  Амартүвшингийн биед тархины зүүн чамархай, зулайн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн чамархайн тархины няцрал, зөөлөн бүрхүүл дор цус харвалт хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаагч Ш.Бямбасүх нь иргэн Д.Амартүвшингээс ирүүлсэн гомдол мэдээлэлтэй танилцаад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 173, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасныг удирлага болгон эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол гаргажээ. Мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахаас өмнө өгсөн Д.Амартүвшингийн тайлбарыг нотлох баримтын хэмжээнд үнэлэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн №6227 дугаар дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй байна.

Хохирогч Д.Амартүвшин тус аймгийн Эрдэнэдалай сумын сум дундын эмнэлэгт 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр биеэ үзүүлэн, зөвлөгөө авсан, мөн оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 4 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн эсэх талаарх баримт хэрэгт авагдах нь ямар ач холбогдолтой нь ойлгомжгүй байх тул уг ажиллагаа нь зайлшгүй хийгдэх шаардлагагүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэлд “2016 оны 4 дүгээр сарын 04-ны өдөр Д.Амартүвшин нь бусдад зодуулсны улмаас хэвтэн эмчлүүлж байна” гэсэн болон 18513 дугаартай өвчний түүхэд өвчний талаар цаг хугацааг өөрөөр бичсэн боловч уг хэрэгт авагдсан нотлох баримт болох Эрүүгийн хуулийн 254, 255 дугаар зүйлийг сануулан мэдүүлэг авсан хохирогч, гэрч нарын мэдүүлэгт  “2016 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Цогтбаяр нь Амартүвшинг зодож байсан” болохыг гэрчилжээ. Тухайлбал:

Насанд хүрээгүй гэрч Ш.Мөнх-Оргилын “:2016 оны 03 дугаар сарын 27-ны өдөр манай гэрт 15 цагийн үед гаднаас Амартүвшин ах, Баярмаа эгч, Сүхээ ах, Туяа эгч ирээд... гэрээс явах гэж байхад гаднаас Цогтбаяр ах орж ирсэн. ...Цогтбаяр гэх хүн уурлаад Амартүвшингийн зуун талын шанаа руу баруун гараа зангидаж байгаад нэг удаа цохиод авсан юм. ...Би гэрээ цэвэрлээд гэрээс гараад хашаанаасаа хартал Цогтбаяр ахын хашааны үүдэнд Цогтбаяр ах баруун гараа зангидаж байгаад Амартүвшин ахын зүүн талын шанаа руу нэг удаа цохиж зодсон.”, / хх-39-40-р хуудас/

Гэрч Б.Баярмаагийн ”: 2016 оны 03 дугаар сарын 27-ны өдөр намайг гэртээ байхад манай гэрт гаднаас Туяа, Амартүвшин, Сүхээ нар ирээд ...тэд нар гарах гэж байхад гаднаас Цогтбаяр орж ирсэн. ... Цогтбаяр Амартүвшингийн зүүн талын шанаа руу нэг удаа цохиод автал Амартүвшин газар ойчихдоо тогоотой хоол асгасан. ... Би гэрээс нэг гартал Амартүвшингийн нүүр нь цус болчихсон зогсож байсан ...” /хх-41-р хуудас/ мэдүүлгүүд зэрэг болно.

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн №6227 дугаар дүгнэлтээр Д.Амартүвшингийн бие махбодид учирсан гэмтлийг шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай шинжээр нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэж тогтоожээ. Шинжээчийн дүгнэлтийг тодруулах зорилгоор шинжээчийг байцаах эрх нь шүүхэд байсаар байхад хэргийг мөрдөн байцаалтад буцаасан нь үндэслэлгүй байна.

Шүүх тогтоолын ТОГТООХ НЬ хэсгийн 3 дугаар заалтдаа “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгчийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүх хуралдааны танхимаас сулласугай.” гэж заажээ. Харин 4 дүгээр заалтдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.Цогтбаярт бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Цагдан хоригдож байгаа шүүгдэгчийг шүүх хуралдааны танхимаас суллах зохицуулалт нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 300 дугаар зүйлийн 300.1 дэх хэсэгт хуульчлагдсан. Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Д.Цогтбаярт таслан сэргийлэх арга хэмжээ өөрчилж шийдвэрлэсэн гэж ойлгогдохоор байна.

Батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах, шүүгдэгчийг шүүх хуралдааны танхимаас суллах асуудлууд нь 2 өөр асуудал болохыг цаашид анхаарах нь зүйтэй.   

Иймд прокурорын гаргасан эсэргүүцлийг хүлээн авч анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1.2, 322 дугаар зүйлийн 322.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.  Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 25 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Д.Цогтбаярт холбогдох эрүүгийн 201612000089 тоот хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Шүүгдэгч Д.Цогтбаярт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1 дэх хэсэгт зааснаар магадлалд гомдол, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ                              Т.БЯМБАЖАВ

                                     ШҮҮГЧИД                               Х.ГЭРЭЛМАА

                                                                                     Р.МӨНХ-ЭРДЭНЭ