Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 06

 

Ч.Ишгэнхүүд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Т.Бямбажав даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

            Прокурор Г.Хаш-Эрдэнэ

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дарьсүрэн

            Шүүгдэгч Ч.Ишгэнхүү

            Нарийн бичгийн дарга Б.Алтандөш нарыг оролцуулж,

Дундговь аймаг дахь Сум  дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж шийдвэрлэсэн 2016 оны 10 дугаар  сарын 04-ний өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дарьсүрэнгийн давж заалдах гомдлоор Ч.Ишгэнхүүд холбогдох эрүүгийн 201612000115  тоот хэргийг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-1, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 6-р баг “Хаяагийн говь” гэх газар нутаглах, аймгийн сайн малчин цол, тэмдгээр шагнагдсан, урьд 1 удаа ял шийтгүүлж байсан, Бавдорж овгийн Чанцалын Ишгэнхүү /Регистрийн дугаар:ЗП76110715/

 

Ч.Ишгэнхүү нь 2016 оны 6 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 7-р баг,  Далайн 1-2 тоот хашаанд Б.Мөнхтулгын өмчлөлийн                   40-00 УНЛ  улсын дугаартай “Toyota kluger” маркийн тээврийн хэрэгслийн шил, толь, дугуй, копуд зэргийг  чулуу болон хутга ашиглан гэмтээж 1375000 төгрөгийн, мөн хашаанд байх С.Баасанжавын байшингийн цонхыг хагалж 180000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Дундговь аймгийн Прокурорын газраас Ч.Ишгэнхүүд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх:  

Шүүгдэгч Бавдорж овгийн Чанцалын Ишгэнхүүг бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ишгэнхүүд 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулан шийтгэж,

Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ишгэнхүүд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял дээр Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015.12.22-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялын заримыг нь буюу 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Ч.Ишгэнхүүгийн биечлэн эдлэх ялыг 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Ч.Ишгэнхүүд оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр,

Шүүгдэгч Ч.Ишгэнхүү нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, иргэний нэхэмжлэгч С.Баасанжавд 180.000 төгрөг төлсөн болохыг дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ишгэнхүүгээс 850000 төгрөг гаргуулан хохирогч Б.Мөнхтулгад олгож, хохирогч Б.Мөнхтулгын нэхэмжлэлээс 1.000.000 төгрөгт холбогдох хэсгийг хэлэлцэхгүй орхиж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Мөнхтулга нь хэлэлцээгүй орхисон хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ч.Ишгэнхүүгээс нэхэмжлэх эрхтэйг дурдаж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  хутга 1 ширхэг, чулуу 2 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар,

Мөрдөн байцаагч Б.Мягмарсүрэнгийн 2016.06.22-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Ишгэнхүүд  урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дарьсүрэн давж заалдах гомдолдоо: Тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Ялтны өмгөөлөгчийн зүгээс хэргийн зүйлчлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Ч.Ишгэнхүү нь эхнэр Б.Мөнхтулгатай 2006 онд хууль ёсоор гэрлэлтээ батлуулан гэр бүл болон амьдарч байсан ба цаашид хамтран амьдрах боломжгүйгээс  Сум дундын 11 дүгээр шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 159 дүгээр шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулан, эд хөрөнгийн маргаанаа шийдвэрлүүлсэн. Шүүх маргааныг шийдвэрлэхдээ эрүүгийн хэргийн халдлагын зүйл болсон 40-00 УНЛ  улсын дугаартай “Toyota kluger” маркийн суудлын автомашиныг нэхэмжлэгч Б.Мөнхтулга болон хүү И.Чинболор, охин И.Энхжин нарт үлдээхээр харилцан тохиролцсон болохыг дурдаж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 5 дахь заалтаас харахад тухайн эд хөрөнгийг Б.Мөнхтулгын өмчлөлд шилжүүлэхээр шүүх шийдвэрлээгүй учраас тээврийн хэрэгслийг Б.Мөнхтулга хэрэгцээндээ ашиглаж, харин дундын өмчлөлийн эд зүйл хэвээр үлдсэн. Хохирогч гэх Б.Мөнхтулга нь Ч.Ишгэнхүүд мэдэгдэхгүйгээр хожим өөрийн нэр дээр шилжүүлэн авсан  болохыг шүүх хуралдаанд гаргаж өгсөн тээврийн хэрэгслийн гэрчилгээг харж мэдсэн юм.

Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт “гэр бүлийн гишүүний хамтран өмчлөх дундын хөрөнгөөс гэр бүлийн гишүүнд ногдох хэсгийг шүүх тогтоох бөгөөд  энэ тохиолдолд гэр бүлийн гишүүний хэнд нь ямар хөрөнгө шилжихийг тодорхойлно” гэж зааснаас үзэхэд шүүх тухайн эд хөрөнгийг хэн нэгнийх нь өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэх ёстой байсан. Шүүх өмчлөлийн асуудлыг шийдвэрлээгүй учраас тээврийн хэрэгслийг бусдын өмч хөрөнгө гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. Ч.Ишгэнхүүгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж чадахгүй байгаа учраас шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон ялтны өмгөөлөгчөөс: Гэмт хэргийн халдлагын зүйл болсон автомашиныг бусдын өмч гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд миний үйлчлүүлэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж чадахгүй байгаа учраас шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокуророос: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Анхан шатны шүүхээс ялтан Ч.Ишгэнхүүг 2016 оны 06 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 7 дугаар баг Далайн 1-2 тоот хашаанд Б.Мөнхтулгын өмчлөлийн 40-00 УНЛ улсын дугаартай “Toyota Kluger” маркийн тээврийн хэрэгслийн шил, толь, дугуй копуд зэргийг чулуу болон хутга ашиглан гэмтээж 1375000 төгрөгийн, мөн хашаанд байх иргэн С.Баасанжавын байшингийн цонхыг хагалж 180000 төгрөгийн хохирол тус тус учруулж Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх” гэмт хэргийг үйлдсэн болох нь

Хохирогч Б.Мөнхтулгын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “: Машиныг шүүх хурал дээр харилцан тохиролцоод надад өгсөн гэж би ойлгож байгаа. Өгсөн шиг өгч чадахгүй, өгсөн зүйлийнхээ хойноос яагаад улайраад, өс санаад байдаг юм. ...Хэдхэн сарын өмнө өгсөн малаасаа болоод ирж агсам тавьж, манай ээжийн гарыг хугалж гэмтээсэн. Энэ хүний эвдэлсэн машиныг янзлах гэж малчны зээл хийж засуулсан. Хохирлоо барагдуулах хүсэлтэй байна. ...Намайг зугтаж гараагүй байсан бол намайг тэр машин шиг болгох байсан. Намайг зугтаасан гээд машинд уураа гаргаж эвдэлж, сүйтгэсэн биз дээ.” гэсэн мэдүүлэг, 

Иргэний нэхэмжлэгч С.Баасанжавын  “: 2016.06.17-ны өдөр би 15 цагийн үед Улаанбаатар хотоос Эрдэнэдалай суманд ирсэн. Тэгээд гэртээ иртэл манай охин Б.Мөнхтулга хэлэхдээ ”таны байшингийн цонхыг миний хуучин нөхөр Ишгэнхүү шөнө ирээд хагалсан байсан. Тухайн хагарсан цонхны хэмжээ 50см*1.10м харьцаатай байсан юм. Би  цонхоо 180000 төгрөгөөр үнэлж нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /хх-н 29х/,

Гэрч Б.Шинэбаярын”: 2016.06.16-2016.06.17-нд шилжих шөнийн 03 цаг 30 минутын үед Мөнхтулга гэх хүүхэн Цагдаагийн хэсэгт ирж хуучин нөхөр Ишгэнхүү нь согтуу ирээд байшингийн цонх хагалчихлаа гэж дуудлага өгсөн. Тэгээд би Мөнхтулгын хамт хэргийн газар очих үед Ишгэнхүү нь хутга барьчихсан хар өнгийн “Toyota Kluger” маркийн машины дугуйг хутгалж хагалсан байдалтай мөн машины урд болон хажуу талын цонхнуудыг чулуугаар хагалсан байдалтай байхаар нь цагдаагийн хэсэгт авчирч хутгыг нь хурааж авсан.” гэсэн мэдүүлэг /хх-н 32х/, шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 4х/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, байшингийн цонх болон машины эвдрэл гэмтлийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “Хутга болон 2 ширхэг чулууг эд мөрийн баримтаар тооцож” хэрэгт хавсаргасан тогтоол /хх-н 24х/ болон шүүх хуралдааны үед шинжлэн судалсан бусад бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзсэн нь үндэслэлтэй байна.   

Шүүхээс ялтан Ч.Ишгэнхүүд оногдуулсан хорих ялын хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, ялтны хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон хууль ёсны байна гэж Давж заалдах шатны шүүх үзлээ.

Ялтны өмгөөлөгч нь “эрүүгийн хэргийн халдлагын зүйл болсон 40-00 УНЛ улсын дугаартай “Toyota Kluger” маркийн суудлын автомашин нь гэр бүлийн гишүүний хамтран өмчлөх дундын хөрөнгө тул Ч.Ишгэнхүүгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж чадахгүй байгаа учраас шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх” тухай давж заалдах гомдол гаргажээ.

Анхан шатны шүүх нь 40-00 УНЛ улсын дугаартай “Toyota Kluger” маркийн суудлын автомашины өмчлөлийн талаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлийн 95.4 дэх хэсэгт заасан нотлох шаардлагагүй үйл баримт гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй байна. Хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтын талаар дахин дүгнэлт хийх боломжгүй болно. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт “Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана.” гэснийг анхан шатны шүүх зөрчөөгүй байна.  

Иймд ялтны өмгөөлөгчийн гаргасан “шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр Давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1, 315.1.1-д заасныг удирдлага  болгон ТОГТООХ НЬ:

 

1.Ялтны өмгөөлөгч Д.Дарьсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсэгт зааснаар Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               Т.БЯМБАЖАВ

                                    ШҮҮГЧИД                               Х.ГЭРЭЛМАА

                                                Р.МӨНХ-ЭРДЭНЭ