Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 10

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 З.Эрдэнэбилэгт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Т.Бямбажав даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

            Прокурор Ж.Очирбат

            Ялтны өмгөөлөгч Г.Лхам, И.Олонмөнх

            Ялтан  З.Эрдэнэбилэг

            Нарийн бичгийн дарга Б.Алтандөш нарыг оролцуулж,

Дундговь аймаг дахь Сум  дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Сэржмядаг даргалж шийдвэрлэсэн  2016 оны 10 дугаар  сарын 24-ний өдрийн 40 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн ялтны өмгөөлөгч Г.Лхам, И.Олонмөнх нарын давж заалдах гомдлоор З.Эрдэнэбилэгт холбогдох эрүүгийн 201612000028 тоот хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Гурвансайхан суманд               1973.12.05-нд төрсөн, эрэгтэй, 43 настай, бүрэн бус дунд боловсролтой,  жолооч мэргэжилтэй, ам бүл-7, эхнэр, хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6-р баг, Боржигоны 10-6 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД: ЗЮ:73120596/ Боржигон овогт Зулын Эрдэнэбилэг

 

З.Эрдэнэбилэг нь 2016 оны 02 сарын 22-ны өдөр 14 цагийн орчимд согтуурсан үедээ “Istana” маркийн 25-94 УБӨ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын  Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3, Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар зүйлийн 2.7, 13 дугаар зүйлийн 13.1 дэх заалтуудыг зөрчин, гарцаар гарч байсан явган зорчигч Д.Ууганцэцэгийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас Д.Ууганцэцэгийн амь нас хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх:  

Шүүгдэгч Боржигон овогт Зулын Эрдэнэбилэгийг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж болон ашиглалтын журам зөрчсөний улмаас 17 настай Д.Ууганцэцэгийн амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.1, мөн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар З.Эрдэнэбилэгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрвөн/ жилийн хугацаагаар хасч, 5 /таван/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулан шийтгэж,

Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар З.Эрдэнэбилэгт оногдуулсан 5 /таван/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр,

Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 59 дүгээр зүйлийн 59.7-д зааснаар З.Эрдэнэбилэгийн сэжигтнээр баривчлагдсан 3 /гурав/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож,  

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 508 дугаар зүйлийн 508.1-д тус тус зааснаар  З.Эрдэнэбилэгийн хувьд ногдох эд хөрөнгөөс 6473023 /зургаан сая дөрвөн зуун далан гурван мянга хорин гурван/ төгрөгийг гаргуулан хохирогч Шувуутай овогт Гэлэгдоржийн Өлзийбаатарт олгож, хохирогчийн нэхэмжлэлээс 3649900 төгрөг гаргуулахтай холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2-т заасныг баримтлан хохирогч Г.Өлзийбаатараас гаргасан амь насны төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь  нотлох баримтаа бүрдүүлэн З.Эрдэнэбилэгээс нэхэмжлэх эрхтэйг дурьдаж,  

            Шүүх шүүгдэгч З.Эрдэнэбилэгээс хохирогч талд бэлнээр өгсөн 3 /гурван/ сая төгрөг, Ө.Хүүхэнсугирын нэр дээр шилжүүлсэн Дундговь аймгийн Сайнцагаан сум 9-р баг Мандалын 9-48 тоотод байрлах Г-0814002571 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй газрыг 2500000 төгрөгийн төлбөрт тооцож хассаныг дурьдаж,

 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар  шүүгдэгч З.Эрдэнэбилэгийн эзэмшлийн Истана 25-94 УБӨ улсын дугаартай автомашиныг хураасан, Тоёота Корса 84-66 ДУА улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож,

 Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгч З.Эрдэнэбилэгт энэхүү тогтоолоор оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг эдэлж дууссан үеэс тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг эхлэн тоолохоор,

 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар эд мөрийн баримт 41 секундын бичлэг бүхий цахим зээрэнцэгийг болон Истана маркийн 25-94 УБӨ улсын дугаартай автомашины №АЯ0011255 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Тоёота Корса 84-66 ДУА улсын дугаартай автомашины №01160203 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, №54041 дугаартай BCDE ангиллын жолооны үнэмлэхний хуулбарыг З.Эрдэнэбилэгт холбогдох 201612000028 тоот хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээж шийдвэрлэжээ.

 

Ялтны өмгөөлөгч Г.Лхам давж заалдах гомдолдоо: Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 40 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд: З.Эрдэнэбилэг нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Өлзийбаатарт гэм хорын шууд, шууд бус зардал хохирлыг нөхөн төлж барагдуулсан. Цаашид ч дэмжлэг туслалцаа үзүүлнэ гэж ярьж, дамжуулж байна. З.Эрдэнэбилэг нь ам бүл 8, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. З.Эрдэнэбилэг нь ажил төрөл эрхэлж, гэр бүлээ тэжээн тэтгэж байсан. Өөр хөдөлмөр эрхэлдэг хүн , түүний ам бүлд байхгүй. Гурван хүүхэд нь оюутан, сургалтын төлбөрийг нь аав З.Эрдэнэбилэг нь ажил хөдөлмөр хийж төлдөг байсан. Зарим нь ерөнхий боловсролын дунд сургуульд суралцдаг юм. З.Эрдэнэбилэг нь өөрийн хайхрамж болгоомжгүйгээс зам тээврийн осол хийж эрдэнэт хүний амь насыг хохироосондоо маш ихээр харамсаж байна.  З.Эрдэнэбилэг нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас  анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдож бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн тэр даруйдаа  хохирогчийг эмнэлгийн байгууллагад хүргэж, мөн гэр бүлийн хүн нь хамт  эмнэлэгт харж хандаж байсан.  Хорих ял эдлээд яваад ирэхэд ажлын байр олдохгүй болох том бэрхшээл амьдралд тулгарч байгааг шүүх бүрэлдэхүүн анхааран харгалзаж үзнэ үү.

З.Эрдэнэбилэгийг  хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлээд ирвэл хамт олон нь ажлын байр өгье гэж хэлээд байгаа юм. Иймд З.Эрдэнэбилэгийн шүүхээс оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жил хасч, 5 жилийн хорих ялыг өөрчлөн хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

 

Ялтны өмгөөлөгч И.Олонмөнх давж заалдах гомдолдоо:  Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016.10.24-ний өдрийн 40 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн З.Эрдэнэбилэгт хүнд ял оногдууллаа гэж үзэж энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Миний өмгөөлөлд байгаа Эрдэнэбилэгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3-т заасан хэрэг мөн боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэн үзэх хууль зүйн үндэслэл илүү давамгай тогтоогдож байна.  Үүнд: 1. Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д зааснаар Эрүүгийн хуулийн 17, 27 дугаар зүйлд заасан болгоомжгүйгээр хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа холбогдсон, урьд өмнө нь хэрэг зөрчилд холбогдож байгаагүй нь  ял шалгуурын хуудсаар нотлогдсон.

2. Эрдэнэбилэг нь өөрийн буруутай үйлдэлдээ чин санаанаасаа гэмшиж гэм буруугаа ухамсарлан ойлгож, тухайн хэрэг учралын улмаас учруулсан гэм хорын материаллаг хохирлоо шүүхийн шатанд нөхөн төлж барагдуулсан байна. Энэ талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Өлзийбаатар гуайн гаргасан өргөдөлд дурьдсан байгаа.

3. Эрдэнэбилэгийн хувийн ахуй амьдрал нь ам бүл 8-уулаа, Одоо 42 настай, эхнэр, 6 хүүхэдтэй. Эхнэр Нарантуяа нь биеийн эрүүл мэндийн байдал тааруухан тул хүнд ажил, хөдөлмөр хийх боломжгүй.

4. Сайнцагаан сумын 6-р багийн засаг даргын тодорхойлолтоор амьжиргааны баталгаажих түвшингийн доогуур орлоготой өрх гэдгийг тодорхойлсон байна.

5. Эрдэнэбилэгийн хувийн болон ажил байдлын талаар түүний ажилладаг ЖИ-ПИ-ЭФ ХХК-ийн тодорхойлолтоор хамт олондоо нэр хүндтэй, ажилдаа маш сайн хөрвөж ажиллах ур чадвартай, үүрэг даалгавар сайн биелүүлдэг, үнэнч шударга, хөдөлмөрч тэргүүний ажилчин мөн болохыг нотолсон билээ. Мөн Эрдэнэбилэг нь хохирогч талд юугаар ч нөхөж баршгүй гарз учруулсандаа маш харамсан гэмшиж байдаг бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Өлзийбаатар гуайд өөрийн бүхий л чадлаараа тусалж явна гэдэг бөгөөд үүнийг хохирогч хүлээн авч  анхан шатны шүүх хурлын дараа давж заалдах өргөдөл гаргахдаа  хохирол төлбөр барагдсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй, ял шийтгэлийг нь хөнгөрүүлж өгнө үү гэж бичсэн байгааг нь харгалзан үзэх үндэслэл болно гэж үзэж байна.

            Иймд Эрдэнэбилэгт Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар 5 жилийн хорих ял оногдуулсныг өөрчилж, дээрхи хууль зүйн талаас нь тайлбарласан үндэслэлүүдийг харгалзан хөнгөрүүлэн үзэж  Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар тэнсэж хянан харгалзах ялаар хөнгөрүүлэн тогтоож өгнө үү гэжээ.  

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон ялтны өмгөөлөгч Г.Лхамаас: З.Эрдэнэбилэг нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлсөн. Энэ бүгдийг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон ялтны өмгөөлөгч И.Олонмөнхөөс: З.Эрдэнэбилэгт ял оногдуулахдаа хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлууд байгааг анхан шатны шүүх харж үзсэнгүй. Гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг төлсөн. Энэ талаар хохирогч Г.Өлзийбаатар шүүхэд өргөдөл өгсөн байгаа. Анхан шатны шүүхээс оногдуулсан 5 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж хянан харгалзаж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокуророос: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул 40 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтны өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

                                                 

                                                  ТОДОРХОЙЛОХ НЬ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

            З.Эрдэнэбилэг нь 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 14 цагийн орчимд согтуурсан үедээ “Istana” маркийн 25-94 УБӨ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын  Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3, Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар зүйлийн 2.7, 13 дугаар зүйлийн 13.1 дэх заалтуудыг зөрчин, гарцаар гарч байсан явган зорчигч Д.Ууганцэцэгийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас Д.Ууганцэцэгийн амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан:

            Насанд хүрээгүй гэрч Э.Намжилдуламын ” ...Ууганцэцэг миний зүүн гар тал буюу хойд талд надаас үл ялиг урдуур явсан байх. Тэгсэн хойд талаас нэг машин хурдтай ирээд Ууганцэцэгийг дайраад нэлээн урд очтол мөргөсөн. Жолооч нь бололтой согтуу ах гарч ирээд түргэн дуудсан юм уу гээд байсан.” /1-р хх-45х/,

            Гэрч Бурамын ” Би 2016.02.22-ны өдөр 13 цагаас 18 цагийн хооронд 1-р сургуулийн зүүн талын  зам дээр эцэг, эхийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Би 1-р сургуулийн зүүн талын явган хүний 2 гарцны хойд талын гарц дээр замын баруун талд нь зогсож зохицуулагч хийж байсан ба ар талаас хэдэн хүүхдүүд ирээд замаар явган хүний гарц хэсгээр гарах гэж байтал хойд талаас нэг машин хүчтэй орж ирээд нэг хүүхдийг нь мөргөөд урагшаагаа өнхөрүүлээд нөгөө машин нилээн урагшаагаа яваад зогссон...” /1-р хх-37х/,

            Гэрч Н.Пунсалдуламын ” ...Би Одонтунгалагтай хамт гарцаар гарч байсан ба ардаас Ууганцэцэг, Намжилдулам нар гарч байсан. Тэгсэн ард гэнэт түс хийх чанга чимээ гарсан. Тэгээд эргээд хартал Ууганцэцэг нэлээн урд хэвтэж байсан. Мөргөсөн машин нь мөн нилээн урагшаагаа яваад зогссон. Тэгээд хэсэг хугацааны дараа түргэн болон цагдаа нар ирсэн.” /1-р хх-38х/,

            Гэрч П.Одхүүгийн” 2016.02.22-ны өглөө ажлын Эрдэнэбилэг ахынд мөн ажлын Мөнхбаяр, Мөнхдэлгэр, Золбаяр, Баярсайхан нарын хамт нэг шил архи уугаад бид хэд Гурвансайхан сум руу гарсан. Тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байна. Аймгийн театрын уулзвараар урагшаагаа уруудаж байсан. Тэгсэн гэнэт түс хийх чимээ гарахаар нь Эрдэнэбилэг ахаа та хүн дайрчихвуу гэж асуухад Эрдэнэбилэг ах зогсоод хойшоогоо гүйгээд яваад өгсөн./1-р хх-39х/, Шинжээчийн 2016 оны 02 сарын 22-ны өдрийн 34 тоот дүгнэлт /1-р хх-94х/, согтуурал шалгасан тэмдэглэл /1-р хх-29х/, өвчний түүх, нас барсны гэрчилгээ, шинжээчийн 09 тоот дүгнэлт /1-р хх-50-90, 127, 47-48/ зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

            Анхан шатны шүүх гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдээд учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулаагүй зэрэг байдлуудыг харгалзан З.Эрдэнэбилэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан ялаас хорих ялыг сонгон оногдуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэснийг хууль ёсны байна гэж үзлээ.   

Ялтны өмгөөлөгч “ ... З.Эрдэнэбилэг нь өөрийн буруутай үйлдэлдээ чин санаанаасаа гэмшиж гэм буруугаа ухамсарлан ойлгож, тухайн хэрэг учралын улмаас учруулсан гэм хорын материаллаг хохирлоо шүүхийн шатанд нөхөн төлж барагдуулсан. Энэ талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Өлзийбаатар гуайн гаргасан өргөдөлд дурьдсан байна:” гэж давж заалдах өргөдөлдөө дурьджээ. Хохирогч Г.Өлзийбаатарын гаргасан гэх өргөдөлд “Зулын Эрдэнэбилэг нь миний бодит хохирол болох 6473023 төгрөгийн хохиролд Корса 84-66 ДУА дугаартай авто машиныг оролцуулан аваад хохирол барагдуулсанд тооцлоо. Корса 84-66 ДУА дугаартай автомашины гэрчилгээг над олгоно уу” гэжээ. Шийтгэх тогтоолын 8 дугаар заалтад “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 –т зааснаар шүүгдэгч З.Эрдэнэбилэгийн эзэмшлийн Истана 25-94 УБӨ улсын дугаартай автомашиныг хураасан, Тоёота Корса 84-66 ДУА улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.” гэснээс дүгнэхэд хохирогч Г.Өлзийбаатарт гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд ялтны өмгөөлөгч нарын гаргасан З.Эрдэнэбилэгт Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 40 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ял оногдуулсаныг өөрчилж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар тэнсэж хянан харгалзахаар хөнгөрүүлж өгнө үү гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр Давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1, 315.1.1-д заасныг удирдлага  болгон ТОГТООХ НЬ:

      

1.Ялтны өмгөөлөгч Г.Лхам, И.Олонмөнх нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 40 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй

 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсэгт зааснаар Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ                              Т.БЯМБАЖАВ

                                     ШҮҮГЧИД                              Х.ГЭРЭЛМАА

                                                                                   Р.МӨНХ-ЭРДЭНЭ