Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 761

 

 

С.Ууганбаяр, Н.Баярмагнай нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуул даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Ж.Бат-Эрдэнэ,

Ялтан С.Ууганбаярын өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ,

Ялтан Н.Баярмагнай, түүний өмгөөлөгч С.Галцацрах,

Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж  хийсэн шүүх хуралдааны 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 103 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Н.Баярмагнайгийн гаргасан давж заалдах гомдлоор С.Ууганбаяр, Н.Баярмагнай нарт холбогдох 201525022373 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Буурал овогт Санзайгалсангийн Ууганбаяр, 1975 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, “Үнэн.мн” сайтын ерөнхий редактор ажилтай,  ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 1000 оюутны байрны 446 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар: /ЕБ75012816/,

2. Нуваан овогт Нямдоржийн Баярмагнай, 1983 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, үсчин мэргэжилтэй, “Энхжин” худалдааны төвд үсчний салон ажиллуулдаг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан-Өлгийн 22-339 тоотод оршин суух бүртгэлтэй,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 184 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ял шийтгүүлж, уг ялаас 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн “Өршөөл үзүүлэх тухай” хуулиар өршөөн хэлтрүүлсэн, регистрийн дугаар: /ЙЕ83021910/.

С.Ууганбаяр нь Н.Баярмагнайтай хамтран 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр "Энхжин" худалдааны төвийн захирал ажилтай А.Сүнжидмаагийн нэр төр, ажил хөдөлмөрийг нь гутаах зорилгоор “түрээслэгчдийн мөнгийг идэж завшсан тухай” гүтгэсэн мэдээг хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан олон нийтэд тараасан гэмт хэрэгт,

Н.Баярмагнай нь “Үнэн.мн” сайтын ерөнхий редактор ажилтай С.Ууганбаярт "Энхжин" худалдааны төвийн захирал ажилтай А.Сүнжидмаагийн нэр төр, ажил хөдөлмөрийг нь гутаах зорилгоор “түрээслэгчдийн мөнгийг идэж завшсан тухай” гүтгэсэн мэдээллийг өгч, С.Ууганбаярыг гэмт хэрэг үйлдэхэд нь өдөөн түлхэж, С.Ууганбаяртай хамтран 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр А.Сүнжидмаагийн хуулиар хамгаалагдсан нэр төр, ажил хөдөлмөрийг үндэслэлгүйгээр гүтгэн гүжирдсэн мэдээллийг “Үнэн.мн” сайтаар олон нийтэд тараасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: С.Ууганбаярт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэгт зааснаар, Н.Баярмагнайд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “С.Ууганбаяр, Н.Баярмагнай нарыг бусдыг гүтгэж, нэр төр, алдар хүндийг олон нийтэд тараасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэгт зааснаар С.Ууганбаярыг гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192.000 төгрөгийг 54 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 10.368.000 төгрөгийн торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Баярмагнайг гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192.000 төгрөгийг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9.792.000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, С.Ууганбаяр, Н.Баярмагнай нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурьдаж, хохирогч А.Сүнжидмаа нь өөрт учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурьдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болохыг мэдэгдэж шийдвэрлэжээ.

Ялтан Н.Баярмагнай гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлд “Хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, 16.1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг яллах ба цагаатгах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх ба хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүрэгтэй”, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт “Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч дор дурдсан эрх эдэлж, үүрэг хүлээнэ”, 28.2.11 дэх хэсэгт “Энэ хуулийн заалтыг ягштал баримтлан яллах болон цагаатгах нотлох баримтыг цуглуулах замаар хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж гэмт хэрэг, түүнийг үйлдсэн этгээдийг олж тогтоох талаар шаардлагатай бүх арга хэмжээ авах үүрэгтэй” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч Н.Баярмагнай миний хаана ямар ажил хийдгийг мэдэхгүй, хэн болохыг нь танихаас өөрөөр хэтрэхгүй хүнд цухас дурдсан яриагаар хүний нэр төр, алдар хүндийг гутаах гэсэн зорилго агуулсан гэмт хэрэг хамтран үйлдсэн гэж ялаар шийтгэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. "Энхжин" худалдааны төв нь хэт өндөр түрээстэй байсан нь үнэн, энэ нь түрээслэгч нарын түрээсийн гэрээгээр нотлогдох ёстой байсан бөгөөд түрээслэгч бидний хувьд cap болгоны нэгний өдөр амардаг, зарим сард амралтын өдөргүй ажиллаж хоногийн хоолоо олж, түрээс олох ялд унадаг байсан нь түрээслэгч бидэнд дарамт болж байсан нь үнэн. Үүнийг шалгаж, хэрэгт дурдаагүй байгаа нь хуулийн заалтыг зөрчиж байна гэж үзэж байна. Олон нийтийн хэрэгсэлд бичүүлж гүтгэх гэсэн сэдэлт, санаа байгаагүй. Би тэр хүнийг ямар ажил эрхэлдгийг мэддэггүй байсан учир надад холбогдох хэргийн зорилго, сэдэлт нь тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Ялтан Н.Баярмагнайгийн өмгөөлөгч С.Галцацрах тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гүтгэх гэмт хэргийн хувьд хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцлийг тогтоосон байх ёстой байдаг. Гэтэл хэрэг гарах болсон шалтгаан, нөхцлийг тогтоосон баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна. Хавтаст хэрэгт авагдсан “Түрээсийн гэрээ”-нээс үзэхэд нөхөх хуудсаар хэвлэж гаргасан гэрээг түрээслэгч нар гараар нөхөж бичиж, А.Сүнжидмаа гарын үсгээ зурсан байдаг. Мөрдөн байцаалтаар А.Сүнжидмаа нь үнэхээр гүтгэгдсэн эсэхийг тогтоож чадаагүй. Миний үйлчлүүлэгч тухайн үед С.Ууганбаярыг “Үнэн.мн” сайтад ажилладаг эсэхийг мэдэлгүйгээр хуучин танилдаа өөрт тулгамдсан асуудлыг ярьсан. Ингэхдээ А.Сүнжидмаагийн талаар ярьсан асуудлыг сайтад нийтлээд өг гэж хэлээгүй. Мөрдөн байцаалтын шатанд Н.Баярмагнайгийн С.Ууганбаярт ярьсан асуудлууд илт худал гүтгэлэг мөн эсэхийг тогтоогоогүй байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, дээрх асуудлуудыг шалгаж тогтоох хэрэгтэй гэж үзэж байна” гэв.

Ялтан С.Ууганбаярын өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч “хэргийг мөрдөн байцаалтад буцааснаар цаг хугацааны хувьд ажлаа ч хийж чадахгүй, хүндрэлтэй байдал үүсээд байгаа тул энэ удаад давж заалдах гомдол гаргахаа болъё, нэгэнт Н.Баярмагнай давж заалдах гомдол гаргасан тул шүүх хэргийг бүхэлд нь хянах байх, тиймээс ямар шийдвэр гаргахыг нь харъя” гэсэн. Урьд анхан шатны шүүхээс 5 үндэслэл зааж хэргийг мөрдөн байцаалтад буцаасан. Гэтэл нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаагаар шүүгчийн захирамжид дурдсан ажиллагааг хийлгүйгээр 2 хүнээс гэрчийн мэдүүлэг аваад дахин яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Н.Баярмагнайгийн үйлдсэн хэргийг хэрэгсэхгүй болгох боломжтой гэж үзэж байна. Н.Баярмагнай “би хамт сургуульд сурч байсан найзтайгаа уулзаад ганц шил юм уугаад зовлон жаргалаа ярьсан. Ямар нэгэн байдлаар бусдыг гүтгэж, олон нийтэд мэдээлэл тараагаад өгөөч гэж захиалсан асуудал байхгүй” гэдэг. Тиймээс Н.Баярмагнайг гэмт хэрэгт хамтран оролцсон гэж ял оногдуулсныг хэрэгсэхгүй болгож өгнө үү.  С.Ууганбаярын хувьд Н.Баярмагнайгийн ярьсан асуудлууд итгэл төрүүлэхүйц байсан тул Н.Баярмагнайг мэдээллийн эх сурвалж гэж үзээд үнэн зөв эсэхийг нь тогтоолгүйгээр “Үнэн.мн” сайтад нийтэлсэн гэдэг. Мөрдөн байцаалтын шатанд үнэхээр А.Сүнжидмаа нь гүтгэсэн эсэхийг тогтоогоогүй. Мөрдөн байцаалтын шатанд “Энхжин” худалдааны төвийн 43 түрээслэгч гүтгэгдсэн гэж хамтарсан гомдол гаргаж байсан. Гэтэл эдгээр гомдол гаргасан 43 хүний 10 хүнээс нь мэдүүлэг авсан. Мөн мөрдөн байцаалтын шатанд Н.Баярмагнайтай хамтран үсчиний суудал түрээслэгч хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авалгүйгээр лангуу түрээслэгч нараас мэдүүлэг авсан” гэв.

Прокурор Ж.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. С.Ууганбаяр сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө “Н.Баярмагнайгийн яриаг сонсоод хэрвээ А.Сүнжидмаагийн талаар мэдээлэл бичвэл цочирол авч, айх болов уу гэж бодсон” гэсэн байдаг. Тиймээс учраас энэ хэрэгт С.Ууганбаяр, Н.Баярмагнай нарыг холбогдуулан шалгасан. Н.Баярмагнай нь захиалагч биш тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд өдөөн турхирсан гэх шалтгаанаар хатгагчаар тогтоож, яллах дүгнэлт үйлдсэн. Шүүх хэргийг яллах дүгнэлтийн хүрээнд шийдвэрлэсэн нь хууль ёсны, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, А.Сүнжидмааг шалгах шаардлагагүй гэж үзэж байна. Гэрч А.Цас-Чихэр нь “Энхжин” худалдааны төв нь “Боса” ХХК-тай хамааралгүй, энд ямар нэг мөнгө завшсан үйлдэл байхгүй” гэж мэдүүлдэг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

“Үнэн.мн” сайтад ““Энхжин”-г хариуцагч “БОСА”-гийн мөнгийг завшиж байна” гэсэн гарчигтай нийтлэл /фото зургийн хамт/ бичигджээ.

Дээрх нийтлэлд юу гэж бичигдсэн нь хохирогч А.Сүнжидмаагийн нэр төр, алдар хүндийг хэрхэн гутааж байгааг тодруулахын зэрэгцээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын хүрээнд хэргийг шалгах.

Хэргийн үйл баримтыг яллах дүгнэлтэд "Энхжин" худалдааны төвийн захирал ажилтай А.Сүнжидмаагийн нэр төр, ажил хөдөлмөрийг нь гутаах зорилгоор “түрээслэгчдийн мөнгийг идэж завшсан тухай” гүтгэсэн мэдээллийг олон нийтэд тараасан гэж хэт ерөнхий бичсэн байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлд заасан шаардлагын хангаагүй байна.

Иймд хэргийн үйл баримтыг тодорхой болгож, уг үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний ямар шинжид хамаарч байгаад бодитой дүгнэлт өгч, яллах дүгнэлтэд тодорхой дүгнэх.

Н.Баярмагнай нь С.Ууганбаярт “Энхжин” худалдааны төвийн захирал А.Сүнжидмаагийн талаар ярихдаа уг мэдээллийг олон нийтэд мэдээлэхийг хүссэн эсэх, эсхүл Н.Ууганбаяр нь өөрийн санаачилгаар тус мэдээллийг “Үнэн.мн” сайтад нийтэлсэн эсэхийг буюу Н.Баярмагнай, С.Ууганбаяр нарын энэ хэрэгт хэрхэн хандсан субъектив санаа, зорилгыг тогтоох шаардлагатай.

Дээрх нөхцөл байдлыг шалгаж, тогтоогдсон үйл баримтын хүрээнд хэргийг зүйлчилсний дараа гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Н.Баярмагнай, С.Ууганбаяр нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Н.Баярмагнайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэгт зааснаар сонсгосон ялыг өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4, 35.6 дахь хэсэг, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэгт зааснаар нэмж ял сонсгох тогтоол үйлдсэн атлаа яллах дүгнэлтэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсгийг орхигдуулсан нь ойлгомжгүй, хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байгааг дурдаж байна.