Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2022/01573

 

 

     2022           08             22                                                 210/МА2022/01573

 

 

 

Б.Дгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч С.Энхбаяр, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2022/01560 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Дгийн хариуцагч Б ТӨХХК-д холбогдуулан ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Үлэмж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Бэлгүүнзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: 1.а. Б.Д би1991 оноос 07 дугаар сарын 03-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Б ТӨХХК-д вакцин үйлдвэрлэлийн 1-р цехэд технологич их эмч, мөн тус цехэд эрхлэгч их эмч, Үйлдвэрлэл-технологийн албаны дарга, Чанарын Хяналтын албаны дарга, Чанарын хяналт, шинжилгээний лабораторийн эрхлэгчийн ажил үүргийг тус тус гүйцэтгэн ажиллаж байсан. 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах мэдэгдлийг танилцуулж, улмаар 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/139 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаалыг өгсөн.  Уг тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дүгээр зүйлийн 43.1 болон 43.2 дах заалтыг тус тус зөрчсөн. Би 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ажлаа хүлээлгэн өгсөн.

          1.б. Дээрх тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-т заасан талууд харилцан тохиролцсоноор хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болсон гэж дурдсан. Миний бие ажлаас чөлөөлөгдөх талаар ажил олгогчтой амаар болон албан бичгээр харилцан тохиролцоогүй.

          1.в. Мөн уг тушаалд дурдсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3.2 дах заалт нь Хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болсон. Миний бие нь энэхүү хуулийн холбогдох заалтын дагуу хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсээгүй, түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дах заалтад зааснаар 60 нас хүрээгүй тул ажил олгогч талд өндөр насны тэтгэвэр тогтоолгох тухай хүсэлтийг өгөөгүй буюу өөрийн хүсэлтийг гаргаагүй.  

          1.г. Түүнчлэн дээрх тушаал нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн Сайдын 2004 оны 77 дугаар тушаалын хавсралт болох Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтын 2 дугаар бүлгийн 13 дах заалтыг үндэслэж намайг ажлаас чөлөөлсөн. Миний бие 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн Нийгмийн Даатгалын Газарт өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хүсэлт гаргахад хортой нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгоход 6 жил 4 сар дутуу, хөдөлмөрийн хортой нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүй байна гэсэн хариу өгсөн.

          Иймд Б ТӨААТҮГ-ын Захирлыг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/139 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас гаргуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дах заалтад зааснаар ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж холбогдох дэвтэрт бичилтийг нөхөн бичүүлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэгч Б.Д нь "Биокомбинат" ТӨҮГ-ын Вакцин үйлдвэрлэлийн 1-р цехэд малын их эмчээр 1991 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл ажилласан. Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 77 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-ын 2 дугаар хэсгийн 13 дахь заалтад хамаарагдах /малын боом, бруцеллёз, галзуу, сүрьеэ, ям зэрэг өвчний вакцин цехийн малын их эмчээр-14 жил 11 сар, малын эм бэлдмэл шалгах лабораторийн малын их эмч, эрхлэгчээр-9 жил/ тус тус ажиллаж, нийт хортой нөхцөлд 23 жил 11 сар ажилласан байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3.2-т “нийтдээ 20-оос доошгуй жил, үүнээс 10-аас доошгүй жил нь хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 50 нас хүрсэн, түүнчлэн нийтдээ 20-оос доошгүй жил, үүнээс 1 жил 6 сараас доошгүй хугацаагаар мөн нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 45 нас хүрсэн бол тус тус өөрийн хүсэлтээр” өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжтойг хуульчилсан. Хуулийн дээрх шаардлагыг нэхэмжлэгч Б.Д нь хангасан бөгөөд ажил олгогчоос өндөр насны тэтгэвэрт тогтоолгох мэдэгдэл хүргэхэд тэрээр татгалзаагүй нь зэрэгцээ өндөр насны тэтгэвэр тогтоолгосны дараа хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үргэлжлүүлэн ажиллаж, вакцин үйлдвэрлэлд ажиллаж буй залуу эмч мэргэжилтнүүдэд туршлага суулгах замаар ажил үүргээ гүйцэтгэхээр тохиролцсон. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Б.Дг Б ТӨХХК-ийн Чанарын хяналт, шинжилгээний лаборатори буюу малын эм бэлдмэл шалгах лабораторийн мал их эмч буюу эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Б ТӨХХК-аас 8,092,230 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Дд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг даатгуулагчийн төлбөл зохих Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлж, энэ талаар нэхэмжлэгч Б.Дгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Б ТӨХХК-нд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Д нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Б ТӨХХК улсын тэмдэгтийн хураамжид 144,426 төгрөг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэсэн.

 

          4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Ажил олгогч Б ТӨХХК нь ажилтан Б.Дд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3.2-т заасан шаардлагыг хангаж буй талаар болон түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дээрх үндэслэлээр цуцлах болсон талаар уулзалт хийж бичгээр мэдэгдсэн. Уг мэдэгдлийг ажилтан хүлээн авч, мэдэгдэлд тусгагдсан асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар амаар болон бичгээр аливаа тайлбар гаргаагүй. Харин өндөр насны тэтгэвэр тогтоолгосны дараа хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үргэлжлүүлэх, вакцин үйлдвэрлэлд ажиллаж буй залуу эмч мэргэжилтнүүдэд туршлага суулгах замаар ажил үүргээ гүйцэтгэхээр олгогчтой тохиролцон ойлголцсон.

          Дээрх харилцан ойлголцол болон тохиролцооны дагуу ажил олгогч ажилтныг ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргасны дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

          5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан бөгөөд шүүх хуралдааны явцад шүүгч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “талууд уулзалт хийж харилцан тохиролцсон талаар бичгээр гаргасан ямар нэгэн баримт байна уу” гэхэд энэ талаар баримт гарч ирээгүй. Иймд хариуцагч талын “харилцан тохиролцсоны дараа ажилд эгүүлэн авна” гэх тайлбар үндэслэлгүй юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлийг, хариуцагч нь татгалзлын үндэслэлээ өөрсдөө нотлох үүрэгтэй гэж заасан. Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс нэхэмжлэгчид “өндөр насны тэтгэвэрт гаргах боломжгүй, учир нь хортой нөхцөлд ажилласан жил хүрэхгүй байгаа тул хортой нөхцөлд ажилсан гэж үзэхгүй” гэж тайлбарласан тул бид шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэрт “өөрийн хүсэлтээр” гэж дурдсан бөгөөд нэхэмжлэгч өөрөө гаргасан хүсэлт байхгүй. Энэ талаар нотлох баримт хариуцагч талаас шаардахад гаргаж өгдөггүй. Иймд ажилтан өөрөө хүсээгүй байхад нь өндөр насны тэтгэмж тогтоолгож, хөдөлмөрийн харилцааг цуцалсан нь хууль бус юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

 

            2. Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч Б ТӨХХК-д холбогдуулан ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Б.Д нь Б ТӨХХК-д 1991 оноос малын их эмчээр, 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс чанарын хяналт, шинжилгээний лабораторийн эрхлэгчийн ажилд хөдөлмөрийн хугацаагүй гэрээг байгуулан ажиллаж байгаад тус байгууллагын даргын 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/139 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-т заасныг баримтлан Б.Дг өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон.

4. Дээрх тушаалыг эс зөвшөөрч Б.Д шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна. Талууд тушаал хууль зүйн үндэслэлтэй эсэх талаар маргасан байна.

5. Хэргийн 7 дугаар талд авагдсан мэдэгдэлд “...ажилтан Б.Дг өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн” гэж тусгагдсанаас үзэхэд талууд хөдөлмөрийн гэрээг харилцан тохиролцон дуусгавар болгосон гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.

6. Хариуцагч Б ТӨХХК нь нэхэмжлэгч Б.Дг “1991 оноос хойш ажиллах хугацаандаа хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлд 10-аас доошгүй жил ажилласны улмаас өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг хариуцагч байгууллагад гаргасан” гэх тайлбараа баримтаар нотлоогүй.

7. Мөн нэхэмжлэгчийг өндөр насны тэтгэвэр тогтоолгосны дараа хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үргэлжлүүлэхээр талууд тохиролцсон гэх боловч уг үйл баримтыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.

8. Анхан шатны шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгч Б.Дг Б ТӨХХК-ийн Чанарын хяналт, шинжилгээний лаборатори буюу малын эм бэлдмэл шалгах лабораторийн мал их эмч буюу эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 8,092,230 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Б ТӨХХК- даалгасан нь Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасантай тус тус нийцжээ.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2022/01560 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 144,426 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ч.ЦЭНД      

                          ШҮҮГЧИД                                   С.ЭНХБАЯР          

                                                                              Д.БЯМБАСҮРЭН