Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 787

 

                                                                       

 

 

 

 

Б.Отгонбаяр, А.Баянцогт нарт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Гансүх даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

            прокурор Э.Гэрэлмаа,

            ялтан Б.Отгонбаяр, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг, Ж.Жаргалсайхан,

ялтан А.Баянцогт, түүний өмгөөлөгч Б.Борхүү, Н.Баттогтох,

хохирогч Л.Мөрөндалайн өмгөөлөгч С.Батмөнх-Очир,

            нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, С.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 175 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Отгонбаяр, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг, Ж.Жаргалсайхан, ялтан А.Баянцогт, түүний өмгөөлөгч Б.Борхүү нарын гаргасан давж заалдах гомдлуудаар  Б.Отгонбаяр, А.Баянцогт нарт холбогдох эрүүгийн 201625012317 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч C.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Бодонгууд овогт Батбаярын Отгонбаяр, 1994 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эх, эгч нарын хамт Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Жаргалантын 2-12 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ЖВ94112811/,

2. Боржигон овогт Амарцогтын Баянцогт, 1994 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эх, ах, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 5-87 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ЖВ94071713/,

            Б.Отгонбаяр, А.Баянцогт нар нь согтуугаар, бүлэглэн танхайн сэдэлтээр 2016 оны 6 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Наран” дэн буудлын хойд зам дээр иргэн Л.Мөрөндалайг зодож, тоосгоор толгойн тус газарт нь цохиж бие махбодид нь …бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Отгонбаяр, А.Баянцогт нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Отгонбаяр, А.Баянцогт нарыг бүлэглэн бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг танхайн сэдэлтээр үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5 дахь хэсэгт зааснаар Б.Отгонбаярыг 7 жил 6 сарын хугацаагаар хорих ял, А.Баянцогтыг 7 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Б.Отгонбаяр, А.Баянцогт нарт оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр сарын 59.1 дэх хэсэгт зааснаар Б.Отгонбаяр, А.Баянцогт нарын цагдан хоригдсон 3 хоногийг тус бүрийн ял эдэлсэн хоногт нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар А.Баянцогтоос 1.264.753 төгрөгийг, Б.Отгонбаяраас 639.753 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч Л.Мөрөндалайд олгож, хохирогч Л.Мөрөндалай нь цалин хөлс болон цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Number 16x dvd” 1 ширхэг CD-г уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Отгонбаяр, А.Баянцогт нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, тэдний эдлэх ялыг 2016 оны 10 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Ялтан Б.Отгонбаяр гаргасан давж заалдах гомдолдоо: “…2016 оны 6 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтан цайз” нэртэй бааранд шөнийн 23 цагт найз А.Баянцогтын хамт орсон. Бид хоёр тус бүр нэг, нэг пиво авч юм ярьж сууж, бүжиглэсэн бөгөөд миний хажууд хоёр эгч бүжиглэж байснаа нэг нь сууж нөгөө эгч нь надтай бүжиглэж байгаад намайг ширээндээ суулгасан. Тэгээд юм ярьж сууж байтал нөгөө түрүүлж суусан махлаг намхан эгч нь баарны буланд сууж байсан гурван ахыг дуудахад очсон. Тэр эмэгтэй юу ярьж байсныг би мэдэхгүй. Тэгтэл надтай сууж байсан эгч “манай найз тэр хэдэн залуучууд руу оччихлоо би тийшээ очмоогүй байна. Эгч нь их согтсон байна, эгчийгээ таксинд суулгаж өгч туслаач, эгч нь нөхөр, хоёр хүүхэдтэй харимаар байна” гэж надад хэлсэн. Тэгээд баарны хамгаалагч нь “баар хаалаа гараарай” гэсэн. Тэр эгч нөгөө ах нартай гараад явах гээд надтай сууж байсан эгчийг дуудаж нэг ах нь сугадаж татаж чангаагаад баарнаас авч гарсан. Би бааранд ганцаараа сууж байтал найз А.Баянцогт орж ирж намайг “явъя” гээд бид хоёр цуг гартал нөгөө эгч “би цуг явмааргүй байна, намайг тавь” гэж орилож, “туслаарай” гэж хашгирч байсан. Тэгэхээр нь бид хоёр очиж А.Баянцогт тэр сугадаж, татаж, чангааж байсан ахыг “болиоч” гэж татаж аваад цааш явсан. Би тэр эгчийг татахад тэр эгч хөл дээрээ тогтохгүй унахаар нь босгож орхичихоод А.Баянцогт руу очтол том биетэй ахтай барьцалдаад зогсож байсан. Тэгээд би А.Баянцогтыг зодуулж байна гэж бодоод тоосго авч том биетэй ахыг араас нь ганц удаа цохисон. Буудлаас нэг ах гарч ирснээ намайг шууд заамдаж авч 2-3 удаа цохисон. ...Тэгтэл А.Баянцогт нөгөө том биетэй ахыг замын захад унагасан байхад нэг ах бас машинаас бууж ирээд зодож байсан. Тухайн үед буудал дээр зогсож байсан таксины жолооч нар “болиочээ” гэж хашгирсан. Тэгээд бид хоёр зугтаасан. Тэр машинаас бууж ирж зодож байсан хүн бид хоёрыг зугттал төд удалгүй машиндаа суугаад яваад өгсөн. Машин нь ногоон өнгийн Приус байсан. Тэр хүнийг танихгүй. Хохирогч Л.Мөрөндалайн хагалгаанд орохын урд өдөр нь ах Чинбат, эгч Мягмаржав нарын хамт эргэж очиход хохирогч Л.Мөрөндалай нь намайг гурван хүн зодсон, нэг хүн машинаас бууж ирж зодсон талаар ярьсан. Тэгэхээр тэр машинаас бууж ирж зодсон хүн хохирогч Л.Мөрөндалайн биед хүнд гэмтэл учруулсан гэж бодож байна. Миний бие хохирогч Л.Мөрөндалайн нүүрэн тус газарт нь огт цохиж, зодоогүй юм. Машинаас бууж Л.Мөрөндалайг зодсон хүний талаар мөрдөн байцаалтад ярьсан боловч байцаагч “гурвуулаа болоод хэрэг чинь улам л хүндэрнэ. Тэр хүнийг хаанаас би олох юм” гээд мэдүүлэгт бичиж аваагүй юм. Тухайн үед тэр хоёр эмэгтэйг тэр залуучуудаас салгаж таксинд суулгаж өгч туслах гэж очсон юм. Учир нь тусламж гуйсан эгч тэр ах нараас салгаад таксинд суулгаад өгөөч гэж гуйсан болохоор хүн чанар гаргаж тэр эгчийг салгасан. Түүнээс биш бусадтай хэрүүл маргаан өдөж зодоон хийхийг хүсээгүй юм. Би хохирогчийн толгойн ар дагз хэсэгт нэг удаа цохисон үйлдэлдээ маш их харамсаж байна. Тухайн үед хохирогчоос уучлалт гуйж эмнэлэгт хэвтэхэд нь туслаж, эргэж тойрч, хоол унд өгч, эмчилгээнд гарсан зардал зэргийг бүрэн төлсөн болно. Миний бие эхнэр, 2 сартай охин, тэтгэвэрт гарсан эхийн хамт амьдардаг. Иймд Эрүүгийн хэргийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт заасан зүйл ангийг өөрчилж, ар гэрийн байдлыг харгалзан үзэж, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж, мөрдөн байцаалтад буцааж дараах ажиллагааг шалгаж өгнө үү. Үүнд:

Тухайн хэрэг гардаг өдөр хэргийн газарт байсан хоёр эмэгтэйг олж гэрчээр байцаах. Хохирогч Л.Мөрөндалайг машинаас бууж ирж зодсон хүнийг олж тогтоож шалгаж өгнө үү. Энэ хүн хохирогчид хүнд гэмтэл учруулсан байх магадлалтай. Зодоон болдог “Наран” буудлын гаднах хяналтын камерийн бичлэгийг сэргээж камерт бичигдсэн дүрс бичлэгийн тухайн өдрийн үйл явдлыг тодорхойлоход маш чухал үүрэгтэй юм…” гэжээ.

Ялтан Б.Отгонбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Хэрэг гарсан өдөр хамт байсан 2 эмэгтэйг олж гэрчээр асууж өгнө үү. Тэд намайг хэрүүл, маргаан эхлүүлээгүй болохыг хэлнэ. Автомашинаас бууж ирж зодоонд оролцсон хүн Л.Мөрөндалайд хүнд гэмтэл учруулсан байх боломжтой. Хохирогч, гэрч нар камерийн бичлэгийг өөрсдөө үзсэн хэрнээ яагаад Цагдаагийн байгууллагад камерийн бичлэгийг өгөлгүй, устгасан юм бэ. Камерийн бичлэгт Л.Мөрөндалайг зодсон хүний автомашины улсын дугаар, 2 эмэгтэйн царай бичигдсэн байх ёстой…” гэв.

Ялтан А.Баянцогт гаргасан давж заалдах гомдолдоо: “…Миний бие 2016 оны 6 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллуулж байгаа. Миний бие хохирогч Л.Мөрөндалай гэх хүнийг цохиж гэмтээсэн зүйл байхгүй байхад намайг “бусдын бие махбодид санаатай хүнд гэмтэл учруулсан” гэдэг зүйл ангиар шийтгэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ хэргийг сайн шалгаж өгнө үү. Тухайн үед “Наран” гэх буудлын хяналтын камерт хэргийн талаар бичигдсэн байсан манай найз болох Отгонбаяр бид хоёрын цохиж зодсон гэж яриад байгаа хохирогчийн ярьж байгаагаас өөр болохыг тэр камерийн бичлэг нотолно. Хохирогчийн ярьж байгаа шиг тэгж олон удаа цохиж зодоогүй. Иймд хэргийг дахин нягталж сайтар шалгаж өгнө үү…” гэжээ.

Ялтан А.Баянцогт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Би хохирогч Л.Мөрөндалайн биед хүнд гэмтэл учруулаагүй байхад түүнд хүнд гэмтэл учруулсан гэж намайг буруутгаж байгаад гомдолтой байна. Иймд хэргийг зохих зүйл, ангиар зүйлчилж өгнө үү. Хэргийн үнэн зөвийг олж өгнө үү…” гэв.

Ялтан Б.Отгонбаярын өмгөөлөгч Б.Оюунбилэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 175 дугаар шийтгэх тогтоолоор Б.Отгонбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5 дахь хэсэгт зааснаар 7 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсаныг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Б.Отгонбаярт холбогдох хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.6 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шалтгаан нөхцөл тогтоогдоогүй байхад шүүх анхаарч үзэлгүй шийтгэх тогтоол гаргасан нь уг шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна. Үүнд:

1. Тухайн хэрэг гарах болсон сэдэлт, санаа зорилгыг тогтоохын тулд тэнд байсан гэрч хоёр эмэгтэйг огт асууж байцаагаагүй ба энэ хоёр эмэгтэйг олж тогтоох талаар ямар ч ажиллагаа хийгээгүй.

2. Л.Мөрөндалайгийн биед хүнд зэргийн гэмтэл учирсан гэж Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт гаргасныг эс зөвшөөрч дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилж өгөх хүсэлтийг удаа, дараа гаргасан боловч хангаж шийдвэрлэж өгөөгүй. Хүнд зэргийн гэмтэл авах үед амь нас хохирч болох амь тэнссэн байдалд хүргэсэн буюу ердийн явцаараа ихэвчлэн үхэлд хүргэх гэмтэл байхаар Гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан байна. Тэгэхээр Л.Мөрөндалайн биед учирсан гэмтэл нь гэмтэл авах үедээ буюу одоо ч амь насанд аюултай байдал үүсээгүй юм.

Иймд хэрэгт чухал ач холбогдолтой хоёр эмэгтэйг олж тогтоож байцаах, мөн бүрэлдэхүүнтэй шинжээч томилж Л.Мөрөндалайгийн биед учирсан гэмтэлд дахин дүгнэлт гаргуулахаар нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэв.

Ялтан Б.Отгонбаярын өмгөөлөгч Ж.Жаргалсайхан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Уг хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа бүрэн гүйцэд хийгдээгүй талаар өмгөөлөгч миний бие удаа, дараа хүсэлт гаргаж байсан ба хүсэлттэй холбогдуулан уг хэргийн шалтгаан нөхцөл тогтоогдоогүй, улмаар энэ хэргийн эх сурвалжтай шууд холбогдон зайлшгүй шалгах шаардлагатай 2 эмэгтэйн талаар зохих ёсны ажиллагааг огт хийгээгүй нь хэргийн жинхэнэ байдлыг үнэн зөвөөр тогтоон шийдвэрлэх боломжийг бүрэн алдагдуулсан байна. Уг хэргийн байдлаас үзэхэд маргааны эх үндэс үл мэдэгдэх 2 эмэгтэйтэй шууд холбоотой болохыг үгүйсгэх аргагүй ба тиймээс энэ 2 эмэгтэйг таньж олуулах, эрэн сурвалжлах, олж тогтоох ажиллагааг хийлгэх. Ер нь хэргийг эхнээс нь нэг талыг барьж дутуу дүгнэж шалгасантай холбогдуулан уг хэрэг учрал болсон газрын ойролцоо байж болох камеруудын бичлэгийг авч чадаагүй. Гэхдээ энэ хоёр эмэгтэйг хэн болохыг төсөөлсөн, зураглалыг хийж эрэн сурвалжлах боломжтой ба энэхүү ажиллагаа дутуу хийгдсэнтэй холбогдон уг гэмт хэргийн шалтгаан нөхцөл бүрэн гүйцэд тогтоогдох боломж алдагдаж хууль буруу хэрэглэгдэх буюу хэргийн холбогдогч нарын эрх зүйн байдлыг дордуулсан нөхцлийг бүрдүүлсэн болохыг анхаар ч үзнэ үү.

Сэжигтэн А.Баянцогтын мэдүүлгээр “...том биетэй ахаас айгаад цохиод авчиж магадгүй гэж бодоод 2 гараас нь бариад байж байсан” гэдэг ба энэ байдлаас үзэхэд А.Баянцогт, Б.Отгонбаяр нарыг бүлэглэж уг хэргийг үйлдсэн хэмээн үзэх субъктив санаа зорилгын үндэслэл эргэлзээтэй болно. Улмаар Б.Отгонбаярын мэдүүлэгт “А.Баянцогтыг барьцалдаад авсан ахыг чулуугаар цохих гээд газраас чулуу аваад шидсэн чинь нөгөө ахыг оноогүй” гэсэн нь уг хохирогч этгээдийн ямар нэгэн бусдын айдас түгшүүрийг төрүүлж түрэмгийлэн дайрч давшилсан үйлдлээс болсон болохыг үгүйсгэх аргагүй байдлыг анхаарч үзээгүй. Хэргийн бодит байдлыг үнэн зөвөөр тогтооход оролцогчдын мэдүүлэг хоорондоо зөрүүтэй байгаа нь учир дутагдалтай тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсгийг үндэслэн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг хийлгэх шаардлагатай байна. Өмгөөлөгч Б.Оюунбилэгээс дахин дүгнэлт гаргуулах хүсэлт гаргаж байсан ба хохирогчид хэд хэдэн гэмтлүүд учирсан, уг гэмтлүүд нь хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн болох нь тодорхойгүй байгаатай холбоотойгоос гадна шинжээч Болороо нь учирсан гэмтлүүдийн талаар мэдүүлэгтээ тодорхой тайлбарласан боловч энэ нь дүгнэлтэд тэр хэмжээгээр тусгагдаж чадаагүй учраас хангалтгүй бөгөөд уг хэргийн холбогдогч нарын мэдүүлэг хоорондоо зөрчилдөөнтэй учраас эдгээр гэмтлүүд нь хэдэн удаагийн үйлчлэлээр ямар нөхцөл байдалд яаж үүсгэгдэх боломжтой болохыг тодруулах зайлшгүй шаардлагатай тул дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилон дүгнэлт гаргуулахыг хүсч байна.

Иймд дээрх үндэслэлээр Б.Отгонбаяр, А.Баянцогт нарт холбогдох хэргийг дахин хянаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцааж өгнө үү...” гэв.

Ялтан А.Баянцогтын өмгөөлөгч Б.Борхүү давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч миний бие А.Баянцогтын хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хуулийн дагуу хамгаалж, түүний өмгөөлөгчөөр байцаан шийтгэх ажиллагаанд оролцож байгаа бөгөөд 2016 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 175 дугаар шийтгэх тогтоолыг эс зевшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зорилтыг, хуульчлан өгөхдөө гэмт хэрэг үйлдсэн этгээд нэг бүрд зохих ялыг шударгаар оногдуулах, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа хууль ёсны байх, хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, шинжилгээ хийлгэх, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцлийг илрүүлэх зэрэг ажиллагааг явуулах, гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй, зөрүүг арилгах, шаардлагатай гэрчүүдийг асуугаагүй, нотлох баримтын эх сурвалжийг шалгах зэрэг нэн шаардлагатай арга хэмжээг авах үүрэгтэйг хуульчилж өгсөн байх ба эдгээр ажиллагаа бүрэн биш хийгдэж шүүхийн шийттэх тогтоол гарсан.

2. Шүүх миний үйлчлүүлэгч А.Баянцогтод ял халдаахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5 дахь хэсэгт зааснаар ял халдаасан бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар зүйлийн 8.2, 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасан зүйл заалтыг зөрчсөн. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 38 дугаар зүйлд заасан шинжийг агуулсан үйлдэл байж болзошгүй бөгөөд энэ талаар ямар нэг ажиллагаа хийгдээгүй /цагаатгах талын нотлох баримт тэгш цуглуулаагүй/ нотлох баримт бүрдүүлүүлэх хүсэлтүүдийг хангаагүй. Миний үйлчлүүлэгчийн хууль зөрчсөн үйлдэлд тохирсон зүйл заалтаар зүйлчлэх боломжтой байтал буруу зүйлчилсэн...” гэв.

Ялтан А.Баянцогтын өмгөөлөгч Н.Баттогтох тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Би А.Баянцогттой цагдан хорих 461 дүгээр ангид очиж уулзан өөрийнх нь саналыг авч, ахтай нь хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан. А.Баянцогтын хохирол төлсөн баримтыг нотлох баримтаар гаргаж өгч байна. Миний үйлчлүүлэгчийг  төсөөллөөр шийтгэж байна гэж ойлгож байна. Өөрөөр хэлбэл түүнийг “энэ гэмт хэрэг хийсэн л байлгүй” гэж шийтгэсэн. Хавтаст хэргийн 21 дүгээр талд прокурорын ял өөрчилж сонсгосон тогтоол авагдсан бөгөөд уг тогтоолд ямар ялыг хэрхэн өөрчилсөн нь тодорхойгүй байдаг. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар ял өөрчилж сонсгосон бол яллагдагчаас дахин байцаалт авах ёстой ч дахин байцаалт авалгүй хэргийг шууд шүүхэд шилжүүлж, шийдвэрлэсэн. Хавтаст хэргийн 161 дүгээр талд анхан шатны шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцохоор 9 дугаартай Цэвэгсүрэн гэж хүнийг, нөөцөд 8 дугаартай Энхбаатар гэж хүнийг тус тус сонгосон байхад анхан шатны шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр огт сонгогдоогүй Цэвээнсүрэн гэж хүн оролцсон. А.Баянцогт нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийг хэрэглэж өгнө үү…” гэв.

 

Хохирогч Л.Мөрөндалайн өмгөөлөгч С.Батмөнх-Очир тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Хохирогч Л.Мөрөндалайн өмгөөлөгчөөр давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолтой танилцсан. Анхан шатны шүүх миний үйлчлүүлэгчид өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Б.Отгонбаяр, А.Баянцогт нараас гаргуулахаар шийдвэрлэсэн хохирлыг тэд давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө төлсөн. Ялтнууд болон тэдний өмгөөлөгч нар хохирогч дахин нэхэмжлэх зүйл байхгүй, хохирол төлөгдсөн гэж байгаа боловч гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг арилаагүй. Хохирогчийн биед учирсан гэмтэл нөхөн сэргээгдсэн, эрүүл мэндийн байдал хэвийн болсон асуудал байхгүй. Давж заалдах гомдлуудтай танилцахад 2 гэрч эмэгтэйг олох, хохирогчид тухайн амь тэнссэн байдал байгаагүй учир түүнд хүнд гэмтэл учраагүй, дахин шинжээчийн дүгнэлт гаргуулна гэж байна. Өмгөөлөгчийн зүгээс эдгээр байдлыг зөвшөөрөхгүй. Дээрх гэрчүүдийг байцаах шаардлагагүйгээр хэргийн байдал тогтоогдсон. А.Баянцогтын хувьд хохирогчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлд заасан хүнд гэмтэл учруулахад оролцсон эсэх тогтоогдоогүй гэж байгааг анхаарч үзнэ үү. Ялтан нар, хохирогч хэн, хэн нь согтууруулах унаадны зүйл хэрэглэсэн үед гэмт хэрэг үйлдэгдсэн. Б.Отгонбаяр, А.Баянцогт нар хохирогчид гэмтэл учруулахаар урьдчилан тохиролцож нэг нь хохирогчийн гараас барьж байгаад нөгөө нь цохисон асуудал тогтоодоогүй тул хүсэлтийн дагуу хэргийг шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй. Хохирлын мөнгөө авчихаад ингэж ярьж байгаа юм биш. Л.Мөрөндалайн хувьд энэ хүмүүст хүнд ял шийтгэл оногдуулаасай гэж хүсэх зүйл байдаггүй…” гэв.

 

Прокурор Э.Гэрэлмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “…Ялтууд болон тэдний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд дараах үндэслэлээр тайлбар гаргаж байна. Үүнд:

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.6 дахь хэсэгт заасан шалтгаан нөхцөлийг тогтоогоогүй гэж байна. Хохирогч, гэрч нар мөрдөн байцаалтын шатанд болон анхан шатны шүүх хуралдаанд хэргийн талаар хангалттай ярьсан. Хохирогч, шүүгдэгч нараас гадна шинжээч эмч нарыг анхан шатны шүүх хуралдаанд оролцуулсан. Хавтаст хэрэгт “Алтан цайз” баарны хяналтын камерийн бичлэг авагдсан. Уг бичлэгээс харахад гэмт хэрэг гарахад хохирогчийн зүгээс ямар нэг байдлаар Б.Отгонбаяр, А.Баянцогт нарыг айлган сүрдүүлсэн, тэдэнтэй маргалдсан үйлдэл гаргаагүй байдаг. Хохирогч хэдийгээр харахад том биетэй боловч А.Баянцогт түүний хоёр гарыг барьж авах үед “миний дүү боль, та нар хэрэгт орно шүү” гэж хэлсэн байдаг. Б.Отгонбаяр, А.Баянцогт нар танхайрах явцдаа бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан.

2. Хоёр эмэгтэйтэй Б.Отгонбаяр, А.Баянцогт нар бааранд танилцаж улмаар тэднийг Л.Мөрөндалайгаас салгах гэж муудалцсан асуудал яригддаг боловч тэдгээр хүмүүс хэн байсан, утасных нь дугаар, хаана амьдардаг талаар ямар нэг зүйл хэлдэггүй. Гадаад шинжийг нь “нэг нь өндөр цайвар царайтай, нөгөө нь намхан бор” гэж хэлснээс өөрөөр тодорхойлох зүйл байдаггүй. Үүнтэй холбогдуулан ямар нэг ажилллагаа хийх боломжгүй.

3. А.Баянцогтод ял халдаасан нь буруу гэж байна. Аливаа гэмт хэрэг шууд болон шууд бус санаатай байдаг. А.Баянцогт хохирогчийн гарыг барьж байх явцад Б.Отгонбаяр тоосгоор цохисон гэдэг. А.Баянцогтын хувьд хохирогчийн хамт явж байсан найз нь тэднийг салгах гэхэд түүнд бас халдсан байдаг. Өмгөөлөгч нарын ярьж байгаа шиг хохирогчийг 2 удаа тоосгоор цохиод салсан биш, маш олон удаа цохиж гэмтэл учруулсан байдаг.

4. Зодолдож байх үед автомашинтай хүн бууж ирж зодсон, таксины жолооч нар “болиоч” гэж хашгирч байсан гэдэг мөрдөн байцаалтын шатанд “Наран” дэн буудлын ресепшн цонхоороо “болиочээ” гэж хашгирсан болох  нь тогтоогдсон. Шүүгдэгч нар үүнийг андуурч байна.

5. Мөрдөн байцаагч бүрэлдэхүүнтэй шинжээч томилсон, шинжээчийн дүгнэлтийг бүрэлдэхүүнтэй гаргах байсан гэж байна. Шинжээч эмч Болороо анхан шатны шүүх хуралдаанд өөрөө оролцон гаргасан дүгнэлтээ өөрөө тайлбарласан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндслэлтэй тул хэвээр үлдээж, гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү…” гэв.

                                                            ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон, эсэхийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, зөвхөн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр бус, хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Ялтан Б.Отгонбаяр, А.Баянцогт нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтыг дутуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэж, шийтгэх тогтоол гаргасан нь “шүүхийн тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх” хуулийн шаардлага хангагдаагүй байна. Тухайлбал:

 

            1. Прокуророос Б.Отгонбаяр, А.Баянцогт нар нь согтуугаар, бүлэглэн танхайн сэдэлтээр 2016 оны 6 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Наран” дэн буудлын хойд зам дээр иргэн Л.Мөрөндалайг зодож, тоосгоор толгойн тус газарт нь цохиж, бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан хэмээн яллах дүгнэлтэд дурджээ.

 

            Ялтан А.Баянцогт “…Б.Отгонбаяр нэг эгчтэй бүжиглээд тэврэлдээд байсан ба уг эгчийн ширээн дээр цуг сууж байсан. Баарнаас бүжгийн ая явахаар Б.Отгонбаяр нөгөө эгчтэй хамт бүжиглээд байсан. Тэгээд нөгөө хоёр эгч гурван ахтай уулзаад уг баарнаас гарсан. Тэгэхээр нь бид хоёр нөгөө хэдийн аргаас гарсан. ...Тэгтэл Б.Отгонбаяртай бүжиглээд байсан эгч нэг ахтай явж байхаар нь бид хоёр араас нь очоод би тэр ахыг нь түлхээд, Отгонбаяр эгчийг татсан. Харин миний барьж байсан ах надад “миний хоёр дүү зүгээр яв” гэж хэлсэн. Тэгтэл Б.Отгонбаяртай бүжиглэж байсан эгч тэр ахтай хамт явах дургүй байх шиг байсан. Харин уг эгчтэй хамт байсан эгч нөгөө хоёр ахтай хамт буудал руу орсон байсан...” /1-р хх-ийн 59-61, 63-67/, ялтан Б.Отгонбаяр “...Тэгээд би бүжгийн талбай дээр нэг эгчтэй танилцаж бүжиглэсэн. Харин А.Баянцогт өөр газар бүжиглээд орж, гараад байсан. ...Тэгээд би хамт бүжиглэж байсан эгчийн ширээн дээр хамт сууж юм ярьсан ба нөгөө эгч надад ганц пиво авч өгсөн. Харин миний танилцсан эгчтэй хамт бас нэг эгч явж байсан ба уг эгч баарны баруун хойд буланд байх ариун цэвэрийн өрөөний хажуу талын ширээн дээр гурван ахтай хамт сууж юм ярьж байсан. ...Тэгтэл нөгөө салгаж авсан эгч чинь “би энэ хүмүүстэй явмааргүй байна. Намайг таксинд суулгаад өг гэсэн...” /1-р хх-ийн 69-70, 71-75/ гэх мэдүүлгийг өгчээ. Гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаанд байсан 2 эмэгтэйг энэ хэрэгт гэрчээр асуух шаардлагатай.

 

          Учир нь анхан шатны шүүх “…ялтан Б.Отгонбаяр, А.Баянцогт нар нь согтуугаар, бүлэглэн, танхайн сэдэлтээр үл таних хоёр эмэгтэйг хохирогч Л.Мөрөндалайг авч явлаа гэх шалтгаанаар буюу үл ялих зүйлээр шалтаглан зодож, …хүнд зэргийн гэмтэл учруулсан байна.” гэж үйл баримтын талаар дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байна. Иймээс тухайн нөхцөл байдлыг тодруулах үүднээс тэдгээр 2 гэрчийн мэдүүлгийг авах шаардлагатай бөгөөд Б.Отгонбаяр, А.Баянцогт нарын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэл, түүний хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг тогтоох, түүнчлэн гэмт хэргийн сэдэлтийг тогтооход чухал ач холбогдолтой юм. 

 

          Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэрийг тогтоож чадаагүй гэж үзнэ.  

 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын үед сонсгосон ялыг өөрчлөх буюу түүнд нэмэлт оруулах үндэслэл гарвал яллагдагчид энэ хуулийн 199, 201 дүгээр зүйлд заасан шаардлагын дагуу шинээр ял сонсгох бөгөөд шинээр сонсгосон ялын талаар хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч байцаалт явуулах үүрэгтэй.” гэж хуульчилжээ.

 

Мөрдөн байцаалтын шатанд ялтан А.Баянцогт, Б.Отгонбаяр нарыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2016 оны 6 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө 05 цаг 30 минутын орчим Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Наран дэн буудлын хойд талд явган хүний замд дээр явж байсан иргэн Л.Мөрөндалайг зодож бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5 дахь хэсэгт зааснаар тус тус сэжигтнээр тооцож, мэдүүлэг авчээ. /1-р хх-ийн 59-61, 69-70/ Улмаар тэднийг тухайн зүйл хэсэгт зааснаар, үйл баримтыг өөрчлөлгүй яллагдагчаар татаж, байцаасан байна.

 

Гэтэл Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 188 дугаар ял өөрчилж сонсгох тухай тогтоолоор ялтан А.Баянцогт, Б.Отгонбаяр нарыг согтуугаар, бүлэглэн, танхайн сэдэлтээр 2016 оны 6 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Наран” дэн буудлын хойд замд дээр иргэн Л.Мөрөндалайг зодож, тоосгоор толгойн тус газарт нь цохиж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан хэмээн тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5 дахь хэсэгт заасан ялыг сонсгож, хэрийн зүйлчлэлийг өөрчлөөгүй хэдий ч хэргийн үйл баримтыг урьд сонсгосон ялаас ялгаатай болгож өөрчилсөн атлаа тэднээс дахин мэдүүлэг аваагүй нь дээрх хуулийн заалтыг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

 

Дээрх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулснаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулахдаа Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэн заалт болон Эрүүгийн хуулийн зорилго, зарчимд нийцэх юм.

 

3. Хавтаст хэрэгт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Л.Мөрөндалайнд биед “баруун чамархай яс, суурь ясны их далавч, баруун хацар яс, хоншоор ясны хугарал, баруун нүдний ухархайн гадна, доод хананы хугарал, дагзны хуйхны шарх, тархи доргилт, баруун нүдний зовхины цус хуралт, баруун хацрын зулгаралт” бүхий Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь биед аюултай тул хүнд зэргийн гэмтэл болохыг тогтоосон 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 8134 тоот шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 37/ авагджээ.

 

Түүнчлэн мөрдөн байцаалтын шатанд шинжээч эмч О.Болороог байцаасан бөгөөд тэрээд “Л.Мөрөндалайн биед баруун чамархай яс, суурь ясны их далавчны хугарал” гэдэг нь хүнд зэрэгт орно. Харин “баруун хацар яс, хоншоор ясны хугарал, баруун нүдний ухархайн гадна, доод хананы хугарал” нь хүндэвтэр гэмтэлд орно гэж мэдүүлжээ.

 

Ялтан Б.Отгонбаяр, А.Баянцогт нарын үйлдлийн улмаас хохирогч Л.Мөрөндалайн биед дээрх гэмтлүүд учирсан бөгөөд тэдний хэний, аль үйлдлээс болж хохирогчид хүндэвтэр болон хүнд гэмтэл учирсан болохыг мөрдөн байцаалтын шатанд нарийвчлан тодруулах. Энэ байдлыг шалгаж тодруулсанаар хэргийн зүйлчлэлийг зөв тогтоох, ял шийтгэлийг ялгамжтай оногдуулахад чухал ач холбогдолтой.

 

Дээрх эргэлзээтэй нөхцөл байдлын талаар болон бусад шаардлагатай байцаан шийтгэх ажиллагаа явуулсны дараа Б.Отгонбаяр, А.Баянцогт нарын гэм буруугийн асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй байх тул давж заалдах шатны шүүх ялтан Б.Отгонбаяр, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг, Ж.Жаргалсайхан, ялтан А.Баянцогт, түүний өмгөөлөгч Б.Борхүү нарын гаргасан “хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэх давж заалдах гомдлуудыг хүлээн авах нь зүйтэй гэж үзэв.

            Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, энэ магадлалд заасан үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Хэрэгт авагдсан иргэдийн төлөөлөгчийн санал /1-р хх-ийн 220/, анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл /1-р хх-ийн 223/ зэргээс үзэхэд анхан шатны шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч Н.Цэвэгсүрэн оролцсон байхад шийтгэх тогтоолд Н.Цэвээнсүрэн гэж бичсэн нь ноцтой алдаа биш боловч цаашид анхаарвал зохино.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: