Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 49

 

Х.Сонинд холбогдох эрүүгийн хэргийн тухай

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн  шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Д.Көбеш, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Ш.Сувд-Эрдэнэ, ялтан Х.Сонин түүний өмгөөлөгч Б.Батсүх, Ж.Энхжаргал, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нарыг оролцуулан

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 17/А дугаар шийтгэх тогтоолтой Х.Сонинд холбогдох эрүүгийн 201621010010 дугаартай хэргийг ялтны  өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн, 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр нээлттэй хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1982 онд Ховд аймгийн Алтай суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, урьд ял шийтгэлгүй, Хэрэйд овогт Хашхүүгийн Сонин нь 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 21 цагийн үед Ховд аймгийн Мөст сумын Баянхайрхан багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ танхайн сэдэлтээр танхайрч иргэн Э.Мөнхбаярыг хутгалж бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх ”Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас Х.Сонинд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96.1 болгон өөрчилж, шүүгдэгч Х.Сонинг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 551 дугаар зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар шүүгдэгч Х.Сонинг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Х.Сонинд оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн  хорих ангид эдлүүлж ” шийдвэрлэжээ.

Ялтан Х.Сонингийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нь хохирогчийн биед гэмтэл учруулсныг тогтоохдоо шүүх эмнэлэгийн шинжээч эмчийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 81 тоот шинжээчийн дүгнэлтийг үндэслэхдээ бодит байдлыг бүх талаас нь үнэлж дүгнэлгүй өрөөсгөл хандсанд гомдолтой байна. Хохирогч Э.Мөнхбаяр нь хохирол гэх 1.500.000 төгрөг нэхэмжлэхдээ тухайн учирсан гэмтэл болон эм, эмчилгээний зардал гэж үндэслээгүй бөгөөд санаа сэтгэлийн хохирол гэж нэхэмжилсэнийг шийтгэх тогтоол гаргахдаа анхаарч үзээгүйд гомдолтой байна. Иймд дээрх байдлуудыг харгалзан үзэж шинжээч эмчийн дүгнэлт бодит байдалд нийцэхгүй байгаа тул нарийн мэргэжлийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэжээ.

Ялтан Х.Сонингийн өмгөөлөгч Б.Батсүх давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогч Э.Мөнхбаярын бие махбодид хүнд зэргийн гэмтэл учирсаныг үгүйсгэхгүй байгаа бөгөөд тухайн үед хохирогч нь шүүгдэгчийн баруун өвдөгийг түшэж суусан байдаг. Үйлдэл болсон агшинд шүүгдэгч, хохирогч нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь хэрэгт авагдсан баримтаар нотлогддог бөгөөд бусдын бие махбодид санаатай хүнд гэмтэл учруулсан гэж үзэх үндэслэлгүй юм.  Өөрөөр хэлбэл шүүгдэгч Х.Сонингийн хувьд Эрүүгийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар хохирогч Э.Мөнхбаярыг хутгалсан үйлдэл нь хүсэж үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй юм. Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг нотлоогүй. Өөрөөр хэлбэл ялтан аль гартаа хутга барьж байсан эсэхээс хамаарч хохирогчийн биед гэмтэл авсан эсэх нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай байсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэв.

Ялтны өмгөөлөгч Ж.Энхжаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан сэдэлт нь тогтоогдоогүй юм. Гэрч нарын мэдүүлэгт эрс зөрүүтэй байдал харагдаж байгаа юм. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг мөрдөн байцаагч нь арилгаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 190 дугаар зүйлд заасны дагуу мэдэгдлийг хавтаст хэрэгт  авах ёстой байсан боловч хавтаст хэрэгт авагдаагүй байна. Хавтаст хэрэгт Х.Сонингийн хувийн байдлыг бүрэн тогтоогоогүй байна. Х.Сонин нь бага боловсролтой, нэрээ бичиж чаддаг гэдэг нь харагдаж байгаа боловч бичиг уншиж чадах эсэхийг тодруулахад эгч нь мэдүүлэг өгөхгүй гэж хэлсэн байдаг. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, өмгөөлөгч нарын эрхийг эдлүүлж өгнө үү. Давж заалдсан гомдлыг хангаж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байх тул ялтны өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Х.Сонинг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 21 цагийн үед Ховд аймгийн Мөст сумын Баянхайрхан багийн нутаг дэвсгэрт Хохирогч Э.Мөнхбаярын цээжин тус газар хутгалж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн ял шийтгэл оногдуулсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.

Х.Сонингийн үйлдсэн хэрэг нь мөрдөн байцаалтад өгсөн: хохирогч Э.Мөнхбаяр /хх-н 21-23/, гэрч Н.Эрдэнэноров /хх-н 47-49/, Ж.Төмрөө /хх-н 55/, Ж.Пүрэвбаатар /хх-н 29-30 /, Д.Хархүү /хх-н 35-36/, Д.Баасанжав /хх-н 43-44/, Т.Даваахүү /хх-н 37-38/, Л.Нямдорж  /хх-н 41-42/ нарын мэдүүлгүүд, хураан авах тогтоол /хх-н 14/, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-н 15 /, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл / хх-н 16 /, хутганы гэрэл зургийн үзүүлэлт / хх-н 17-19 /,  Э.Мөнхбаярын биед гэмтлийн хүнд зэргийн гэмтэл учирсан талаарх 81 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 61-62/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлж авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн үндэслэл бүхий болсон байна.

Мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт шалгавал зохих нөхцөл байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн байцаах, шүүн таслах ажиллагаанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, шүүхээс хуульд заасан ял шийтгэл оногдуулсан байна. Шүүх Х.Сонинд прокуророос эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн 96.1 болгон хөнгөрүүлэн зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Ялтан Х.Сонингийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, Б.Батсүх нарын давж заалдах гомдол, өмгөөлөгч Ж.Энхжаргалын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын  дагуу хэргийн нөхцөл байдлуудыг дүгнэж үзвэл:

Нэг. Өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэгийн давж заалдах гомдлын талаар: А. Хохирогч Э.Мөнхбаярын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу үнэлсэн байх бөгөөд одоогийн байгаа гэмтлийн эдгэрэл болон хүндэрлийн явц ямар байгаагаас хохирогчийн биед учирсан гэмтлийн зэрэг болон хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх хууль зүйн үндэслэлгүй юм.

Б. Х.Сонинд холбогдох хэрэгт хохирлын тал дээр ямар нэгэн маргаан байхгүй. Яллах дүгнэлтээр хохирол бүрэн төлөгдсөн гэж шилжиж ирсэн, шүүх хохирол бүрэн төлөгдсөн гэж дүгнээд эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлэн ял оногдуулсан байна.

Хоёр. Ялтан Х.Сонингийн гартаа барьж байсан хутганд хохирогч Э.Мөнхбаяр болгоомжгүй байдлаар өртсөн гэх эргэлзээ төрүүлэхүйц нөхцөл байдал хавтаст хэрэгт байхгүй байна. Гэмт хэрэг гарах үед хохирогч Э.Мөнхбаяр, ялтан Х.Сонин, гэрч Н.Эрдэнэноров, Ж.Төмөрөө нар байсан бөгөөд Х.Сонин нь Э.Мөнхбаяртай “гараад мотоцикл асаа, энэ хүргэнийг захиргааднаа, нааш ир миний хажууд суу” гэх зэргээр харьцаж байсан, хажууд нь ирээд суухад хутгалчихсан уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл ялтан Х.Сонин нь хохирогч Э.Мөнхбаярыг хутгалсан үйлдлийг зориуд хийсэн болох нь хэргийн газарт байсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр тогтоогдсон байна.

Мөн гэрч Д.Хархүүгээс хураан авсан, хавтаст хэргийн 15-19 дүгээр хуудаст эд мөрийн баримтаар тооцож хураан авсан хутга нь хохирогч Э.Мөнхбаярыг хутгалсан хутга мөн болох нь: хохирогч Э.Мөнхбаярын “Сонин нь намайг хуванцар цагаан алаг өнгийн иштэй хутгаар нэг удаа миний цээжний зүүн ард хэсэгт хутгалсан” гэх мэдүүлэг, /ХХ-ийн 22 хуудас/

гэрч Д.Хархүүгийн “...тэгээд уг айлын Төмөрөө гэх хүн энэ хутгаар хутгалсан, энэ хутга хэрэг болно, намайг аваад яв гэхээр нь би авч яваад хэсгийн төлөөлөгч Т.Мөнхцоожид өгсөн. ...уг хутгыг цагаан даавуугаар ороосон байдалтай өгсөн, би гаргаж хараагүй. Харин хутганы бариул хэсэг нь харагдаж байсан. Иш нь хуванцар цагаан алаг иш харагдаж байсан гэх мэдүүлэг, /ХХ-ийн 36 дугаар хуудас/

гэрч Н.Эрдэнэноровын “...хуванцар цагаан алаг өнгийн иштэй хутга байсан. ...Уг хутга нь галын эхэн дээр тавагтай махан дотор байсан. Тэр хутга нь манай хадам аав Ж.Төмөрөөгийн хутга байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 48 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.  

Гурав. Өмгөөлөгч Ж.Энхжаргалын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан “гэмт хэрэг хаана гарсныг тогтоож чадаагүй, хутга хаана байсныг тогтоогоогүй, ял шалгах хуудаст ЦЕГ-ын мэдээлэл лавлагааны дарц байхгүй, шинжээчийн дүгнэлтийг өмгөөлөгчид танилцуулаагүй гэх тайлбарын дагуу хэргийн нөхцөл байдлыг дүгнэж үзвэл:

А. Уг гэмт хэрэг нь Ховд аймгийн Мөст сумын Баянхайрхан багийн нутаг  Хөшөө гэх газар иргэн Ж.Төмөрөөгийн гэрт болсон гэдгийг мөрдөн байцаалтын шатанд тогтоосон байна.

Б. Х.Сонингийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн зэвсгийн чанартай зүйл болох цагаан алаг өнгийн хуванцар иштэй хутга нь иргэн Ж.Төмөрөөгийн гэрт тавагтай махан дээр байсан, Ж.Төмөрөөгийн хутга болох нь дээр дурдсан гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон байна.

В. Хавтаст хэргийн 106 дугаар хуудаст авагдсан Х.Сонингийн ял шалгах хуудаст ЦЕГ-ын мэдээлэл лавлагааны дарц байхгүй боловч Булган сумын цагдаагийн хэлтэсийн мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч М.Анхбаяр, Цагдаагийн хэлтэсийн дарга, цагдаагийн хурандаа Ч.Лхагвадорж нар нь баталгаажуулан гарын үсэг зурж тамга дарсан байх тул энэ үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах шаардлагагүй гэж шүүх дүгнэлээ.

Г. Мөрдөн байцаалтын шатанд оролцсон өмгөөлөгчид шинжээчийн дүгнэлтийг танилцаагүй нь өмгөөлөгчийн гомдол гаргах эрхийг хаасан гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь: Хавтаст хэргийн 121 дүгээр хуудаст Х.Сонингийн өмгөөлөгч Б.Хосбаярт хэргийн материал танилцуулахад дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн атлаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаарх гомдлоо мөрдөн байцаалтын болон прокурорын шатанд бичгээр гаргаагүй, анхан шатны шүүх хуралдаанд оролцож өмгөөлөл явуулахдаа шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар санал гаргаагүй байна.

Иймд ялтны өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон давж заалдах шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Ялтны өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, Б.Батсүх нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 17/А дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

   2. Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ:                                         М.НЯМБАЯР                                                                        

                      ШҮҮГЧИД:                                         Д.КӨБЕШ

                                                                                 Б.ДАМБА