Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 781

 

Б.Мөнхжаргалд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Зориг, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: 

прокурор А.Оюунгэрэл,

ялтан Б.Мөнхжаргалын өмгөөлөгч М.Отгонцэцэг,

иргэний хариуцагч Г.Мягмарсүрэн,

нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулж,

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 199 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Мөнхжаргал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ренцэнхорлоо, түүний өмгөөлөгч Н.Ганбат нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Мөнхжаргалд холбогдох эрүүгийн 201524001251 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

             Хөх галсан овогт Баатарын Мөнхжаргал, 1970 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр Говь-Алтай аймгийн Жаргалан суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Зэвсэгт хүчний 014 дүгээр ангид тогооч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Налайх дүүргийн Уурхайчдын 18-636 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ШЕ 70090271/,

          Б.Мөнхжаргал нь 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 11 цаг 15 минутын орчим Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Туулын гүүрний замд иргэн Тамирын эзэмшлийн “Toyota Fielder” загварын, 12-23 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.2 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Ц.Цэнгэлмаагийн жолоодож явсан “Toyota Probox” загварын 13-76 УБТ улсын дугаартай авто машиныг мөргөж, Ц.Цэнгэлмаагийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж, Ж.Оюунчимэгийн амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн Прокурорын газраас: Б.Мөнхжаргалын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Мөнхжаргалыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчиж, тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ осол гаргаж бусдын амь насыг хохироосон, бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар Б.Мөнхжаргалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил хасч, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Мөнхжаргалд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар Б.Мөнхжаргалын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхэлж тоолж, Хэрэгт хураагдан ирсэн Б.Мөнхжаргалын В ангиллын №590491 дугаартай жолооны үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан Замын цагдаагийн газарт хүргүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.Мөнхжаргал нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Зэвсэгт хүчний 014 дүгээр ангиас 11.328.840 /арван нэгэн сая гурван зуун хорин найман мянга найман зуун дөчин/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ренцэнхорлоод олгох, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Б.Мөнхжаргалаас 11.328.840 /арван нэгэн сая гурван зуун хорин найман мянга найман зуун дөчин/ төгрөгийг гаргуулж иргэний хариуцагч Зэвсэгт хүчний 014 дүгээр ангид олгохоор шийдвэрлэжээ.

Ялтан Б.Мөнхжаргал давж заалдах гомдолдоо: “... Энэ хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хохирогч талын гомдлыг хангаж, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан. Нөгөө талаас Эрүүгийн хуулийн 284 дүгээр зүйлд заасан “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

1. Анхан шатны шүүх хохирол төлөөгүй нь ялыг хүндрүүлэх нөхцөл байдал болно гэж дүгнэжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлд хохирол төлбөр төлөөгүй нь ялыг хүндрүүлэх нөхцөл байдалд ороогүй байна. Тэр ч байтугай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсэгт Шүүх ял оногдуулахдаа энэ хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаас бусад нөхцөл байдлыг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй гэж заажээ.

Энэ заалт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 321 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж байгаа учир Шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны байх шаардлагыг хангаагүй нь хууль бус болсон гэдгийг харуулж байна. Оршуулгын зардал хэмээн хохирогч талд 48.344.223 төгрөгийг түүний хүү Пүрэвсүхийн дансанд, оршуулгын зардалд 5.000.000 төгрөг, бусдад төлөх өр төлбөрийг барагдуулж 7.000.000 төгрөг, нийтдээ 60.300.000 төгрөгийг төлсөн байсан. Гэтэл хохирол төлөөгүй гэж үзэж, 11.300.000 нэмж гарга гэснийг хүлээн зөвшөөрөх аргагүй. Анхан шатны шүүх яагаад 60.300.000 төгрөг төлснийг үгүйсгэж байгаа, яагаад 11.300.000 төгрөг нэмж иргэний хариуцагчаас гарга гэсэн хууль зүйн үндэслэлээ бичээгүй байна. Энэ нь Шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий байна гэснийг зөрчсөн байна. Шийтгэх тогтоол хэлбэрийн хувьд шаардлага хангахгүй байна. Өмгөөлөгч болон прокурорын мэтгэлцээнийг огт оруулаагүй. Өмгөөлөгчийн тавьсан үндэслэлийг юугаар няцааж байгааг огт тусгаагүй. Нэгэнт анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол “үндэслэлтэй бөгөөд хууль ёсны байх” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй тул ялыг хөнгөрүүлж өгнө үү, эсхүл тэнсэн хянан харгалзаж өгнө үү гэж хүсэлт тавих боломжгүй болж байна. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 322 дугаар зүйлд зааснаар хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэв. 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ренцэнхорлоо, түүний өмгөөлөгч Н.Ганбат нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “... Зэвсэгт хүчний 014 дүгээр анги “үйлдвэрлэлийн осол” гэх дүгнэлтээр холбогдох хуулийн дагуу хөөцөлдөж, талийгаач Оюунчимэгийг “Ажил үүргээ гүйцэтгэж яваад амь эрсдсэн” гэж нэг удаагийн тэтгэмж болгон 48.344.223 төгрөгийг түүний төрсөн хүү О.Пүрэвсүхийн дансанд 2016 оны 2 дугаар сарын 23-ны өдөр шилжүүлж өгсөн. Үүнээс гадна оршуулгын зардалд 5.000.000 төгрөг, бусдад төлөх өр төлбөрийг барагдуулж 7.000.000 төгрөг, нийт 60.300.000 төгрөг төлсөн. Анхан шатны шүүх нэмж 11.328.840 /арван нэгэн сая гурван зуун хорин найман мянга найман зуун дөчин/ төгрөгийг иргэний хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсний дагуу цэргийн ангийн хамт олноос хандив цуглуулан, бүрдүүлж бүрэн төлж байгааг хүлээн авч сэтгэл амарлаа. Одоо Б.Мөнхжаргалаас хохирогчийн ар гэрээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, гэм хор бүрэн арилсан тул түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүй байхыг давж заалдах шатны шүүхээс хүсч байна. Талийгаачийн “Мөнхжаргалыг би гуйсаар байгаад замд авч гарсан, гомдол санал байхгүй, ар гэрээ тэжээдэг ганц хүн нь, олон нялх хүүхэдтэй, ядарсан амьтан байгаа юм” гэж удаа дараа хэлсэн захиасыг нь хүндэтгэж үзнэ үү. Түүний эрүүл мэндийн байдал, ар гэрийн нөхцөл байдлыг ойлгож, түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүй, тэнсэж хянан харгалзаж, ажил төрлөө хийж, ар гэрээ тэжээх, эмнэлгийн хяналтад байж шаардлагатай эмнэлгийн тусламжаа цаг алдалгүй авах боломж олгож өгнө үү...” гэжээ.

Ялтан Б.Мөнхжаргалын өмгөөлөгч М.Отгонцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Мөнхжаргал нь ажил үүргээ гүйцэтгэхгүй, ажлын цагаар өөрийн дураар машин барьж гараад, осол аваар гаргаад өөрөө гэмтээд, ахлах тогооч нь амь хохирсон асуудал биш. Харин өөрийг нь харъяалах удирдлага болох ахлах тогооч Оюунчимэгийн шаардлагаар явсан. Яг тэр үед осол аваар 1, 2 секундын хооронд болсон. Тэгээд үүнд үйлдвэрлэлийн осол гэсэн дүгнэлт гараад хохирогчийн ар гэрт 48.344.223 төгрөгийг хохирогчийн хүүгийн дансанд шилжүүлж өгсөн байдаг. Цэргийн ангиас оршуулгын зардалд 5.000.000 төгрөг, бусад төлөх өр төлбөрийг барагдуулахад 7.000.000 төгрөгийг тус ангийн хамт олноос хандив цуглуулж өгсөн байдаг. Мөнхжаргал хувийн байдлын хувьд сарын 415.000 төгрөгийн цалинтай, 3 хүүхэд, эхнэрээ тэжээдэг. Эхнэр нь хүүхдүүдээ асраад гэртээ байдаг. Байшин барих гээд банкнаас нилээн их төгрөгийн зээл авсан байдаг. Энэ байдлуудыг нь харгалзаж ажлын газрын хамт олноос нь түүнд тусалж, удаа дараа дээрх төлбөрүүдийг барагдуулж ирсэн.  Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтууд болон бусад нотлох баримтуудыг харгалзан үзэж энэ хэргийг тэнсэх бүрэн боломж байсан. Гэтэл Мөнхжаргал мөнгө гаргаагүй гээд энэ хүнд хорих ял оногдуулсан нь үндэслэлгүй, учир дутагдалтай болсон. Түүний хувийн байдал, ар гэрийн байдал, эрүүл мэндийн байдлыг харгалзаж үзээгүй. Энэ хүн энэ гэмт хэргийн улмаас өөрөө хохирсон. Эрүүл мэндээрээ хохироод амьд л үлдчихсэн байна. Энэ хэргийг тал бүрээс нь авч үзээгүй. Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхээс гаргуулахаар заасан 11.382.840 төгрөгийг хандив цуглуулж төлсөн. Тиймээс хохирол бүрэн төлөгдсөн. Гэм хор арилсан. Анх удаа хүндэвтэр гэмт хэргийг санамсар, болгоомжгүй үйлдсэн. Өөрөө эрүүл мэндээрээ хохирсон. Ар гэрийн байдал нь хүнд байгаа. Мөн түүний хувийн байдлыг харгалзаж тэнсэж хянан харгалзаж өгнө үү гэж хүсч байна. Энэ шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр нь батлах боломжгүй.  Б.Мөнхжаргалын гомдол ч ялыг тэнсэж өгөхийг хүсч байгаа. Шүүх хохирол төлөгдөөгүй гэж дүгнэсэн тул анхан шатанд тэнсэх боломжгүй байсан юм. Одоо хохирол бүрэн төлөгдсөн байгаа...” гэв.

Иргэний хариуцагч Г.Мягмарсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Мөнхжаргалын хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн баталсан Цэргийн үүрэгтний дагуу албан үүргээ гүйцэтгэж явсан. Өөрийн болгоомжгүй үйлдлээс болж ийм хэрэг үйлдсэн гэж иргэний хариуцагчийн зүгээс үзэж байна. Бид хоёр ажилтанаа адил ойлгож тусалж дэмжиж байгаа.  Иймээс үйлдвэрлэлийн осол гэсэн дүгнэлт гаргуулж, хохирогчийн ар гэрт 48.344.223 төгрөгийн тэтгэмжийг хохирогчийн хүүгийн дансанд шилжүүлж өгсөн. Энэ нь үйлдвэрлэлийн осол ч юмуу өөр бусад ямар нэг шаардлагатай үед зарцуулахаар төрөөс манай төсөвт суутгагдсан байдаг. Энэ мөнгө сангаас гаргаж байгаа буцалтгүй тусламж юм. Түүнээс биш манай ангиас гаргасан юм биш. Мөн оршуулгын зардалд 5.000.000 төгрөг, бусдад төлөх өр төлбөрийг барагдуулж 7.000.000 төгрөгийг гаргаж өгсөн. Мөнхжаргалын хувийн байдлыг харгалзаж үзэж оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэж хамт олноос хүсэж, надад шүүх хуралдаанд энэ хүсэлтийг уламжлахыг даалгаж явуулсан. 014 дүгээр цэргийн ангийн 370 гаруй хүн Б.Мөнхжаргалын ажилч хичээнгүй чанарыг хүндэлдэг. Тийм ч учраас энэ хүнийг шоронд явуулахгүй гэсэн үүднээс хамт олон нь хандив тусламж өгч өнөөдрийг хүртэл хохирол төлбөрийг төлөлцсөн. Шүүхээс 11.382.840 төгрөг хохирол гаргуулахаар шийдвэрлэснийг ангийн нийт бие бүрэлдэхүүн 370 гаруй хүн хандив цуглуулж хохирогчийн ар гэрт өгч хохирлыг бүрэн барагдуулаад байна...” гэв.

Прокурор А.Оюунгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Б.Мөнхжаргалд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцээд үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж прокурорын зүгээс үзэж байна. Үйлдсэн хэргийн нөхцөл байдал, хэргийн улмаас учирсан хор уршиг, шинж чанар, түүнчлэн хэргийн улмаас учирсан хохирол төлбөр төлсөн байдал, гэм буруугаа ухамсарласан байдал зэрэгт үндэслэж шүүх ийм шийдвэр гаргасан гэж үзэж байна. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан учраас ялтны давж заалдах гомдлыг хүлээж авах боломжгүй юм.   Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа оролцогч талуудын мэтгэлцээнийг үндэслэж ийм шийдвэр гаргасан. Тухайн үед шүүгдэгчид хөнгөн ялтай хуулийн заалт хэрэглэх, өөрөөр хэлбэл оногдуулсан ялыг тэнсэж хянан харгалзах үндэслэл байгаагүй. Нөгөө талаар энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон учраас гэм хорыг арилгах боломжгүй нөхцөл байдал байгаа. Тээврийн осол хэдийгээр болгоомжгүй үйлдэгддэг боловч энэ хэргийн улмаас учирсан хор уршиг нь хүнд байна. Шүүгдэгчийн хувьд учирсан хохирлыг төлсөн гэдэг боловч учир дутагдалтай байдаг. Б.Мөнхжаргалын зүгээс ингэж төлсөн гэдэг зүйл байхгүй. 014 дүгээр цэргийн зүгээс хуульд заасны дагуу хангалттай тусламж дэмжлэг үзүүлсэн. Хохирогчийн зүгээс хохирол төлбөрөөр барьцаалсан санал хүсэлт гаргасныг шүүх хүлээж авч шийдвэрлэх боломжгүй. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:    

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 199 дүгээр шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх” шаардлагыг хангасан байна.

Б.Мөнхжаргал нь 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 11 цаг 15 минутын орчим Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Туулын гүүрний замд иргэн Тамирын эзэмшлийн “Toyota Fielder” загварын, 12-23 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.2 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Ц.Цэнгэлмаагийн жолоодож явсан “Toyota Probox” загварын 13-76 УБТ улсын дугаартай авто машиныг мөргөж, Ц.Цэнгэлмаагийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж, Ж.Оюунчимэгийн амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Ц.Цэнгэлмаагийн “... 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 11 цаг өнгөрч байхад Хэнтий аймаг руу өөрийн эзэмшлийн “Toyota Probox” загварын, 13-76 УБТ дугаартай автомашиныг 20 км/цагийн хурдтай жолоодож баруунаас зүүн зүгт чиглэлтэй Туулын гүүрэн дээр явж байтал өөдөөс бараан өнгийн автомашин 100 метрийн цаанаас эсрэг урсгалд орсон дайвалзаж явахыг хараад баруун тийш жолоогоо дарж хурдаа хасаад бараг зогссон. Тэгээд тэр машиныг зөрөөд өнгөрөх нь гэж бодтол миний машины зүүн урд тал руу мөргөөд 3-4 метр зайтай яваад эргээд зүүн зүгт хараад зогссон. Мөргөсөн машины жолоочтой уулзаад “чи яаж байгаа юм бэ, цаад талд чинь их зайтай байхад цаашаа дарахгүй яасан юм бэ” гэхэд “тэгвэл хашлага руу нисдэг юм байгаа биз дээ”  гэж хэлсэн. Би түргэн, цагдаад дуудлага өгөөд эгчийгээ дуудаж ирүүлсэн. Тэгээд би хүүхэдтэйгээ Гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн. Томографийн зураг авахуулахад хүүхдийг ясны хугаралгүй, доргилттой байж магадгүй гэж эмчилгээ бичиж өгсөн. Намайг өвчүүний хугаралтай байна гэсэн. Ослоос миний өвчүү хугарч, эгэм, зүүн өвдөг, зүүн цавь хөхөрсөн, баруун бөөр, толгой доргисон, хүү Сугарбаярын дээд доод уруул яазарч хавдсан, зүүн шанаа зулгарсан, тархины орой нь овойж хавдсан, тухайн үед шүднээс нь их цус гарч байсан...”   /1хх-14/,

хохирогч Б.Батбаярын “... 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 11 цаг өнгөрч байх үед найз Цэнгэлмаагийн “Toyota Probox” загварын автомашиныг хөлсөлж бараа ачиж Хэнтий аймаг руу явж байсан. Туулын гүүрэн дээр ертөнцийн зүгээр баруунаас зүүн зүгт явж байтал өөдөөс урсгал сөрөөд хар өнгийн машин хурдтай ороод ирэхээр нь Цэнгэлмаа бид 2 “урсгал сөрөөд яасан их хурдтай явж байна аа” гээд яриад явж байтал тэр машин Цэнгэлмаагийн машины урд дугуй руу мөргөсөн. Буугаад хартал мөргөсөн машин манай машины ард өөрийн эгнээнд орж урсгал сөрсөн байдалтай хараад зогссон байсан. 10 минутын дараа Түргэн ирж миний биеийг үзээд ясны хугарал байхгүй гэж хэлээд Цэнгэлмааг хүүхэдтэй нь аваад явсан...” /1хх-15/,

хохирогч Ж.Оюунчимэгийн “... Би 014 дүгээр ангийн ахлах тогооч ажилтай. Осол болсон өдрийн 10 цагийн үед ажлаасаа гарч будганд явах хэрэгтэй болсон. Тэгээд машин байхгүй учраас тогооч Мөнхжаргалыг Тамирын машиныг авчих, хамт яваад ирье гэсэн. Тэгээд Тамираас машиныг нь гуйж аваад бид 2 хамтдаа хот руу явсан. Туулын гүүрээр гарч байтал нэг мэдэхэд түс, тас хийх шиг болоод би машины цонхоор бууж байсан. Осол болсны дараа замаар явж байсан машиныг гуйж, эмнэлэгт хүргүүлж ирсэн...” /1хх-20-21/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ренцэнхорлоогийн “...Миний дүү Ж.Оюунчимэг нь 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Налайхаас Улаанбаатар хот руу ажлаар явж байгаад жолооч Мөнхжаргал Туулын гүүрэн дээр гүйцэд түрүүлж эсрэг урсгалд орж 13-76 УБТ улсын дугаартай автомашинтай мөргөлдөж осол гаргасан. Ослын улмаас миний дүү Оюунчимэг хэвлийн хөндийн мэс заслын хагалгаанд орсон. Үүнээс хойш 4 удаа хагалгаа хийлгэж дэлүүгээ авахуулж, нарийн, бүдүүн гэдсээ тайруулсан. Эмнэлэгт 50 гаруй хоног эмчилгээ хийлгэж байгаад 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдөр нас барсан. 5 удаагийн хагалгааны явцад шаардлагатай эм тариа, мэс заслын гагнуурын мөнгөн утас, хагалгааны төлбөр гуурс гэх мэт 18.000.000 төгрөгийн эд материал хэрэглэсэн. Бид 5 удаагийн хагалгааны явцад хэрэглэсэн 18.000.000 төгрөгийг жолооч Мөнхжаргалаас нэхэмжлэхгүй, эмнэлэгт эмчлүүлж байсан сүүлийн хоногуудын эм тарианы зардал, оршуулгын зардал болох 11.382.840 төгрөгийг Мөнхжаргалаас гаргуулж өгөхийг хүсч байна...” /2хх-112/,

гэрч Б.Чинзоригийн “... 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр би 43-76 УНП улсын дугаартай, “Toyota Grand Mark-2” загварын авто машинтай Туулын гүүрийг зүүнээс баруун чигт гарах гээд явж байтал машинуудын хөдөлгөөн удаашраад түгжрэл үүсээд байхаар нь машинаас буугаад хартал “Toyota Probox”, “Toyota Fielder” загварын 2 автомашин хоорондоо мөргөлдсөн байсан. “Toyota Probox” машинд нэг эмэгтэй, нэг хүүхэд байсан. Харин “Toyota Fielder” загварын автомашины хажууд зам дээр нэг эмэгтэй хэвтэж байсан, хажууд нь жолооч гэх залуу зогсож байсан. Би тэр эгчээс “ та зүгээр үү” гэхэд “эгч нь үхлээ” гээд байхаар нь би тэр эгчийг машиндаа суулгаад эмнэлэгт хүргэж өгсөн...” /1хх-53/,

иргэний нэхэмжлэгч Г.Тамирын “...12-23 УНС улсын дугаартай автомашин миний эзэмшлийн машин, 2015 онд “Онч Эх” ББСБ-д 2.500.000 төгрөгийн зээлээр барьцаанд тавьсан. Зээлээ төлж дууссан. Машин осолд ороод нэр дээрээ шилжүүлж чадаагүй байгаа. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” /1хх-55/,

 Б.Мөнхжаргалын сэжигтнээр өгсөн “... 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 10 цагийн үед ажлын газрын Оюунчимэгийн хамтаар Тамирын 12-23 УНС улсын дугаартай, “Toyota Fielder” загварын автомашиныг жолоодоод Налайхаас 100-н айл орохоор явсан. Тэгээд Туулын гүүр гарах гээд дөнгөж эхлэл дээр явж байтал машины жолоодлого ажиллахгүй болчихсон. Би тормосоо гишгэсэн боловч зам хальтиргаатай байсан тул гулгаад зогсохгүй байсан. Ингээд тэр эрчиндээ явсаар өөдөөс ирж байсан “Toyota Probox” загварын автомашиныг мөргөчихсөн. Хэсэг хугацаанд би юу болсныг санахгүй байна. Нэг мэдсэн чинь манай машин гүүрэн дээр бүтэн эргээд буруу хараад зогсчихсон байсан. “Toyota Probox” загварын автомашин гүүр лүү шахагдаад зогссон байсан. Тэр үед Оюунчимэг цээж өвдөөд байна гэхээр нь би эмнэлэг явах хэрэгтэй гээд машинаасаа буугаад замаар явж байсан машины жолоочийг гуйж байгаад Оюунчимэгийг суулгаад явуулсан. Цагдаа, түргэн тусламж хоёр ирээд, түргэн тусламж “Toyota Probox” загварын автомашины жолооч эмэгтэй, түүний хүүхэд 2-ыг аваад явсан...” /1хх-156/ гэх мэдүүлгүүд,

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн  шинжээчийн “... Ж.Оюунчимэгт хэвлийн битүү гэмтэл, дэлүүний няцрал, нарийн гэдэсний чацархай, нарийн гэдэсний цоорол, дэлүү мэс заслаар авагдсан байдал, хэвлийн цусан хураа гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж учрах үедээ амь насанд аюултай тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д заасан гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.  ..”гэх 1112 дугаар дүгнэлт /1хх-79/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...  Ж.Оюунчимэгийн бие цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр оношийн хэсэгт дурдсан гэмтэл тогтоогдлоо.  Ж.Оюунчимэг нь дэлүү, нарийн гэдэс, сэмж гэмтсэн хүнд гэмлийн улмаас олон эрхтний дутагдалд орж нас баржээ.  Эмнэлгийн зохих ёсны тусламж үзүүлсэн боловч амь нас аврагдах боломж багатай хүнд гэмтэл авсан байна. Авто ослын үед авсан гэмтэл нь эмчилгээнд үр дүн муутай хүнд гэмтэл байна...” гэх 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 306 дугаартай  дүгнэлт /1хх-94/

 Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн “...Ц.Цэнгэлмаагийн өвчүү ясны далд хугарал, тархины доргилт, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт заасан гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Уг гэмтлээс болж ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдахгүй...” гэх 1104 дугаар дүгнэлт/1хх-77/,

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн “...Ц.Сугарбаярт тархины доргилт, 2 уруулын зөөлөн эдийн зулгаралт, няцрал гэмтэл тогтоогдлоо, Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт заасан гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна  ..” гэх 1105 дугаар дүгнэлт/1хх-73/,

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн “... Б.Мөнхжаргалын хэвлийн битүү гэмтэл, элэгний 3 дугаар сегментийн няцрал, цөсний хүүдийн хөндийрөл, цөсний хүүдий мэс заслаар авагдсан байдал, хэвлийн хөндийн цусан хураа гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж учрах үедээ амь насанд аюултай тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д заасан гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.. “ гэх 1111 тоот дүгнэлт/1хх-81-82/,,   

Замын цагдаагийн газрын шинжээчийн 58 тоот  “... 12-23 УНС улсын дугаартай, “Toyota Fielder” загварын автомашины жолооч Б.Мөнхжаргал нь Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно..” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 13-76 УБТ улсын дугаартай, “Toyota Probox” загварын автомашины жолооч Ц.Цэнгэлмаа нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй байна...” гэх 2016 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн дүгнэлт /1хх-145-146/,  зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-4-9/,  “Ашид билгүүн” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан /1хх-97-98/, “Мега Марз” ХХК-ийн автомашин эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /1хх-103-104/ зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Дээр дурдсан нотлох баримтуудад үндэслэн хэргийн талаар дүгнэлт хийх бүрэн боломжтой байх бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байна.  

Шүүхээс  хийсэн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв, Б.Мөнхжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь тухайн гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, түүний гэм бурууд тохирсон байна.

 Иймээс мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна гэж үзлээ.

 Харин ялтан Б.Мөнхжаргал нь анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, түүний үйлдсэн гэмт хэрэг нь хүндэвтэр төрлийн гэмт хэрэг бөгөөд өөрийн гэм буруугаа ойлгож гэмшсэн, хохирлоо бүрэн төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж байгаа, тухайн гэмт хэргийн улмаас “...хэвлийн битүү гэмтэл, элэгний 3 дугаар сегментийн няцрал, цөсний хүүдийн хөндийрөл, хэвлийн хөндийн цусан хураа бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл...” авсан өөрийнх нь биеийн эрүүл мэндийн байдал, 3 хүүхэдтэй, эхнэр нь ажилгүй гэх ялтны хувийн болон ар гэрийнх нь нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шүүхээс түүнд оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг заавал биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийг хэрэглэх боломжтой байна. 

Иймд ялтан Б.Мөнхжаргал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ренцэнхорлоо, түүний өмгөөлөгч Н.Ганбат нарын гаргасан “…ялтанд оногдуулсан хорих ялыг тэнсэн, хянан харгалзаж өгөхийг…” хүссэн давж заалдах гомдлыг хүлээн авч, энэ үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 199 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:  “…Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар Б.Мөнхжаргалд оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын 4 дэх заалтын “ .... Б.Мөнхжаргалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  хассан нэмэгдэл ялыг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхэлж тоолсугай.” гэснийг “ ... Б.Мөнхжаргалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.” гэж өөрчилсүгэй.

           3. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, Б.Мөнхжаргалыг нэн даруй сулласугай.

4. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                       ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                       Ш.БАТ-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧИД                                                       Б.ЗОРИГ

                                                                                                Д.ОЮУНЧУЛУУН