Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 782

 

Ц.Цолмонбаатарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

               Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Зориг, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: 

          прокурор А.Сайнбаяр,

ялтан Ц.Цолмонбаатарын өмгөөлөгч А.Мөнхсайхан,

нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулж,

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа  даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 210 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Ц.Цолмонбаатарын гаргасан давж заалдах гомдлоор Ц.Цолмонбаатарт холбогдох эрүүгийн 201625011395 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

             Бодонгууд овгийн Цэндэмийн Цолмонбаатар, 1991 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Дорнод аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ах, эгч, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Салхитын дээд задгайгийн 396 тоотод оршин суух,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 175 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 621 дүгээр зүйлийн 621.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар 8 жил 6 сар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 101 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2010 оны 7 дугаар сарын 14-ний өдөр хугацаа дуусч суллагдсан,

Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 240 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 27 хоногийн хорих ялыг хугацаанаас нь өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан, /РД: ЖЯ 91011110/.

Яллагдагч Ц.Цолмонбаатар нь 2016 оны 2 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө 05 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Чингэлтэйн 15 дугаар гудамжинд иргэн Т.Пүрэвдоржийг авсан пүүзээ буцаах гэлээ хэмээн хувийн таарамжгүй харилцааны улмаас зүүн чих, хацар, сарвуунд нь шилээр зүсч түүний бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан, мөн давтан үйлдлээр 2016 оны 4 дүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хороо “Enjoy” шөнийн цэнгээний газрын гадаа иргэн А.Оюунбилэгийг найзыгаа үлдээсэнгүй гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж түүний бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар,

2014 оны 4 дүгээр сарын 6-наас 7-нд шилжих шөнө хамтран амьдрагч С.Энхтуулыг таксины жолоочтой хардан түүний дух, хацар, бэлэг эрхтэн, гуя, өгзөг, зэрэг газруудад улайсгасан төмрөөр түлж, зовоон тарчлаан түүний бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан  гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ц.Цолмонбаатарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дугаар зүйлийн 99.2, 98 дүгээр зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ц.Цолмонбаатарыг давтан үйлдлээр бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, зовоон тарчлаах шинжтэйгээр бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар 4 жил хорих ял, тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 5 сар баривчлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар Ц.Цолмонбаатард оногдуулсан 4 жилийн хорих ялд, мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан  5 сарын хугацаагаар баривчлах ялыг багтааж, нийт биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 4 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдсон 136 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн галын дэгээ төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэжээ.

             Ялтан Ц.Цолмонбаатар гаргасан давж заалдах гомдолдоо: “... Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч чин санаанаасаа гэмшдэг. Өөрийн найз эмэгтэй Туулын биед хувийн таарамжгүй харилцааны улмаас хүндэвтэр гэмтэл учруулсандаа хамгийн ихээр харамсдаг. Гэвч би одоо ч найз бүсгүй Туултайгаа дотно сайхан харилцаатай хэвээрээ байгаа. Найз бүсгүй маань ч намайг ийм хэрэгт холбогдсонд өөрийгөө буруутгадаг. Шүүхээс намайг 4 жилийн хорих ялаар шийтгэж, чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид ял эдлүүлэхээр болсон. Тус шүүхээс хүсэхэд миний эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж дэглэмийг бууруулж жирийн дэглэмд ялыг эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү. Учир нь би 2016 оны 9 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө такси үйлчилгээнд явж байгаад зүс таних Чука гэгчид цээж болон гуяндаа нэг нэг удаа хутгалуулж хүнд гэмтэл авч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж 30 гаруй оёдол тавиулсан. Надад гэмтэл учруулсан хүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан хэрэг үүсгэж шалгаж байгаа. Түүнд хутгалуулснаас болж миний биеийн байдал хүнд байна. Би удаан явж, зогсож чадахгүй, уртаар амьсгал авахад хүндрэлтэй, элгээр хатгуулж өвддөг, шарх байн байн бохир оруулснаас бүрэн эдгэрээгүй зэрэг эрүүл мэндийн хувьд үнэхээр хэцүү байдалтай байна. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан миний эдлэх ялын дэглэмийг бууруулж шүүхээс 1 удаа надад итгэл үзүүлж шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

          Ялтан Ц.Цолмонбаатарын өмгөөлөгч А.Мөнхсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “.. Миний бие мөрдөн байцаалтын шатнаас эхлэн өмгөөлөгчөөр оролцсон. Ц.Цолмонбаатар нь өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрдөг, огт маргадаггүй. Тэр шүүхийн шийтгэх тогтоолоор чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэснийг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү гэсэн давж заалдах гомдол гаргасан. Биеийн байдал нь ямар байгаа талаараа мөн дурдсан байгаа. Өмгөөлөгчийн хувьд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 55 дугаар зүйлийн 55.10 дахь хэсэгт зааснаар түүний хувийн байдал, эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлж өөрчилж өгнө үү гэсэн санал гаргаж байна. Ц.Цолмонбаатарын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна...” гэв.

             Прокурор А.Сайнбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Ц.Цолмонбаатар нь биеийн байдал муу байгаа тул хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж өгнө үү гэсэн давж заалдах гомдол гаргасан байна. Прокурорын зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна. Түүнд шүүхээс оногдуулсан ял нь үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн хор аюул, согтуугаар гэмт хэрэг үйлдсэн зэрэгт  тохирсон гэж үзэхээр байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт “хүнд гэмт хэрэг үйлдсэн, эсхүл урьд нь хорих ял эдэлж байсан, анх удаа онц хүнд гэмт хэрэг үйлдсэн эрэгтэй ялтны хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлнэ” гэж заасан. Тиймээс ялтан Ц.Цолмонбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

                                                                    ХЯНАВАЛ: 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 210 дугаар шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан хууль ёсны ба үндэслэлтэй байна гэсэн хуулийн шаардлагад нийцжээ.

Ц.Цолмонбаатар нь 2016 оны 2 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө 05 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Чингэлтэйн 15 дугаар гудамжинд иргэн Т.Пүрэвдоржийг авсан пүүзээ буцаах гэлээ хэмээн хувийн таарамжгүй харилцааны улмаас зүүн чих, хацар, сарвуунд нь шилээр зүсч түүний бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

давтан үйлдлээр 2016 оны 4 дүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хороо “Enjoy” шөнийн цэнгээний газрын гадаа иргэн А.Оюунбилэгийг найзыгаа үлдээсэнгүй гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж түүний бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан,

мөн 2016 оны 4 дүгээр сарын 6-наас 7-нд шилжих шөнө хамтран амьдрагч С.Энхтуулыг таксины жолоочтой хардан түүний дух, хацар, бэлэг эрхтэн, гуя, өгзөг, зэрэг газруудад улайсгасан төмрөөр түлж, зовоон тарчлаан түүний бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан  гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь: 

 хохирогч С.Энхтуулын “... 2016 оны 4 дүгээр сарын 7-ны оройн 23 цагийн орчим   такси бариад очиход манай хашаан дотор Ц.Цолмонбаатар байсан. Тэгээд ямар хүнээр хүргүүлж ирж байгаа юм бэ, та 2 унтсан уу гээд шууд гадаа зодсон.  Намайг гэрт оруулаад галын дэгээ төмрийг халааж улайсгаад миний бүх хувцсыг тайлаад нүцгэлж байгаад чи надаас өөр хүнтэй унтлаа гээд зодсон. Би болиулах гээд дийлээгүй. Галын дэгээ төмрийг улайсгаж байгаад миний биеийн бүх хэсэгт хүргээд аваад байсан. Хэр удаан үргэлжилсэн талаар сайн мэдэхгүй байна. Маш их өвдөж байсан учраас болиоч гээд гуйж байж арай гэж болиулсан. Би гаднаас гэрт яаж орсноо сайн мэдэхгүй, ухаан алдсан байсан. Нэг мэдэхэд би нүцгэн байсан ба миний биеийг улайсгасан төмрөөр түлж байсан. Шөнийн 00 цаг өнгөрч байхад уур нь гарсан бололтой газар унтсан. Би орон дээр унтсан. Өглөө босоход миний бие өвдөөд халуурч байсан. Цолмонбаатар архи авчирсан ба би архинаас уугаад унтсан. Орой сэрэхэд Цолмонбаатар яваагүй байсан. Бид 2 юм ярьж байгаад манайд дахин хоносон. 2016 оны 4 дүгээр сарын 9-ний өглөө Дэнжийн 1000-д байдаг найз Даваанямын гэрт Ц.Цолмонбаатараар хүргүүлээд,  явахаар нь найзтайгаа хамт Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлж хэвтсэн...” /1хх-54-56/, “... Намайг хашаа руу ороход унагаагаад, гэр лүү авч ороод “чи хүнтэй унтлаа гэж дайраад, намайг хуураад байвал хүнтэй унтаж чадахгүй болгочихно шүү гээд миний бүх хувцсыг тайлаад галын дэгээ төмрийг улайсгаж байгаад миний бөгс, гуя, хөх, гэдэс, бэлэг эрхтэн, дух, гар зэрэг газруудад улайсгасан төмрөөр хүрээд аваад байсан. Би ухаан балартаад юу болсныг сайн мэдэхгүй байна. Маргааш өглөө нь босч ирээд явах гэтэл хөлийн ард талын хэсэг наалдаад өвдөөд байсан...” /1хх-193-194/,

 хохирогч Б.Оюунбилэгийн “... Би 2016 оны 4 дүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнө найз Хонгорцэцэг, Болортуяа, Мөнхтуяа нарын хамтаар Баянгол дүүргийн 14 дүгээр хороо “Enjoy” гэх шөнийн клубт шөнийн 01 цагийн үед орсон. Тус газар их хүнтэй гээд манай ширээнд танихгүй эрэгтэй хүмүүс суулгасан. Тэгээд 04 цагийн үед баар хаагаад бид нар гарах гэтэл нэг танихгүй эрэгтэй манай найз Хонгорцэцэгийг дагуулж яваад гар, хөлнөөс нь татаад байсан. Тэгэхээр нь би “манай найзыг тавь” гэхэд “таньдаг юм, зүгээр бай” гэх зэргээр намайг загнаад байсан. Бид нар гараад таксинд суух гэтэл намайг цохисон залуу манай найз Хонгорцэцэгийг үлдчих гээд гарнаас нь татаад байсан ба таксины түлхүүрийг авчихаад өгөхгүй байхаар нь Болортуяа таксины түлхүүрийг авах гээд муудалцахад тэр залуу Болортуяаг зодоод эхэлсэн. Тэгэхээр нь би Болортуяаг авах гээд очтол миний нүүр лүү гараараа цохисон. Миний нүд хөхөрсөн, унахдаа баруун хөлийн шагайгаа гэмтээсэн  ..” /1хх-59-60/,

 хохирогч Д.Пүрэвдоржийн “... 2016 оны 2 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө үүрийн 04 цаг өнгөрч байхад найз Амартүвшин, Занданхүү, Буяа нарын хамт “Хийморийн овоо” гарах гээд Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Занданхүүгийн гэрээс 4-үүлээ гараад явж байтал араас нэг машин гэрлээрээ дохиод байхаар нь бид нар засмал зам дээр гараад машинаасаа буутал ард жижиг машинд танил Ц.Цолмонбаатар, 2 эмэгтэй, жолооч нь гээд 4-үүлээ явж байсан. Шинэ жилийн үеэр Ц.Цолмонбаатар надад 150.000 төгрөгөөр “Nike” гэсэн бичигтэй 42 размерийн цагаан өнгийн пүүзийг оргинал гээд зарахаар нь би худалдаж аваад маргааш нь дүүдээ үзүүлтэл манай дүү Билгүүн “хуурамч пүүз байна. 20.000-30.000 төгрөгийн үнэтэй пүүз байх” гэсэн. Би мөнгийг нь өгөөгүй байсан болохоор Ц.Цолмонбаатар луу залгаад “хөгшөөн зарсан пүүз чинь хуурамч юм шиг байна. Буцаагаад пүүзээ аваарай” гэж хэлсэн байсан. Хэрэг болдог өглөө би машинаасаа буугаад Ц.Цолмонбаатартай уулзтал  “пүүзний мөнгө аваад ир” гэхээр нь би “тэр чинь хуурамч пүүз гэнэ,  буцааж аваарай” гэж ярилцаад байж байтал  танилууд нь бололтой 3 залуу машинтайгаа ирсэн. Би Ц.Цолмонбаатарт хэлэх зүйлээ хэлчихээд буцаад машиндаа ороод суутал араас хаалга онгойлгоод намайг “буугаад ир” гэхээр нь би “нар үзэх гээд яараад байна, дараа болъё” гэсэн чинь Ц.Цолмонбаатар “цаанаасаа шил аваад өг” гэж нэг жижиг залууд хэлсэн. Тэгсэн жижиг залуу нь өндөр залуудаа пивоны бор өнгийн бүтэн шил авч өгсөн.  Ц.Цолмонбаатар шилийг нь аваад машин дотор сууж байгаад миний зүүн чих, хацар, гарыг зүсэж, гэмтээсэн...” /1хх-62-63/,

 гэрч С.Энхтуяагийн “... 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр дүүгийн найз Хулан над руу залгаад манай дүү С.Энхтуулыг найз залуудаа зодуулаад хөлөө хугалаад гэмтлийн эмнэлэгт хэвтсэн гэж хэлсэн. Тэгээд Гэмтлийн эмнэлэгт очиход бэлэг эрхтэн, бөгс, хөх зэрэг биеийн ихэнх хэсэг нь түлэгдсэн байсан. Тэгээд маргааш нь цагдаагийн байгууллагад гомдол гаргасан...” /1хх-68-69/,

гэрч Б.Хонгорцэцэгийн “... Тухайн өдөр манай их сургуулийн ангийнхан уулзсан. Тэгээд орой 04 цагийн орчим “Enjoy” баарны гадаа Цоомоо гэх танилтайгаа таарсан. Цоомоо надтай юм ярих гээд байсан. Тухайн үед бид нар харих гэж байсан болохоор явах гэтэл Цоомоо миний цүнхнээс татсан. Тэгтэл Оюунбилэг, Болортуяа 2 намайг Цоомоогоос салгасан. Би такси бариад суутал Цоомоо араас гүйж таксины жолоочийн машины түлхүүрийг булааж авсан. Тэгээд гадаа орилолдоод байхаар нь машинаас буухад Болортуяа гэх манай найзыг Цоомоо цохиод унагаачихсан байсан. Оюунбилэг найз Болортуяаг салгаж байгаад Цоомоод бас нүүр лүүгээ  цохиулсан. Тэгээд би дундуур нь орж салгасан. Болортуяа Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” /1хх-70-71/,

гэрч С.Болортуяагийн “... 2016 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр манай их сургуулийн ангийнхан уулзсан. “Enjoy” бааранд Хонгорцэцэг, Мөнхцэцэг, Оюунбилэг нарын хамт орсон. Бид нарыг 04 цагийн орчим гарах гэж байхад ширээнд 3-4 танихгүй залуучууд сууж байсан. Хонгорцэцэг нэг залууг нь таньдаг болж таарсан. Тэгээд уг залуутай мэндэлчихээд гараад явах гэтэл тэр залуу Хонгорцэцэгийн цүнхнээс татаад, зулгаагаад явуулахгүй байсан. Тэгэхээр нь би Хонгорцэцэгийг татаад таксинд суулгасан. Гэтэл уг үл таних залуу таксины жолоочийн түлхүүрийг авчихсан. Тэгээд би түлхүүрийг нь өг гэхэд миний зүүн хацар луу цохисон. Манай найз нар биднийг салгах гэхэд тэр залуу Оюунбилэгийг цохисон. Тэгээд Оюунбилэг цагдаад дуудлага өгсөн. Нөгөө үл таних залуу гадаа хамгаалагч нартай муудалцаад орилоод байсан. Цагдаа нар ирэх үед зугтаагаад алга болсон...” /1хх-72/,

 гэрч Т.Занданхүүгийн “... 2016 оны 2 дугаар сарын 10-ны орой найз Буянбаатар, Амартүвшин, Пүрэвдорж нартай “Хийморийн овоо” гарах гээд гадаа Пүрэвдоржийн машинтай явж байхад Цолмонбаатар араас орилоод байхаар нь зогссон. Тэгсэн Цолмонбаатар “би Пүрэвдоржтой уулзах хэрэгтэй байна. Хүний пүүзийг авчихаад хулхи гэлээ” гэж байсан. Урьд нь хоорондоо пүүз зарсан юм шиг байна лээ. Тэгээд Цолмонбаатартай хамт байсан залуу пивоны хагарсан шил Цолмонбаатарт аваад өгсөн чинь Цолмонбаатар нөгөө шилээр Пүрэвдоржийн чихийг зүсэж гэмтээчихсэн...” /1хх-78/,

 гэрч Б.Буянбаатарын “... 2016 оны 2 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө 03 цаг өнгөрч байхад Хийморийн овоо явах гэж Занданхүү, Пүрэвдорж, Амартүвшин бид цуглараад Пүрэвдоржийн машинд сууж байхад Цолмонбаатар ганцаараа хүрч ирээд Пүрэвдоржтой гадаа уулзсан. Тухайн үед би жолоо барьж байсан болохоор машинаас буугаагүй. Тэд нар гадаа юу ярьсныг сонсоогүй. Тэгээд удалгүй машин дотор орж ирээд Цолмонбаатар, Пүрэвдорж 2 пүүзний талаар маргалдаад Цолмонбаатар “чи пүүзний мөнгө өг” гэхэд Пүрэвдорж “чиний зарсан пүүз хулхи юм байна лээ. Чи пүүзээ буцааж ав” гэж хэлээд хэрэлдээд сууж байгаад пивоны хагархай шилээр Цолмонбаатар Пүрэвдоржийн чихийг гэмтээсэн...” /1хх-81-82/,

Яллагдагчаар Ц.Цолмонбаатарын “... 2015 оны 12 дугаар сарын сүүлээр Пүрэвдоржид “Nike” брендийн пүүз 150.000 төгрөгөөр зарсан. Тэгээд мөнгийг нь дараа өгье гэчихээд мөнгөө өгөхгүй зугтаад байсан. 2016 оны 2 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт таараад “пүүзний мөнгөө авъя” гэхэд “хулхи пүүз байсан, мөнгө өгөхгүй, буцааж ав” гэж хэлсэн. Миний пүүзийг өмсөөд хуучруулсан байсан. Тэгэхээр нь би Ж.Цолмонбаатарыг дуудсан. Пүрэвдоржийг мөнгө өгөхгүй суугаад байхаар нь би айлгах гэж машины гадаа байсан хэвтэж байсан пивоны хагархай шилийг аваад өг гээд авахуулсан. Би зүгээр айлгах гэж байгаад зүүн чихийг нь зүсчихсэн. Би тэр хүнийг гэмтээх санаа зорилго байгаагүй...” /1хх-127-128/, “...2016 оны 4 дүгээр сарын 7-ний өдөр хамтран амьдрагч Энхтуул руу 19 цагийн үед залгахад “гадуур явж байна, гадуур хононо, маргааш очно” гэж хэлсэн. Тэгэхээр нь найз Ж.Цолмонбаатартай уулзаад явж байтал Энхтуул над руу залгаад “би гэртээ ирчихлээ. хүрээд ир” гээд согтуу ярьсан. Намайг очиход Давааням, Энхтуул 2 нэг шил 0,75 литрийн архи уугаад сууж байсан. Цолмонбаатар намайг гаръя гээд бид гараад Бороо гэх найзыгаа хайгаад 3 дугаар хорооллын “Enjoy” бааранд ороод 1 шил пиво уугаад сууж байтал Энхтуул над руу залгаад “би тасарлаа чи хүрээд ирээч. Би Ногоон зооринд байдаг гэртээ ирж байна гэхээр нь би “хаана явж байгаа юм бэ, таксины мөнгийг чинь өгье” гэхэд “би өөрөө аргалсан” гэсэн. Тэгэхээр нь би “таксины жолоочтой яръя” гэсэн чинь нэг эрэгтэй аваад “энэ хүнийг яах уу” гэхэд цаанаас нь Энхтуул утсыг нь булааж авч байгаа чимээ гараад утас нь холбогдохгүй болсон. Би таксинд суугаад Энхтуулын аавын гэрт 00 цагийн орчим очиход гэрт нь хүн байхгүй, хаалга нь онгорхой байсан. Ороход гэр нь хүйтэн, гал түлээгүй байсан. Би гал түлэхээр бэлдээд сууж байтал гадаа машин дуугарсан. Намайг гараад харахад хашааны үүдэн дээр саарал өнгийн” Соната 5” загварын машин байсан ба би хашаанаас гарахад машин шууд хөдлөөд явсан. Тэр машины урд суудал дээр Энхтуул байсан ба машины заалны гэрэл асаалттай байсан. Удалгүй Энхтуул над руу залгаад “чи гэрт ирсэн юм уу, өлсөж байна уу, хоол аваад очих уу” гэхээр нь би “чи сая ямар хүнтэй явсан бэ” гэхэд “таксины жолооч” гэж хэлсэн. Тэгээд утсаа салгасан. Би эргүүлээд уг дугаар луу залгахад Ботаникийн ТҮЦ-ний худалдагч байна гэсэн. Шөнийн 01 цаг 40 минутын орчим Энхтуул ирэхээр нь би “найзыгаа аваад ороод ирэхгүй яасан юм бэ” гэхэд Энхтуул их согтуу байсан болохоор надтай юм яриагүй. Тэгээд хувцсаа тайлаад орондоо орсноо буцаж босч ирээд би тэр залуутай унтаагүй. Чи үзэхгүй юу гэхээр нь би Энхтуулыг ор луу нь түлхсэн. Тэгээд би гал ухаж байсан хутгуураа аваад гэдэс, хүйс орчим нь нэг удаа, шилбэний булчим орчим нь шударч, нөгөө хутгуураар цохисон. Энхтуул надаас тэр төмрийг булааж авах гэж байгаад гараа түлсэн. Тэгээд би Энхтуулыг эмнэлэг явъя гэхэд явахгүй гэсэн...” /1хх-129-130/,... 2016 оны 4 дүгээр сарын 8-ны орой Энхтуулд эмчилгээний зардлыг олж өгөх гэж пүүзээ зарах гээд “Enjoy” шөнийн цэнгээний газар ороход миний сууж байсан ширээнд хэсэг охидууд сууж байсан ба нэг охин нь миний танил Хонгороо байсан. Би хамт явъя, надтай юм яриад суугаач гэхэд түүний найз нь авч явна гээд надтай маргалдахаар нь нэг удаа алгадсан, тэгээд салаад явсан. Машины түлхүүрийн хувьд аваад буцаагаад өгсөн...”/хх1-215/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Энхтуулын биед зүүн гуя, хэвлий, умдаг, баруун өгзөг, баруун зүүн өгзөгний гол, хонхор хэсэг, шулуун гэдэсний амсар, баруун гуя, өвдөг, тахим, баруун өвдөг, зүүн гарын 2, 3, 4 дүгээр хуруу, баруун, зүүн гарын сарвуу, баруун хөх, баруун бугалга, дух, оочинд шарх, зүүн гуя, шилбэнд цус хуралт, шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх зүүн гуя, хэвлий, умдаг, баруун өгзөг, баруун, зүүн өгзөгний гол хонхор хэсэг шулуун гэдэсний амсар, баруун гуя, өвдөг, тахим, баруун өвдөг, зүүн гарын 2, 3, 4 дүгээр хуруу, баруун, зүүн гарын сарвуу, баруун хөх, баруун бугалга, дух, оочинд шарх гэмтэл өндөр хэмийн үйлчлэл, зүүн гуя, шилбэнд цус хуралт, шарх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...”гэх  2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 5125 дугаар  дүгнэлт /1хх-88/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн  “...А.Оюунбилэгийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, баруун хөлийн шагайн зөөлөн эдийн няцралт гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 4958 дугаар дүгнэлт,/1хх-89/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн  “...Д.Пүрэвдоржийн биед зүүн чихний дэлбэнгийн том шарх, зүүн хацар, зүүн гарын сарвуунд шарх, баруун хацарт шарх гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь хурц ирмэгтэй зүйлийн 3 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...”гэх 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 2222 дугаар /1хх-90/ зэрэг дүгнэлтүүд болон гэрэл зургийн үзүүлэлт /1хх-43-44/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-45-50/, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан тогтоол, эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-51-52/ зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Ялтан Ц.Цолмонбаатарт холбогдох хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх ба, хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүхээс хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, түүнд оногдуулсан ял шийтгэлийн төрөл, хэмжээ, тухайн гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, гэм бурууд нь тохирсон байх ба мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Харин ялтан Ц.Цолмонбаатар нь 2012 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 240 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 77 дугаар шүүгчийн захирамжаар 1 жил 6 сар 27 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзан суллагдсан байх бөгөөд тэнсэж хянан харгалзсан хугацаа дуусаагүй байхад дахин гэмт хэрэг үйлджээ. 

2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь хэсэгт “хорих газраас тэнсэн суллагдсан хүний хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу түүний хянан харгалзсан хугацаанаас үлдэх хугацаа нь өршөөлд хамрагдах ёстой байх ба ялтай байдал нь өршөөлд хамрагдахгүй байна.     

Гэтэл шүүх ялтай байдал нь өршөөлд хамрагдсан гэж дүгнэсэн нь хуулийн  үндэслэлгүй болжээ. Иймд энэ магадлалаар Ц.Цолмонбаатарын “... хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацаа нь өршөөлд хамрагдаж байна...” гэж   зөвтгөн дүгнэсэн болно.

 Ялтан Ц.Цолмонбаатар “... Хорих ял эдлэх дэглэмийг бууруулж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд ялтан Ц.Цолмонбаатарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, урьд өмнө нь 3 удаа ял шийтгүүлж байсан, ялтай байдал дуусаагүй байгаа, хувийн байдал зэргийг харгалзан үзэхэд шүүхээс оногдуулсан 4 жилийн хорих ялыг эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл байхгүй байна. Иймд түүний гаргасан  давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх  дүгнэв.

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 210 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Ц.Цолмонбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

           2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ш.БАТ-ЭРДЭНЭ

                      ШҮҮГЧИД                                                                 Б.ЗОРИГ

                                                                                                       Д.ОЮУНЧУЛУУН