Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 766

 

   Б.Батзолбоо, Чин Алимусу нарт холбогдох

        эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: 

прокурор Т.Оргил-Очир,

ялтан Б.Батзолбоогийн өмгөөлөгч М.Дэлгэрнасан,

ялтан Чин Алимусугийн өмгөөлөгч Ц.Гансүх,

нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулж,

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батсуурь даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, С.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 152 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ялтан Б.Батзолбоогийн өмгөөлөгч М.Дэлгэрнасан, ялтан Чин Алимусугийн өмгөөлөгч Ц.Гансүх нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Батзолбоо, Чин Алимусу нарт холбогдох эрүүгийн 201501000135 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

             1. Намжим овогт Батчулууны Батзолбоо, 1989 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хэрэг бүртгэгч ажилтай байсан, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 28-5-79 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ЛИ 89071670/,

          2. Чин овогт Алимусу, 1975 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард улсын Өвөр Монголын өөртөө засах орны Жирэм аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, “Архорчин найман” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 103/2-74 тоотод түр оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: G40374340/,

          Б.Батзолбоо нь Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хэрэг бүртгэгчийн албан үүргээ гүйцэтгэж байхдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 415 дугаар зүйлийн 415.2 дахь хэсэгт заасан “энэ хуулийн 414.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн сэжигтэн, яллагдагч, хохирогч харилцан зөвшөөрч, хүсэлт гаргасан бөгөөд сэжигтэн, яллагдагч гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, хохирогч хохирлын талаар маргаангүй бол хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх бөгөөд хэрэг бүтгэх ажиллагааг эрүүгийн хэрэг үүсгэснээс хойш нэн даруй гүйцэтгэнэ” гэж заасныг зөрчин иргэн С.Ганцацралаас гаргасан бусдад зодуулж гэмтсэн гэх гэмт хэргийн талаарх гомдлыг шалгаж шийдвэрлэхдээ хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлаж, С.Ганцацрал нь хохирлын талаар маргаантай, хохирогч, сэжигтэн нар харилцан зөвшөөрөөгүй байхад хэргийг хялбаршуулсан журмаар буюу түргэн шуурхай шийдвэрлэж өгөхөөр амлан Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн Чин овогт Алимусуг хээл хахууль өгөхийг тулган шаардах буюу хясан боогдуулах замаар 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн барилгын гадна түүнээс 1.000.000 төгрөгийн хээл хахууль авсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт заасан,

          Чин Алимусу нь Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст өөрийн шалгагдаж буй “иргэн С.Ганцацралыг зодож түүний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” гэх гомдлыг өөрийн ашиг сонирхлын үүднээс түргэн шуурхай шийдвэрлүүлэхийн тулд уг гомдлыг шалгаж байсан хэрэг бүртгэгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Батзолбоод 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн барилгын гадна 1.000.000 төгрөгийн хээл хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн Прокурорын газраас: Б.Батзолбоогийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар, Чин Алимусугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн прокурорын газраас Б.Батзолбоод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэг болгон зүйлчилж, Б.Батзолбоог албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлахгүйгээр өөрөө хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Чин Алимусуг Албан тушаалтанд өөрөө хээл хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар Б.Батзолбоод тодорхой албан тушаал эрхлэх эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг /192000 төгрөгийг/ 60 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 11.520.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар Чин овогт Алимусуд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг /192000 төгрөгийг/ 55 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 10.560.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар Б.Батзолбоо, Чин Алимусу нар нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар солихыг дурдаж, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт заасныг баримтлан эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1.000.000 төгрөгийг улсын орлого болгож, Б.Батзолбоо, Чин Алимусу нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Ялтан Б.Батзолбоогийн өмгөөлөгч М.Дэлгэрнасан гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шийтгэх тогтоолын үндэслэл болгосон нотлох баримтуудад Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчиж хийгдсэн нотлох чанараа алдсан, шүүгдэгчийг цагаатгах нотлох баримтууд байхад “шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотлосон баримт” гэж дүгнэсэн нь нотлох баримтыг тал бүрээс нь үнэлж, үнэн зөв бодитойгоор шийдвэрлэх, “хууль ёсны ба үндэслэлтэй байх” шаардлага хангаагүй байна.

Тухайлбал: Чин овогт Алимусугийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт “би хээл хахууль өгөөгүй, хохирлын мөнгө өгсөн гэснийг яллах баримт болгосон. Мөн Гэрч С.Ганцацралын 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгт: “Алимусу нь миний гар утсыг эвдэлсэн, биед гэмтэл учруулсан гэх үндэслэлээр хохирлын мөнгийг нэхэмжилсэн. Эхний удаад 500.000 төгрөг, дараа нь 500.000 төгрөгийг Алимусугаас авсан.” “...толгой нурууны эмчилгээний зардалд нийлээд 1.000.000 гаруй төгрөг нэхэмжилсэн, Алимусу ч гэсэн энэ зардлыг гаргах талаар Батзолбоо байцаагчийн хажууд хэлж байсан...” Алимусу өөрөө зөвшөөрөөд гарсан... байцаагч дараа 7 хоногийн 5 дахь өдрөөс өмнө хохирлын мөнгийг чинь гаргуулж өгье гэж хэлсэн”, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Эмчилгээнд гарсан бүх зардал хохирлыг барагдуулна гэж тохирсон. Батзолбоо байцаагч, Алимусу бид 3 хамт хохирлын мөнгийг гаргуулах талаар ярилцаж 1.200.000 төгрөг гаргуулахаар тохирсон бөгөөд байцаагч 4, 5 дахиас хохирлын мөнгөө аваарай гэж байсан. Мөрдөн байцаалтын шатанд урьд өгсөн мэдүүлгүүд бүгд үнэн зөв гэж мэдүүлсэн.

Түүнчлэн Авлигатай тэмцэх газраас Б.Батзолбоо нарын хэргийг шалгаж байх үед ...Зодооны хэргийн хохирогч С.Ганцацрал миний хохиролд авах мөнгийг дундаас нь хурааж авлаа. Би хохирлын мөнгөө авъя гэж удаа дараа гомдол гаргасан байдаг. Энэхүү гомдлын дагуу С.Ганцацралд Чин Алимусугаас 1.000.000 төгрөг гаргуулан өгсөн гэдгийг тэр мэдүүлсэн. Гэтэл С.Ганцацралын мэдүүлгийг яллах баримт болгосон нь үндэслэлгүй бөгөөд С.Ганцацралын гомдлоор Чин Алимусугаас хохирлын мөнгө гаргуулан өгсөн нь хахууль биш хохирлын мөнгө өгөх байсан нь үнэн байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн хэрэг.

  Б.Батзолбоо нарт холбогдох хэргийг урьд нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдаанаар хэлэлцэж нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан. Тус шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 230 дугаар тогтоолд:

“хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 10 дугаар хуудасны нэгжлэг хийх тогтоол дээр хяналтын прокурор Цэрэндорж гэж бичсэн байх боловч хяналтын прокурор Цэрэндоржийн гарын үсэг зөрүүтэй, /мөн энэ тогтоолын хуулбар хувийг 2 дугаар хавтасны 104 дүгээр хуудаст хийсэн байх ба уг тогтоолын хуулбар дээр гарын үсэг дутуу/, хяналтын прокурор танилцуулж баталгаажуулаагүй зэрэг нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсгийн “Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хурааж авах, нэгжлэг хийх тухай үндэслэл бүхий тогтоол гаргаж прокуророор батлуулах ба уг ажиллагаа эхлэхийн өмнө холбогдох этгээдэд уншиж сонсгоно.”, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 133 дугаар зүйлийн 133.2 дахь хэсгийн “Хойшлуулашгүй тохиолдолд хураан авах, нэгжлэг хийх ажиллагааг шууд эсхүл шөнийн цагаар гүйцэтгэж, энэ тухайгаа 24 цагийн дотор прокурорт мэдэгдэнэ” гэсэн заалтуудыг ноцтой зөрчиж байцаан шийтгэх ажиллагаа явуулсан байна.

Шүүхийн тогтоолын дагуу мөрдөн байцаалт явуулахад нэгжлэг хийх ажиллагаа хууль бусаар явагдсан, прокурорын зөвшөөрлийг хуурамчаар үйлдсэн болохыг шинжээчийн дүгнэлтээр нотлосон атлаа хэн гэдэг албан тушаалтан уг үйлдлийг хийсэн болохыг өнөөдрийг хүртэл үнэлээгүй.

Мөн шүүхийн шийтгэх тогтоолд “Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчиж цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4 дэх хэсэгт заасны дагуу нотлох чадвараа алдсан төдийгүй нотлох баримтад тооцох шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгох боломжгүй болсон байна” гэдгийг дурьдсан байхад мөрдөн байцаалт болон прокурорын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон Эрүүгийн хууль зөрчсөн, хуурамч бичиг баримт үйлдсэн баримтуудыг шүүхийн тогтоолын үндэслэл болгосон.

Хууль бус нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Прокуророос 2 дахь удаагаа бичигдсэн яллах дүгнэлт ч урьдах яллах дүгнэлтээ хуулбарлан шүүхэд хүргүүлсэн нь хуулийн үндэслэлгүй баримт болсон.

  Р.Цогтсайхан Чин Алимусуг Баянзүрх дүүргийн цагдаагийн газар шалгахад хэрэг бүртгэлтийн явцад түүнийг батлан даалтад авч байсан нэгдмэл ашиг сонирхолтой, хэргийн хохирлыг хахууль болгон хувиргах зохиомол үйл ажиллагаа явуулсан этгээд учир энэ хэргийн гэрч биш юм.

Яллагдагч Ч.Алимусугийн 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн мэдүүлэгт: “Цогтсайхан, Бат-Эрдэнэ нар  уулзалтын өрөөнд ороод миний мөнгөний дэвсгэртийн зургийг авсан ба 6 давхарын өрөөнд орж мэдүүлэг авсан. Надад Б.Батзолбоод мөнгө өгч болно, болохгүй талаар огт хэлээгүй, харин Б.Батзолбоог мөнгө авбал мэдэгдээрэй” гэж хэлсэн гэдэг.

Р.Цогтсайхан Б.Батзолбоог шалгах ажиллагааг хууль бусаар хийсэн. Түүнийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст очиж ажиллах үүрэг өгөөгүй гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харагддаг.

Цагдаагийн байгууллагаас энэ хэргийг шалгаж эхлэхдээ Цагдаагийн байгууллагын тухай хууль, холбогдох хууль журмыг зөрчиж ажил үүргээ гүйцэтгэсэн. Чин Алимусу гэгч ЦЕГ-ын ажилтнуудад Б.Батзолбоог хахууль нэхээд байгаа тухай хэлсэн л юм бол Цагдаагийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйл, Цагдаагийн Ерөнхий газрын даргын батласан ажлын байрны тодорхойлолтын ажлын байрны үндсэн зорилт хэсгийн 3 дахь хэсэгт зааснаар “Цагдаагийн бие бүрэлдэхүүн гэмт хэрэг эрх зүйн зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох замаар хууль тогтоомж зөрчих явдалтай тэмцэх” үүргээ хэрэгжүүлээгүй. “Мөнгийг аваачиж өгөөд мэдэгдээрэй” гэж хэлж явуулангуутаа араас нь очиж хууль бус ажиллагаа явуулсан.

Авлигын эсрэг хуулийн дагуу Авлигатай тэмцэх газарт хандах байтал цагдаагийн газар, хэлтсийн ажилтнууд хууль зөрчиж байцаан шийтгэх ажиллагаа явуулсан.

Иймээс Баянзүрх дүүргийн шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 230 дугаар тогтоолд:

“Цагдаагийн Ерөнхий газрын Дотоод хяналт, аюулгүй байдлын газарт ахлах байцаагч, дэд хурандаа Р.Цогтсайхан, ЦЕГ-ын Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын Аюулгүй байдал, төрийн нууц, шифр харилцааны хэлтэст аюулгүй байдал хариуцсан ахлах байцаагч ажилтай дэд хурандаа Э.Бат-Эрдэнэ нар Чин овогт Алимусугаас хэрэг бүртгэгч Б.Батзолбоод 1.000.000 төгрөгийн хээл хахууль өгөх гэмт хэргийг зориудаар зохион байгуулж, зохиомол гэмт хэрэг болгосон эсэхийг нарийвчлан шалгаж тогтоогоогүй байна.

Өөрөөр хэлбэл уг ажиллагаа хэрхэн өрнөсөн, хэн хэн ямар үүрэг оролцоотой оролцсон, ямар ажиллагаа явуулсан, хэний үүрэг даалгавраар хэн, хэрхэн, яаж ажилласан, Р.Цогтсайхан нь энэ ажиллагаанд хувийн сонирхлоор оролцсон эсэхийг шалгаж тогтоох шаардлагатай байна гэж заасан. 

Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасны дагуу АТГ-ын мөрдөн байцаагч Мөнхжаргал нь Р.Цогтсайхан, Э.Бат-Эрдэнэ нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнээр тооцсон тогтоолд “Чин Алимусуг хохирлын мөнгө өгөхөөр бэлтгэж байх үед “Цагдаагийн Ерөнхий газрын Дотоод хяналт аюулгүй байдлын газарт ахлах байцаагчаар ажиллаж байсан Р.Цогтсайхан нь Чин Алимусугаас тайлбар авч, түүний биедээ авч явсан мөнгийг фото зургаар бэхжүүлэн авч идэвхитэй ажиллагаа явуулж өдөөн түлхэж гэмт хэрэг үйлдсэн” гэж дурдьсан боловч Цогтсайхан, Бат-Эрдэнэ нарыг нэг удаа байцааснаас өөр шалгалт явуулалгүй хэргийг хэрэгсэхгүй болгосон.

  Шийтгэх тогтоолд: Батзолбоод прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчлэхдээ хөнгөрүүлж байгаа үндэслэлийг тодорхойлоогүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлийг зөрчсөн.

Батзолбоод холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн зарчмыг үндэслэн тус хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.3 дахь хэсэгт заасан эрх хэмжээнийхээ дагуу Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 152 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Ялтан Чин Алимусугийн өмгөөлөгч Ц.Гансүх гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Чин Алимусу нь Б.Батзолбоог мөнгө нэхэх үед ЦЕГ-ын дотоод хяналт, аюулгүй байдлын газрын дэд хурандаа Р.Цогтсайханд хандаж мөнгө нэхэж байгааг нь ойлгохгүй байна, мөнгө өгч болох уу, үгүй юу гэж үйлдэл хийхээсээ өмнө Цагдаагийн байгууллагад урьдчилан хандсан байна. Энийг нь гэм буруутай үйлдэл гэж үзэх үндэслэлгүй байна. Ингээд урьдчилан ЦЕГ буюу Цагдаагийн дээд шатны байгууллагад хандаж мэдүүлснийхээ дараа зохих албан тушаалтны зөвшөөрлийн дагуу Б.Батзолбоод 1.000.000 төгрөг өгсөн. Уг зөвшөөрөл болон урьдчилж мэдүүлсэн тухайгаа бусдад задруулахгүй байх талаар баталгаа гаргасан.

ЦЕГ –ын Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын алба хаагчийн буруутай үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн мэт нөхцөл байдал бий болсон. Хохирогч С.Ганцацрал толгой, нурууны эмчилгээний зардалд дахин 1.000.000 төгрөг нэхэмжилсэн нь Б.Батзолбоогийн авсан 1.000.000 төгрөгтэй тохирч байгаа. Энэ нь хохирогчийн хохирол төлбөрийг барагдуулж байж хохирол төлбөргүй, гомдол саналгүй болсон гэж үзэж, хөнгөн гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл бүрдэнэ. Хэрэв Б.Батзолбоо нь авсан 1.000.000 төгрөгөө С.Ганцацралд өгөхгүй бол хохирол барагдахгүй, талууд эвлэрэхгүй, хэрэг хэрэгсэхгүй болохгүй.

Тиймээс ЦЕГ-ын Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын алба хаагчид Б.Батзолбоог үйлдэл дээр нь барьсан мэт ажиллагаа явуулсан нь буруу бөгөөд Б.Батзолбоог хохирогч С.Ганцацралд хохирлын мөнгийг өгөх эсэх, өгөлгүйгээр эрүүгийн хэргийг Чин Алимусуд ашигтайгаар шийдвэрлэх эсэхийг ажиглах байсан. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг мөн эсэхийг тогтоохын тулд тухайн үйлдлийг төгсгөх ёстой байсан.

Чин Алимусуг эрүүлжүүлэх байрнаас ЦЕГ-ын дотоод хяналт, аюулгүй байдлын газрын дэд хурандаа Р.Цогтсайхан батлан дааж авсан.

Б.Батзолбоогийн хувьд Чин Алимусуг эрүүлжүүлэх байрнаас дэд хурандаа Р.Цогтсайхан батлан дааж авсныг мэдэж байсан нь Р.Цогтсайханы ажил үүргийг мэдсээр байж түүний батлан дааж авсан Чин Алимусугаас хээл хахууль нэхсэн байх нь үндэслэлгүй байна.

Иймд дээрх нөхцөл байдлуудаас Чин Алимусуг гэм буруутай гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байх тул түүнд холбогдох үйлдэл, холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Прокурор Т.Оргил-Очироос тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...   Өмгөөлөгч нар Б.Батзолбоогийн Чин Алимусугаас 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдөр авсан 1.000.000 төгрөгийг хохирлын мөнгө гэж үзэж байгаа талаар давж заалдах гомдолдоо дурдсан байна. Хэрвээ хохирлын мөнгө байсан юм бол яагаад албан өрөөндөө тэмдэглэл үйлдэж хүлээж аваагүй юм бэ, яагаад тоолж аваагүй юм бэ гэдэг асуудал гарч ирж байна. Б.Батзолбоо “бүрэн үү” гэж асуугаад “бүрэн” гэхээр нь авсан байдаг. Эдгээр байдлаас харахад хохирлын мөнгө байсан гэх итгэл үнэмшил төрөхөөргүй байна. Мөн үнэхээр хохирлын мөнгө байсан юм бол яагаад өөр бусад хүмүүст зээлсэн юм бэ. Хохирлын мөнгийн өөрийн мөнгө шиг захиран зарцуулж байгаа нь хохирлын мөнгө гэж үзэхээргүй нөхцөл байдал үүсгэж байна. Хэрвээ хохирлын мөнгө гэж үзсэн юм бол Чин Алимусу Цагдаагийн Ерөнхий газрын холбогдох албан тушаалтанд мөнгө нэхээд байна гэдэг асуудлаар яагаад мэдэгдэв, ингэж мэдэгдэх ямар шаардлага байсан бэ. Батзолбоо нь тухайн өдөр Чин Алимусу согтуу ирсэн учраас албан өрөөндөө байлгахаас санаа  зовоод гаргасан гэж байна. Хэрвээ тэгж санаа нь зовсон юм бол мөнгө авсныхаа дараа Чин Алимусуг өрөөндөө оруулж ирээд гадаад пасспортыг өгсөн нь ямар учиртай юм бэ. Эдгээрээс харахад хээл хахуульд өгсөн 1.000.000 төгрөгийг хохирлын мөнгө гэж үзэх боломжгүй гэж прокурорын зүгээс үзэж байна. Нэгжлэг хийх ажиллагаа хууль зөрчсөн, тогтоол дээрээ прокуророор нөхөж гарын үсэг зуруулсан асуудал байна гэж өмгөөлөгч нар хэлж байна. Тухайн нэгжлэг хийх ажиллагаа нь Мөрдөн байцаах газрын тусгай субъектын үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтсээс явуулсан хойшлуулшгүй ажиллагаа юм. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  133 дугаар зүйлийн 133.2 дахь хэсэгт зааснаар хойшлуулшгүй ажиллагаа хийж байгаа тохиолдолд прокуророос заавал зөвшөөрөл авахгүйгээр шууд явуулах эрх нь тус ажиллагааг явуулж байгаа бүх этгээдэд хуулиар олгогдсон байдаг. Сүүлд нь Цэрэндорж прокурорын гарын үсэг биш, өөр гарын үсэг нь зурагдсан байсан. Гэхдээ нэгжлэг хийх тогтоол, нэгжлэг хийх ажиллагааг хэргийн хувьд чухал ач холбогдолтой гэж үзэхгүй байгаа. Учир нь Б.Батзолбоо анхнаасаа Чин Алимусугаас 1.000.000 төгрөг авсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Тиймээс тухайн мөнгийг хүлээж аваагүй, энэ мөнгө надаас нэгжлэг хийх ажиллагаагаар гаргаж ирсэн гэдгийг эсэргүүцсэн бол магадгүй нэгжлэг хийх ажиллагаа нь нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэх ач холбогдолтой ажиллагаа байх байсан. Энэ хэргийн хувьд Б.Батзолбоо анхнаасаа Чин Алимусугаас мөнгө авсан гэдгээ хүлээсэн мэдүүлэг өгсөн. Тухайн гарын үсэг зурсан асуудлыг мухарлаж шалгаагүй гэж байна. Энэ талаар эрүүгийн хэргийг мөрдөн байцаах ажиллагааны явцад Цагдаагийн ерөнхий газрын тусгай субъектын газрын гомдол мэдээллээр Авлигатай тэмцэх газарт шалгуулсан. Тус асуудал шалгагдаад Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор 2016 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 8518 дугаар тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. С.Ганцацрал 1.000.000 төгрөг нэхэмжилсэн. Энэ нь хохирлын мөнгө байсан гэдэг нь нотлогдож байна гэж өмгөөлөгч нар үзэж байна. С.Ганцацрал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268, 269 дүгээр зүйлд заасан хээл хахууль өгөх, авах гэмт хэргийн гэрч биш. С.Ганцацрал нь хээл хахууль өгөх, авах гэмт хэрэг үйлдэгдсэний дараа 1.200.000 төгрөг нэхэмжилж байгаа талаар Авлигатай тэмцэх газарт мэдүүлэг өгсөн байдаг. Хээл хахуулийн хэрэг гарахаас өмнө хохиролд 1.000.000 төгрөг хүлээж авсан нь нотлох баримтаар тогтоогдсон. Чин Алимусугийн өмгөөлөгч нь “Чин Алимусу нь 1.000.000 төгрөгийн хээл хахууль өгөх талаараа зохих эрх бүхий байгууллагад мэдэгдсэн” гэж давж заалдах гомдолдоо дурдсан байна. Хэрвээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлд заасан субъект нь гэмт хэрэг үйлдсэн тухайгаа эрх бүхий байгууллагад мэдэгдсэн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлдөг зохицуулалт байхгүй. Хэрвээ ийм зохицуулалт байсан бол Чин Алимусу эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөж болох нөхцөл байдал байхыг үгүйсгэхгүй. Анх Чин Алимусу тухайн мөнгийг хээл хахуулийн мөнгө гэж ойлгосон талаараа мэдүүлэг өгсөн. Үүний дагуу түүнийг энэ хэрэгт холбогдуулан шалгахад мэдүүлгээсээ буцсан байдаг. Гэхдээ сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч үнэнийг мэдүүлэх үүрэг хүлээхгүй гэдгийг дурдах нь зүйтэй. Мөн өмгөөлөгч нарын гомдолд Цагдаагийн ерөнхий газрын дотоод шалгалтын баримт материалуудыг нотлох баримтын хэмжээнд хэлэлцүүлээгүй гэдэг зүйл ярьж байна. Энэ нь хойшлуулшгүй ажиллагаа учраас прокурор яллах дүгнэлтдээ энэ талаар дурдаагүй. Иймд ялтан нарын өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 152 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ...” гэв.

ХЯНАВАЛ:    

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 152 дугаар шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “...Шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байна...” гэсэн шаардлагыг хангаагүй байна.

  Нийслэлийн Прокурорын газраас Б.Батзолбоод холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Гэтэл Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Б.Батзолбоог хясан боогдуулах замаар хээл хахууль авсан гэх үндэслэл хэргийн материалаар нотлогдохгүй байна” гэж ерөнхийлэн дүгнэж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилжээ.

Өөрөөр хэлбэл хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн үндэслэлээ шийтгэх тогтоолд тодорхой дурдаагүй байх бөгөөд энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлд заасан “...  Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт .... урьд сонсгосон ялыг шүүхээс өөрчилсөн бол түүний үндэслэл шалтгааныг тодорхойлоно...” гэсэн заалтыг зөрчсөн байна.

 Иймд давж заалдах шатны шүүхээс хэргийн болон шүүгдэгч нарын гэм буруугийн талаар  хууль зүйн дүгнэлт өгөх боломжгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр мөн дүүргийн шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасантай холбогдуулан    шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар гаргасан өмгөөлөгч нарын давж заалдах гомдлуудыг хэлэлцээгүй болно.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 152 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, ялтан Б.Батзолбоо, Чин Алимусу нарт холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

            2. Б.Батзолбоо, Чин Алимусу нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр  үргэлжлүүлсүгэй.

            3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Л.ДАВААСҮРЭН

                                 ШҮҮГЧИД                                                          Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                                                                                             Д.ОЮУНЧУЛУУН