Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 110

 

Д.Б-од холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                             Я.Туул

Шүүгчид                                            Б.Манлайбаатар

Ц.Амаржаргал    

Прокурор                                          Б.Сүрмандах

Хохирогчийн өмгөөлөгч               Б.Чинбаатар

Ялтны өмгөөлөгч                           Ц.Отгонсүх

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Я.Туул даргалж, шүүгч Т.Батжаргал, Т.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй 2016 оны 09  дүгээр сарын 23-ны өдөр хийсэн эрүүгийн хэргийн  шүүх хуралдааны 176 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлээр Дархан-Уул аймгийн Прокурорын Газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дондовын Б-од холбогдох эрүүгийн 201609000100 тоот 2 хавтас хэргийг 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1969 онд Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, эрэгтэй, 46 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Шар зам ирээдүй” хоршоонд жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг 47 дугаар байрны 114 тоотод оршин суух, 2011 онд Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 190 дугаартай тушаалаар “Онц тээвэрчин” тэмдэгээр шагнуулж байсан, урьд нь:

- Дархан хотын Ардын шүүхийн 1984 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 169 дүгээр зүйлийн “б”-д зааснаар 1 жилийн хорих ял шийтгэж, 1 жилийн хугацаагаар ял эдлэхийг хойшлуулсан

- Дархан хотын Ардын шүүхийн 1986 оны 56 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн “б”-д зааснаар 2 жилиийн хорих ялаар шийтгүүлж байсан гэх хэрэг хариуцах чадвартай Мандах овогт Д-ын Б- /РД:ТИ69091815/ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 23:00 минутын орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг, Алтангадасын 2 дугаар гудамжны 4 тоотод оршин суух иргэн С.М-ын гэрт өөрийн эхнэр Б.О-г өмөөрөн Б.Г-ийн цээжний зүүн хэсэгт нэг удаа хутгалж бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Д.Б-од холбогдох хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Д.Б-од яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцэлд: “... Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хүлээн авч хэлэлцээд шүүгдэгч Д.Б-од холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 176 тоот шийтгэх тогтоолыг 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 09:30 минутад прокурорын газарт хүлээн аваад дээрх шийтгэх тогтоолыг дараах үндэслэлэээр хүлээн авах боломжгүй байна.

1. Шүүх хуралдаан дээр улсын яллагчийн зүгээс шинжээчийн дүгнэлтүүд гэмтлийн зэргийн хувьд эрс зөрүүтэй гарсан тул анх дүгнэлт гаргасан шинжээч эмчийг шүүх хуралдаанд оролцуулах санал тавьсан боловч шүүх бүрэлдэхүүн уг саналыг хүлээн авахаас татгалзаж, шинжээч оролцуулалгүйгээр шүүх хуралдааныг явуулсан байна. Энэ талаар улсын яллагчийн хүсэлтийг ямар үндэслэлээр татгалзсан талаараа тодорхой дурдаж өгөөгүй байна. Хохирогч Б.Гантигхүрэлийн биед учирсан гэмтлийн зэрэг шинжээчийн дүгнэлтүүдээр зөрүүтэй байх тул эдгээр шинжээчийн дүгнэлтүүдийг аль нь үндэслэлтэй болохыг дахин бүрэлдэхүүнтэй давтан шинжилгээ томилж гаргуулах шаардлагатай байснаас гадна дүгнэлт гаргасан шинжээч нарыг шүүх хуралдаанд оролцуулах үндэслэлтэй байтал шүүх улсын яллагчийн дүгнэлтийг хангалгүйгээр шүүх хуралдааныг явуулсан учраас шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэх боломжгүй байна.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтанд “... Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-од холбогдох 201609000100 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж заажээ. Учир нь шүүх шийтгэх тогтоолд “... шүүгдэгч бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай  учруулсан гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэмт хэрэг үйлдснээс хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасан 6 сарын хугацаа өнгөрсөн байх тул Д.Б-од холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна.” гэж дүгнэсэн атлаа дээр дурдсанаар тогтоолын 3 дахь заалтанд “...Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1” гэж хуульд байхгүй зүйл заалт хэрэглэж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн байна. Иймд анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 176 тоот шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх заалтыг удирдлага болгон дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Сүрмандах гаргасан тайлбар, дүгнэлтэндээ: Давж заалдах шатны шүүх хуралдаанд дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүх эмнэлэгийн шинжээч нарын дүгнэлт нь хоорондоо эрс зөрүүтэй байгаа учраас шинжээч оролцуулах хүсэлт гаргасан боловч түүний хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл шүүх хуралдааны явцад шинжлэн судалсан шинжээчийн дүгнэлтүүд болон хохирогчид эмчилгээ хийсэн тухай өвчтөний түүх дээр бичигдсэн нарийн мэргэжлийн мэдлэг шаардсан зүйлүүдийг асууж тодруулах шаардлагатай байсан юм. Анхан шатны шүүх шүүхээс томилсон сүүлийн шинжилгээний дүгнэлтийг үндэслэл болгон хэргийн зүйлчлэлийг өөрчлөн шийдвэрлэхдээ хохирогч Б.Гантигхүрэлийн биед учирсан гэмтлийг сүүлийн шинжээч нарын гаран дүгнэлтийг үндэслэн шийдвэрлэсэн. Гэтэл шүүх хуралдаанд бусад шинжилгээний дүгнэлтүүдийг шинжлэн судалдсан бөгөөд энэ талаар ямар дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу болсон гэж үзэж байна. Сүүлийн шинжээчийн дүгнэлтээр шарх нь цээжний хөндийг нэвтэрсэн нь нотлогдохгүй байна, эмнэлэг үзлэг хийх үедээ нэвтэлсэн эсэхийг шалгаагүй гэдэг үндэслэл зааж гэмтлийн зэргийг хөнгөрүүлсэн байдаг, гэтэл өвчтөний түүхээс үзвэл хохирогчийг хагалгаанд орохоос өмнө түүнд шинжилгээ хийсэн, шарх нь цээжний хөндийг нэвтэлсэн байсныг тогтоосон баримт байдаг түүнийг тодруулахын тулд зайлшгүй шинжээч оролцуулах шаардлагатай байсан гэж үзэж байна. Мөн түүнчлэн шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчиж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэг гэж хуульд байхгүй заалтыг хэрэглэн хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн нь дээрх үндэслэлийг нотолж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлийг хангаж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон ялтны өмгөөлөгч Ц.Отгонсүх: Дээд шатны прокурорын эсэргүүцэл хууль зүйн үндэслэлгүй, анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтанд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэсэн, шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтай байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байна. Хохирогчийн биед учирсан гэмтлийн талаар хамгийн сүүлд хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын дүгнэлт үндэслэлтэй, энэ дүгнэлтийг үндэслэн анхан шатны шүүх хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн нь зүйтэй болсон гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байгаа юм. Ер нь хохирогчийн биед учирсан гэмтлийн талаар хамгийн сүүлд гаргасан дүгнэлт бодитой, үндэслэлтэй бусад дүгнэлтүүдээс илүү болсон учраас шүүх энэ дүгнэлтийг үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь зөв гэж үзэж байгаа, ийм учраас шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Б.Чинбаатар: Прокурорын эсэргүүцлийн талаар надад хэлэх зүйл байхгүй. Санал хүсэлт байхгүй ээ гэв.

Тодорхойлох нь:

Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр Алтангадасын 2 дугаар гудамжны 4 тоотод оршин суух С.Мэндбаатарын гэрт 2016 оны 02 дугаар  сарын 14-ний өдрийн 23:00 минутын орчим Д.Б- нь өөрийн эхнэр Б.Оролмааг өмөөрч Б.Гантигхүрэлийн цээжний зүүн хэсэгт нэг удаа хутгалж, түүний бие махбодид хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг гарсан, Д.Б-ын үйлдсэн гэмт хэрэгт Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлж, анхан шатны шүүх Д.Б-од холбогдох хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, түүнд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр Д.Б-ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурорын бичсэн давж заалдах эсэргүүцлийн үндэслэл болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлийн 308.1, 308.2 дахь хэсэгт заасан журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, хэргийг бүхэлд нь хянаад дараах дүгнэлтийг хийж, прокурорын давж заалдах эсэргүүцлийг хүлээн авч шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтууд болон анхан шатны шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар хохирогчид учирсан гэмтлийн талаар шүүх эмнэлгийн шинжээчийн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 246 дугаар дүгнэлт /хавтаст хэргийн 65 дугаар тал/, шүүх эмнэлгийн шинжээчийн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 340 дугаар нэмэлт дүгнэлт /хавтаст хэргийн 73 дугаар тал /, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн хавтаст хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн дахин шинжилгээ 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 664 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдээр хохирогч Б.Гантигхүрэлийн биед цээжний зүүн хэсэгт цээжний хөндийг нэвтэлсэн шарх үүссэн, гэмтлийн зэрэг тогтоох зааврын 3.1.11 дэх хэсэгт зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл  болохыг тогтоосон байх бөгөөд харин 2 дугаар хавтаст хэргийн 35-37 дугаар талд авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1155 дугаар шинжээчийн давтан дүгнэлтээр “...зүүн хөхний доод хэсгийн шарх цээжний хөндийг нэвтэрсэн эсэхийг эмнэлэгт анх үзлэг хийх үед үзлэг шинжилгээгээр шалгаагүй, цээжний хөндий нэвтэрсэн нь нотлогдохгүй байгаа тул Шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.” гэж хавтаст хэрэгт авагдсан шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтүүдээс эрс зөрүүтэй дүгнэлт хийж ирүүлжээ.

Анхан шатны шүүх хохирогчид учирсан гэмтлийн зэргийг тогтоосон дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн шүүх эмнэлгийн дүгнэлтийг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөн зүйлчилж, Д.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэхдээ шүүх эмнэлгийн 246, 664 дүгээр дүгнэлтүүд болон өвчтөний түүх зэрэг хэрэгт онцгой ач холбогдол бүхий нотлох баримтууд анхан шатны шүүхийн хэргийн зүйлчлэлийг өөрчлөхдөө үндэслэл болгосон дүгнэлттэй харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авч бусдыг үгүйсгэж байгаа үндэслэлээ заагаагүй байгаа нь  шүүхийн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

Түүнчлэн шүүх эмнэлгийн 1155 дугаар давтан дүгнэлтэд хохирогч Б.Гантигхүрэлийн цээжний зүүн хэсэгт учирсан гэмтлийг “зүүн хөхний доод хэсгийн шарх” гэж бичсэн нь хэрэгт авагдсан шүүх эмнэлгийн 246, 664 дүгээр дүгнэлтүүд, өвчтөний түүх  болон хавтаст хэргийн 20 дугаар талд авагдсан фото зургийн үзүүлэлттэй тохирохгүй байгаа бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтаар хохирогч Б.Гантигхүрэлд учирсан гэмтэл нь түүний “цээжний зүүн хэсэг, зүүн хөхний дээд хэсэгт учирсан” болох нь нотлогдож тогтоогдсон бөгөөд энэ талаар анхан шатны шүүх дүгнэлт хийхгүйгээр хэргийн зүйлчлэлийг өөрчлөн шийдвэрлэх үндэслэл болгосныг  тэмдэглэж байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар  Д.Б-од холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн хэмжээний дотор, шүүх эмнэлгийн дүгнэлт гаргасан шинжээч нар болон шаардлагатай гэрчүүдийг оролцуулан, хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэх боломжтой байх тул хэргийг анхан шатны шүүхэд буцааж, дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Мөн анхан шатны шүүх хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар Д.Б-ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсгийг давхар заасан нь буруу болсон байх бөгөөд цаашид энэ төрлийн зөрчил гаргахгүй байхыг анхааруулж байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 319 дүгээр зүйлийн 319.1.3, 321 дүгээр зүйлийн 321.1.3, 325 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 176 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Б-од холбогдох эрүүгийн 201609000100 тоот 2 хавтаст хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Д.Б-од авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг анхан шатны шүүхэд очтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

Энэхүү магадлалд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичихгүй болохыг дурдсугай.

 

                                              ДАРГАЛАГЧ                                             Я.ТУУЛ

                                                  ШҮҮГЧИД                                             Б.МАНЛАЙБААТАР

                                                                                                                Ц.АМАРЖАРГАЛ