Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 812

 

 

М.Амгаланд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

          Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Гансүх даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

          прокурор Д.Ширэндэв,

          нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батсуурь даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 473 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Д.Ширэндэвийн бичсэн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 5/39 дугаартай эсэргүүцлээр М.Амгаланд холбогдох эрүүгийн 2016 2501 3764 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Чонгууд овгийн Майдарын Амгалан, 1990 оны 12 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангид гал унтраах автомашины жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 1 дүгээр хэсэг, Улаанхуарангийн гудамжны 1120 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ОЮ90120234/,

М.Амгалан нь 2016 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангид ажил дээрээ байхдаа иргэн Б.Ганзоригтой маргалдсаны улмаас түүний нүүрэн тус газарт цохиж биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: М.Амгалангийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, сэжигтнийг ялагдагчаар татах тогтоол баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М.Амгаланд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд М.Амгаланд “прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1 сар 10 хоног баривчлах ял оногдуулах санал тавьсныг хүлээн зөвшөөрөхгүй хэргээ ердийн журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна, хохирогч 5.000.000 төгрөг нэхээд байгаа” гэж байх тул М.Амгаланг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 417 дугаар зүйлийн 417.4 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэхээс татгалзсан гэж үзэх үндэслэлтэй байх тул хэргийг ердийн журмаар шийдвэрлэхээр прокурорын тогтоол гаргах, хохирлыг бодитой тогтоох шаардлагатай гэж үзэн хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэхээр нэмэлт хэрэг бүртгэлт хийлгэхээр Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Д.Ширэндэв бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 473 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгох дараах үндэслэл байна. Үүнд:

Яллагдагч М.Амгалан нь шүүх хуралдааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээс татгалзсан ба энэ тохиолдолд шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 418 дугаар зүйлийн 418.6 дахь хэсэгт заасныг баримтлан хэргийг нэмэлт хэрэг бүртгэлтэд буцаасан нь үндэслэлгүй байна.

Мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирол бүрэн тогтоогдсон, өөрөөр хэлбэл М.Амгалангийн үйлдлийн улмаас хохирогч Б.Ганзоригийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Энэ талаар хохирогч болон яллагдагч нар ямар нэгэн маргаан гаргаагүй, хүлээн зөвшөөрч байгаа ба учирсан хохирлыг бодитой тогтоогоогүй гэж үзэх боломжгүй юм.

Хохирол нөхөн төлөх асуудал нь хохирогчоос хэрэгт гаргаж өгсөн эмчилгээний болон бусад баримтын хэмжээнд шүүх шийдвэрлэх, хэрэв баримт гаргаж өгөөгүй тохиолдолд холбогдох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний журмаар шүүхэд нэхэмжлэх асуудал бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхэд нөлөөлөхгүй асуудал юм.

Мөн М.Амгалан нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан боловч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд М.Амгалан нь “хохирогчтой эвлэрэх гэж байгаа” гэсэн. Энэ үндэслэлээр шүүх хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн 473 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэв.

ХЯНАВАЛ:

   Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 473 дугаар шүүгчийн захирамж нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 418 дугаар зүйлийн 418.6 дахь хэсэгт “...Хэрэг хянан шийдвэрлэх явцад яллагдагч, хохирогч нэмэлт ажиллагаа хийлгэх хүсэлт гаргасан бол хэргийг ердийн журмаар шийдвэрлэхээр шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана...” гэж заасныг зөрчин М.Амгаланд холбогдох хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт хийлгэхээр прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

            Шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй. М.Амгаланд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор ердийн журмаар эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй.

            Иймд прокурор Д.Ширэндэвийн бичсэн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 5/39 тоот эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгон, хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 473 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, М.Амгаланд холбогдох хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

            2. Шүүх хуралдаан болтол М.Амгаланд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

         

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ГАНСҮХ

                        ШҮҮГЧИД                                                       Т.ӨСӨХБАЯР

                                                                                                Ш.БАТ-ЭРДЭНЭ