Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 797

 

                                                                        

 

 

 

 

 

 

 

Б.Цэрмаад холбогдох эрүүгийн

Хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Оюунчулуун, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор Ц.Мөнхжаргал,

Хохирогч Корчанова Элизавета Александровна, түүний өмгөөлөгч М.Төмөрцэцэг,

            Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 165 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн өмгөөлөгч М.Төмөрцэцэгийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Цэрмаад холбогдох эрүүгийн 201624000449 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч C.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Мянгат овогт Баясгалангын Цэрмаа, 1986 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, эмэгтэй, 30 настай, бүрэн дунд боловсролтой, Хүний нөөцийн мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхоны 573 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ЙР86090968/,

 

Б.Цэрмаа нь 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 5 дугаар байрны хойд замд “Hyundai Verna Accent” загварын, 68-91 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын  хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Корчанова Элизавета Александровнаг мөргөж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас: Б.Цэрмаагийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Цэрмааг Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс иргэн Корчанова Элизавета Александровнаг мөргөж, биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар Б.Цэрмаад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар Б.Цэрмаагаас 5.550.000 төгрөг гаргуулж, хохирогч Корчанова Элизавета Александровнад олгож, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Хэрэг бүртгэлтийн явцад банк түүний харилцагч нарын талаарх мэдээлэл авах зарлагын үйлгээг хязгаарлаж битүүмжлэх тухай тогтоолоор Б.Цэрмаагийн Хаан банк дахь 5754034967 тоот төгрөгийн харилцах дансны зарлагын гүйлгээг хязгаарласныг чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ¹807320 дугаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын харьяа Лицензийн төвд хүргүүлж шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн өмгөөлөгч М.Төмөрцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Цэрмаа нь 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр “Мөнгөн завьяа” дэлгүүрийн зүүн хойд замд Д.Эрдэнэбаярын эзэмшлийн “Hyundai Verna Accent” загварын, 68-91 УНЛ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа иргэн 80 настай Корчанова Элизавэтаг мөргөн унагаж хүндэвтэр гэмтэл учруулсан нь хохирогч, шүүгдэгч бусад гэрчүүдийн мэдүүлэг, Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдоно. Тэр ч байтугай хүн дайрч мөргөж унагаснаа мэдээгүй нь гэрч Андрейн мэдүүлгээр нотлогддог.

Б.Цэрмаа нь хийсэн хэрэгтээ гэмшээгүйгээр барахгүй одоог хүртэл эмчилгээний зардлыг төлөөгүй байдаг. Б.Цэрмаа нь санаатайгаар шүүх хурлыг хойшлуулж хөнгөн хэргийн хугацаа зургаан cap хөнгөрч хэрэг нь хэрэгсэхгүй болсон. Анхан шатны шүүх нотлох баримтыг тал бүрээс нь гүйцэд судлаагүй. Ямар ч нотлох баримтгүй зөвхөн шүүгдэгчийн хэлсэн амаар 1.200.000 мянган төгрөгийг хохирлын дүнгээс хассан. Мөн шүүгч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 234 дүгээр зүйлийн 234.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэв.

 

Хохирогч Корчанова Элизавета Александровна тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Би 4 дүгээр сард осолд орсон. Хүүтэйгээ хамт явж байхад араас ирж дайрсан. Тухайн автомашин хаанаас гарч ирснийг нь мэдэхгүй. Яаралтай түргэн тусламж ирээд хөл нь хугараагүй байна гээд авч яваагүй. Дараа нь шүүгдэгч өөрийнхөө автомашинаар явах гэтэл аккумлятор нь суусан байсан. Тэгээд эмнэлэгт очоод шохойдуулсан. “Мөнгөн гүүр” эмнэлэгт 2 хөлөө хадуулаад нэг хөл нь 9 хадаастай, нөгөө хөл 20 см-н хадаастай байгаа. “Мөнгөн гүүр” эмнэлэгт 10 гаруй хоносон. Тэр хугацаанд Б.Цэрмаа ерөөсөө ирээгүй. Нэг удаа ирэхэд нь мөрдөн байцаагч нь “очихгүй бол болохгүй” гэж хэлээд явуулсан. “Одоо хохирлын мөнгийг чинь өгнө гээд цүнхээ алгадаад байсан. Өгсөн зүйл байхгүй. Мөнгөтэй болохоороо өгнө, одоо өгч чадахгүй” гэж хэлсэн боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй. Тархины зураг авахуулсан, шохойдуулсан мөнгийг суутгаад авсан. 5.550.000 төгрөг нь үлдсэн. Бусад мөнгийг нь суутгаад авсан…” гэв.

 

Прокурор Ц.Мөнхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “…Б.Цэрмаа нь 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 5 дугаар байрны хойд замд “Hyundai Verna Accent” загварын, 68-91 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын  хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Корчанова Элизавета Александровнаг мөргөж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Шүүхээс түүний гэм бурууд тохирсон хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай…” гэв.

 

                                                                   ХЯНАВАЛ:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 8 дугаар зүйлд “Үндсэн хууль болон бусад хуулиар олгосон үндсэн эрх нь зөрчигдвөл хүн бүр эрх мэдэл бүхий үндэсний шүүхээр эрхээ бүрэн сэргээн тогтоолгох эрхтэй”, Иргэний болон Улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 26 дугаар зүйлд “Бүх хүн хуулийн өмнө тэгш байх бөгөөд аливаа алагчлалгүйгээр хуулиар тэгш хамгаалуулах эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т “…Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй…” гэж заасан ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлийн 42.3.9 дэх заалтад хохирогч гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй гэж хуулийн баталгаагаар давхар хамгаалагдсан бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо арилгуулах, гэм буруутай этгээдээс шаардах нь хүний үндсэн эрх юм.

 

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Б.Цэрмаад холбогдох хэргийг хянан хэлэлцсэн анхан шатны шүүх хуралдааны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн тэмдэглэлд “хохирогч Корчанова Элизавета Александровна …хөлнийхөө эмчилгээнд нийт 6.750.000 төгрөгийг нэхэмжилж байна…”, түүний өмгөөлөгч М.Төмөрцэцэг “…шүүгдэгчээс 6.750.000 төгрөг нэхэмжилж байна. Эмчилгээний зардалд 4.800.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 900.000 төгрөг, замын зардалд 1.050.000 төгрөг..” гэж тусгагдсан зэргийг харьцуулан дүгнэхэд хохирогч дээрх хуульд заасан эрхийнхээ дагуу гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлүүлэхийг шаарджээ.

 

Шүүх аливаа хохирол барагдуулах талаар Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан эрх, үүргийнхээ хүрээнд хийвэл зохих бүхий л ажиллагааг гүйцэтгэсний эцэст гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хянан шийдвэрлэх явцад тооцоог бүрэн хийх боломжгүй /баримтгүй, баримт нь хуулийн шаардлага хангаагүй гэх мэт/ бөгөөд энэ нь гэмт этгээдийн гэм бурууг шийдвэрлэхэд нөлөөлөхгүй тохиолдолд эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэж, тухайн хохирлыг иргэний журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлдэг.

 

Ингэснээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулахдаа Үндсэн хууль, энэ  хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэнтэй нийцэх бөгөөд шүүхийн шийдвэрийг хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан гэж үздэг.

 

Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэх тухай мэдүүлэг, түүнийг нотлосон баримтуудаас үзэхэд зарим нотлох баримт давхардсан, үнийн дүнг бус төлбөрийн хариултыг хохиролд тооцсон, хуульд заасан хохирол мөн болох, хохирогчийн мэдүүлэгт дурдагдсан хохирлын нотлох баримт хэрэгт авагдсан, эсхүл түүнийг нотлосон баримт тухайн хохирлын баримт мөн эсэхийг нарийвчлан шалгалгүй хэт хавтгайруулан шийдвэрлэжээ.

 

Дээрх байдал нь  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг шүүх хуралдааны явцад нотлоогүй гэж үзнэ.

 

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт учирсан хохирлыг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд зааснаар тээврийн хэрэгслийн эзэмшигч нөхөн төлөх үүрэгтэй байдаг онцлоготой юм. Иймээс анхан шатны шүүх Б.Цэрмаагийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцвал зохих этгээдийг зөв тогтоох шаардлагатай.

 

Анхан шатны шүүх Б.Цэрмааг Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс иргэн Корчанова Элизавета Александровнаг мөргөж, биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэм буруутайд тооцсон нь ойлгомжгүй, хохирогчийн овгийг буруу бичсэн байх тул цаашид анхаарвал зохино.

 

             Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хохирогчийн өмгөөлөгч М.Төмөрцэцэгийн гаргасан “…шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэх утга агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч, Б.Цэрмаад холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: