Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 773

 

 

 

 

                                             

 

 

 

 

Г.Золбоот, Б.Мөнхнаст, М.Хонгор,

Э.Ганчулуун нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Ц.Оч, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Нархажид,

яллагдагч Г.Золбоотын өмгөөлөгч К.Бауиржан,

яллагдагч Б.Мөнхнастын өмгөөлөгч Д.Жаргал,

яллагдагч М.Хонгорын өмгөөлөгч Т.Баярбат,

яллагдагч Э.Ганчулууны өмгөөлөгч Н.Ганбат,

            нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,           

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаярын гаргасан 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 430 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ш.Алтанцэцэгийн бичсэн 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 6/37 дугаартай эсэргүүцлээр эрүүгийн 201625011463 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Шавь овогт Ганболдын Золбоот, 1993 оны 4 дүгээр сарын 23-нд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Байгаль орчны хяналт үйлчилгээний мэргэжилтэн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар баг, Булган гудамжны 9-10 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:СШ93042310/,

2. Доо ван овогт Баттөрийн Мөнхнаст, 1997 оны 3 дугаар сарын 31-нд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн Өрөмдлөгийн техник технологийн 1 дүгээр курсын оюутан, ам бүл 4, эцэг, эх, эгч нарын хамт Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 5 дугаар баг, Чандган гэх газар оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:СР97033113/,

3. Их мэргэд овогт Мөнхбатын Хонгор, 1992 оны 3 дугаар сарын 9-нд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 3 дугаар баг, Хэнтий гэх газар оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:СР92030932/,

4. Боржигон овогт Энхтуяагийн Ганчулуун, 1991 оны 9 дугаар сарын 25-нд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар баг, Төвийн гэх газар оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:СР91092515/,

 

Б.Мөнхнаст, М.Хонгор, Э.Ганчулуун, Г.Золбоот нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2016 оны 4 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Золжаргалыг өөрийн эзэмшлийн 64-87 УНД улсын дугаартай, Аванте ХД загварын автомашинтай таксинд явж байхад нь эд хөрөнгийг авах зорилгоор нарийн мяндсан уяагаар хоолойг нь боож, амь биед нь аюултай аргаар хүч хэрэглэн хар өнгийн савхин куртик, бэлэн 20.000 төгрөг, гар утас зэрэг эд зүйлийг дээрэмдэж 282.500 төгрөгийн,

Б.Мөнхнаст, М.Хонгор, Э.Ганчулуун, Г.Золбоот нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн давтан үйлдлээр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Х.Өлзийсайханыг өөрийн эзэмшлийн 52-64 УБХ улсын дугаартай, Тоёота Приус 20 загварын автомашинтай таксинд явж байхад нь эд зүйлийг нь нарийн мяндсан уяагаар хоолойг нь боож амь биед нь аюултай аргаар хүч хэрэглэн 30.000 төгрөг, Нокиа загварын гар утас зэрэг эд зүйлийг дээрэмдэж 60.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Б.Мөнхнаст, М.Хонгор, Э.Ганчулуун нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар, Г.Золбоотын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Золбоот, Б.Мөнхнаст, М.Хонгор, Э.Ганчулуун нар нь урьдчилж үгсэн тохиролцож бүлэглэн 2016 оны 4 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Золжаргалыг өөрийн эзэмшлийн 64-87 УНД улсын дугаартай, “АвантеХД” загварын автомашинтай таксинд явж байхад нь эд хөрөнгийг авах зорилгоор нарийн мяндсан уяагаар хоолойг нь боож амь биед аюултай аргаар хүч хэрэглэн хар өнгийн савхин куртик, бэлэн 20.000 төгрөг, гар утас зэрэг эд зүйлийг дээрэмдэж 282.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт, Г.Золбоот, Б.Мөнхнаст, М.Хонгор, Э.Ганчулуун нар нь давтан үйлдлээр, урьдчилж үгсэн тохиролцож бүлэглэн Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Х.Өлзийсайханыг өөрийн эзэмшлийн 52-64 УБХ улсын дугаартай, “Тоёота приус 20” загварын автомашинтай таксинд явж байхад нь эд зүйлийг нь нарийн мяндсан уяагаар хоолойг нь боож амь биед аюултай аргаар хүч хэрэглэн 30.000 төгрөг, “Нокиа” загварын гар утас зэрэг эд зүйлийг дээрэмдэж 60.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ. Гэтэл уг 2 хэргийг үйлдсэний дараахан Б.Мөнхнаст, М.Хонгор, Э.Ганчулуун нар нь “Тоёота приус 20” загварын автомашинд гар өргөж суун Монелийн гудамж руу явж байхдаа жолоочийн хоолойг 100-ын уяагаар боон халааснаас нь 1.700 төгрөг авсан гэх яллагдагч Б.Мөнхнаст, М.Хонгор нарын мэдүүлгийн дагуу шалган тогтоогоогүй байна гэсэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 195 дугаар захирамжийн тодорхойлох хэсгийн 1 дэх заалтыг биелүүлээгүй байна. Дээрх үйлдлийн талаар яллах дүгнэлтэд огт тусгалгүй хэргийг шүүхэд дахин ирүүлсэн байх ба тухайн мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзэж Г.Золбоот, Б.Мөнхнаст, М.Хонгор, Э.Ганчулуун нарт холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Баянзүрх дүүргийн Прокурорын газарт буцааж, Г.Золбоот, Б.Мөнхнаст, М.Хонгор, Э.Ганчулуун нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хавтаст хэрэг прокурорт хүргэгдэн очтол тус тус хэвээр үргэлжлүүлэхээр  шийдвэрлэжээ.

Прокурор Ш.Алтанцэцэг бичсэн эсэргүүцэлдээ: “...2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 195 дугаар шүүгчийн захирамжид заасны дагуу “Монелийн гудамж руу явж байхдаа жолоочийн хоолойг боож халааснаас нь 1.700 төгрөг авсан” гэх мэдүүлгийн дагуу тус дүүргийн Цагдаагийн хэлтсүүд болон Нийслэлийн Цагдаагийн газрын Шуурхай удирдлагын төвд энэ тухай гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл ирсэн эсэхийг шалгуулсан боловч дээрэмдүүлсэн талаар гаргасан гомдол, мэдээлэл гаргаагүй болох нь тухайн байгууллагуудаас ирсэн албан бичиг, камерийн бичлэг байгаа эсэхийг шалгасан баримт бичгүүдээр тогтоогдож байгаа болно. Мөрдөн байцаалтаар хийж болох бүхий л ажиллагааг хийхэд дээрэмдүүлсэн гэх хохирогч тогтоогдоогүй ба энэ үйлдэлд нь яллагдагч нарт ял сонсгож, яллагдагчаар татаагүй учир яллах дүгнэлтэд дурдаагүй болно. Прокурорын яллах дүгнэлт нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлд зааснаар тэмдэглэх, тогтоох хэсэг, хавсралтаас бүрдэх ба тэмдэглэх хэсэгт яллагдагчийн овог, эцгийн нэр, нэр, түүний үйлдсэн хэргийн товч агуулга, арга, сэдэлт, санаа, зорилго, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай зарим нотлох баримт зэргийг дурдана. Тогтоох хэсэгт яллагдагчийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн ямар зүйл, хэсэгт тохирох, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай санал, шүүхийн харъяалал, яллах дүгнэлт үйлдсэн прокурорын нэр, албан тушаал, зэрэг дэв, үйлдсэн он, cap, өдрийг бичнэ гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ хуулийн энэ заалтыг хангаж бичсэн бөгөөд яллах дүгнэлтэд яллагдагчийн хувьд мөрдөн байцаалтаар шалгагдаж тогтоогдоогүй хэргийн талаар бичих боломжгүй юм. Анхан шатны шүүх нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэх, түүнчлэн Эрүүгийн хууль болон энэ хуулийг тайлбарлахад эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасан шүүх нь хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн яллах ба цагаатгах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх ба хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүрэгтэй гэсэн зарчмыг тус тус зөрчиж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлд зааснаар шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана, шүүх сонсгосон ялыг хөнгөрүүлэх эрхтэй гэж заасан атал хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхгүйгээр дахин нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан нь үндэслэлгүй болжээ. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлж өгнө үү...” гэжээ.

Прокурор П.Нархажид тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурор Ш.Алтанцэцэгийн эсэргүүцлийг дэмжиж байна. 2 дугаар хавтаст хэргийн 15-22 дугаар хуудаст 2016 оны 4 дүгээр сарын 18-19-нд шилжих шөнө Баянзүрх дүүрэгт дээрмийн гэмт хэрэг гарсан эсэх, приус 20 загварын машины жолооч бусдад дээрэмдүүлсэн гэмт хэргийн талаар мэдээлэл дуудлага ирсэн эсэх талаар бүхий л холбогдох цагдаагийн хэлтсүүдэд албан тоот явуулж хариу лавлагаа авсан баримт авагдсан. Замын хөдөлгөөний хяналтын камерын бичлэг 26 хоног хадгалагддаг. Тийм учир энэ хэргийн талаар хадгалагдсан бичлэг байхгүй гэсэн хариу ирсэн. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт зааснаар яллагдагч өөрөө үйлдсэн хэргийн талаар мэдүүлж байгаа нь бусад нотлох баримтаар давхар нотлогдож байвал нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэх нотлогоо болно гэсэн заалт байгаа. Хэдийгээр яллагдагч ийм хэрэг үйлдсэн гэж мэдүүлж байгаа боловч яллагдагчийн мэдүүлэг нотлох баримтаар тооцогдохгүй. Нотлох баримтыг цуглуулах бэхжүүлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж үзэж байна. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт буцаах үндэслэлтэй...” гэв.

Яллагдагч Г.Золбоотын өмгөөлөгч К.Бауиржан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан. Б.Мөнхнаст, М.Хонгор, Э.Ганчулуун нарын тусдаа бие даасан үйлдэл байгаа тул үүнийг зайлшгүй шалгах хэрэгтэй гэж шүүгч үзсэн байна. Гагцхүү энэ гурван яллагдагч нарын мэдүүлгээр Г.Золбоотыг буруутгаж байгаа. Өөр Г.Золбоотыг буруутгаж байгаа үндэслэл байхгүй. Тийм учир өмгөөлөгч миний зүгээс мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд аль алинд нь хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэсэн гомдлыг гаргасан. Иймд хэргийг мөрдөн байцаалтад буцааж, Г.Золбоотыг оролцсон гэж байгаа бол түүний унаж явсан машины явсан маршрутыг шалгах хэрэгтэй. Замын хөдөлгөөний камерын бичлэг хангалттай байгаа. Бүх зам камертай болсон. Г.Золбоотыг гэмт хэрэг үйлдэгдсэн газруудаар явсан эсэхийг шалгаж өгнө үү гэсэн хүсэлтийг би удаа дараа тавьсан. Гэвч энэ ажиллагааг хийж өгөхгүй байсан бөгөөд сүүлд шалгах боломжгүй болсон, камерын бичлэг устсан гэсэн. Б.Мөнхнаст, М.Хонгор, Э.Ганчулуун нарын үйлдлийг тусад нь шалгаж, 1.700 төгрөгтэй холбоотой асуудлыг шалгаж тогтоовол хэрэгт ихээхэн ач холбогдолтой юм. Иймд шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт заасныг журамлахад гэмт хэрэгт өөрөө биечлэн оролцсон, тухайн гэмт хэргийг гардан зохион байгуулж, удирдсан байхыг шаарддаг. Гэтэл Г.Золбоотын хувьд энэ гэмт хэргийг удирдсан, зохион байгуулсан зүйл огт байхгүй. Эдгээр гурван яллагдагч нар сүүлд үгээ нийлүүлж “Г.Золбоот таксиг ингэж дээрэмддэг юм. Жолоочийг хойноос нь боодог юм. Урд хайрцаг, голын хайрцагийг сайн үзээрэй гэж хэлж өгсөн” гэж гурвуулаа үг үсэггүй яг адилхан мэдүүлсэн. Үүнийг үндэслэн Г.Золбоотын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт заасныг журамласан. Зөвхөн яллагдагч нарын мэдүүлгээр энэ хэрэгт Г.Золбоотыг холбогдуулж байна...” гэв.

Яллагдагч Б.Мөнхнастын өмгөөлөгч Д.Жаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гарсан гэж үзэж хүлээн зөвшөөрч байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд гэмт хэргийн оролцогч хэргийг хэрхэн үйлдсэн болох, тухайн хэрэгт үйлдэл оролцоо болон бусад байдлыг тодруулах ёстой гэж заасан. Тогтоогдвол зохих шүүгчийн захирамжийн 3 дахь заалтад дурдагдсан үйлдлийг шалгаж тогтоох ажиллагааг гүйцэт биш хийсэн. Энэ үйлдлийг хэрэв шалгаад, тогтоох боломжгүй гэж үзсэн бол байцаан шийтгэх ажиллагаа явуулж үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгох тогтоол үйлдэх ёстой. Мөн эрэн сурвалжлах ажиллагааг хангалтгүй хийсэн. Хэрэв Б.Мөнхнаст ял шийтгүүлсний дараа дахин энэ гэмт хэргийн талаар яригдаж ял шийтгэгдэх болвол Б.Мөнхнастын эрх зүйн байдал дордох тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

Яллагдагч М.Хонгорын өмгөөлөгч Т.Баярбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Өөрөөр хэлбэл яллагдагч М.Хонгор, Э.Ганчулуун, Б.Мөнхнаст нарын мэдүүлгээр шүүгч энэ хэрэг үйлдэгдсэн байна гэж үзэн шалгаж тогтоолгохоор хэргийг мөрдөн байцаалтад буцааж байгаа нь прокурорын эсэргүүцэлд бичсэн үндэслэлүүдээр үгүйсгэгдэж байна. Яллагдагч нарын гэм бурууг хүндрүүлэх үндэслэлээр хэргийг мөрдөн байцаалтад буцааж байгаа нь үндэслэлгүй. Иймд прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй. Энэ үйлдэлд нь л мөрдөн байцаагч яллагдагчаар татаж ажиллагаа явуулаагүй байгаа тул үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгох тогтоол үйлдэх шаардлагагүй гэж үзэж байна...” гэв.

            Яллагдагч Э.Ганчулууны өмгөөлөгч Н.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Э.Ганчулууны С.Золжаргал, Х.Өлзийсайханыг дээрэмдсэн үйлдэл нь тогтоогдсон. Өөрөө хэргээ хүлээсэн. Хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж байгаа тул маргах зүйлгүй. Хэргээс харахад Э.Ганчулуун, М.Хонгор, Б.Мөнхнаст нарыг Приус 20 загварын автомашины жолоочийг дээрэмдсэн гэх үйлдлийн дагуу нэг ч байцаалт аваагүй.Хохирогчийг олох талаар хэрэгт авагдсан албан тоотуудаас өөр ямар ч ажиллагаа хийгээгүй, гэрч нарыг байцаагаагүй, холбогдогч нараас энэ талаар асууж тодруулаагүй, нотолж мухарлаагүй тул энэ асуудлыг өмнөх үйлдлүүдтэй нь нэг мөсөн шалгаж, шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй. Иймд шүүгчийн захирамжийг дэмжиж байна...” гэв.

                                                        ХЯНАВАЛ:

            Г.Золбоот, Б.Мөнхнаст, М.Хонгор, Э.Ганчулуун нарт холбогдох хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 430 дугаар захирамж нь үндэслэлтэй байна.

            Прокурорын яллах дүгнэлтэд дурдсан үйлдлүүдээс гадна Б.Мөнхнаст, М.Хонгор, Э.Ганчулуун нар нь “Тоёота приус-20” загварын автомашинд гар өргөж суун Монелийн гудамж руу явж байхдаа жолоочийн хоолойг “100”-ын уяагаар боон халааснаас нь 1.700 төгрөг авсан байж болох нөхцөл байдлыг шалгаж, зохих журмаар шийдвэрлэх шаардлагатай ба энэ талаар дурдсан мөн шүүхийн шүүгчийн 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 195 дугаар захирамжийн заалтыг биелүүлээгүй, хэрхэн шалгаж шийдвэрлэсэн нь тодорхойгүйгээр хэргийг дахин шүүхэд ирүүлсэн нь буруу болжээ.

            Түүнчлэн яллагдагч Г.Золбоотыг “хамжигч” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт зааснаар ял өөрчлөн сонсгосон /1-р хх-ийн 234/ атлаа прокурорын яллах дүгнэлтэд “зохион байгуулагч” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт заасныг журамласан /2-р хх-ийн 34-37/ нь ойлгомжгүй болсноос гадна яллах дүгнэлтэд яллагдагч нарыг урьдчилан үгсэн тохиролцсон гэж дүгнэсэн атлаа тэдэнд ял сонсгож, яллагдагчаар татах тогтоол үйлдэхдээ /1-р хх-ийн 127, 133, 141, 147/ урьдчилан үгсэн тохиролцсон хүндрүүлэх шинжээр ял сонсгоогүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчиж байх тул мөрдөн байцаалтын ажиллагаагаар зөвтгөх нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж болон энэ магадлалд заасан ажиллагааг гүйцэтгүүлэхээр прокурор Ш.Алтанцэцэгийн 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 6/37 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцүүлэхгүйгээр шүүгчийн захирамж гаргасан байхад улсын яллагчийн эсэргүүцэл гаргасан нь буруу болохыг тэмдэглэж байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 430 дугаар захирамжийг хэвээр үлдээж, прокурор Ш.Алтанцэцэгийн бичсэн 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 6/37 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Энэ магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ЗОРИГ

 

                                    ШҮҮГЧИД                                                       Ц.ОЧ

 

                                                                                                   О.ЧУЛУУНЦЭЦЭГ