Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 111

 

 

 

 

 

 

 

 

 

 

   2016       12          16                                              111

 

Б.Одсүрэнд холбогдох эрүүгийн

хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж, шүүгч О.Баатарсүх, Л.Наранбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд хийв.

Шүүх хуралдаанд оролцсон:

            Нарийн бичгийн дарга                   Г.Эрдэнэбат

            Прокурор                                          Б.Ичинхорол

                                    Яллагдагчийн өмгөөлөгч              М.Энхтуяа, Д.Ганхуяг

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Долгормаагийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаасан 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 384 дүгээр захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Ичинхоролын бичсэн эсэргүүцлээр Б.Одсүрэнд холбогдох эрүүгийн 201611000245 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Наранбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

            1974 онд Дорнод аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Мартын 4-16 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2006.08.09-ний өдрийн 48 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар 10 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2013.03.28-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 7 сар 21 хоногийн ялаас хугацааны өмнө тэнсэж, хянан харгалзсан, мөн Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015.07.28-ны өдрийн 142 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 2 сар баривчлах ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай Хатгин овогт Бэхжавын Одсүрэн /РД-ЖЮ74060716/. 

Б.Одсүрэн нь согтуугаар хүнийг алах гэмт хэрэгт шийтгүүлж, ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр Дорнод аймгийн Матад сумын 4 дүгээр багийн нутаг "Зүүн тосон" гэх газарт 2016 оны 06 дугаар сарын 07-ны орой Н.Түвшинжаргалыг өс хонзонгийн сэдэлтээр, биеэ хамгаалж чадахгүй байгааг нь мэдсээр байж, онц харгис хэрцгий аргаар олон тооны гэмтэл шарх учруулан зодож амь биед нь аюултай хүнд гэмтэл учруулан санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 384 дүгээр захирамжаар: Б.Одсүрэнд холбогдох эрүүгийн 201611000245 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Дорнод аймгийн Прокурорын газарт буцааж, хэргийг Дорнод аймгийн Прокурорын газарт очтол яллагдагч Б.Одсүрэнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD 1 ширхэгийг, баримт бичгээр хураагдаж ирсэн ЖЮ74060716 регистрийн дугаартай үнэмлэхийн лавлагааны хамт Аймгийн прокурорын газарт хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Б.Ичинхорол эсэргүүцэлдээ: Хэрэгт цугларсан нотлох баримтаар талийгаач Н.Түвшинжаргал нь хэрэг болохын өмнө гэмтэл шархгүй байсан болох нь тогтоогдсон бөгөөд Б.Одсүрэнгийн үйлдлийн улмаас Н.Түвшинжаргал нь олон тооны гэмтэл шарх авч, амь хохирсон болох нь тогтоогдсон байтал шүүх зулгаралт, зүсэлт, гэмтэл яллагдагчийн үйлдлийн хоорондох шалтгаант холбоог нарийвчлан тогтоо гэсэн нь ойлгомжгүй байна. Б.Одсүрэн нь талийгаачийг өс хонзонгийн сэдэлтээр санаатайгаар зодож, олон тооны гэмтэл шарх учруулан амь насыг хохироосон болох нь гэрч Ч.Нямаа, Ч.Болд, Г.Цолмонгийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон атал шүүх гэмт хэрэг үйлдэх болсон санаа зорилго, сэдэлт, гэм буруугийн хэлбэр, шалтгаан зэргийг нотолж чадаагүй гэсэн нь үндэслэлгүй байна. Мөн яллагдагчийн хувийн байдал нь түүнд шүүхээс ял оногдуулахад харгалзан үзэх нөхцөл болохоос хохирогчийн сурч, хөдөлмөрлөж байсан эсэх нь энэ хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй, хамааралгүй зүйл юм. Хохирогчийн төлөөлөгч Д.Хоролсүрэн, гэрч Х.Туул нарт өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг, тэдний байдлыг хүндрүүлж мэдүүлэг өгөхгүй байх эрхтэйг тайлбарлан өгч, гарын үсэг зуруулан мэдүүлэг авсан. Иймд тэдний эрхийг хангаагүй гэж үзэх нь үндэсгүй. Б.Одсүрэнг 2016.06.11-ний өдрөөс хойшлуулшгүйгээр сэжигтнээр баривчлан, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг прокуророос шүүхэд гаргаж, шүүхээс өнөөдрийг хүртэл хугацаанд цагдан хорих арга хэмжээг үргэлжлүүлэн авсан. Тиймээс захирамж авагдаагүй нь түүний цагдан хорих хугацааг тоолох болон хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй, шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжтой. Иймд захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүхээр хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шүүгчийн захирамж үндэслэлгүй тул хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Б.Одсүрэнд холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.1.3-т зааснаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамж үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Тухайлбал сэжигтнийг баривчлах эсэх болон сэжигтнээр цагдан хорих асуудлыг шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг хэргийн материалд  хавсаргаагүй явдал нь хэргийн оролцогчийн эрхийг хасах буюу хязгаарлах замаар шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйц байна.

Үүнд:

1. Яллагдагч Б.Одсүрэнгийн гэм буруу нь шүүхээр нотлогдсон тохиолдолд анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3-т зааснаар урьдчилан хоригдсон хугацааг тооцох ба ингэхдээ таслан сэргийлэх арга хэмжээний талаар гарсан шүүгчийн захирамжид үндэслэх нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1-д заасан шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагад нийцнэ.

2.  Таслан сэргийлэх арга хэмжээний талаар мөрдөн байцаагч, прокурор, шүүхээс гарсан шийдвэр хэрэгт авагдаагүй тул мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 212 дугаар зүйлийн 212.2 дахь хэсгийн шаардлагыг хангаж яллагдагч, хохирогч, өмгөөлөгчид хэргийн бүх материалыг танилцуулсан гэж үзэх боломжгүй юм. Энэ нь хэргийн материалтай танилцах хэргийн оролцогчийн эрхийг, тэр тусмаа Эрүүгийн байцаан  шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийг  36.3.1 дэх заалтаар хамгаалагдсан таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоолтой танилцах яллагдагчийн эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэл болжээ. 

Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Харин “хохирогчийн биед учирсан зулгаралт, зүсэгдсэн гэмтэл яллагдагчийн үйлдэлтэй холбоотой эсэхийг нарийвчлан тогтоох шаардлагатай ба гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив талыг нотолж чадаагүй” гэсэн үндэслэлийн тухайд хэрэгт цугларсан ба шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үнэлсний эцэст дээрх үйл баримтыг тогтоох боломжтой байна.

Түүнчлэн шүүх “хохирогчийн хувийн байдлыг яллагдагчтай ижил хэмжээнд бүрэн гүйцэд тогтоогоогүй гэх шалтгаанаар мөрдөн байцаалтын ажиллагааг нэг талыг барьсан” хэмээн  дүгнэж  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.1.2, 318 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн  байна.

Мөн хохирогчийн төлөөлөгч Д.Хоролсүрэн болон гэрч Х.Туул нар нь өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг гаргаагүй байхад мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 147 дугаар зүйлийн 147.4 дэх хэсгийг зөрчиж тэднээс мэдүүлэг авсан гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлийн 325.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 384 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Ичинхоролын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хэргийг шүүхэд очтол яллагдагч Б.Одсүрэнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Магадлалыг уншиж сонсгомогц нэн даруй заавал биелүүлэх ба магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                       А.ЭНХБААТАР

                        ШҮҮГЧИД                            О.БААТАРСҮХ

Л.НАРАНБАЯР