Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 112

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Ж.Отгонбаярт холбогдох эрүүгийн

хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч О.Баатарсүх, А.Энхбаатар нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд хийв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат

Прокурор Л.Мөнхбаяр

Яллагдагчийн өмгөөлөгч М.Энхтуяа нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Долгормаагийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаасан 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 377 дугаар захирамжийг эс зөвшөөрч прокурор Л.Мөнхбаярын бичсэн эсэргүүцлээр Ж.Отгонбаярт холбогдох эрүүгийн 201611000334 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Энхбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1984 онд Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Дорнод аймгийн авто тээврийн газарт гэрээт жолооч ажилтай, Дорнод аймгийн Баян-Уул сумын 4 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Хүгдүүд овогт Жигмэддоржийн Отгонбаяр /РД: ЖВ 84012616/.

Ж.Отгонбаяр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 08 сарын 05-наас 06-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баян-Уул сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэрийн хашаанд хувийн таарамжгүй харьцааны улмаас Б.Батхорлоотой маргалдаж улмаар түүний толгойн тус газар модоор цохиж санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 377 дугаар захирамжаар: Ж.Отгонбаярт холбогдох 201611000334 дугаартай эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Дорнод аймгийн Прокурорын газарт буцааж, хэргийг Дорнод аймгийн Прокурорын газарт очтол яллагдагч Ж.Отгонбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй ба баримт бичгээр хураагдаж ирсэн ЖВ84012616 регистрийн дугаартай үнэмлэхийг Аймгийн прокурорын газарт хүргүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Л.Мөнхбаяр эсэргүүцэлдээ: Ж.Отгонбаярт холбогдох хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.2-д заасан гэмт хэрэг гарсан байдал, уг гэмт хэргийг хэн үйлдсэн болох нь хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хураан авсан тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтэд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол болон бусад бичгийн нотлох баримтуудаар Б.Батхорлоо нь Ж.Отгонбаяртай бүжгийн талбай дээр маргалдаж улмаар талбайгаас урагш гарч маргалдаж зодолдсон нь тогтоогдсон. Б.Батхорлоогийн бие махбодид учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон ба эд мөрийн баримтаар хураагдсан модоор цохисон болох нь тогтоогдсон атал шүүх талийгаачийн биед учирсан гэмтэл, яллагдагчийн үйлдэл хоорондын шалтгаант холбоог нарийвчлан тогтоох шаардлагатай гэсэн нь үндэслэлгүй байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд яллагдагчийн эдлэх эрхэд өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, өөрийн гэм бурууг нотлох үүрэг хүлээхгүй гэж заасан бөгөөд гэрч О.Ганчулуун, Д.Уранчимэг, Н.Даваажав, Г.Бадамцэцэг нарын мэдүүлгүүд нь Ж.Отгонбаярын мэдүүлэгтэй зөрүүтэй байгааг арилгах шаардлагатай гэсэн нь үндэслэлгүй юм. Мөн Б.Батхорлоо, Ж.Отгонбаяр нарын хувийн байдал, хоорондын харилцаа, сурч хөдөлмөрлөж байсан талаарх баримтыг авч шалган тогтоосон. Иймд хэргийг шүүгдэгчийн хувьд шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор шийдвэрлэж болохуйц байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Эсэргүүцлээ дэмжиж байна гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Анхан шатны шүүх нотлох баримтыг шалгах, үнэлэх талаар Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журам, шаардлагыг ханган мөн хуулийн 246 дугаар зүйлийн 246.1-д зааснаар “...Шүүгдэгчийн хувьд түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хянан шийдвэрлэх боломжтой” байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж  шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1.2, 319 дүгээр зүйлийн 319.1.1, 322 дугаар зүйлийн 322.1, 325 дугаар зүйлийн 325.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн   2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 377 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Хэргийг шүүхэд очтол яллагдагч Ж.Отгонбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Магадлалыг уншиж сонсгомогц нэн даруй заавал биелүүлэх ба магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

                                                         

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.НАРАНБАЯР                        

                     ШҮҮГЧИД                                       О.БААТАРСҮХ

                                                                                    А.ЭНХБААТАР