Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 793

 

Ц.Баярбаатарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Мөнхтуул, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                       

            Прокурор Н.Алтантүлхүүр,                                         

            Шүүгдэгч Ц.Баярбаатар, түүний өмгөөлөгч Д.Энхтунгалаг, 

            Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

           

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 319 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Улсын яллагч Н.Энхтуяагийн бичсэн 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 27 дугаартай эсэргүүцлээр Ц.Баярбаатарт холбогдох эрүүгийн 2015 2503 1820 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Боржигон овгийн Цоодолын Баярбаатар, 1986 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Баянзууч проперти” ХХК-д борлуулагч ажилтай байсан, ам бүл 5, эх, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19 дүгээр гудамжны 1200 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ХМ86012875/,

 

Ц.Баярбаатар нь 2015 оны 10 дугаар сарын 1-нээс 11 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баянзууч” үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллагын нэрийг барьж нийт 5 удаагийн давтан үйлдлээр буюу,

2015 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 81 дүгээр байрны 11 тоот байрыг түрээслэсэн барьцаа мөнгө гэж хохирогч Д.Даваанямаас 600.000 төгрөг,

2015 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 13а байрны 100 тоот байрыг түрээслэсэн үйлчилгээ болон түрээсийн мөнгө гэж хохирогч М.Оюунчимэгээс 1.500.000 төгрөг,

2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Эдэм буург” хотхоны 101 дүгээр байрны 49 тоот байрыг түрээслэн амьдарна гэж хохирогч Л.Чинзоригоос 1.200.000 төгрөг,

2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар байрны 05 тоот байрыг түрээслэсэн барьцаа мөнгө гэж хохирогч Ц.Мандахбаяраас 350.000 төгрөг,

2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол, 41 дүгээр байрны 28 тоот байрыг түрээслэнэ гэж хохирогч Д.Пүрэвсанжаагаас 100.000 төгрөгийг тус тус түрээсийн мөнгө, барьцаа, зуучлалын хөлс нэрээр хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхлэж авч, нийт 3.750.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

Мөн бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2016 оны 3 дугаар сарын 1-нээс 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд прокурорын хяналтаас оргож, мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Ц.Баярбаатарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос Ц.Баярбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг нотлоогүй, мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн, дутуу хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ. Үүнд:

2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 450 дугаартай магадлалд:

Шүүгдэгч Ц.Баярбаатарын үйлдлийн улмаас энэ хэрэгт Л.Чинзориг нь хохирогчоор тогтоогдох үндэслэлтэй эсэх, Л.Чинзориг нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд дүгнэлт өгөөгүй, энэ талаар хэн алинаас асууж тодруулахгүй хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу болжээ. Иймээс хохирогчийг зөв тогтоосны эцэст хэргийг хянан шийдвэрлэсэн нь зүйтэй гэж үзэв гэжээ.

Л.Чинзоригийн түрээслэсэн гэх Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 101 дүгээр байрны 49 тоот байрыг шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс энэ байрны өмчлөгч нь Я.Хишигбат гэж хүн байдаг, гэтэл гэрээгээ Я.Ганбаатар нь хийсэн байдаг гэж мэтгэлцжээ.

Мөрдөн байцаалтын шатанд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 450 дугаар шүүхийн магадлалд заагдсан ажиллагаа буюу, хохирогчийг зөв тогтоож, хэн, хэдэн төгрөгөөр яаж хохирсон эсэх, хавтаст хэргийн 33 дугаар талд байгаа түрээсийн гэрээг нэг талаас Я.Ганбаатар, нөгөө талаас Ц.Баярбаатар нар байгуулснаас үзэхэд Л.Чинзориг нь түрээслэж буй орон сууцтай ямар холбоотой болохыг, Л.Чинзориг байрны өмчлөгч гэх Я.Хишигбатын өмнөөс гэрээ байгуулах эрхтэй эсэхийг хавтаст хэрэгт нотлож чадаагүй байна.

Иймд дээрх ажиллагаануудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан бүхий л арга хэрэгслийг ашиглан нөхөн гүйцэтгэсний эцэст хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байх тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж шийдвэрлэжээ.

 

Улсын яллагч Н.Энхтуяа бичсэн эсэргүүцэлдээ: “...Нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 319 тоот шүүхийн шүүгчийн захирамж нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, хууль ёсны болон үндэслэл бүхий болж чадаагүй байна. Учир нь Ц.Баярбаатарт холбогдох хэргийг урьд өмнө буюу 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд 500 тоот шийтгэх тогтоолоор Ц.Баярбаатарыг 5 удаагийн давтан үйлдлээр бусдыг залилан мэхлэж бага бус хэмжээний хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй боловч хохирогч Л.Чинзоригийг залилан мэхлэж 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэл нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжгүй, иргэд хоорондын гэрээний үндсэн дээр үүссэн харилцаа байна гэж шүүхээс дүгнэж холбогдох үйлдлийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Учир нь хавтаст хэргийн 33 дахь талд байгаа “Түрээсийн гэрээ”-г нэг талаас Ядамжавын Ганбаатар, нөгөө талаас Цоодолын Баярбаатар нар байгуулснаас үзэхэд Л.Чинзориг нь түрээслэж буй орон сууцтай ямар хамааралтай болохыг хавтаст хэрэгт нотолж чадаагүй, Ц.Баярбаатар нь түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй түрээсийн төлбөрийг төлөлгүй хаяж явсан үйлдэл нь хохирогч Л.Чинзоригт учирсан шууд хохирол гэж үзэх боломжгүй байх тул Л.Чинзоригийг залилан мэхлэж хохирол учруулсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, Л.Чинзориг нь өөрт учирсан хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос Ц.Баярбаатарыг иргэн Л.Чинзоригийг залилан мэхлэж 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Мөн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 450 тоот магадлалаар,

Анхан шатны шүүх Ц.Баярбаатарт холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ Ц.Баярбаатарын иргэн Л.Чинзоригийг залилан мэхлэж 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн   24.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудад дүгнэлт хийлгүй шийдвэрлэсэн байна.

Учир нь анхан шатны шүүх “...хавтаст хэргийн 33 дахь талд байгаа түрээсийн гэрээг нэг талаас Ядамжавын Ганбаатар, нөгөө талаас Цоодолын Баярбаатар нар байгуулснаас үзэхэд Л.Чинзориг нь түрээсэлж буй орон сууцтай ямар хамааралтай болохыг хавтаст хэрэгт нотлож чадаагүй, Ц.Баярбаатар нь түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, түрээсийн төлбөрийг төлөлгүй хаяж явсан үйлдэл нь хохирогч Л.Чинзоригт учирсан шууд хохирол гэж үзэх боломжгүй байх тул Л.Чинзоригийг залилан мэхлэж хохирол учруулсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, Л.Чинзориг нь өөрт учирсан хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв...” гэсэн үндэслэлүүдийг дурдаж, прокурорын яллах дүгнэлтэд дурдагдсан яллах талын нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтуудыг /хх 31-32, 35-36/ үгүйсгэж, няцаасан дүгнэлт хийхгүй хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Ц.Баярбаатарын үйлдлийн улмаас энэ хэрэгт Л.Чинзориг нь хохирогчоор тогтоогдох үндэслэлтэй эсэх, Л.Чинзориг нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлд заасан /гэмт хэргийн улмаас нэр төр, алдар хүнд, санаа сэтгэл, бие эрхтэн, эд хөрөнгийн талаар хохирол хүлээсэн/ шаардлагыг хангаж байгаа эсэхэд дүгнэлт өгөөгүй, энэ талаар хэн алинаас асууж тодруулахгүй хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу болжээ. Иймээс хохирогчийг зөв тогтоосны эцэст хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан.

Гэтэл анхан шатны шүүх дээрх хэргийг дахин хянан хэлэлцээд хохирогч Л.Чинзориг нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлд заасан  /гэмт хэргийн улмаас нэр төр алдар хүнд, санаа сэтгэл, бие эрхтэн, эд хөрөнгийн талаар хохирол хүлээсэн/ шаардлагыг хангаж хохирогчоор тогтоосон нь үндэслэлтэй эсэхийг дахин тодруулж шалгуулахаар мөрдөн байцаалтын шатанд буцаажээ.

Мөрдөн байцаалтын шатанд болон өмнөх анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Чинзориг нь “... “Баянзууч” үл хөдлөх хөрөнгө зуучлалын компаниар дамжуулан өөрийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Ээдэмбуург хотхоны 201 дүгээр байрны, 49 тоот, 43.5 метр квадрат бүхий 2 өрөө орон сууцыг 600.000 төгрөгөөр түрээслүүлсэн юм. 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс гэрээ байгуулан үл хөдлөх хөрөнгө зуучлалын компанид ажилладаг Цоодолын Баярбаатар гэх залуу түрээслэн амьдрахаар болсон. Тэгээд 8 сараар гэрээ хийсэн.

Мөн түрээсийн гэрээ хийхдээ тухайн үед надад бичиг баримт байгаагүй болохоор өөрийн эхнэр Я.Хишигтогтох төрөх дөхсөн байсан болохоор эхнэрийн дүү Я.Ганбаатарын нэрээр түрээсийн гэрээ байгуулсан, уг байр нь манай эхнэрийн нэр дээр байдаг. Бид хамтран амьдраад 5 жил болж байгаа талаар удаа дараа тогтвортой мэдүүлдэг тул Л.Чинзоригийг залилан мэхлэх гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн талаар хохирол хүлээсэн гэж үзэн хохирогчоор тогтоосон болохоор үүнийг дахин мөрдөн байцаалтын шатанд тодруулан шалгах шаардлагагүй.

Хэрвээ Шүүх Ц.Баярбаатарын үйлдлийг залилан мэхлэх гэмт хэргийн бүрэлдхүүнгүй буюу түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй түрээсийн төлбөрийг төлөлгүй хаяж явсан үйлдлийг хэрэгсэхгүй болгож, Л.Чинзориг нь өөрт учирсан хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх бүрэн боломжтой байхад анхан шатны шүүх хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн дүгнэлтийг хийж чадаагүй байна.

Иймд Ц.Баярбаатарын үйлдэл нь хавтаст хэрэгт цугларсан бичгийн болон бусад нотлох баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхээр хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 319 тоот шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, Ц.Баярбаатарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн...” гэжээ.

 

            Прокурор Н.Алтантүлхүүр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурор Н.Энхтуяагийн бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлгүй тул хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдааны шатнаас хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэв.

           

             Шүүгдэгч Ц.Баярбаатарын өмгөөлөгч Д.Энхтунгалаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

            Шүүгдэгч Ц.Баярбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбар байхгүй, шүүгчийн захирамжийг дэмжиж байна...” гэв.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Ц.Баярбаатарт холбогдох хэргийг 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцээд шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд хэргийг буцааж шийдвэрлэжээ.

 

Харин анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт, бүрэн гүйцэд бодит байдлаар хянан үзэж, хууль зүйн дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байхад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсэгт заасан заалтыг зөрчиж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Энэ талаар бичсэн улсын яллагчийн бичсэн эсэргүүцэл үндэслэлтэй байх тул хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгох үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 

Иймд Ц.Баярбаатарт холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр тухайн дүүргийн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хуулийн 64 дүгээр зүйлд заасан шаардлага хангаагүй итгэмжлэл хэрэгт авагдсан /хх 2-33 ар/, мөн шүүгчийн захирамжид “Я.Хишигтогтохыг” “Я.Хишигбат” гэж буруу бичсэн байгааг анхаарвал зохино.

           

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 319 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Ц.Баярбаатарт холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

            2. Хэргийг шүүхэд очтол Ц.Баярбаатарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

           3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргахгүй, эсэргүүцэл бичихгүй болохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Л.ДАВААСҮРЭН

 

                        ШҮҮГЧИД                                            Д.МӨНХТУУЛ

 

                                                                          Ж.ЭРДЭНЭЧИМЭГ