Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 794

 

Г.Эрхбаярт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Мөнхтуул, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                       

          Прокурор Б.Соёлмаа,

          Ялтан Г.Эрхбаяр /цахимаар/, түүний өмгөөлөгч Э.Шинэзориг,

          Хохирогч /иргэний нэхэмжлэгч/ Ц.Дунжид,

          Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 100 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Г.Эрхбаярын өмгөөлөгч Э.Шинэзоригийн гаргасан давж заалдах гомдлоор 2016 2603 0588 дугаартай Г.Эрхбаярт холбогдох эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Амар овгийн Ганзоригийн Эрхбаяр, 1990 оны 12 дугаар сарын 10-нд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн хэв журмын офицероор ажиллаж байхдаа аж ахуйн няравын ажил үүргийг түр орлон гүйцэтгэж байсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 4 дүгээр гудамж, 121б тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:УЗ90121099/,

 

Г.Эрхбаяр нь Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст няравын ажил үүргийг түр орлон гүйцэтгэж байх хугацаандаа тус хэлтсийн эрүүгийн хэргийн архивын өрөөнд хадгалагдаж байсан эрүүгийн 2014250001760 дугаартай хэргийн барьцаа болгож хураан авсан мөнгөнөөс 2016 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр 8.800.000 төгрөгийг, 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр уг хэргийн эд хөрөнгө барьцаалах таслан сэргийлэх арга хэмжээ авсан 2.000.000 төгрөгийг, 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр эд мөрийн баримтаар хураан авсан 870.000 төгрөгийг тус тус шунахай сэдэлтээр хувьдаа авч, завшин, нийт 11.670.000 төгрөгийн буюу, үлэмж  хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Г.Эрхбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Эрхбаярыг байгууллагын өмчийг итгэмжлэгдэн хариуцаж байхдаа завшиж, бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар Г.Эрхбаярыг тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр, 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Г.Эрхбаярт оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Г.Эрхбаяраас 1.360.000 төгрөгийг гаргуулж Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст олгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сейфны түлхүүр 1 ширхэг, лацны баримал 1 ширхэг, шар цоож 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, СД 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, Г.Эрхбаярт авсан батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, 2016 оны 11 дүгээр сарын 8-ны өдрөөс эдлэх ялыг тоолж, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Ялтан Г.Эрхбаярын өмгөөлөгч Э.Шинэзориг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байгаа бөгөөд анхан шатны шүүхийн тогтоолд дурдсан дүгнэлт болон шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шийтгэгдсэн этгээдийн хувийн байдалд тохироогүй гэж үзэж байна.

Учир нь шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 54 дүгээр зүйлд заасны дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд чанд нийцүүлж, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, уруулсан хор уршгийн шинж чанар, хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Гэтэл шүүх шийтгэх тогтоолд дурдсан дүгнэлтдээ “...Г.Эрхбаярын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулаагүй байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэж, мөн Г.Эрхбаярт ял оногдуулахад хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн. Ялтан Г.Эрхбаяр нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд бусдад учруулсан 11.670.000 төгрөгийн хохирлоос 10.310.000 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хохирогчид үлдэгдэл 1.360.000 төгрөгийн хохирлыг төлж, хохирлыг бүрэн барагдуулсан болно.

Ялтан Г.Эрхбаяр нь 26 настай, амьдралын гараагаа эхэлж байгаа залуу хүн бөгөөд тэрээр эхнэр, бага насны хүүхдийн хамт амьдардаг. Эрх зүйч мэргэжилтэй. 2009-2013 онд ХСИС-ийн Цагдаагийн сургуулийг “Цагдаагийн ажил-Эрх зүй” мэргэжлээр төгсөж улмаар Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст хэв журмын офицероор цагдаагийн дэслэгч цолтойгоор томилогдон тус байгууллагад 3 жилийн хугацаанд үр бүтээлтэй, цагдаагийн ахлах дэслэгч цолтойгоор ажиллаж байсан.

Ялтан Г.Эрхбаяр нь тус байгууллагад эд аж ахуйн няравын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байхдаа бусдад 11.670.000 төгрөгний буюу үлэмж хэмжээний хохирол учруулж гэмт үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь  хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдож тэрээр мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн гэмт хэргийнхээ хор холбогдлыг ойлгон, буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн байдаг. Энэ нь түүнийг үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаагаа илэрхийлсэн явдал гэж үзэж байна. Түүний үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд тэрээр өмнө нь ял шийтгэгдэж байгаагүй ба энэ нь хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогддог. Г.Эрхбаярт 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ, мөн 2016 оны 5 дугаар сарын 6-ны өдрөөс албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх арга хэмжээ авагдсан бөгөөд энэ хугацаанд тэрээр төлөв томоотой байж, мөрдөн байцаалт прокурор, шүүхийн дуудсан цагт очиж аливаа зөрчил дутагдал гаргаагүй нь түүний аливаад хандах хандлага, ажил амьдралын дадлага туршлага, зан төлөв зэрэг хувийн байдалтай салшгүй холбоотой гэж үзэж байна.

Түүнчлэн хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг болон ажил байдлын тодорхойлолтоос түүний хувийн байдлыг харахад “...Г.Эрхбаяр нь төлөв даруу зантай, үнэнч шударга, архи тамхи хэрэглэдэггүй...” мөн Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн хэв журам хамгаалах тасгийн дарга, дэд хурандаа Б.Батсүхийн алба хаагч Г.Эрхбаярын талаарх ажил байдлын тодорхойлолтод “...дэслэгч Г.Эрхбаяр нь албаны болон хувийн зохион байгуулалт сайтай, хамт олныхоо дунд нэр хүндтэй, төлөв даруу зантай, сахилга, ёс зүйн ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй, санаачлагатай ажилласаг албан хаагч...”, “...хамт олондоо нэр хүндтэй, идэвхи санаачлагатай аливаа ажилд хариуцлагатай ханддаг албан хаагч...” тул мөрдөн байцаагчийн албан тушаалд томилуулах саналтай байгаа талаар тодорхойлж байсан байна. Мөн тус цагдаагийн хэлтсийн хэв журам хамгаалах тасгийн дарга, дэд хурандаа Г.Ганхуягийн алба хаагч Г.Эрхбаярын талаарх ажил байдлын тодорхойлолтод “...Г.Эрхбаяр нь хамт олныхоо дунд нэр хүндтэй, төлөв даруу зантай, ёс зүйн зөрчил дутагдал гаргаж байгаагүй, соён гэгээрүүлэх ажилд идэвхитэй оролцдог алба хаагч...” гэж тус тус тодорхойлсноос гадна ялтан Г.Эрхбаяр нь ХСИС-д суралцаж байх хугацаандаа бусдыгаа сурлагын амжилт, урлаг, спортоор манлайлан хошуучилж 2012 онд МОХ-ны “Эрдмийн од” алтан медаль, 2013 онд Цэргийн алдар тэмдгээр, ХСИС-ийн авъяас алтан медалиар тус тус шагнагдаж байсан байна.

Дээрх нөхцөл байдлууд нь Г.Эрхбаярын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, түүнчлэн үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9 дэх хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах бөгөөд анхан шатны шүүх дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг ял оногдуулахдаа харгалзан үзээгүй юм.

Иймд дээрх нөхцөл байдлууд болон бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан зэргийг нь харгалзаж үзэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Г.Эрхбаярт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэснийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасны дагуу ял шийтгэлийн асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэж байна...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж хэргийг бүхэлд нь хянав.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангажээ.

 

Г.Эрхбаяр нь Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст няравын ажил үүргийг түр орлон гүйцэтгэж байх хугацаандаа тус хэлтсийн эрүүгийн хэргийн архивын өрөөнд хадгалагдаж байсан эрүүгийн 2014250001760 дугаартай хэргийн барьцаа болгож хураан авсан мөнгөнөөс 2016 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр 8.800.000 төгрөгийг, 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр уг хэргийн эд хөрөнгө барьцаалах таслан сэргийлэх арга хэмжээ авсан 2.000.000 төгрөгийг, 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр эд мөрийн баримтаар хураан авсан 870.000 төгрөгийг тус тус шунахай сэдэлтээр хувьдаа авч, завшин, нийт 11.670.000 төгрөгийн буюу, үлэмж  хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 8-13/, гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх 20-22/, эд зүйл, бичиг баримт түр хураан авсан тэмдэглэл /1-р хх 23/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх 24/, Г.Эрхбаяраас хохирлын мөнгө хүлээн авсан тухай тэмдэглэл /1-р хх 38/, Г.Эрхбаяраас хураан авсан хохирлын мөнгийг Ж.Ганболдод хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх 39/, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 127-154, 155-159/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 160-161/, эд мөрийн баримт /1-р хх 162-163/,

 

Хохирогч Ж.Ганболдын “...эд мөрийн баримтын өрөөнд 11.670.000 төгрөг байсан. Энэ мөнгө алга болсон байна. Уг мөнгө нь хэргийн холбогдогчоос барьцаанд үлдээсэн 2.000.000 төгрөг, иргэн А.Ганбатаас хураан авсан 8.800.000 төгрөг, иргэн Э.Ариунжаргалаас хураан авсан 870.000 төгрөг байх ёстой. Тус хэлтсийн аж ахуйн няраваар Э.Ариунжаргал ажиллаж байгаад цагдаагийн дамжаанд явахад албан үүргийг түр хугацаагаар цагдаагийн ахлах дэслэгч Г.Эрхбаяр гүйцэтгэж байх хугацаанд мөнгө алга болсон байна...” /1-р хх 165-167/,

 

Гэрч Д.Хоролгаравын “...Г.Эрхбаярт эд мөрийн баримтуудыг хүлээлгэн өгөхөд цэнхэр цахилгаантай баримтын уутанд 8.800.000 төгрөг, цагаан мөнгөний дугтуйтай 2.000.000 төгрөг, цагаан цаасан мөнгөний ууттай 870.000 төгрөг гээд гурван хэсэг мөнгө байсан...” /1-р хх 185/,

 

 Гэрч З.Цэрэнпүрэвийн “...Мөнгө алга болсон асуудлыг 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Г.Эрхбаяр өөрөө мөнгийг “автомашин дотроосоо хулгайд алдлаа” гэж дуудлага, мэдээлэл өгсний дагуу материалжуулан шалгахад Г.Эрхбаяр өөрөө уг мөнгийг хувьдаа ашигласан байх үндэслэл тогтоогдсон тул материалыг шилжүүлсэн...” /1-р хх 188-189/,

 

Гэрч Б.Мөнхнарангийн “...Би Г.Эрхбаярын утас руу залгаад “та хаана байгаа юм, эд мөрийн баримтын өрөөнөөс юм авах хэрэгтэй байна” гэж хэлсэн чинь Г.Эрхбаяр “яг юу авах юм бэ” гэхээр нь “хэргийн хохирлын мөнгө авмаар байна” гэж хэлэхэд “хэдэн төгрөг юм бэ” гэхээр нь “9.0 сая гаран төгрөг байгаа юм байна, та хаана байгаа юм, хэзээ ирэх вэ” гэсэн чинь “би очих болоогүй байна, Төрийн сан дээр ажилтай явж байна, орой 20 цагаас нааш очихгүй, нээрээ надаа сэйфнийх нь түлхүүр байхгүй шүү дээ, Э.Ариунжаргалд байгаа” гэхээр нь за гээд утсаа тасалсан. Тэгээд орой унтах гээд гэртээ байж байхад Г.Эрхбаяр залгаад “ах нь байна, би ажил дээр ирчихсэн байна, эд мөрийн баримтын өрөөнөөс нөгөө хохирлын мөнгийг чинь авчихсан байна, хаана байгаа юм” гэхээр нь “гэртээ байна” гэхэд “аваад очье, танай гэр чинь хаана байдаг юм” гэхээр нь “манайх Нисэхийн байрны буудалд байдаг, юун хохирлын мөнгө вэ, би яахаараа наад мөнгийг чинь таниас одоо авах юм бэ” гэхэд “би маргааш ажилтай болчихлоо” гэж хэлж байсан. Тэгэхээр нь би “ямар ч байсан одоо авахгүй, наад мөнгийг чинь үзлэг хийж байж албан ёсоор хүлээн авна” гэж хэлтэл утсаа тасалчихсан...” /1-р хх 201-202/, 

 

 Ялтан Г.Эрхбаярын сэжигтэн, яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд /1-р хх 208-215/, хохирлын мөнгө өгсөн баримт /2-р хх 35, 44, 45, 93/ зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

 

Г.Эрхбаярт холбогдох хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс ялтан Г.Эрхбаярын гэм бурууд, тохирсон ял оногдуулсан бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

 

Харин анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэснээс хойш давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө ялтан Г.Эрхбаяр нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хохирогч, иргэний нэхэмжлэгчид нөхөн төлсөн болох нь Нийслэлийн Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 12/4203 дугаар албан бичгээр нотлогдож байна.

 

 Г.Эрхбаяр нь хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, түүний хувийн байдал, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Дунжидын давж заалдах шатны шүүх хуралдаанд “…гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй…” гэсэн тайлбар зэргийг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Иймд ялтан Г.Эрхбаярын өмгөөлөгч Э.Шинэзоригийн “…Г.Эрхбаярт оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 100 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

 

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан Ганзоригийн Эрхбаярт оногдуулсан тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр, оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хариуцуулсугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

 

2. Шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, ялтан Г.Эрхбаярыг нэн даруй сулласугай.

 

3. Г.Эрхбаяр гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 11.670.000 төгрөг төлсөн, 35 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.

 

4. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Л.ДАВААСҮРЭН

 

                                 ШҮҮГЧИД                                             Д.МӨНХТУУЛ

 

                                                                                    Ж.ЭРДЭНЭЧИМЭГ