Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 76

 

 

Д.П, Ч.Э нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

           Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч, шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч А.Сайнтөгс, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч, шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   шүүгдэгч Д.П,

шүүгдэгч нарын өмгөөлөгч Ч.О, С.Г, Ж.Б,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа нарыг оролцуулан,

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Однямаа даргалж, шүүгч Ш.Гандансүрэн, Т.Энхмандах нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн, 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 58 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч  Ч.Э, Д.П нарт холбогдох, 2 хавтас, 509 хуудас бүхий, эрүүгийн 201508000235 дугаартай хэргийг шүүгдэгч Д.П, шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.О нарын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: П,

Шүүгдэгч: Э нарт холбогдуулан Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч Д.П нь шунахайн сэдэлтээр, давтан үйлдлээр нөхөр Ч.Этай бүлэглэн, албан тушаалын байдлаа ашиглан Говьсүмбэр аймгийн Боловсролын газрын даргаар ажиллаж байх хугацаандаа Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрт  2014 оны 08 дугаар сарын 21-нээс 10 дугаар сарын 21-ний өдрүүдэд “Б” ХХК-ийн захирал Д.Эрдэнэбилэгтэй ажил гүйцэтгэх 3 талт гэрээ байгуулан “Б” ХХК болон “Т” ХХК-уудын үйлдвэрлэн нийлүүлсэн 180933740 төгрөгийн үнэ бүхий сурагчийн дүрэмт хувцсыг борлуулсан орлогоос 97533049 төгрөгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсны улмаас бусдад онц их хэмжээний хохирлыг учруулсан,

Шүүгдэгч Ч.Э нь шунахайн сэдэлтээр, давтан үйлдлээр эхнэр Д.Птэй бүлэглэн, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрт  2014 оны 08 дугаар сарын 21-нээс 10 дугаар сарын 21-ний өдрүүдэд “Б” ХХК-ийн захирал Д.Эрдэнэбилэгтэй ажил гүйцэтгэх 3 талт гэрээ байгуулан “Б” ХХК болон “Т” ХХК-уудын үйлдвэрлэн нийлүүлсэн 180933740 төгрөгийн үнэ бүхий сурагчийн дүрэмт хувцсыг борлуулсан орлогоос 97533049 төгрөгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсны улмаас бусдад онц их хэмжээний хохирлыг учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Анхан шатны шүүх: Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Ч.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шунахайн сэдэлтээр, давтан үйлдлээр, бүлэглэн, хуурч мэхлэн итгэл эвдэн бусдын 97533049 төгрөийн эд зүйлийг залилан мэхэлсэн гэх хэргийг хэрэгсэхгүй болгож,

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Пт шунахайн сэдэлтээр, давтан үйлдлээр, бүлэглэн, албан тушаалын байдлаа ашиглан хуурч мэхлэн, итгэл эвдэн бусдын 97533049 төгрөгийн эд зүйлийг залилан мэхэлсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг мөн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3 болгон хөнгөрүүлэн өөрчилж,

Шүүгдэгч Д.Пийг бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлэн бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч Д.Пт Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар хувьд ногдох эд хөрөнгөнөөс 200000 төгрөгийг хурааж, 5 жил 1 сарын хорих ял оногдуулж,

Шүүгдэгч Д.Пт оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр,

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Пт оногдуулсан 200000 төгрөгийг хураах болон 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тус тус өршөөн хэлтрүүлж,

Шүүгдэгч Ч.Э, Д.П нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.Пээс 31933049 төгрөгийг гаргуулж, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Баруун 4 зам, 11 дүгээр сургуулийн урд байрлах Б ХХК, Т ХХК-нд олгохоор,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх  тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.Эд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Пт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.П давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Говьсүмбэр аймгийн Боловсролын газрын даргаар ажиллаж байхдаа Б ХХК-тай ажил гүйцэтгэх 3 талт гэрээ байгуулан ажиллах явцад гэрээний гуравдагч тал гарын үсэг зурж гэрээ хүчин төгөлдөр болоогүй. Ийм учраас Т ХХК-ийн захирал Эрдэнэбилэгийн санал болгосны дагуу Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, 43.3-т заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээ байгуулан Т компанийн үйлдвэрлэсэн сурагчийн дүрэмт хувцасыг борлуулахаар тохирсон. Гэтэл ажил хариуцан гүйцэтгэж байсан Ч.Э, Т компанийн захирал Эрдэнэбилэг нарын хооронд тооцоо нийлэх үед үүссэн маргаанаас үүдэлтэй иргэний хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж П надад Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар ял оноож байгаад гомдолтой байна. Миний эрхэлж байсан албан тушаал нь хувийн компанийн үйл ажиллагаанд оролцож гэрээ хэмжээнд үүрэг даалгавар өгөх эрх мэдэлгүй бөгөөд уг 3 талт гэрээ нь БСШУЯамнаас гаргасан загвар зааврын дагууд хийгдсэн юм. Мөн Б ХК-иас өөрийн өмчийг Пт итгэмжлэн хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн гэж үзэж байна. Гэвч уг 3 талт гэрээнд боловсролын газрын дарга нь эд хөрөнгийг итгэмжлэн хариуцан ажиллах тухай заагаагүй бөгөөд Төрийн албаны тухай хуульд энэ төрлийн үйл ажиллагааг хориглосон байдаг. Харин миний бие гэрээний дагуу дүрэмт хувцас борлуулах ажилд туслалцаа үзүүлж, зохион байгуулах, хяналт тавих чиглэлээр үүргээ биелүүлж ажилласан. Миний бие 135078690 төгрөгийн үнэ бүхий барааг худалдагч эд хариуцагч Гөлгөө, Баасанхүү нар тоолж хүлээж авсаны дараа үүргийнхээ дагуу хянасан ня-бо гэдэг дээр гарын үсэг зурсан.  Энэ нь бараа хүлээлцэх баримт, падаан дээр байгаа. 41505050 төгрөгийн бараа хүлээлцсэн баримтад гарын үсэг зураагүй энэ тухай мэдэхгүй байна. Миний бие уг мөнгийг авч ашиглаагүй бөгөөд орлогын мөнгийг зохион байгуулж хариуцсан Э нь өөрийн дансанд төвлөрүүлж байгаад тушаасан нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байдаг. Мөн байцаан шийтгэх ажиллагааны явцад ЭБШХуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 214 дүгээр зүйлийн 214.1.7, 214.1.10, 216 дугаар зүйлийн 216.2, 230 дугаар зүйлийн 230.1.3, 231 дүгээр зүйлийн 231.1 дэх заалтуудыг зөрчсөн байна. Гэрч, хохирогч нарын зөрүүтэй мэдүүлгийг хянаж шалгаагүй.  Харин Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.2, 44 дүгээр зүйлийн 44.1-д заасны дагуу Т компанитай тооцоо нийлж, Баасанхүү, Гөлгөө, Э нарын ажлын хөлсийг тооцуулан энэ мөнгийг хохирлоос хасуулж тооцуулах эмблем загвар бүхий 3000 ширхэг логог нийлүүлж, логог борлуулсан орлогоор хохирлыг барагдуулах хүсэлтэй байна. анхан шатны шүүхийн 58 дугаар шийтгэх тогтоолыг хэргийн нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй, мөрдөн байцаалтыг гүйцэд хийгээгүй, тогтоолд дурдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ, бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Ийм учир уг шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох буюу мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.О давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мөрдөн байцаалтын ажиллагаанд энэ хэргийн улмаас ямар аж ахуй нэгжид хэдэн төгрөгийн хохирол учирсан эсэхийг бүрэн нотлоогүй. Тухайлбал хэрэгт авагдсан баримтаар сурагчийн формыг зөвхөн Т ХХК-аас зарлагдсан болон хүлээлгэн өгсөн байдаг ба Б ХХК-аас зарлагдсан баримт хэрэгт байхгүй. Гэтэл Б ХК-ийг хохирогчоор тогтоосон нь энэ хэргийн хохирогчийг зөв тогтоосон эсэх нь эргэлзээтэй байна. Хэргийн 15-р хуудсанд байдаг, Бүтээлч үйлч ХК-тай Ч.Э тооцоо нийлээд 33 сая төгрөг төлүүлнэ гэж тооцоо хийчихсэн. Гэтэл мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдээд ирэхэд Э гэдэг хүнийг танихаа больчихсон, энэ хүн манайд хамаагүй гэсэн асуудал ярьсан. Тэгсэн мөртлөө тооцоо хийгээд мөнгө авахдаа Эаас авсан байдаг. Мөн Э Т ХХК-тай харилцаа үүссэн гэдэг нь хэргийн 22-23 дугаар хуудсан дахь гэрч Оюунхүүгийн мэдүүлгээс харагддаг. Гэтэл шүүхийн хэлэлцүүлэгт Оюунхүү тийм зүйл яриагүй гэдэг. Захирал Эрдэнэбилэг нь өөрөө тооцоо нийлээд Эыг 33 сая төгрөг төл гэчихээд мэдүүлэг өгөхдөө Э гэдэг хүнийг огт танихгүй гэж хэлдэг. Гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр болон шүүгдэгч Д.Пийн хувийн байдлыг мөрдөн байцаалтын ажиллагаанд тогтоолгүй ЭБШХуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3, 4 дэх заалт ноцтой зөрчсөн. П Сүмбэр суманд 11 жилийн сургууль төгссөн, тэнд олон жил амьдарсан хүн. Ядаж анги даасан багш, ангийнх нь хүүхдүүд, сургуулийн захирлаас асуугаад энэ хүний хувийн байдлыг тогтоогоогүй. Э цэргийн алба хаасан юм уу, урьд нь ямар ажил хийдэг байсан юм, тэр талаар тодруулсан баримт хэрэгт байхгүй. 97 сая төгрөг борлуулалтаар Эын Төрийн банкны дансаар орж ирсэн, энэ мөнгийг буцааж Б ХК-д өгөөгүй, эхнэртээ энэ талаар хэлээгүй, өөрийнхөө хадам ах Эрдэнэцогтод зээлтэл тэр хүн нь нас барсан гэдэг талаар Э мөрдөн байцаалтанд мэдүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл 31 сая төгрөгийг хэн юун. үрэгдүүлсэн, яаж завшсан гэдэг талаар тогтоогоогүй. Пийг албан тушаалын байдлаа ашигласан гэж яг аль үйлдлийг хэлээд байгаа нь тодорхойгүй. Албан тушаалын хувьд Д.П гэдэг хүн Боловсролын яамны сайдын 2014.05.14 А/03 дугаар тушаалын дагуу ажилласан. Энэхүү тушаал дээр юу гэсэн бэ гэхээр үйлдвэрлэгч аж ахуй нэгж, дүүргийн Боловсролын хэлтэс, сургуулийн дүрэмт хувцасыг борлуулах ажиллагаанд дэмжлэг үзүүлж тус болно гээд заагаад өгчихсөн байгаа. Энэ хүн боловсролын газраас гаргасан хэм хэмжээний хүрээнд ажилласан байхад шүүх яагаад энэ хүнийг албан тушаалаа ашигласан гэж үзээд байгаа юм бэ гэдгийг ойлгохгүй байгаа. Шүүгдэгч Д.П Боловсролын сайдын тушаалын дагуу Говьсүмбэр аймгийн Боловсролын газрыг төлөөлж тухайн компанитай гэрээ байгуулсан байхад шүүх Б ХК-ийн итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэж тооцон Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар ял оногдуулж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа тул Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016.09.21-ний 58 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд өмгөөлөгч Ч.Отай санал нэг байна. Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн байна. Хуульд зааснаар эрүүгийн хэрэг нь хуульд зааснаар хэргийн бүх шинжийг агуулж байх ёстой. Гэтэл энэ хэрэгт Д.Пийн хувьд завшсан, үрэгдүүлсэн зүйл байхгүй. Энэ хэргийг 3 талт гэрээнээс үүссэн иргэний эрх зүйн маргаан гэж үзэж байна. Тэгэхээр Говьсүмбэр аймгийн мөрдөн байцаалтын ажиллагаа үнэхээр дутуу хийгдсэн. Зохион байгуулалт хийхдээ Д.П нь гуравдагч этгээд буюу Ч.Эд хариуцуулсан. Ч.Э, Б ХК хоорондоо гэрээ хийчихсэн. Т ХХК гээд дундуур нь орж ирсэн. Хэргийн бодит хохирлыг тогтоогоогүй. Хохирол анх 49 сая төгрөг, дараа нь тооцоо нийлэхээр 39 сая төгрөг, шийдвэр гаргахдаа 31 сая төгрөг гэж гарсан байгаа. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16, 318, 319, 321 дугаар зүйлүүдийг зөрчсөн байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэхдээ Пийн 5 хүүхэдтэй, анх удаа гэмт хэрэг үйлдэж байгаа зэрэг хувийн нөхцөл байдлыг нь ерөөсөө харгалзаагүй. Дээр нь хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг мөн харгалзаагүй, мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн байна.  Эцэст нь хэлэхэд өөртөө ашиг хонжоо олох, мөнгө үрэгдүүлэх санаа зорилго агуулаагүй, мөнгө төлөхөөс зугтаасан үйлдэл байхгүй, бүлэглээгүй, гол нь хэн хэндээ хэлээгүйгээс болоод ийм асуудал гарснаас болж гэр бүлийн харилцаанд нь асуудал гарч байгаа. Эцэст нь хэлэхэд энэ хэрэг бол иргэний эрх зүйн маргаан байна. Тиймээс хэргийг мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд өмгөөлөгч Ж.Б, Ч.О нартай санал нэг байна. Д.П гэдэг хүн эрүүгийн хэрэг үйлдээгүй. Нөхөр Э нь энэ хүнд хэлэхгүйгээр их хэмжээний мөнгийг өөрийн дансандаа байршуулсан, энэ хэргийг үйлдсэн гэдгээ мөрдөн байцаалтын шатанд болон анхан шатны шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт ч хэлсэн байдаг. Иймээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож,  Д.Пийг цагаатгаж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.П нь Говьсүмбэр аймгийн Боловсролын газрын даргаар ажиллаж байхдаа Боловсрол, шинжлэх ухааны яамны албан даалгаврын дагуу ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг дүрэмт хувцсаар жигдрүүлэн хувцаслах зорилгоор хувцас үйлдвэрлэн бэлтгэн нийлүүлэгч Б ХК-тай  3 талт гэрээ байгуулж, гэрээний дагуу 180.933740 төгрөгийн үнэ бүхий сурагчийн дүрэмт хувцасыг зарж борлуулсан орлогоос 97.533.049 төгрөгийг өөрийн нөхөр Ч.Этай бүлэглэн Б ХК, Т ХХК-ныг залилан мэхлэж авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж үзэн яллуулахаар Говьсүмбэр аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг Говьсүмбэр аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Э, Д.П нар нь бүлэглэж бусдыг залилан мэхэлсэн нь тогтоогдохгүй байна, шүүгдэгч Ч.Э нь албан тушаалын болон гэрээгээр хүлээсэн үүрэг байхгүй учир бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд биш учраас түүнд холбогдох эрүүгийн хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,  шүүгдэгч Д.Пийг албан тушаалын байдлаа ашиглан буюу аймгийн Боловсролын газрын даргаар ажиллаж байхдаа Б ХК, Т ХХК-ны үйлдвэрүүдийн үйлдвэрлэн бэлтгэн нийлүүлсэн 180.933.740 төгрөгийн сурагчийн дүрэмт хувцсыг борлуулсан орлогоос 33.533.049 төгрөгийг хувьдаа завшиж их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэж хуулийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, түүний хувьд ногдох эд хөрөнгөнөөс 200.000 төгрөгийг хурааж, 5 жил 1 сарын хорих ял оногдуулсан боловч Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар түүнд холбогдох ял шийтгэлийг өршөөн хэлтрүүлэн шийдвэрлэсэн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаж чадаагүй байна гэж үзлээ.

Тухайлбал мөрдөн байцаалтын болон прокурорын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоогоогүй буюу шүүгдэгч нар нь Б ХК, Т ХХК тус бүрийн хичнээн төгрөгийг залилсан, эсхүл уг компаниудын  тус бүрийн хичнээн төгрөгийн эд хөрөнгийг ямар байдлаар завшсан,  эсхүл хичнээн төгрөгийн эд хөрөнгийг яаж үрэгдүүлсэн юм гэдгийг уг хэрэгт хамааралтай ямар нотлох баримтуудад үндэслэсэн нь тодорхойгүй,  гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэрийг тогтоогоогүй байж хэргийг шүүхэд шилжүүлсэн байхад анхан шатны хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу болсон байна.

Хавтаст хэргээс харахад шүүгдэгч нарын үйлдлээс болж Бүтээлч ХК, Т ХХК-д цагдаагийн байгууллагад гомдол гаргах үед 49.265.325 төгрөг, прокурорын яллах дүгнэлтээр 97.533.049 төгрөг,  2 талын хамтарсан тооцоогоор эхлээд 36.533.049 төгрөг, дараа нь 33.533.049 төгрөг /1-р хх-ийн 15-17/-ийн хохирол учирсан гэж хохиролын дүнг 4 янзаар тодорхойлсон байна. Иймд эрүүгийн хэрэг үүсгэх үед хэдэн төгрөгийн дутагдал байсан юм гэдгийг Б ХК, Т ХХК-ны санхүүгийн эх баримтад тулгуурлан шинжээчийг томилж дүгнэлт гаргуулан компани тус бүрд төлөх ёстой хохирлын тооцоог үндэслэлтэйгээр тогтоолгох байжээ. Ингэхдээ үйлдвэрээс нийлүүлэгдсэн бүтээгдэхүүнүүдийг худалдан борлуулах байрны түрээсийн төлбөр, худалдан борлуулах үйл ажиллагааг зохион байгуулж байгаа этгээд болон худалдагчийн цалин зэргийг  тооцуулж төлбөл зохих хохирлыг  зөв тодорхойлох нь зүйтэй юм.

Мөн шүүгдэгч Д.П нь би Б ХХК-ийн үйлдвэрлэн борлуулахаар нийлүүлсэн 180.933.740 төгрөгийн сурагчийн дүрэмт хувцасыг хүлээж аваагүй,  135.078690 төгрөгийн барааг худалдагч Гөлгөө, Баасанхүү нар тоолж хүлээн авсан, хянасан гэдэг дээр гарын үсэг зурчих гэсний дагуу л би зурсан гэснийг мөн шалгах нь зүйтэй байна.

Хавтаст хэрэгт хохирогчоор Б ХК-ийг тогтоосон боловч Т ХХК-д мөн хохирол учирснаар яллах дүгнэлт болон шүүхийн шийтгэх тогтоолоор үзсэн нь үндэслэл муутай болсон.  Т ХХК-д хохирол учирсан бол түүнийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар хохирогчоор тогтоох байтал тогтоогоогүй байна.  

Т ХХК нь Б ХК-ийн охин компани гэж байгаа боловч Компанийн тухай хуулийн 6-р зүйлийн 6.4-т зааснаар “ охин компани нь санхүүгийн тайлангаа тусдаа гаргах”,  мөн хуулийн 6.5-т “охин компани нь толгой компанийнхаа өрийг хариуцахгүй, толгой компани нь охин компанийнхаа өрийг хариуцахгүй “ байхаар тус тус заасан байдгийг анхаарах нь зүйтэй юм.

Шүүгдэгч Д.П нь Боловсрол, шинжлэх ухааны яамны албан даалгаврын дагуу 2013, 2014 онуудад Б ХК-тай гэрээ байгуулан Говьсүмбэр аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг дүрэмт хувцсаар жигдрүүлэх үүргийг хүлээж  /2-р хх-ийн 5/ хувцас худалдан борлуулах тухай 3 талт гэрээнд зохион байгуулагчийн үүргийг гүйцэтгэж байсан нь /1-р хх-ийн 124-173/ гэрээгээр тогтоогдож байна. Шүүгдэгчийн мэдүүлж байгаагаас үзвэл нөхөртөө итгэж борлуулалтын ажлыг хариуцуулсан нь шүүгдэгч нарын мэдүүлгүүд, тооцоо нийлсэн баримтад Эын гарын үсэг зурсан байдал, орлогын мөнгийг Эаас шилжүүлж байсан түүний дансны гүйлгээ зэргээс харагдаж байхад анхан шатны шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлэхгүйгээр түүнийг огт гэм буруугүй гэж үзсэн нь учир дутагдалтай болсон байна.

Иймд шүүгдэгч Ч.Э нь эхнэрийнхээ итгэлийг эвдэж залилсан эсхүл Д.Пээс Эд итгэмжлэн өгсөн бусдын эд хөрөнгийг завшсан буюу Эрүүгийн хуулийн 148, 152 дугаар зүйлүүдэд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа эсэхийг шалгах нь зүйтэй юм.  Ингэхдээ үнэхээр Ч.Эын хувийн дансанд борлуулсан хувцасны бүх орлого хуримтлагдаж байсан эсэх, уг орлогыг хэдийд яаж хөрөнгийн эзэнд шилжүүлж байсан эсэхийг Эын хувийн дансны гүйлгээнд шинжээч томилж тодруулах,  Эаас ахдаа 15 сая төгрөгийг өгсөн, тэр ах одоо нас барсан гэснийг нь шалгах,  шүүгдэгч Д.П нь 2014 оны 9-10 дугаар сард жирэмсэн байсан эсэх, хэдийд хүүхдээ төрүүлсэн, Д.Пийн данснаас орлогын гүйлгээ хийгдсэн эсэх зэргийг шалгаж тогтоогоогүй байна.

Шүүгдэгч Ч.Эын хувьд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзвэл иргэний хэргийн хариуцагч болох үндэслэл байгаа эсэхийг мөн шалгах.

Шүүгдэгч Д.П нь Боловсролын газрын даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа яаж ашиглан бусдын эд хөрөнгийг залилан мэхэлсэн, эсхүл бусдын эд хөрөнгийг завшсан, эсхүл үрэгдүүлсэн,  гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэрийг шалгаж тогтоогоогүй байна.

Хохирогч Б ХК-ны захирал Эрдэнэбилэгт сурагчийн дүрэмт хувцсыг Ч.Э хариуцан зохион байгуулж байгааг Д.П албан ёсоор мэдэгдэж,  улмаар Э нь орлогын мөнгийг тушаах, нэмж бараа авах, сургуулиудын логог Б ХК-д захиалга өгөх, тооцоог Б ХК-тай хамтран хийх зэрэг бүх үйл ажиллагаанд оролцсон нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байхад яагаад Б ХК нь Эыг мэдэхгүй, танихгүй гэснийг тогтоох,  хохирогч үнэн зөв мэдүүлэг өгч байгаа эсэхийг мөн шалгах нь зүйтэй байна.

Эдгээр үндэслэлүүдээр шүүгдэгч Д.П болон түүний өмгөөлөгч нараас гаргасан давж заалдсан гомдлууд үндэслэлтэй байна гэж үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр хэргийг мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 313, 315 дугаар зүйлийн 315.1.2, 318 дугаар зүйлийн 318.1, 318.2.1, 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.П, түүний өмгөөлөгч Ч.О, С.Г, Ж.Б нарын давж заалдсан гомдлуудыг хүлээн авч,  Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 58 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож,  шүүгдэгч Д.П, Ч.Э нарт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр хэргийг ГовьСүмбэр аймгийн Прокурорын газарт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Энэхүү магадлалд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүйг тус тус дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БОЛОРМАА

ШҮҮГЧИД Г.ТЭГШСУУРЬ

А.САЙНТӨГС