Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 77

 

Д.Ад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

           Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч, шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч А.Сайнтөгс, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч, шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   прокурор С.Ц,

шүүгдэгч Д.А,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ч,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Батжаргал даргалж, шүүгч А.Цэрэнханд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн, 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 107 дугаар шийтгэх тогтоолтой,  шүүгдэгч Д.Ад холбогдох 1 хавтас, 125 хуудас бүхий, эрүүгийн 201610010152 дугаартай хэргийг прокурор С.Цн эсэргүүцэл, шүүгдэгч Д.Агийн давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: А-д холбогдуулан Дорноговь аймгийн  Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч Д.А согтуурсан буюу мансуурсан үедээ ямар ч шалтгаангүйгээр 2016 оны 07 дугаар сарын 07-ны орой Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг, Соёмбын гудамжны 3-12 тоотод өөрийн гэрийнхээ хашаан дотор иргэн У.Уранжаргалын хэвлийн хэсэгт хутгалан бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Аг танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Аг 4 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ад оногдуулсан 4 жил 7 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар өнгийн иштэй, нийт урт нь 23 см, ажлын хэсэг нь 13 см, бариул нь 10 см хэмжээтэй хутга 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж,

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй бөгөөд энэ хэрэгт хураагдан ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг дурдаж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Ад авсан гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх  тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэж, тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдаж  шийдвэрлэжээ.

Прокурор С.Ц эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт, дүгнэлтдээ: ...Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-т зааснаар 4 жил 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу ойлгож хэрэглэсэн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт “... Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж болох боловч ийнхүү хөнгөрүүлэн оногдуулах хорих ялын доод хэмжээ нь энэ хуулийн тусгай ангийн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялын доод хэмжээний гуравны хоёроос хэтрэхгүй байна” гэжээ.  Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялын доод хэмжээ нь 7 жил 1 хоног бөгөөд үүний гуравны хоёр нь 4 жил 8 сар 1 хоног болж байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д. А нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулах ялын хэмжээ нь 4 жил 8 сар 1 хоногоос дээш байх нь хуулийн шаардлагад нийцэхээр байна. Иймд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 107 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.  

Шүүгдэгч Д.А давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрч Ц.Цогтбаатар, М.Цэдэнсодном, Ц.Эрдэнэбаяр нарын мэдүүлэг зөрүүтэй байхад анхан шатны шүүх эдгээр гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна гэж үзэж, энэ зүйл ангиар ял шийтгэл оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яг болсон явдал бол намайг гэрийн гадаа зэс ухаад сууж байхад Эрдэнэбаяр, Уранжаргал 2 ирсэн бөгөөд Эрдэнэбаяр нь “ээж хаана байна” гээд гэрт орсон тэгэхээр нь би Уранжаргалд “чи танихгүй хүн дагуулж ирлээ” гэсэн чинь “чи яах гэж хүний авгай гэртээ авчирч унтуулсан юм” гэсэн. Би “хүнийг чинь манайд ирээд унтсаныг нь ч мэдэхгүй, чи юу яриад байгаа юм” гэсэн чинь битгий солиор гээд маргалдсан юм. Тухайн үед би Уранжаргалыг Цэдэнсодномыг намайг гэртээ авчраад унтсан байна гээд хардаж байна гэж ойлгоод “тэгж ярьвал энэ хүн чинь манай бэр байсан юм шүү, чи юу гээд байгаа юм” гээд маргалдаад эргээд явахад нь хутга орчихоно чинээ бодолгүй чичсэн чинь хутгалчихлаа гээд бөөн юм болсон юм.

Би ямар нэгэн гэм зэмгүй хүнийг хутгалах хүн биш. Уранжаргал өөрөө ирж намайг дээрэлхэж янз бүрийн зан гаргаагүй бол би ч ийм хэрэг хийхгүй байсан. Намайг ямар зан араншинтайг хамт ажиллаж байсан нөхдүүд мэднэ. Би архи уугаад ямар нэгэн шалтгаангүйгээр хүн зодож, агсам согтуу тавиад байдаггүй хүн. Өдий наслахдаа ямар нэгэн хэрэг түвэгт орооцолдож байгаагүй. Ийм хэрэгт орсондоо маш их гэмшиж байна. Ийм хатуу ял шийтгэлтэй гэж бодоогүй, хууль мэдэхгүйгээсээ болоод ийм хэрэгт орлоо. Хохирогч маань гайгүй болсон, эмчилгээний зардлыг нь төлсөн болохоор тэнсэнтэй гарах байх гээд өмгөөлөгч аваагүй. Хутгалсан нь үнэн миний буруу гэсэн мэдүүлгийг өгөөд байсан чинь ийм өндөр ял авахад хүргэлээ. Уранжаргал согтуу ирж надад янз бүрийн араншин гаргасныг би мөрдөн байцаагчид болон шүүхэд хэлээгүй юм. Өндөр настай миний хувьд шүүхээс оногдуулсан ял хүнд байна. Тиймээс хэргийг дахин хянаж ял шийтгэлийг минь хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч Д.Агийн эрүүл мэндийн талаарх хувийн байдлыг тогтоох талаар мөрдөн байцаалтын ажиллагааг дутуу хийгдсэн байна гэж үзэж байна. Харин хохирогчийн биеийн байдлын талаар сайн тогтоосон байдаг. Уг нь хэрэг 2016 оны 7 сарын 7-ны өдөр гарсан юм шиг байгаа юм. Гэтэл 7 сарын 4, 5 гэх мэтээр хохирогч шүүгдэгч нарын мэдүүлэг зөрүүтэй байдаг. Тэгэхээр хэрэг үйлдэгдсэн цаг хугацааны талаар гүйцэт тодруулаагүй, сэдэлтийг мөн тогтоогоогүй байна гэж үзэж байна. Мөн яллагдагчийг шүүхэд шилжүүлэх захирамж 2016 оны 10 сард гарсан байхад шүүгдэгч болон түүний урьд нь авсан өмгөөлөгч нар нь захирамжтай 6 сард танилцсан юм шиг харагдаж байна. Дээрх үндэслэлүүдээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчиж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Шүүгдэгч Д.Аг батлан даалтанд гаргаж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхээс шүүгдэгч Д.Аг танхайн сэдэлтээр хохирогч У.Уранжаргалыг хутгалж биемахбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551.1-ийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96-р зүйлийн 96.2.1-т зааснаар 4 жил 7 сарын хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол  нь  хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй байна гэж үзлээ.

Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.6-д зааснаар цаг хугацааг тоолохдоо хуанлийн жилийг 12 сараар, хагас жилийг 6 сараар, улирлыг 3 сараар, хоногийг 24 цагаар тоолно гэдгийг баримтлалгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-т заасан хорих ялын доод хэмжээ болох 7 жил 1 хоногийн хорих ялын гуравны хоёр нь 4 жил 7 сарын хугацаа байхаар тоолж шүүгдэгчид хорих ял оногдуулсан нь буруу болсон байна.

Ийм учраас энэ тухай бичсэн прокурорын эсэргүүцэл нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

Анхан шатны шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа алдаа гаргасан учраас шүүхээс гаргасан шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй байна.

Энэ үндэслэлээр шүүгдэгч Д.Агаас гаргасан гэрч нарын мэдүүлгүүд зөрүүтэй байхад мэдүүлгийн зөрүүг гаргалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн , хохирогч Уранжаргалын буруутай үйлдэл гэмт хэрэгт нөлөөлсөн зэргийг дахин шалгуулахыг хүссэн тухай давж заалдах гомдлыг энэ удаад  хэлэлцэхгүй орхисон болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 313, 315 дугаар зүйлийн 315.1.2, 321 дүгээр зүйлийн 321.1.3, 325 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын эсэргүүцлийг хүлээн авч,  Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 107 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож,  хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүхэд очтол шүүгдэгч Д.Ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3. Энэхүү магадлалд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Н.БОЛОРМАА                        

   ШҮҮГЧИД                                         Г.ТЭГШСУУРЬ

                                                         А.САЙНТӨГС