Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 79

 

 

Т.Од холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч, шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч А.Сайнтөгс, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч, шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

прокурор А.Д,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.Адъяасүрэн даргалж шийдвэрлэсэн, 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 90 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Т.Од холбогдох, 201610000185 дугаартай, 1 хавтас, 118 хуудас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгч Т.Оын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

О-д холбогдуулан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ. 

Шүүгдэгч Т.О нь 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сум, 5 дугаар баг, Ханги хилийн боомтоор Монгол Улсын Их хурлын 1998 оны 5 дугаар тогтоолын “Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох бүлэг барааны жагсаалт”-д хамаарах 800000 төгрөгийн үнэ бүхий 160 кг зэсийг 25-27 ДУА улсын дугаартай УАЗ-3962-05 маркийн тээврийн хэрэгсэлд нуун далдалж, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасан ..хориглосон эд зүйлийг бага бус хэмжээгээр Монгол улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэгт шүүгдэгч Т.Оыг  гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9792000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-д зааснаар шүүгдэгч нь торгуулийн ялаас ноцтойгоор зайлсхийвэл торгуулийн хэмжээнээс хамааруулан 3 жил хүртэл хугацаагаар хорих ялаар солихыг сануулж,

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн  160 кг зэсийг улсын орлого болгохоор Дорноговь аймгийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ  болох 500000 төгрөгийг шүүгдэгч Т.Оаас гаргуулж улсын орлого болгож,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн  тогтоолыг хүчингүй болгож, 25-27 ДУА улсын дугаартай УАЗ-пурган маркийн тээврийн хэрэгслийг Ё.Эад буцаан олгож,

Шүүгдэгч Т.Од авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй ба эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Т.О давж заалдсан гомдолдоо: Миний бие нөхөр болон 0-11 насны 3 охины хамт ам бүл 5-уул амьдардаг. Цөөн тооны малаа 2009 оны зуднаар барж, ээжийгээ ч зуданд осолдуулж, өнчрөн хоцорсоноос хойш аймгийн төвд амьдрах болсон бөгөөд ам бүлд тодорхой ажил эрхэлдэг хүнгүй, хүүхдэд сар бүр халамжаас олгогддог 20000 төгрөг буюу 3 хүүхдийн 60000 төгрөгийн л тогтмол орлоготой. Амьдралын эрхээр нөхөр бид хоёр хоёрдогч түүхий эд цуглуулан өрхийн амжиргаандаа нэмэрлэн, тодорхой хэмжээний орлого ч олж, үр хүүхэд болон ам бүлээ тэжээж, хүнээс гуйхгүйгээр амьдарч чадлаараа л хөдөлмөрлөж байсан. 2016 оны 4, 5-р сард бага багаар өөрсдийн явж цуглуулсан хаягдал зэс утас дээр танил найз нөхдийн цуглуулсан хогон зэс буюу зэс голтой утаснаас гаргаж авсан хаягдал зэсүүдийг түүж цуглуулан нийт 160 кг зэс утас болгон хилийн гадна илүү үнэ хүрдэг талаар сонсож мэдсэн болохоор хил гарган тушааж амжиргаандаа нэмэр болгохоор 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Ханги хилийн боомтод очсон. Хил нэвтрүүлэх хориотой талаар мэдээгүй. Хил нэвтрэх үед миний бие өөрийн танил Ё.Эын УАЗ маркийн автомашиныг гуйж хэрэглэн, тухайн машины арын суудал дээр, түмпэнд, чемоданд болон газын баллон зэрэгт хийж явсан бөгөөд хэн ч харсан ил байсан, зориуд нуух, хилээр хориотой эд зүйлс гаргах санаа зорилго огт агуулаагүй юм. Хэрэгт холбогдох үедээ миний бие 7 сартай жирэмсэн байсан бөгөөд хэрэг шалгагдаж байх хугацаандаа өөрийн бага охиноо төрүүлсэн. Надад өөрийнхөө нялх үрсийг болон ар гэр ахуй амжиргаагаа залгуулах гэсэн л зорилго байснаас бус хэн нэгнийг хохироох, мөн хэн нэгнийг хуурах гэсэн санаа зорилго байгаагүй билээ. Миний үйлдлийн улмаас улсад ямар нэг хор хохирол учраагүй бөгөөд хил гаргах гэж байсан зэс бүхэлдээ хураагдаж улсын орлого болсон, мөн танил танил Ё.Эын машины үнийг ч улсын орлого болгохоор шийдвэрлэсэн. Үүнд миний бие гомдохгүй байгаа бөгөөд хийсэн буруу үйлдэлдээ туйлын их гэмшиж харуусаж байгаа. Гагцхүү шүүхээс надад оногдуулсан торгууль бол бидэнд баривчлах болон албадан ажил хийлгэх ялаас ч илүү хүнд тусаж байна. Тэр тусмаа торгууль төлөгдөхгүй бол 3 жилийн хорих ялаар солигдоно гэж шийтгэх тогтоолд бичигдсэн байсан ба үүнийг ч тайлбарлаж хэлсэн. Үүнээс би төдийгүй манай гэр бүлийнхэн маш их айж байна. Бидэнд энэ торгуулийг төлөх ямар ч боломж, эх үүсвэр байхгүй. Албадан ажлын ял өгвөл нөхөр маань 3 охиноо харж байх тул надад саад болох зүйлгүй. Эрүүл мэндийн хувьд ч надад харшлах шалтгаан байхгүй билээ.

Эрүүгийн хуулийн 16.2-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч ялимгүйн учир нийгэмд аюулгүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасны дагуу шийдвэрлэх боломж байвал энэ заалтын дагуу шийдвэрлэж өгөөч гэж эрхэм шүүгчид та бүхнээс гуйж байна гэжээ.

Прокурор А.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Эрүүгийн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар баривчлах, албадан ажил хийлгэх, торгох гэсэн 3 төрлийн ялтай. Шүүгдэгч нь нярай хүүхэдтэй учраас баривчлах болон албадан ажил хийлгэх ялыг өгч болохгүй хориглосон заалттай тул шүүх торгох ялыг сонсгож хэрэглэсэн нь зөв болсон. Шүүгдэгч Т.Оын үйлдэлд хэлбэрийн төдий үйлдсэн нөхцөл байдал байхгүй, гэмт хэрэг төгс үйлдэгдсэн байдаг тул анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэлтэй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Дорноговь аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Т.Оыг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон эд зүйл болох зэсийг бага бус хэмжээтэйгээр улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эд хөрөнгийг хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9.792.000 төгрөгийн торгох ял шийтгэсэн нь хуульд нийцсэн ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагыг хангасан байна гэж үзлээ.

Шүүгдэгч Т.Оын үйлдсэн гэмт хэрэг нь Дорноговь аймгийн Ханги хилийн боомт дээр гаалийн хяналт шалгалтаар илэрсэн ба Гаалийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т зааснаар “Монгол Улсын хилийг гаалийн хил гэж үзнэ“ гэснээс үзэхэд  шүүгдэгч нь Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон зэсийг хилээр нэвтрүүлэхээр улсын хилээр нэвтэрсэн байна гэж үзнэ.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь гаалийн улсын байцаагч Г.Болдгэрэлийн мэдүүлэг, эд зүйлийг тээвэрлэсэн УАЗ 3962-05 маркийн 25-27 ДУА улсын дугаартай автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар хураагдсан 160 кг зэс зэргээр тогтоогдож байгаа ба эдгээр нотлох баримтууд нь гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан баримт сэлт, мэдээллүүд байна. Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар ялласан нь хэргийн нөхцөл байдалд хуулийн зүйлчлэл тохирсон гэж үзэхээр байна.

Шүүгдэгч нь 1 нас хүрээгүй нярай хүүхэдтэй болох нь хавтаст хэрэг болон шийтгэх тогтоолоос харагдаж байгаа ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50, 51 дүгээр зүйлүүдэд зааснаар албадан ажил хийлгэх болон баривчлах ялыг 3 хүртэлх насны хүүхэдтэй эх, бага насны хүүхэдтэй ганц бие эх, эцэгт оногдуулахгүй байхыг хуулиар хориглосон учир анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар торгох ялыг хамгийн бага хэмжээгээр нь сонгож хэрэглэсэн нь зөв болсон.

Эдгээр нөхцөл байдлуудад үндэслэн шүүгдэгч Т.Оаас гаргасан хориглосон эд зүйл болох зэсийг нуун далдлаагүй, суудал дээр ил байсан, гэмт хэргийг хэлбэрийн төдий байдлаар үйлдсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгуулах, торгох ял хүндэдсэн гэсэн тухай давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 313, 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ  нь:

1. Шүүгдэгч Төрмандахын Оын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож,  Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 90 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадалыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч түүний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                Н.БОЛОРМАА

ШҮҮГЧИД                                 Г.ТЭГШСУУРЬ

                                               А.САЙНТӨГС