Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 81

 

 

Х.Мт, Б.М нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч, шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч А.Сайнтөгс, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч, шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд цахим хэлбэрээр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

прокурор Э.Н /цахим/,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа нарыг оролцуулан,

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн, 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 96 дугаар шүүгчийн захирамжтай, шүүгдэгч Х.М, Б.М нарт холбогдох, 201608000147 дугаартай, 1 хавтас, 105 хуудас бүхий эрүүгийн хэргийг прокурор Д.Гийн эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: М,

Шүүгдэгч: Мт  нарт холбогдуулан Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ. 

Шүүгдэгч Х.Мт нь 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 11 цагийн үед Сүмбэр сумын 3 дугаар багт байрлах Хаан банкны баруун талд *** тоотод оршин суух Б.Мтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар Б.Мын биед хөнгөн гэмтэл учруулсан,

Шүүгдэгч Б.М нь 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 11 цагийн үед Сүмбэр сумын 3 дугаар багт байрлах Хаан банкны баруун талд Сүмбэр сумын 3 дугаар багийн *** тоотод оршин суух Х.Мттай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар Х.Мтын биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Анхан шатны шүүх: Б.М, Х.Мт нарт холбогдох эрүүгийн 201608000147 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Говьсүмбэр аймгийн Прокурорт буцааж,

Хэрэг прокурорт очтол шүүгдэгч Б.М, Х.Мт нарт урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдаж,

Прокурор уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Д.Г давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: 2015.12.03-ны өдрийн 166 дугаар захирамжаар Б.Мад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгсэхгүй болгосон байдаг. Уг захирамжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.1-д заасан “ялтан шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн түүнийг ялгүйд тооцох буюу ялгүй болох хүртэл хугацаанд ялтайд тооцогдоно” гэх заалттай адилтган ойлгож болохгүй ба нэгэнт шүүхээс шийтгэх тогтоол гараагүй, шүүгдэгч Б.Мад ял шийтгэл оногдуулаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дахь хэсэгт заасан ялтай байдал байх үндэслэлгүй. Дээрх үндэслэлгүй заалтаас шалтгаалж яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулж нэмэлт мөрдөн байцаалтанд буцаахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн Б.Мад холбогдох хэргийн зүйлчлэл хүндрэх нөхцөл байдал үүсч байна гэсэн үндэслэлээр хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцаасан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоолуудыг баталж хэргийг харъяаллын дагуу анхан шатны шүүхэд шилжүүлсэн, прокуророос харъяаллын асуудлыг шийдвэрлээгүй байхад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасан: Эрүүгийн хуульд заасан хөнгөн хэрэгт хэрэг бүртгэгч,  энэ хуульд заасан харъяаллын дагуу хэрэг бүртгэлт явуулна” гэсэн заалтыг зөрчсөн, буруу дүгнэлт хийсэн гэж үзэж байх тул Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 96 тоот шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

Прокурор Э.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Эсэргүүцлийг дэмжиж байна. Хэргийг дахин хэлэлцүүлэхээр  анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Говьсүмбэр аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Х.Мт, Б.М нарт  холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэргийг хянан хэлэлцэж  нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг мөрдөн байцаалтад буцаасан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан тогтоол нь  хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна гэж үзлээ.

Учир нь шүүгдэгч Б.Мын 2015 оны 04 дүгээр сард бусадтай бүлэглэн бусдад хөнгөн гэмтэл санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т заасан хэргийг Говьсүмбэр аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2015 оны Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 166 дугаар  шүүгчийн захирамж  /хх-ийн 45/-аар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.1-д зааснаар  ял оногдуулсан этгээд ялыг эдлэх хугацаандаа эсхүл ялаа эдэлж дууссаны дараа дахин гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд мөн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2-т заасан хугацаанд ялтайд тооцогдох бөгөөд анхан шатны шүүхийн дурдсан нотлох баримтаас үзэхэд шүүгдэгч Б.Мад шүүхээс ял оногдуулалгүйгээр түүнд холбогдсон хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасны дагуу хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Ийм учраас түүнд ялтай байдал тооцогдохгүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаалгах тухай прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна гэж  давж заалдах шатны шүүх үзлээ.

Шүүгдэгч нар нь хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, харилцан бие биендээ хөнгөн гэмтэл санаатай учруулсан ба  хоорондоо эвлэрэхийг хүссэн нь хавтаст хэргийн материал болон шүүх хуралдааны тэмдэглэл зэргээр тогтоогдож байх тул анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэх нь зүйтэй юм.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 313, 315 дугаар зүйлийн 315.1.2, 321 дүгээр зүйлийн 321.1.3, 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 96 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Говьсүмбэр аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэргийг буцаасугай.

2. Энэхүү магадлалд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүйг тус тус дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БОЛОРМАА          

                 ШҮҮГЧИД                                      Г.ТЭГШСУУРЬ

                                                                      А.САЙНТӨГС