Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 818

 

 

 

 

 

 

 

 

 

 

Э.Ариунмөрөнд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                       

          Прокурор Н.Дамбадаржаа,

          Ялтан Э.Ариунмөрөнгийн өмгөөлөгч Л.Амартогос,

          Нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Оюун, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 172 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Э.Ариунмөрөнгийн гаргасан давж заалдах гомдлоор 2016 2602 0864 дугаартай Э.Ариунмөрөнд холбогдох эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овгийн Эрдэнэтуяагийн Ариунмөрөн, 1978 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, эх, ах, дүү нарын хамт Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн Нарангийн 11-5А тоотод оршин суух,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 427 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД:НО78102579/,

 

Э.Ариунмөрөн нь 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч иргэн П.Хишигжаргалтай маргалдан улмаар түүнийг хүч хэрэглэн Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах үерийн далан руу түлхэн унагаж, биед нь баруун сүүжний ясны их бие, тогоо, суудал ясны дээд, доод салаа хамарсан аарцагны хугарал, аарцагны хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун өгзөгт цус хуралт бүхий амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас: Э.Ариунмөрөнгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Э.Ариунмөрөнг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Э.Ариунмөрөнг 5 жил 1 сар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дах хэсэгт заасныг журамлан, 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Э.Ариунмөрөн нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Ялтан Э.Ариунмөрөн давж заалдах гомдолдоо: “...Миний бие өөрийн үйлдлээ хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж байна. Би анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүгээс гомдол саналгүй, төлөх төлбөргүй, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийг хэрэглэж 5 жил 1 сарын хорих ялаас доогуур хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулж өгнө үү...” гэжээ.

 

Ялтан Э.Ариунмөрөнгийн өмгөөлөгч Л.Амартогос тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ялтан Э.Ариунмөрөнгийн гаргасан давж заалдах гомдлыг бүрэн дэмжиж байна. Хохирогчийн зүгээс “гомдол саналгүй, гэм хор арилсан, өмнөх нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэсэн хүсэлт гаргасан. Иймд Э.Ариунмөрөнд оногдуулсан хорих ялд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийг хэрэглэж өгнө үү...” гэв.

 

Прокурор Н.Дамбадаржаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй зөв гарсан. Э.Ариунмөрөнгийн ар гэр, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийг хэрэглэж ялыг хөнгөрүүлэхэд прокурорын зүгээс татгалзах зүйлгүй, шүүх хэрэглэх боломжтой...” гэв.

ХЯНАВАЛ:

 

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж хэргийг бүхэлд нь хянав.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангажээ.

 

Э.Ариунмөрөн нь 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч иргэн П.Хишигжаргалтай маргалдан улмаар түүнийг хүч хэрэглэн Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах үерийн далан руу түлхэн унагаж, биед нь баруун сүүжний ясны их бие, тогоо, суудал ясны дээд, доод салаа хамарсан аарцагны хугарал, аарцагны хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун өгзөгт цус хуралт бүхий амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

                       

            Хохирогч П.Хишигжаргалын “...2016 оны 3 дугаар сарын 17-ны орой охин А.Хонгорзулыг хадам ээж ирж авна гэсэн. Тэгээд нөхөр Э.Ариунмөрөн, охин А.Хонгорзул бид гурав гэрээсээ гарсан. Э.Ариунмөрөн 3-4 хоног архи уусан юм. Тэгтэл “охиноо өгчихөөд, намайг зарж архи авч ууна” гээд зам гарч усан сан буюу үерийн далангийн хажууд маргалдсан. Тэгтэл намайг түлхээд үерийн далан руу унагаасан. Тэгтэл Э.Ариунмөрөн “босооч” гээд миний гарнаас угз татсан. Би босч чадаагүй. Тэгээд Э.Ариунмөрөн хаяад явсан. ...намайг 50.000 төгрөгөөр зарж архи авч ууна гэснээс болж маргалдсан. ... 2014 онд намайг чулуугаар цохиж гэмтэл учруулж цагдаагаар шалгуулж, гомдол, саналгүй гээд хаалгасан. Өмнө 2011 билүү 2012 онд Э.Ариунмөрөн намайг гэрийн униар цохиж гэмтэл учруулж байсан...” /хх 11-15, 95/,

  

            Гэрч С.Ишгэнхүүгийн “...П.Хишигжаргал 2016 оны 3 дугаар сарын 17-нд нөхөр Э.Ариунмөрөндөө цохиулж гэмтээд гэмтлийн эмнэлэгт хэвтэж байна гэхээр нь ирж хоол цай зөөж байна. Урьд нь 2014 онд охин П.Хишигжаргал нөхөр Э.Ариунмөрөнд чулуугаар цохиулаад гэмтэл аваад толгойдоо оёдол тавиулсан гээд гэрт нь хүргэж өгч байсан. Өөр цохиулж зодуулснаа надаас нуугаад байдаг юм шиг байна лээ...” /хх 18-19/,

 

            Гэрч Ш.Эрдэнэтуяагийн “...2016 оны 3 дугаар сарын 17-нд хүү Э.Ариунмөрөн над руу утсаар яриад зээ охин Хонгорзулыг ирээд аваадах гэсэн. Би гадуур явж байсан болохоор очиж авч чадаагүй. Тэгээд би орой П.Хишигжаргалын утас руу ярихад “охинтойгоо гэмтлийн эмнэлэг явж байна, хүү чинь намайг түлхэж унагаачихаад зугтаагаад явчихлаа” гэхээр нь би Гэмтлийн эмнэлэгт очиж зээ охин Хонгорзулыг авсан. Тэр үед П.Хишигжаргал ёолоод хэвтэж байсан...” /хх 104-106/,

 

            Гэрч Д.Ариунболдын “...40 орчим насны эмэгтэй хүн архи уучихсан байдалтай далан руу унасан байдалтай, жаахан охин хажууд нь уйлчихсан зогсож байсан. Тэгээд юу болсон гэхэд “нөхөр намайг далан руу түлхээд унагаачихлаа, тэгээд өөрөө зугтаагаад явчихсан” гэсэн...” /хх 124/,

             

            Гэрч Ж.Оюунгэрэлийн “...эрэгтэй, эмэгтэй хоёр хүн хоорондоо маргалдаад, барьцалдаад байх шиг байсан. Эрэгтэй нь эмэгтэйгээ түлхээд үерийн далан руу унагаасан. Өндөр бор залуу байсан. Тэр эрэгтэй, эмэгтэй дээрээ очихгүй хэсэг зогсож байснаа гудамж руу орж зогссоноо ажиглаад зогсоод байсан...” /хх 126-127/ гэх мэдүүлгүүд,

           

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “…П.Хишигжаргалын биед баруун сүүжний ясны их бие, тогоо, суудал ясны дээд, доод салаа хамарсан аарцагны хугарал, аарцагны хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун өгзөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.15 дахь хэсэгт зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрлээс хамаарна…” гэсэн 3990 тоот шинжээчийн дүгнэлт /хх 20-21/,

 

Хохирогч П.Хишигжаргалын Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн талаарх өвчний түүх /хх 22-36/, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх 96/, хохирлын баримтууд /хх 99-103/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 122-123/ болон хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар 6 сарын хугацаагаар тогтоосон тухай Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр /хх 135/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий  нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

 

Эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо ноцтой зөрчилдөөгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

 

Ялтан Э.Ариунмөрөн нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт “... бид хоёр хоолоо идчихээд авчирсан нэг шил архиа хувааж уусан, тэрнээс хойш юу болсныг огт санахгүй байна. Нэг мэдсэн эхнэр замын хажуу талын далан руу уначихсан, манай охин уйлчихсан зогсож байсан. Би П.Хишигжаргалыг түлхэж унагаагаагүй, П.Хишигжаргал уурандаа намайг өөрийг нь түлхэж унагаасан гэж хэлсэн ...” гэж гэм буруугийн талаар маргасан байх боловч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3990 тоот дүгнэлт, гэрч нарын мэдүүүлэг зэргээр хохирогч П.Хишигжаргалын бие махбодид үүссэн хүнд зэргийн гэмтэл нь ялтан Э.Ариунмөрөнгийн хохирогчийг түлхэж унагаасны улмаас үүссэн түүний гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлтэйн гадна, өөр бусдаас хохирогч П.Хишигжаргалыг зодсон, цохисон хүч хэрэглэсэн байдал, мөн өөр бусад хүчин зүйлийн нөлөөлөлөөр биед нь гэмтэл учирсан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Түүнчлэн ялтан Э.Ариунмөрөн нь давж заалдах гомдолдоо хохирогч П.Хишигжаргалын биед хүнд гэмтэл учруулсан болохоо хүлээн зөвшөөрсөн, өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байгаагаа илэрхийлснийг тэмдэглэв.

 

Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн ялтан Э.Ариунмөрөнг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, мөрдөн байцаалт, шүүхийн шатанд Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

 

Анхан шатны шүүх ялтан Э.Ариунмөрөнд ял шийтгэл оногдуулахдаа түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал болон үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан тухайн хуульд заасан ялын доод хэмжээний ял оногдуулан, ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах боломжгүй гэж үзлээ.

 

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж,  “... ял шийтгэлийг хөнгөрүүлэх ...” тухай гаргасан Э.Ариунмөрөнгийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:          

            1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 172 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Э.Ариунмөрөнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.МЯГМАРЖАВ

 

                                 ШҮҮГЧИД                                              М.ПҮРЭВСҮРЭН

 

                                                                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ