Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 803

 

О.Олдоход холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Х.Жанибек,

ялтан О.Олдох /цахим сүлжээгээр/, түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг,

нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Олзод даргалж, шүүгч Х.Одбаяр, П.Туяат нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 95 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан О.Олдохын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн О.Олдоход холбогдох 201626030463 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Оюунбилэгийн Олдох, 1987 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, аврагч, гал сөнөөгч мэргэжилтэй, “Шангри-Ла” ХХК-ийн Хөрөнгийн Менежментийн газарт аюулгүй байдлын албаны ажилтан ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Сэлэнгэ аймгийн Сайхан сум, Дөмбөн хорооллын 2-5 тоотод оршин суух хаягтай, /Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Амины орон сууц 50 дугаар байрны 4 тоотод оршин суудаг гэх/, /регистрийн дугаар: ТГ87050710/,

-2013 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 3 дугаар шүүхийн 6 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж,

-Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 32 дугаар шүүгчийн захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил, 10 сар, 24 хоногийн хугацаагаар хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн.

О.Олдох нь ялтай байхдаа давтан үйлдлээр 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдөр иргэн М.Хуланд “би Монгол Улсын их сургууль, Санхүү эдийн засгийн дээд сургуулийн диплом нэг хүнд найдвартай гаргаж өгнө...” хэмээн хуурч мэхлэн Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвийн “Хаан” банкны салбараас 500.000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 4-ний өдөр дипломны хавтасны үнэ 115.200 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 6-ны өдөр ромбоны үнэ 250.000 төгрөг, нийт 865.200 төгрөг,

Иргэн Б.Пүрэвхүүд 2016 оны 1 дүгээр сарын 20-ны орчим дипломны үнэт цаас худалдан авна гэж 200.000 төгрөг, 2016 оны 2 дугаар сард диплом авахад шаардагдах бичиг баримтын лавлагаа авна гэх зэргээр 7 удаа нийт 640.000 төгрөг хууран мэхлэх аргаар залилан авч нийт 1.505.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 Хан-Уул дүүргийн Прокурорын газраас: О.Олдоход Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Боржигон овогт Оюунбилэгийн Олдохыг урьд нь энэ хэрэгт шийтгүүлсэн этгээд давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар олж авсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Олдохыг 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар О.Олдохын эдлэх ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар О.Олдохын цагдаг хоригдсон 81 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар О.Олдохоос 480.000 төгрөг гаргуулан хохирогч /Төв аймгийн Баянчандмань сум, 2 дугаар баг, Зам-Тэлт, 5-13 тоотод оршин суух, РД: НХ94021919/ Анчин овогт Бямбасүрэнгийн Пүрэвхүүд олгож,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг сидиг хэрэгт хавсаргаж шийдвэрлэжээ.

Ялтан О.Олдох гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Иргэн Б.Пүрэвхүүд 640.000 төгрөгийн хохирол учруулсанаас 160.000 төгрөг ба үлдсэн 480.000 төгрөгийг эс зөвшөөрч байна. Миний бие ахлах дэслэгч М.Мөнхшүрийн хажууд бэлэн 160.000 төгрөг төлсөн, мөн миний эцэг Л.Оюунбилэг нь Б.Пүрэвхүүгийн “Төрийн банк”-ны дансанд 100.000 төгрөг шилжүүлсэн. Хохиролд төлсөн нийт мөнгөн дүн 260.000 төгрөг болно. Үлдсэн хохирол төлбөр болох 480.000 төгрөгийг төлөх боломжгүй ба мөнгөн дүнг буруу гаргасан болох нь нотлох баримтаар нотлогдож байна. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсэгт зааснаар мөнгөн дүнг зөв тогтоолгох хүсэлтэй байна.

2. Ахлах дэслэгч н.Мөнгөнзул нь хэргийг тал бүрээс нь үнэн бодитойгоор тогтоолгүй, гэрч, хохирогч нартай үгсэн тохиролцож албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр хохирогч Б.Пүрэвхүүтэй үгсэн тохиролцож, хуурамч хохирлын мөнгөн дүнг 800.000 төгрөг авсан гэх хуурамч бичиг гаргуулж, нэхэмжилж байгаад гомдолтой байна. Мөрдөн байцаалтын ажиллагааг буруу ашиглаж, миний эрх зүйн байдлыг дордуулсанд гомдолтой байна.

3. Мөн гэрч гэх Санчир, Уламбаяр, Буяндэлгэр нарын мэдүүлэг нь үг үсгийн алдаагүй адил байх тул дараах гэрч нарын мэдүүлгийг дахин шалгуулах хүсэлтэй байна.

Миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасан зүйлчлэлийг эс зөвшөөрч байна. Хохирлын хэмжээ 1.505.200 төгрөг бөгөөд “давтан, ялтай байх хугацаандаа” гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгүүлэх хүсэлтэй байна. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү.” гэв.

Ялтан О.Олдохын өмгөөлөгч Д.Энхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй. О.Олдох нь хохирлын үнийн дүнд маргадаг боловч шүүхээс нотлох баримтаар тогтоогдоогүй гэж үзсэн. Мөнгөнзул байцаагчид 160.000 төгрөг өгсөн талаар асуудал яригддаг боловч хохирогч Б.Пүрэвхүү хохирол төлбөр авсан талаар шүүх хуралдааны дараа надад ярьж байсан. Иймд О.Олдохын гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэнэ үү.” гэв.

Прокурор Х.Жанибек тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “О.Олдох нь Б.Пүрэвхүүд 640.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь мөрдөн байцаалтын шатанд хангалттай нотлогдсон. Үүнээс 160.000 төгрөгийн хохирол төлөгдсөн талаар баримт байдаг. Ялтай байх үедээ дахин гэмт хэрэг үйлдсэн учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт ял шийтгэл оногдуулсан нь зөв. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү.” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн             284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангасан гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

О.Олдох нь ялтай байхдаа давтан үйлдлээр “Мэдээлэл.ком” сайтад “Их дээд сургуулийн дипломыг цөөхөн 2 хүнд яаралтай гаргаж өгнө” гэсэн зарыг тавьж 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдөр иргэн М.Хуланд “би Монгол Улсын их сургууль, Санхүү эдийн засгийн дээд сургуулийн диплом нэг хүнд найдвартай гаргаж өгнө...” хэмээн хуурч мэхлэн Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвийн “Хаан” банкны салбараар 500.000 төгрөг шилжүүлүүлэн, 2016 оны 3 дугаар сарын 4-ний өдөр “Дипломны хавтасны үнэ өг” гэж 115.200 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 6-ны өдөр “Ромбоны үнэ хэрэгтэй” гэж 250.000 төгрөг, нийт 865.200 төгрөгийг хуурч мэхлэх аргаар залилж авсан,

иргэн Б.Пүрэвхүүд 2016 оны 1 дүгээр сарын 20-ны орчим “Диплом авч өгнө” гэж хуурч мэхлэн 200.000 төгрөг, 2016 оны 2 дугаар сард “Диплом авахад шаардагдах бичиг баримтын лавлагаа авна”, “Дипломны үнэт цаас худалдан авна” гэх зэргээр 7 удаагийн үйлдлээр нийт 640.000 төгрөг хууран мэхлэх аргаар залилан авч бусдад 1.505.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

ялтан О.Олдохын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр “Мэдээлэл.ком” сайтад “Их дээд сургуулийн дипломыг цөөхөн 2 хүнд яаралтай гаргаж өгнө” гэсэн зарыг тавьсан. Би уг зарыг Модны хоёрын автобусны буудлын хойд талд байрлах интернэт кафед орж байгаад уг зарыг бичсэн юм. Тэгсэн 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 88096913 дугаарын утаснаас М.Хулан гэж өөрийгөө танилцуулсан эмэгтэй надтай ярьсанаа “надад Санхүү эдийн засгийн дээд сургуулийн диплом гаргаад өгөөч, ажилд орох гэсэн чинь диплом хэрэгтэй байна, диплом гаргаад өгөх боломж байна уу, хийх ажлаа олчихсон чинь диплом л хэрэг болоод байна” гэж ярьсан. Тэгэхээр нь би М.Хуланд “уулзаж байгаад дипломны үнэ хөлсөө тохиръё” гэж хэлсэн. Ингээд 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр М.Хулантай Баянгол дүүргийн засаг даргын тамгын газрын хажуу талд уулзаад диплом гаргаж өгөх үнэ хөлсөө тохирсон. Би түүнд 3.000.000 төгрөгөөр “Санхүү эдийн засгийн дээд сургуулийн диплом гаргаж өгөхөөр болсон ба би түүнд дипломыг нь 21 хоногийн дотор гаргаж өгнө, хэрэв диплом чинь хугацаандаа гарахгүй бол мөнгийг нь буцаан өгнө гэж итгүүлсэн. Тухайн үед М.Хулан бид хоёр ярилцаад тэрээр эрсдэлээ бодно, нэгэнт л чамд мөнгө өгч байгаа юм чинь гэрээ байгуулна гэж хэлсэн. Ингээд бид хоёр Баянгол дүүргийн засаг даргын тамгийн газрын хойд талд байрлах нотариат орж зээлийн гэрээ байгуулсан. Ингээд мөнгөө М.Хулан “Хаан” банкны миний 5675244433 тоот данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн байсан. Уг мөнгийг би Чингэлтэй дүүрэгт байрлах Хүнсний нэгдүгээр дэлгүүрийн урд байрлах “Хаан” банкны АТМ-д өөрийн виза картаа уншуулж авсан. Би Баянгол дүүргийн 6 дугаар хороо Амины орон сууцны 50-4 тоотод өрөө хөлслөн сууж байгаа ба уг байрны нэг сарын төлбөр нь 250.000 төгрөг. Би уг 500.000 төгрөгөөр байрныхаа 2 сарын түрээсийн төлбөрийг өгсөн. 2016 оны 3 дугаар сарын 4-ний өдөр би М.Хулангийн гар утас руу яриад “хичээлүүдийн дүнг хүнээр янзлуулахад мөнгө хэрэгтэй байна, миний данс руу 115.200 төгрөг шилжүүл гэж хэлсэн. Тэгтэл тэрээр “Хаан” банкны данс руу 115.200 төгрөгийг шилжүүлсэн байсан ба уг мөнгийг Баянгол дүүрэгт байрлах “Өргөө” кинотеатрын зүүн талд байрлах “Хаан” банкны АТМ-д картаа уншуулж авсан. Уг мөнгийг ойр зуурын хэрэгцээндээ зарцуулаад л дууссан. 2016 оны 3 дугаар сарын 6-ны өдөр би М.Хулангийн гар утас руу нь яриад “дипломны хавтас, ромбо, диплом”-ны мөнгө 250.000 төгрөг шилжүүл, мөн сургуулийн захиргаанд “сургууль төгсгөж өгнө үү” гэсэн өргөдөл бичээд өг гэж хэлсэн. Тэгтэл М.Хулангийн нөхөр гэх залуу 25 дугаар эмийн сангийн урд надтай уулзаад, М.Хулангийн бичсэн өргөдлийг нь надад өгсөн. Тухайн үед би М.Хулангийн нөхөрт “дипломны хавтас, ромбо, диплом”-ны мөнгө 250.000 төгрөг хэрэгтэй байна гэж хэлтэл тэрээр миний данс руу шилжүүлье гэж хэлсэн. Ингээд “Хаан” банкны данс руу 250.000 төгрөг шилжүүлсэн байсан ба уг мөнгөнөөс 25.000 төгрөгийг нь дүү Мягмаржав руу шилжүүлсэн. Үлдсэн 225.000 төгрөгийг нь найз нөхөдтэйгээ уулзаад идэж, уугаад дууссан. 2016 оны 3 дугаар сарын 7-ны өдөр М.Хулан руу яриад “кредитний мөнгөө төлөөгүй болохоор чиний дипломыг сургууль чинь бүртгэж авахгүй юм шиг байна, тийм болохоор 250.000 төгрөг хэрэгтэй байна” гэж хэлсэн. Тэгтэл М.Хулан надад “чи арай л их мөнгө нэхэж байна, дахиж өгч чадахгүй” гэж хэлэхээр нь “чиний дипломны асуудлыг Боловсролын яамны хэлтсийн дарга Тамир гэх хүн хариуцаж байгаа. Кредитний мөнгөө өгөхгүй гэвэл диплом гарах чинь л удах байх шүү, чи өөрөө л мэд” гэж хэлсэн. Тэгээд 88-тай дугаараас өөрийн танил Билгүүн гэх хүүхдийг гуйж байгаад М.Хулан руу “диплом гаргахад кредитний мөнгө хэрэгтэй, кредитний мөнгөө О.Олдоход яаралтай өг” гэж яриулсан. Тэгээд Билгүүнд ах нь нэг хүнд диплом гаргаж өгөх гэж байгаа юм, тэгээд нөгөө хүнээсээ мөнгө авах гэсэн чинь болдоггүй, би энэ хүнээс мөнгөө авах гэж л ингэж яриулж байгаа юм, чи санаа зоволтгүй” гэж хэлсэн. Тэгтэл маргааш өглөө нь М.Хулан миний гар утас руу залгасанаа “манай гэр Хан-Уул дүүргийн Дэлгэр хотхоны 67а байрны 7 дугаар давхарт байдаг юм. Чи манай гэрт ирээд мөнгөө авчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь би заасан хаягаар нь очтол М.Хулангийн нөхөр 3 залуутай 67а байрны 7 дугаар давхарт зогсож байсан ба тэгсэнээ намайг лифтнээс татаж гаргаж ирээд лифтны хажууд намайг нэгжсэнээ “М.Хуланг залилж мөнгө авлаа, мөнгийг минь хурдан олж өг” гээд намайг тал талаас өшиглөөд байсан. Тэгтэл М.Хулангийн нөхөр нь “одоо болно, хангалттай” гэж хэлээд намайг шалан дээрээс татаж босгосон. Тэгсэнээ М.Хулангийн дүү гэх Буяа гэх 170 см орчим өндөртэй, 21 орчим насны, хар өнгийн богино савхин куртик, цэнхэр өнгийн жинсэн өмд өмссөн залуу миний зүүн нүд рүү гараараа 4 удаа цохисон. Тэгсэнээ тэрээр надад “намайг Буяа гэдэг” гэж нэрээ хэлж байсан. Ингээд л тэд нар цагдаа дуудаад намайг Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсээс цагдаа нар ирж авсан” гэх мэдүүлэг /х26-27/,

“...Би 2016 оны 1 дүгээр сард “Мэдээлэл.ком” дээр “2 хүнд яаралтай диплом гаргаж өгнө” гэсэн зарыг тавиад өөрийн 94242823 дугаарыг үлдээсэн. Гэтэл энэ зарын дагуу Б.Пүрэвхүү гэх залуу 90168011 дугаарын утаснаас яриад “би Монгол Улсын их сургуулийн 4 дүгээр курсэд суралцдаг юм. Хичээлийн дүнг диплом гаргаад өгөөч” гэж хэлсэн. Ингээд би 2016 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Б.Пүрэвхүүтэй баруун 4 замд уулзсан ба тухайн үед би Б.Пүрэвхүүд “2.500.000 төгрөгөөр диплом гаргаж өгнө, урьдчилгаа 200.000 төгрөг авна” гэж хэлсэн. Ингээд Б.Пүрэвхүү надаар диплом гаргуулахаар болоод, мөнгөний боломжтой болороороо над руу ярихаар тохирсон. Үүнээс хойш 7 хоногийн дараа буюу 2016 оны 1 дүгээр сарын 23-ны үеэр Б.Пүрэвхүү над руу ярьсанаа “ах би диплом гаргуулах урьдчилгаа мөнгөө олчихлоо, өнөөдөр уулзъя” гэж ярьсан. Ингээд Б.Пүрэвхүү бид хоёр 3 дугаар хорооллын Модны хоёрын автобусны буудал дээр уулзсан. Тухайн үед Б.Пүрэвхүү надад урдчилгаа мөнгө гэж 200.000 төгрөгийг бэлнээр өгсөн ба би Б.Пүрэвхүүд дипломыг чинь 30 хоногийн дараа гаргаж өгнө, үлдэгдэл мөнгийг диплом гарсаны дараа авна гэж хэлсэн. Энэ мэтээр 2016 оны 1 дүгээр сарын сүүлээс тухайн оны 2 дугаар сарын сүүл хүртэл хугацаанд Б.Пүрэвхүүгээс 50.000, 100.000 төгрөгөрө увуулж цувуулаад нийт 800.000 төгрөг авсан. Б.Пүрэвхүүтэй хэзээ, хэдний өдөр, хаана уулзаад хэдэн төгрөг авсан болохоо одоо сайн санахгүй байна. Ямар ч байсан нийт мөнгөн дүн нь 800.000 төгрөг. Б.Пүрэвхүүгээс авсан 800.000 төгрөгөөрөө ойр зуурын хэрэгцээ, автобус унаа зэрэг зүйлст зарцуулаад л дууссан. 2016 оны 2 дугаар сарын 27-ны үеэр Б.Пүрэвхүү над руу ярьсанаа “та надад диплом гаргаж өгнө гэсэн асуудал их удаад байна, тийм болохоор надад мөнгөний хэрэгцээ байна, мөнгөө буцааж авмаар байна” гэхээр нь тухайн өдрөө 10 дугаар хороололд Б.Пүрэвхүүтэй уулзаад түүнд 350.000 төгрөгийг нь буцаан өгсөн. Дараа нь 50.000, 100.000 төгрөгөөр нь бага багаар цувуулан өгөөд, одоогийн байдлаар нийт 750.000 төгрөгийг Б.Пүрэвхүүд буцаан өгсөн байгаа. Үлдэгдэл 50.000 төгрөгийг нь би ажилд орохоороо Б.Пүрэвхүүд өгнө. Б.Пүрэвхүү одоо ямар нэгэн гомдол санал байхгүй гэж надад хэллээ. 2016 оны 3 дугаар сарын 7-ны өдөр мөн надаар диплом гаргуулна гэсэн Уянгаас мөнгө авах гэтэл тэрээр итгэхгүй байсан. Тэгэхээр нь би Б.Пүрэвхүүтэй утсаар яриад “ах нь М.Хулан гэдэг хүнээс кредитний мөнгө авах гэсэн юм, чи Боловсролын газрын дарга Тамир гэдэг хүн болоод М.Хулан руу яриад өгөөч” гээд гуйсан. Тэгтэл Б.Пүрэвхүү надад “ах би ганцхан л удаа ярьж өгнө шүү, элдэв янзын хэрэгт орчих юм биш биз дээ” гээд байхаар нь би түүнд “чамайг ямар нэгэн асуудалд орооцолдуулахаар зүйл биш ээ” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /х28/,

хохирогч М.Хулангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2016 оны 2 дугаар сарын 27-ны өдөр гэртээ байхдаа “Мэдээлэл.ком” сайтад “диплом гаргаж өгнө, найдвартай” гэсэн зар байсан. Ингээд орой нь уг зарын дагуу 94242823 дугаарын утас руу өөрийн 88096914 дугаарын утаснаас ярихад нэг эрэгтэй хүн байсан ба би түүнээс тавьсан зарын талаар асуусан. Тэгтэл тэр эрэгтэй надад “...би Монгол Улсын их сургууль, Санхүү эдийн засгийн дээд сургуулийн диплом нэг хүнд найдвартай гаргаж өгнө” гэж хэлсэн. Ингээд би тэр хүнтэй 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн засаг даргын тамгын газрын хойд талд байрлах кафед уулзсан. Тухайн үед уг хүн өөрийгөө Оюунбилэгийн Олдох гэж танилцуулсан ба тэрээр “диплом нь 21 хоногийн дотор гарна, эхний ээлжинд 500.000 төгрөг өгчих, үлдсэн мөнгийг нь диплом гарсаны дараа авна” гэж хэлсэн. Тэгээд би О.Олдохтой ярилцаж байгаад түүгээр Санхүү эдийн засгийн дээд сургуулийн дипломыг гаргуулахаар болсон. Ингээд урьдчилгаа 500.000 төгрөгөө өгөхөөс өмнө О.Олдоход 500.000 төгрөгийн урьдчилгаа өгсөн гэж түүнтэй зээлийн гэрээ байгуулаад уг гэрээгээ сууж байсан кафены баруун талд байрлах нотариатаар батлуулсан. Ингээд Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвийн “Хаан” банкны салбараас О.Олдохын “Хаан” банкны 5675244433 тоот данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн. Түүнээс хойш 4 хоногийн дараа 2016 оны 3 дугаар сарын 4-ний өдөр О.Олдох нь манай нөхөр Э.Санчир руу ярьж байгаад “нэг л хүнд диплом гаргаж байгаа болохоор их үнэтэй гарч байна. Дипломны хавтасны үнэ 115.200 төгрөг хэрэгтэй байна” гэж ярьсан. Тэгээд энэ тухай Э.Санчир надад хэлэхээр нь би О.Олдох руу залгаад юун мөнгө авах гэж байгаа тухай асуутал тэрээр надад “дипломны хавтасны үнэ болох 115.200 төгрөг өнөөдөр яаралтай хэрэгтэй байна” гэж хэлсэн. Ингээд тухайн өдрөө Э.Санчир нь 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах “Төрийн банк”-ны салбараас О.Олдохын “Хаан” банкны 5675244433 данс руу 115.200 төгрөгийг шилжүүлсэн. Тэгтэл 2016 оны 3 дугаар сарын 6-ны өдөр О.Олдох нь Э.Санчирын гар утас руу залгаж “ромбоны мөнгө хэрэгтэй, 250.000 төгрөг шилжүүл” гэж хэлсэн байсан. Ингээд Э.Санчир “Ард” кино театрын урд байрлах “Хаан” банкны салбараас О.Олдохын “Хаан” банкны 5675244433 тоот данс руу 250.000 төгрөгийг шилжүүлсэн байсан. 2016 оны 3 дугаар сарын 7-ны өдөр О.Олдох нь над руу ярьж “одоо 10 гаруй кредит цагийн мөнгө 500.000 төгрөг болох юм байна, кредитний мөнгө төлөхгүй бол чиний диплом хуурамч гэдэг нь батлагдах гээд байна. Одоо 500.000 орчим төгрөг хэрэгтэй юм байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнд “би одоо чамд мөнгө өгч чадахгүй, диплом гараад шалгуулсаныхаа дараа л би чамд үлдсэн мөнгөө өгнө” гэж хэлсэн. Тэгтэл О.Олдох надад “би чамтай уулзаж байгаад сайн тайлбарлая” гэж хэлэхээр нь би түүнд гэрээ зааж өгсөн. Ингээд 19 цагийн үед О.Олдох манай гэрт ирсэнээ “диплом гаргаж өгч байгаа Тамир захирал чамтай ярья” гээд байна гэснээ О.Олдох өөрийн гар утаснаас 88770023 дугаар руу залгаснаа “та одоо М.Хулантай ярьчих” гэж хэлээд нэг эрэгтэй хүнтэй яриулсан. Тэгтэл тэр эрэгтэй надад “Санхүү эдийн засгийн дээд сургуулийн кредитны үнэ хамгийн өндөр байдаг юм. 1 кредит цаг 100.000 орчим байдаг, би чамд талаар нь буюу 1 кредит цагийг 50.000 төгрөгөөр тооцож өгье, ингээд нийт 10 кредит цагийн үнэ болох 500.000 төгрөгийг данс руу хийгээрэй. Бусад зүйлээ О.Олдохтой яриарай” гэж хэлсэнээ утсаа тасалсан. Ингээд л О.Олдох яваад өгсөн. Тэгэхээр нь би нөгөө 88770023 дугаарыг интернэтээр хайхад уг дугаарын эзэмшигч нь Пүүжээ нэртэй байсан. Тэгэхээр нь Оюунбилэгийн Олдох гэсэн нэрээр “Гүүгл”-д хайлт хийхэд О.Олдох нь урьд нь залилан мэхлэх гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан хүн байсан. Тэгтэл О.Олдох миний гар утас руу “чи кредитны 500.000 төгрөгөөс 250.000 төгрөгийг нь чи өгчих, 250.000 төгрөгийг нь би өгье. Кредитны мөнгөө өгөхгүй бол диплом чинь гарахгүй удна” гэсэн мессэж бичсэн байсан. Мөн тэрээр надтай утсаар ярьсан. Ингээд би шөнөжингөө бодож хоноод маргааш өглөө нь О.Олдох руу залгаад таны данс руу кредитны 250.000 төгрөгийг шилжүүлье” гэж худлаа яриад, тэр дор нь Хан-Уул дүүргийн цагдаад мэдэгдсэн. Ингээд дахин О.Олдох руу яриад “19 дүгээр үйлчилгээний төв дээр уулзья, та өөрөө ирээд надаас мөнгөө авчих” гэж хэлтэл тэрээр “би хүн явуулья” гээд байсан. Тэгэхээр нь О.Олдоход “манай хүүхдийн гэдэс өвдөөд байна, та манай гэрт ирээд мөнгөө авчих” гэж хэлсэн. Ингээд нөхөр Э.Санчир, миний төрсөн дүү Буяндэлгэр, Буяндэлгэрийн найзууд болох 2 залуу гээд бид тав О.Олдохыг манай гэрт ирэхийг хүлээсэн. Ингээд өдөр 14 цаг өнгөрч байхад О.Олдох манай давхарт гарч ирэхэд нь Буяндэлгэр нь “эгчийг маань залилж, мөнгийг нь авлаа” гэж уурлаад О.Олдохын зүүн шанаа руу гараараа нэг удаа цохитол О.Олдохын зүүн нүд нь хавдаад хөхөрчихсөн. Тэгээд Буяндэлгэр О.Олдохын зүүн хацар руу нь гараараа 2-3 алгадсан. Ингээд удаагүй байхад Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс цагдаа нар ирээд түүнийг аваад явсан.” гэх мэдүүлэг /х10-11/,  

хохирогч Б.Пүрэвхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2016 оны 1 дүгээр сард “Үнэгүй.мн” сайтад “диплом гаргаж өгнө, утас 883380008, 94242823” гэсэн дугаар байсан. Ингээд л зарын дагуу ярьж байгаад диплом гаргаж өгнө гэсэн О.Олдох гэдэг хүнтэй 2016 оны 1 дүгээр сарын 20-ны үеэр Баянгол дүүрэгт байрлах цайны газарт уулзсан. Тухайн үед О.Олдох надад Монгол Улсын их сургуулийн диплом гаргаж өгнө, диплом гаргахад 2.000.000 төгрөг болно, урьдчилгаа 1.000.000 төгрөг авна, үлдсэн мөнгөө диплом гаргаж өгсөний дараа авна гэж ярьсан. Ингээд тухайн үед би надад мөнгөний боломж алга, танд 1.000.000 төгрөгийн урьдчилгаа мөнгө өгч диплом гаргуулах боломжгүй гэтэл тэрээр тэгвэл 500.000 төгрөгийн урьдчилгаа өг гэж хэлсэн. Ингээд би О.Олдоход 500.000 төгрөгийн урьдчилгаа өгөөд, үлдсэн мөнгөө дипломоо авсаны дараа түүнд өгөхөөр болсон. О.Олдохтой уулзсанаас хойш 2-3 хоногийн дараа би дүү Мөнхзулын “Делл ай3” загварын зөөврийн компьютерийг Хархорин захын автобусны буудлын хойд талд байрлах ломбарданд 230.000 төгрөгийн барьцаанд тавиад, уг мөнгөний 200.000 төгрөгийг Модны хоёрын зүүн талын автобусны буудлын хойд талд байрлах цайны газарт уулзаж бэлнээр өгсөн. Тухайн үед О.Олдоход мөнгө өгсөн тухай ямар нэгэн баримт үйлдээгүй болохоор өөрийн гар утсан дээрээ бичлэг хийж авсан. Тухайн үед О.Олдох нь 200.000 төгрөгийг дипломны үнэт цаас худалдан авахад хэрэглэнэ гэж хэлж байсан. Ингээд 2016 оны 1 дүгээр сарын 23-ны үеэр О.Олдох миний гар утас руу ярьсанаа диплом авахад шаардлага бичиг баримтын лавлагаанууд хэрэгтэй байна. Тийм болохоор 50.000 төгрөг өг гэж хэлсэн. Ингээд би тухайн өдрөө Сүхбаатар дүүрэгт байрлах Тусгаар тогтнолын ордны 2 дугаар давхарын лоунжид О.Олдохтой уулзаж түүнд бэлэн 50.000 төгрөг өгсөн. 2016 оны 1 дүгээр сарын 30-ны үеэр О.Олдох миний гар утас руу ярьсанаа диплом гаргаж өгөх хүнд мөнгө хэрэгтэй байна, 50.000 төгрөг өг гэж хэлсэн. Тэгэхээр нь тухайн өдрөө Баянгол дүүрэг, 10 дугаар хороололд байрлах “Од” лоунжид О.Олдохтой уулзаад түүнд 50.000 төгрөг бэлнээр өгсөн. 2016 оны 2 дугаар сарын 3-ны үеэр О.Олдох над руу ярьсанаа диплом гаргахад туслах томоохон албан тушаалтнуудтай уулзах гэж байна, одоо 100.000 төгрөг хэрэгтэй байна гэж ярьсан. Тухайн үед надад 80.000 төгрөг л байсан болохоор би О.Олдохтой 10 дугаар хорооллын “Анар” пабад уулзаад түүнд бэлэн 80.000 төгрөг өгсөн. 2016 оны 2 дугаар сарын 8-ны үеэр О.Олдох нь над руу ярьсанаа мөнгө шилжүүл гэж хэлэхээр нь түүний “Хаан” банкны 5675244433 тоот данс руу 30.000 төгрөг шилжүүлсэн. Тухайн үед би Төв аймгийн Баянчандмань сумын Хаан банкнаас О.Олдох руу мөнгө шилжүүлсэн. 2016 оны 2 дугаар сарын 18-ны өдөр О.Олдох над руу ярьсанаа үлдэгдэл мөнгөө өг гээд нэхээд байхаар нь дүү Мөнхзулын “Делл ай3” загварын зөөврийн компьютерийг 25 дугаар эмийн сангийн зүүн талд байрлах ломбарданд 180.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Ингээд тухайн газраа О.Олдохтой уулзаад 180.000 төгрөг бэлнээр өгсөн. 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдөр О.Олдохын “Хаан” банкны данс руу 50.000 төгрөгийг шилжүүлсэн. Уг мөнгийг ТБД андууд худалдааны төвийн зүүн талд байрлах “Хаан” банкны салбараас шилжүүлсэн. Ингээд О.Олдоход нийт 640.000 төгрөгийг өгсөн. Үүнээс 2 удаа О.Олдохын “Хаан” банкны данс руу мөнгө шилжүүлсэн боловч 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн баримт нь байгаа. Харин 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр 200.000 төгрөгийг О.Олдоход өгсөн тухай видео бичлэг байгаа. Харин бусад мөнгийг О.Олдоход өгсөн тухай баримт байхгүй. 2016 оны 3 дугаар сарын 7-ны өдөр О.Олдох над руу ярьсанаа “чиний диплом гарахад бараг бэлэн болсон, чиний дипломыг нэг хүнтэй хамт гаргаж өгч байгаа юм, тэгтэл нөгөө хүн мөнгөө өгдөггүй, чи Боловсролын яамны дарга Тамир гэдэг хүн болоод яриадхаач, тэр хүмүүс рүү диплом гаргаж өгөх жинхэнэ даргыг нь яриулж болохгүй байна. Энэ хүмүүсээс мөнгөө авчих юм бол чиний диплом гарах гээд байна” гээд гуйгаад байсан. Тэгэхээр нь би дүү Отгонзулынхаа 8877003 дугаараас О.Олдохын надад зааж өгсөнөөр 88096913 дугаар руу залгатал нэг эрэгтэй уг утсыг авсан. Тэгэхээр нь би тэр эрэгтэйд “М.Хулан гэж хүн байна уу, би Боловсролын яамнаас Тамир гэдэг хүн байна. М.Хулантай диплом гаргах мөнгөний асуудал ярих гэсэн юм, дипломны мөнгө дутуу байгаа юм байна. Дутуу мөнгөө яаралтай өг” гэсэн зүйл ярьсан. Ингээд тухайн өдрийнхөө орой нь О.Олдох над руу ярьсанаа “би мөнгө авах хүнийхээ гэрт нь очих гээд явж байна, М.Хулантай дахиж дипломны үлдэгдэл мөнгөө өг гэж хэл” гэсэн. Тэгэхээр нь би өөрийн 90168011 дугаарын утаснаас өөрийнхөө залгасан 88096913 дугаар руу залгаад М.Хулан гэх эмэгтэйтэй ярьсан. Ингээд би М.Хуланд “маргааш 11 цагаас өмнө 500.000 төгрөгийг О.Олдоход өг, тэгвэл сургуулийн бүртгэлийг чинь маргаашдаа амжуулаад өгье” гэж хэлсэн. Ингээд л утсаа тасалсан. Тэгтэл М.Хулан миний гар утас руу эргэж залгасанаа “500.000 төгрөг өгөөд итгээд явуулах эсэхээ би сайн мэдэхгүй байна” гэхээр нь “би наад асуудлыг чинь мэдэхгүй, итгэхгүй байгаа бол гэрээгээ хийгээд мөнгөө өгөхгүй юу даа” гэж хэлсэн. Тухайн үед О.Олдох л диплом чинь яаралтай гарах гэж байгаа, энэ хүнээс мөнгөө авчих юм бол чиний диплом гарлаа гээд байхаар нь би М.Хулан гэх хүнд худлаа хэлсэн юм. Түүнээс би О.Олдохтой хамтран М.Хуланг залилан мэхэлсэн зүйл байхгүй” гэх мэдүүлэг /х15-16/,

гэрч Э.Санчирын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2016 оны 2 дугаар сарын 29-ний өдөр эхнэр М.Хулан надад “хүнээр диплом гаргуулах гээд О.Олдох гээд хүнд 500.000 төгрөг өгчихлөө, энэ хүнтэй интернэт зарын дагуу танилцсан” гэж ярьж байсан. Тухайн үед би М.Хуланг өөрөө юм хийж үзэг гэж бодоод юм хэлээгүй. М.Хулан нь 2010-2013 оны хүртэл “Глобал удирдагч” дээд сургуульд нягтлан бодогч мэргэжлээр суралцаж байгаад хүүхэд гаргаад, сургууль завсардсан юм. 2016 оны 3 дугаар сарын 4-ний өдөр М.Хуланд диплом гаргаж өгч байгаа гэх О.Олдох гэдэг хүн миний гар утас руу ярьсанаа “дипломны хавтасны мөнгө хэрэгтэй байна, 115.200 төгрөг шилжүүл” гэж хэлсэн. Тэгэхээр нь би О.Олдохын надад өгсөн “Хаан” банк дахь 5675244433 тоот данс руу 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах “Төрийн банк”-ны салбараас 115.200 төгрөгийг шилжүүлсэн. 2016 оны 3 дугаар сарын 6-ны өдөр М.Хулан над руу ярьсанаа “диплом гаргаж өгөх О.Олдох ярьж байна, О.Олдоходд өргөдөл аваачиж өг” гэж хэлсэн. Ингээд би гэртээ М.Хулангаас өргөдөлийг нь аваад 25 дугаар эмийн сангийн урд талд О.Олдохтой уулзсан. Тухайн үед О.Олдох надад “манай дүү гадаад явах гээд дүүдээ их сургуулийн диплом гаргуулах гэсэн чинь нэг хүний диплом их үнэтэй гардаг юм байна, харин 2 хүний диплом нь арай л хямд үнээр гарах юм байна, тийм болохоор танай эхнэрт диплом гаргаж өгч байгаа юм. Одоо ромбо, дипломын мөнгө 250.000 төгрөг хэрэгтэй байна. Тэр мөнгийг шилжүүлчихвэл М.Хулангийн диплом найдвартай гарна” гэж хэлсэн. Тухайн үед О.Олдох нь надад “би боловсролын яаманд ажилладаг Тамир даргатай уулзах гэж байна, энэ хүн дипломны асуудлыг хөөцөлдөж байгаа юм” гэж хэлээд надаар Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс хүргүүлсэн. Харин би цаашаа “Ард” кино театрын урд байрлах “Хаан” банк ороод О.Олдохын “Хаан” банкны 5675244433 тоот данс руу 250.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгтэл үдээс хойш нь 88770023 дугаарын утаснаас Тамир гэх хүн “Боловсролын яамнаас ярьж байна, М.Хулантай яаралтай ярьмаар байна, М.Хуланг О.Олдохтой холбоо бариул, жижиг сажиг асуудал гараад байна” гэж хэлсэн. Тэгээд удаагүй байтал О.Олдох над руу залгасанаа “сая Тамир дарга чам руу залгасан уу, над руу баахан залгасан байна” гэж ярьсан. Ингээд л би гэртээ хариад М.Хуланг О.Олдохтой яриулсан. Тэр хоёрыг юу ярьсаныг би мэдэхгүй байна. 2016 оны 3 дугаар сарын 7-ны өдөр О.Олдох манай гэрт ирж М.Хулан бид хоёртой уулзаад явсан. Тухайн орой нь М.Хулан “Гүүгл”-ээр хайлт хийж байгаад О.Олдохыг урьд бусдыг залилан мэхлэх гэмт хэрэгт ял шийтгүүлж байсныг мэдсэн. Ингээд л маргааш нь М.Хулан О.Олдохыг манай гэрт ирж мөнгө ав гэж дуудсан ба тэр хооронд М.Хулан нь О.Олдохыг цагдаад мэдэгдчихээд буцаж орж ирэхдээ өөрийн дүү Буяндэлгэр болон түүний 2 найзыг дагуулан орж ирсэн. Ингээд биднийг гэрт байж байхад 14 цагийн үед О.Олдох ирсэн. Ингээд түүнийг 6 дугаар давхарт лифтнээс буухад нь барьж аваад түүний гарт утсыг нь аваад булан руу шахаж байгаад “эхнэрийг залилж мөнгө авлаа” гэтэл Буяндэлгэр нь зүүн хацар руу алгадаад, зүүн нүд рүү цохисон. Тэгтэл О.Олдохын зүүн нүд нь овойгоод хавдчихсан. Тэгтэл Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн цагдаа нар ирээд О.Олдохыг аваад явсан. О.Олдох нь М.Хуланд Санхүү эдийн засгийн дээд сургуулийн диплом гаргаж өгнө гэж итгүүлэн М.Хулан бид хоёроос 865.200 төгрөгийг залилан авсан. О.Олдохоос мөнгөө авмаар байна.” гэх мэдүүлэг /х17-18/,

гэрч О.Төрболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2016 оны 1 дүгээр сарын сүүлээр надад хэлэхдээ нэг хүнээр диплом гаргуулах гэж байгаа гэсэн юм. Тэгээд би өөрөөс нь “хэн гэж хүн юм бэ” гэж асуухад “О.Олдох гэдэг нэртэй хүн байгаа. Том албан тушаалтай хүн гэсэн. Яаманд ажилладаг” гээд байх шиг байсан. Тэгээд 1 дүгээр сарын сүүлээр нөгөө хүн нь мөнгөө нэхээд манай найз цувуулж өгөхөөр болсон гэсэн. Тэгэдэ надаа бас хэлэхдээ эхлээд урьдчилгаа гээд 200.000 төгрөг билүү 400.000 төгрөг өгсөн гэсэн юм.” гэх мэдүүлэг /х83/,

хохирогч Б.Пүрэвхүү, М.Хулан нарын О.Олдоход мөнгө шилжүүлсэн баримт /х6/, Зээлийн гэрээ /х5/ зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогджээ.

Мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт шалгавал зохих байдлыг бүрэн шалгасан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр О.Олдохын үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, түүний гэм буруу, хувийн байдал, үйлдлийн шинж чанарт тохирсон ял шийтгэл оногдуулан Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

            Ялтан О.Олдохын гаргасан “…Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсэгт зааснаар мөнгөн дүнг зөв тогтоолгох хүсэлтэй байна, 800.000 төгрөг авсан гэх хуурамч бичиг гаргуулж, нэхэмжилж байгаад гомдолтой, гэрч Санчир, Уламбаяр, Буяндэлгэр нарын мэдүүлгийг дахин шалгуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгүүлэх хүсэлтэй байна.” гэх давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Учир нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар Б.Пүрэвхүү, М.Хулан нараас авсан мөнгөн дүн хөдөлбөргүй тогтоогдсон, гэрч Санчир, Уламбаяр, Буяндэлгэр нарын мэдүүлэгт эргэлзээтэй нөхцөл байдал байхгүй байх бөгөөд О.Олдох нь ялтай байхдаа давтан үйлдлээр Б.Пүрэвхүү, М.Хулан нарыг залилан мэхэлж 1.505.200 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг бүрэн агуулсан тул шүүх түүнд холбогдох хэргийг зөв зүйлчилж, уг зүйл ангиар ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй болжээ.

                        Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас нэр төр, алдар хүнд, санаа сэтгэл, бие эрхтэн, эд хөрөнгийн талаар хохирол хүлээсэн этгээдийг хохирогч гэнэ” гэж заажээ.  Ялтан О.Олдох нь хэдийгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлд заасан “Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах” гэмт хэрэг үйлдэх санаачлага гаргаж уг гэмт хэргийг үйлдсэн хэдий ч хохирогч Б.Пүрэвхүү, М.Хулан нар нь диплом буюу боловсролын баримт бичгийг хууль бусаар гаргуулах өөрсдийн хүсэл зорилгыг илэрхийлж О.Олдоход мөнгө өгч бусдыг гэмт хэрэг үйлдэх нөхцлийг бүрдүүлсэн байна. Өөрөөр хэлбэл Боловсролын тухай хууль тогтоомжоор аливаа этгээд Монгол Улсад тусгай хөтөлбөр, агуулга, стандартаар зохих их, дээд сургуульд суралцаж, боловсрол эзэмших, үүнийгээ нотолж гэрчилсэн албан ёсны баталгаа болох боловсролын баримт бичгийг авах ёстой байтал үүнийг хууль бусаар худалдаж авахаар тохиролцож хэлцэл хийж байгаа нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан агуулгаараа хууль зөрчсөн хэлцэл болжээ.

            Иймд ялтан О.Олдох, хохирогч Б.Пүрэвхүү, М.Хулан нарын хооронд хийгдсэн хэлцэл нь хууль бус буюу гэмт хэргийн замаар хэн хэндээ шударга бусаар давуу байдал үүсгэж байх тул тэдний “Диплом гаргуулах буюу боловсролын баримт бичиг хууль бусаар худалдаж авахын тулд О.Олдоход өгсөн мөнгө болон хэргийн мөрдөн байцаалтын явцад хохирол төлбөрт буцааж мөнгө гаргаж төлүүлсэн байдал нь хохирогч Б.Пүрэвхүү, М.Хулан нарыг үндэслэлгүйгээр хөрөнгөжүүлсэн байдал бий болгожээ гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Зүй нь хууль бус агуулгатай хэлцэл буюу боловсролын баримт бичгийг хууль зөрчиж худалдаж авахаар өгсөн мөнгө буюу О.Олдохын хохирогч Б.Пүрэвхүүгээс авсан 640.000 төгрөг, М.Хулангаас авсан 865.200 төгрөгийг хохирогч нарт буцаан олгохгүйгээр гэмт хэргийн замаар олсон эд зүйлс буюу түүний үнэ гэж үзэж улсын орлогод оруулах ёстой.       

            Иймд шийтгэх тогтоолоор ялтан О.Олдохоос гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 480.000 төгрөгийг гаргуулж М.Пүрэвхүүд олгохоор шийдвэрлэсэн мөнгийг болон мөрдөн байцаалтын явцад О.Олдох нь хохирогч М.Хуланд 250.000 төгрөгийг өгөөгүй боловч гэмт хэргийн улмаас хохиролдоо тооцуулан “цаашид 250.000 төгрөгийг нэхэмжилж авахгүй” гэж хууль бус тохиролцоо хийж тооцсон 250.000 төгрөгийг нэмж, нийт 730.000 төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар ялтан О.Олдохоос гаргуулж улсын орлогод оруулах, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2.3 дахь хэсэгт зааснаар хохирогч М.Хулангийн 615.200 төгрөг, Б.Пүрэвхүүгийн 160.000 төгрөгийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж тэднээс гаргуулан улсын орлогод оруулахаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, ялтан О.Олдохын хэргийг мөрдөн байцаалтад буцаах буюу зүйлчлэл хөнгөрүүлэн шийдвэрлүүлэх тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 95 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар О.Олдохоос 730.000 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай” гэж өөрчилж,

-тогтоох хэсэгт “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2.3 дахь хэсэгт зааснаар М.Хулангаас 615.200 төгрөг, Б.Пүрэвхүүгээс 160.000 төгрөгийг тус тус буцаан гаргуулж улсын орлого болгосугай” гэж нэмэлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээн, ялтан О.Олдохын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл эрх бүхий этгээд 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Н.БАТСАЙХАН

ШҮҮГЧИД                                                            М.ПҮРЭВСҮРЭН

                                                                             Ц.ОЧ